Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 00434

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2019/00434

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, ... регистрийн дугаартай, Харахас баубек овогт Ш-ийн ААийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ш.АА, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ш.А шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шакирт овогтой А миний бие нь 1964 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт Шакиртын 5 дахь хүү болж төрсөн. Ховд аймгийн Ховд сумын 8-н жилийн сургуульд 1972 онд 1 дүгээр ангид орж 1980 онд 8-р анги төгсөх ёстой боловч 1976 он хүртэл суралцаж байгаад амьдралын шалтгаанаар сургууль завсардаж аав болох Шакиртэд туслах малчнаар ажиллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Н/227 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж, Барилгын Цэргийн Ерөнхий газрын даргын 1986 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 282 дугаартай тушаалаар халагдсан бөгөөд 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд сумын 1-р бригадын малчин аав болох Шакиртын туслах малчнаар үргэлжлүүлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан.

Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тарилан нэгдэлд 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.А нь 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тарилан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 299 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Ховд сумын 1-р бригадын 1980-1983, 1986-1989 оны К.Шакиртийн нэр дээрх 70-р дансны хуулга,

-Монгол улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 1339 дугаартай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр олгосон 135 дугаартай Ш.Аийн нэртэй малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ш.Аийн нэр дээрх 1461358 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ш.Аийн нэр дээрх төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Х.Дөрвөдханы ...Ш.А нь Шакирт гэдэг айлын 5 дахь хүүхэд. Ховд аймгийн Ховд сумын сургуулиас 1979 онд гарч байсан санагдаж байна. Тэгээд 1976 оноос эхлэн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад, 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хааж, 1986 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаад, 1990 оноос хойш хувийн мал аж ахуй эрхэлж байна... гэх мэдүүлэг,

-Гэрч С.Молдатайн ...Ш.А нь манай нэгдлийн улсын хошой аварга малчин Шакирт гэдэг айлын хүүхэд. Ховд аймгийн Ховд сумын сургуульд сурч байсан. ...Бага наснаасаа эхлэн эцэг, эхийн хамт тус нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хааж, 1986 оны 7 дугаар сараас 1990 оны 4 дүгээр сард нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. ...Ш.А сургууль төгссөн цагаасаа хойш үргэлж эцгийнхээ туслах малчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

-Аймаг, сум, дүүргийн архивын тасаг, хэлтсээс малчин даатгуулагчид олгох архивын 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 70 дугаартай лавлагаа,

-1987-1989 оны мал тооллогын баримт зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Ш.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 299 дугаартай лавлагаагаар Ховд аймгийн Ховд сумын 1-р бригадын 1980-1983, 1986-1989 оны К.Шакиртийн нэр дээрх 70-р дансны хуулбаруудыг ирүүлсэн байна.

1980-1983, 1986-1988 оны 70-р дансны хуулбарууд нь К.Шакиртийн нэр дээр бичигдсэн байх боловч 1989 оны 70 дугаар дансны хуулбар дээр А/колд гэсэн бичилттэй байх ба үүнийг хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...А/колд гэж тэмдэглэгдсэн нь би юм. Тухайн үед бичилт хийдэг байсан хүмүүс миний нэрийг бичихдээ товчилж бичсэн байсан гэх мэдүүлэг, мөн хүсэлт гаргагч Ш.А нь 1983-1989 онд эцгийн хамт нэгдлийн мал маллаж байсан гэх түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд нь үндэслэлтэй байна. Иймд хэрэгт авагдсан 1980-1983, 1986-1989 оны К.Шакиртын нэр дээрх 70-р дансны хуулбарыг нотлох баримтаар үнэлэв.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ш.А нь 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тарилан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ... тоот регистрийн дугаартай, Харахас баубек овогт Шакиртийн Аийг 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Ховд сумын Тарилан нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.МАРИНА