Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1239

 

 

 

 

 

 

 

   2019        12             12                                            2019/ДШМ/1239                                                        

 

Б.Эод холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинбилиг,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар   даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1062 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Эод холбогдох эрүүгийн 1908002971036 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочины 4-20 тоотод оршин суух иргэн Л.Эрдэнэсайханы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын тасдагч багаж, цахилгааны утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Авжынхан овгийн Баатарсүрэнгийн Э-ыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Э урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй гэж үзэж байна. Одоогийн хуулиар 300.000 төгрөгөөс дээш дүнтэй эд зүйлийг хулгайлсан тохиолдолд хулгайн гэмт хэргийн шинж хангагдаж байгаа. Хулгайлсан гэх уртасгагчтай таслагч багажийг “Мастер үнэлгээ” ХХК-ийн үнэлгээчин Ч.Манлайбаатар, Ж.Отгонбаатар нар мөрдөгчийн тогтоолоор 2 удаа шинжээчээр томилогдож 2 удаа үнэлж дүгнэлт гаргасан байдаг. Эхний удаа таслагч багажийг 100.000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан. 2 дахь удаа таслагчийг 370.000 төгрөгөөр, уртасгагчийг 125.000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан. Энэ хоёр дүгнэлт аль аль нь хүчин төгөлдөр байгаа. Аль аль нь шүүхийн дүгнэлтэнд онцгой ач холбогдолтой нотлох баримт. 100.000 төгрөгийн дүнтэй дүгнэлтээр бол хэрэг гэмт хэргийн шинжгүй болж хэрэгсэхгүй болох. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эргэлзээтэй нотлох баримтыг шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх нөхцөл байдлууд үүсэх ёстой. Гэтэл шүүх 495.000 төгрөгийн дүнтэй дүгнэлтээр шүүхийн дүгнэлтийг хийхдээ эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, шүүгдэгчид ашигтай байгаа 100.000 төгрөгийн дүнтэй дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй орхисон нь шийдвэр хүчингүй болох үндэслэл гэж үзэж байна.

Шүүгдэгч бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй иргэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол үе шат, түүнээс байцаалт мэдүүлэг авах, эрүүгийн хэрэг үүсгэсэн, яллагдагчаар татсан тогтоолууд болон хэрэг танилцуулах ажиллагаануудад заавал өмгөөлөгчтэй оролцох, эрх ашгаа хамгаалуулах эрх нь ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. Гэтэл шүүх энэ эрхийг нь эдлүүлэх, зөрчлийг арилгах арга хэмжээ авалгүй хууль бус аргаар авсан түүний мэдүүлгүүдийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, шийдвэр хүчингүй болох үндэслэл гэж үзэж байна.

Шүүгдэгч 2006 онд осолд орж тархины гэмтэл авснаас гэмтлийн шалтгаант бие хүний ба төрөх үйлийн хямралт сэтгэцийн эмгэг өвчтэй нь тогтоогдсон. Энэ өвчин нь даамжирч сэтгэцэд нь өөрчлөлт орсон нөхцөлд нийгэмд ямар ч үйлдэл хийж болох тухай шинжээч Б.Батхишиг хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд мэдүүлдэг. Шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч хэргийг өвчний даамжрал, сэтгэцийн эмгэгээс, хэрэг үйлдлээ ухамсарлан ойлгох чадвар чадамжгүйгээс үйлдсэн байж болох эргэлзээ үүсч байгаа тул өмгөөлөгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2-т зааснаар дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах хүсэлт гаргасан. Шүүх уг хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон нь шийдвэр хүчингүй болох үндэслэл гэж үзэж байна.

Шүүгдэгч Б.Э хохирогчийн гэр амбаараас таслагч, уртасгагчийг нууцаар авсан үйлдэл гаргасан байхыг өмгөөлөгч би үгүйсгээгүй. Гэрч Цэвэгмэд харсан гэж гэрчлэн мэдүүлдэг. Шүүгдэгч өөрөө давж заалдах гомдолдоо хэргээ хүлээж гэм буруугаа зөвшөөрч ялаа хөнгөрүүлэх хүсэлт гаргаж байгаа. Шүүгдэгчийн энэ хүсэл зоригт өмгөөлөгч би хүндэтгэлтэй хандаж байна. Иймд миний гомдлын үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, тогтоолыг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл байгаа эсэхийг хянаж шийдвэрлэж өгнө үү хэмээн давж заалдах гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Эрдэнэсайханы гэр, амбаараас нь таслагч багаж, уртасгагч хулгайлж хэрэг үйлдсэн гэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2 жилийн хорих ял оноосон нь миний эрүүл мэнд, хувийн байдалд тохироогүй хүндэдсэн гэж үзэж байна. Би өөрийн өвчнөөс болоод энэ хэргийг санахгүй байгаагаа хурал дээр хэлсэн юм. Гэтэл шүүх намайг хэргээ хүлээхгүй, гэмшээгүй гэж үзэж ийм хүнд ял оноосон байх гэж ойлгож байна. Намайг тэр таслагч, уртасгагч зэрэг эд зүйлийг нь хулгайлж аваад явж байхыг гэрч Цэвэгмэд харсан гэж мэдүүлсэн байдаг. Би бас орцонд хоносон, өглөө кармаанд 10.000 төгрөг байсныг бүдэг, бадаг санадаг. Ийм учраас энэ хэргийг би үйлдсэнээ бүрэн хүлээж байна. Энэ хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулсан, хохирогчоос болон шүүхээс уучлалт гуйж байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, үйлдлээ хянах чадваргүй болдог, өвчнөөс хамаарч хэрэг үйлдсэн байгаа зэргийг харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний 2019/ШЦТ/1062 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж эдлэх ялыг 1 жилээр тогтоож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...өмгөөлөгч Ц.Бат-Өлзий шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мөрдөн байцаалтад өмгөөлөгч оролцуулаагүй болох нь тогтоогдсон гэж илтэд гуйвуулж худал ярьж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгийг үзэж болох байх. Бүх мөрдөн шалгах ажиллагаанд нь улсын өмгөөлөгч болох А.Очбадрал гэх хүнийг оролцуулсан. Өөрөө өмгөөлөгчөө сонгох эрхийн хүрээнд би өмгөөлөгч авна гэж удсаар байгаад сүүлд нь уг өмгөөлөгчийг авсан байдаг. Хоёр удаа шинжээчийн дүгнэлт гарсан. Эхнийх дээр нь дутуу гаргасан учир дараагийн 926 дугаартай дүгнэлт гарсан. Үүнд шүүгдэгч Б.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, өөрийн хийсэн үйлдлийг удирдан жолоодох, хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочины 4-20 тоотод оршин суух иргэн Л.Эрдэнэсайханы эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын тасдагч багаж, цахилгааны утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Эрдэнэсайханы “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манайд амьдардаг байсан Цэгмэд гэх дүү ажлаасаа буугаад гэртээ орох гээд явж байхад хажуу айлын Э- тасдагч багаж, цахилгааны утас зэргийг бариад өөрийнхөө хашаа руу орж байсан гэж надад хэлсэн. ...Би хашааны амбаараас багажаа авах гээд ортол миний багажнууд байхгүй байхаар нь Цэгмэдээс асуухад “танд өгөөгүй юм уу, 11 дүгээр сарын 21-ний өдөр бариад явж байсан” гэсэн. ...Намайг багажаа хураадаг өдөр машины араас гаргаад амбаарт хийх хооронд манай урд айлын Э- байшин дээрээ гарч зогсоод хараад байсан. Цэгмэд “манай урд айлын хүн намайг ирж байхад бариад явж байсан, би таныг өгсөн байх гэж бодоод хэлээгүй” гэж хэлсэн...” /хх 7-8, 41-42/,

гэрч Б.Цэгмэдийн “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ажлаа тараад гэр лүүгээ явж байтал хажуу талын хашаанд ээжтэйгээ хамт амьдардаг ах шар өнгийн тасдагч бариад манай хашаанаас гарч ирээд булан тойрох гээд явж байсан. Би тухайн үед тоолгүй ахаас тус тасдагчийг асуугаад аваад явж байгаа юм байх гэж бодоод гэр лүүгээ орсон. ...Түүнээс хойш 2-3 хоногийн дараа ах Эрдэнэсайхан гадаа ирчихээд “тасдагч багажаа аваад ир” гэхээр нь би “та хажуу айлын хашааны ахаас авсан юм уу” гэж асуусан чинь “юун хажуу хашааны ах, би хүнд юм өгөөгүй” гэсэн. ...Манай багаж аваад гарч явахыг нь би харсан. Ахын хашаанд байсан модон амбаарт уг багаж байсан...” /хх 34-36/,

шүүгдэгч Б.Э яллагдагчаар “...Би өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Би ганцаараа нэг шил архи гэртээ уучихаад гараад хажуу айлынхаа амбаар луу орж тасдагч багаж, цахилгааны утас авсан. Тэгээд би тэр тасдагч багажийг авч гараад таксины жолоочид 45.000 төгрөгөөр өгч зараад архи, тамхи авсан. Архиа уугаад түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Цахилгааны утсыг яасныг мэдэхгүй байна. Би архи уух гээд мөнгөгүй байсан болохоор тасдагч багаж, цахилгааны утсыг авсан байх...” /хх 90- 91/,

шинжээч Б.Батхишигийн “...Б.Эыг үзэхэд тархины гэмтэл үйлийн хямралын шалтгаант бие хүний ба төрөх үйлийн эмгэг өвчинтэй байсан. Энэ нь засрал сайжралын байдалтай олдмол өвчин байх боломжтой. Хэрэг үйлдэх үеийн өөрийн үйл явдлыг үнэн зөв ярьж зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн үг юм. Энэ хүнтэй уулзан ярилцахад хэвийн байсан. Тухайн өвчний улмаас сэтгэцэд өөрчлөлт орсон тохиолдолд нийгэмд ямар ч үйлдэл хийж болно. Ер нь өөр хүнтэй харилцах харилцаанаас үүсэх үйлдэл нь ямар ч байж болно. Б.Э үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай хүн...” /хх-9-10/ гэх мэдүүлгүүд,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 19/038 дугаар тодорхойлолт /хх 11/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 196, 926 дугаартай “...Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан байна. Б.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. Б.Эод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Эын дээрх эмгэг нь хэрэг үйлдэх үедээ засрал сайжралын байдалтай байсан. Мөн гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” /хх-50-53, 106-110/ гэсэн дүгнэлтүүд зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хэргийн үйл баримтыг тогоосон буюу шүүгдэгч Б.Эыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад нотолдог үүрэгтэй болохыг зохицуулан хуульчилсан болно.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

 

Прокуророос Б.Эыг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Ногоочины 4-20 тоотод оршин суух иргэн Л.Эрдэнэсайханы эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын тасдагч багаж, цахилгааны утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлджээ.

 

Хэрэгт авагдсан хохирогч Л.Эрдэнэсайханы “...би хашааны амбаараас багажаа авах гээд ортол миний багажнууд байхгүй байхаар, ...хашаандаа байх амбаар дотор уртасгагч болон бусад ажлийн багаж хэрэгсэлтэй хураасан. ...тэр амбаарт надаас өөр орох хүн байдаггүй...”, гэрч Б.Цэгмэдийн “...Ахын хашаанд байсан модон амбаарт уг багаж байсан...”, Б.Э яллагдагчаар “...хажуу айлынхаа амбаар луу орж тасдагч багаж, цахилгааны утас авсан...” гэх мэдүүлгүүдээс үзвэл  шүүгдэгч Б.Э хохирогчийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч тасдагч багаж, цахилгааны утас зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тогтоогдож байна. /хх 8, 42/ 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эыг хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шинжид тохирсон гэж үзнэ.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурьдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан шинжийг өөрчилж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордоогүй, зүйлчлэл өөрчлөгдөөгүй, хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Би ганцаараа нэг шил архи гэртээ уучихаад гараад хажуу айлынхаа амбаар луу орж тасдагч багаж, цахилгааны утас авсан. Тэгээд би тэр тасдагч багажийг авч гараад таксины жолоочид 45.000 төгрөгөөр өгч зараад архи, тамхи авсан. ...Цахилгааны утсыг яасныг мэдэхгүй байна. Би архи уух гээд мөнгөгүй байсан болохоор тасдагч багаж, цахилгааны утсыг авсан байх...” гэсэн мэдүүлэг нь гэрч Б.Цэгмэдийн “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би ажлаа тараад гэр лүүгээ явж байтал хажуу талын хашаанд ээжтэйгээ хамт амьдардаг ах шар өнгийн тасдагч бариад манай хашаанаас гарч ирээд булан тойрох гээд явж байсан...” гэсэн мэдүүлэгтэй тохирч байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Анхан шатны шүүхээс Б.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын  төрөл, хэмжээнд ял шийтгэл оногдуулжээ.  

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн “...100.000 төгрөгийн дүнтэй дүгнэлтээр бол хэрэг гэмт хэргийн шинжгүй болж хэрэгсэхгүй болох. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй нотлох баримтыг шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх нөхцөл байдлууд үүсэх ёстой. ...100.000 төгрөгийн дүнтэй дүгнэлтийг үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй орхисон нь шийдвэр хүчингүй болох үндэслэл гэж үзэж байна. ...Шүүгдэгч бичиг үсэг мэдэхгүй, боловсролгүй иргэн байдаг. ...өмгөөлөгчтэй оролцох, эрх ашгаа хамгаалуулах эрх нь ноцтой зөрчигдсөн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон. ...сэтгэцийн эмгэгээс, хэрэг үйлдлээ ухамсарлан ойлгох чадвар чадамжгүйгээс үйлдсэн байж болох эргэлзээ үүсч байгаа тул ...дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №18/129 дүгээр дүгнэлтээр төмөр таслагчийн үнэлгээг гаргахдаа тухайн хөрөнгийг шинжээч биечлэн үзэлгүй,  түүний шинж чанар, үйлдвэрлэсэн болон ашигласан хугацаа мэдэхгүй улмаас 100.000 төгрөг гэж тогтоосныг үнэн зөв гэж үзэхгүй. /хх 39/

Харин “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн №19/038 дүгээр дүгнэлтээр төмөр таслагчийн худалдан авсан он, шинж чанарыг харгалзан 370.000, мөн уртасгагчийг 125.000, нийт 495.000 төгрөгөөр үнэлснийг хэргийн оролцогч хэн аль гомдол гаргаагүй, шүүгдэгч хохирлыг төлж барагдуулсан байдлаас үзвэл уг үнэлгээг эргэлзээтэй хэмээн дүгнэх боломжгүй байна.  /хх 11, 236/ 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тодруулан тайлбарласан байх тул өмгөөлгөчийн гомдол хууль зүйн хувьд үгүйсгэгдэнэ.

Мөн шүүгдэгчийн сэтгэцийн талаар дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулахаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй ба Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оын 1 дүгээр сарын 7-ны өдрийн 196,  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 926 дугаартай дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Эыг “хэрэг үйлдэх өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байсан, хэрэг хариуцах чадвартай” гэж дүгнэсэн ба шүүх нэгэнт тогтоогдсон зөрүүгүй үйл баримтыг дахин тогтоох, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй юм. /50-53, 106-110/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Эыг яллагдагчаар татаж, түүнээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгч А.Очбадралыг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ. /хх 90, 91/

Дээрх байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэн, 1 жил хорих ял болгож өөрчлөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2019/ШЦТ/1062 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Эыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

           

                                                                                                                                    

                                 ШҮҮГЧ                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ