| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00345/И |
| Дугаар | 00435 |
| Огноо | 2019-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00435
| 2019 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2019/00435 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 4-35 тоотод оршин суух, .... регистрийн дугаартай, Харынхан овогт Д-ын Нгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дагвын Н миний бие 1962 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн. 1970 онд сургуульд орж 1978 онд 8-р анги төгсссөн. 1978 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эцэг, эхийн хамтаар Мөст сумын Туяа нэгдэлд мал маллаж байгаад 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанд татагдаад 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр халагдаж ирээд эцэг эхийн хамтаар 1988 оны 8 дугаар сарын 8-ныг хүртэл мал малласан. 1988 оны 8 дугаар сарын 8-нд Дамдин овогтой Цэцэнхүүтэй гэр бүл болж 4-н хүүхэдтэй болсон. Гэр бүл болоод 1988 оны 8 дугаар сараас Мөст сумын Туяа нэгдэлд малчин байсан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архив болон Мөст сумын Засаг даргын Тамгын газрын архиваас баримт шүүлгэж үзэхэд зарим жилийн баримтаа сум, бригад архивт бүрэн өгөөгүй тул баримт олдохгүй байна. 1977-1979 оны Мөст сумын 70 дугаар данс аймгийн архивт шилжиж ирээгүй байна.
Иймд Д.Н намайг 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Н нь 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2063 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Мөст сумын 2-р бригадын 1980, 1984-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд,
-Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 5160 дугаартай албан бичиг,
-Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа,
-Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 74 дугаартай тус багийн иргэн Дагва овогтой Н ам бүл 1 /нэг/ 4 дүгээр гудамжны 35 тоотод оршин суудаг. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх болохыг тодорхойлов гэсэн албан бичиг,
-Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэл нь 1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Туяа ХК болж өөрчлөн зохион байгуулагдсан байна гэх 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 152 дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа,
-Гэрч Ч.Баянзулын шүүхэд өгсөн ...Д.Н нь 1978 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мөст сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар томилогдож ирсэн. Ингээд энэ үеэсээ аав Дагва, ээж Хөхөө нарынхаа хамт цэрэгт явах хүртлээ буюу 1981 оны 6 дугаар сар хүртэл малчнаар ажиллаж байсан. Д.Н нь 1984 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд аав, ээжийнхээ хамт Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар 1986 он хүртэл ажиллаж байгаад 1986 онд Д.Тунгалагтай гэр бүл болсон. 1986 оноос хойш Д.Н нь эхнэрийн хамт Ховд аймгийн Мөст Туяа нэгдлийн 2 дугаар бригадад нэгдэл тартал буюу 1992 он хүртэл саалийн үнээ маллаж байсан. Мөн Д.Н нь 1987, 1988 оны үед С.Чулуун, Ч.Бааст, Д.Жумба нартай хамт хонь, ямааны цоохор суурийн мал тууварлаж байсан... гэх мэдүүлэг,
-Гэрч Ч.Баастын шүүхэд өгсөн ...Д.Н бид нар нэг бригадад хамт байсан. Д.Н нь 1978 онд Ховд аймгийн Мөст сумын сургуулийн 8 дугаар анги төгссөн. Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2 дугаар бригадад саалийн үхэр маллаж байгаад 1980 онд цэргийн албанд явсан. 1983 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ мал маллаж надтай хамт хоёр тууварт явж байсан. Д.Н нь 1991 он хүртэл нэгдэлд малчнаар ажилласан... гэх мэдүүлэг,
-Д.Нгийн нэр дээрх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,
-Ховд аймгийн Мөст сумын Намын үүрийн товчоо, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1980 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Н.Хөхөөд олгосон Н.Хөхөө нь 1979 онд хариуцсан сарлагын 27 үнээнээс 27 тугал бойжуулж ажил дээр өндөр амжилт гаргасан тул сумын 1979 оны тугал бойжилтын аварга цол олгов гэх аваргын диплом,
-Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн даргын 1980 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Тууварчин Нараа танд, Улсын бэлтгэлийн мал тууварлах ажилд амжилт гаргаж орон нутгийн жинг 41,7 хувиар нэмэгдүүлсэн бүтээлийг өндрөөр үнэлж сайшаалын үнэмлэх, VEF хүлээн авагчаар шагнав гэх сайшаалын үнэмлэх,
-Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн зөвлөлөөс Хүндэт Хөхөө та 1978 онд тугал бойжуулах, сүү саах, үнээ хээл авахуулах, тугал махлуулахад онцгой амжилт гаргасан учир танайд мөнгөн тугал аялуулж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав. Цаашид улам их амжилт гаргахыг хүсье гэх сайшаалын үнэмлэх,
-Ховд аймгийн Мөст сумын намын үүр, АДХГ захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, нэгдлийн зөвлөлөөс хамтран 1982 оны 2 дугаар сарын 18-ны өдөр олгосон оны эхэнд байсан 36 үнээнээс 100 хувиар 36 тугал бойжуулсан Хужирт бригадын саальчин Норов овогтой Хөхөөг 1981 оны тугал бойжилтын аварга болгож аваргын диплом дурсган 450 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнав гэх диплом,
-Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн зөвлөлөөс 1982 оны 2 дугаар сарын 18-ны өдөр О.Дагва-д олгосон 1981 оны 100 эхээс 100 хувиар төлөө бойжуулж Туяа нэгдлийн 30 жилийн ойн нэрэмжит болзлын 1-р шаардлага хангасан тул диплом хомтой тэмээгээр шагнав гэх диплом,
-Ховд аймгийн Хөдөө аж ахуйн нэгдлийн зөвлөлөөс 1979 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Н.Хөхөөд олгосон Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ой, Нэгдлийн холбооны V их хурал угтан социалист уралдаанд хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаж 20 жилийн ой, V их хуралд өргөсөн хөдөлмөрийн рапортод гарын үсэг зурсан тул дурсгалын мандат олгов гэх дурсгалын мандат зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Д.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2063 дугаартай лавлагаагаар Ховд аймгийн Мөст сумын 2-р бригадын 1980, 1984-1989 оны О.Дагва, Н.Хөхөө нарын нэр дээрх 70-р дансны хуулбарыг ирүүлсэн байна.
1980, 1984-1987 оны 70-р дансны цалингийн түүврүүд нь О.Дагвын нэртэй байх боловч жилийн эцэст олгосон нийт цалин хөлсний бичилт нь хэд хэдэн хүний цалингийн дүнгээр бичигдсэн, хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд ...би эцэг, эхийнхээ туслах малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, мөн 1988, 1989 оны 70 дугаар дансны цалингийн түүврүүдэд Д.Нгийн нэр тэмдэглэгдсэн байх тул дээрх 70-р дансны цалингийн түүврүүдийн хуулбарыг нотлох баримтаар үнэлэв.
Хүсэлт гаргагч нь 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гэж хүсэлтээ гаргасан ба хүсэлт гаргагч Д.Н нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж, 1990-2000 он дуустал нийт 11 жилийг тооцуулсан байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж түүнийг 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Н нь тус шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2019/01282 дугаартай шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПИ62092917 тоот регистрийн дугаартай, Харынхан овогт Дагвын Нг 1978 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Н нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА