| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0647/З |
| Дугаар | 221/МА2025/0245 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2025/0245
П******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, өмгөөлөгч Х.Ч*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч П******* ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М*******, Б.П******* нар
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НА-212200000999 дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0931 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ч*******
Хариуцагч Б.М*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0647/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П******* ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НА-212200000999 дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргаж байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0931 дүгээр шийдвэрээр:
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П******* ХХК-иас гаргасан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М*******, Б.П******* нарын үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НА-212200000999 дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, өмгөөлөгч Х.Ч******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Эрүүгийн хэрэгт гомдол гаргаагүй нь П******* ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй.
3.2.П******* ХХК-иас өөр этгээдүүд хууль бусаар ашигт малтмал олборлож, хууль бусаар экспортолсон нь тогтоогдсон тул "П*******" ХХК-ийг ашигт малтмал экспортолсон гэж үзэхгүй талаар:
Анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т Принципал инвестментс ХХК-иас өөрийн компанийн тамга, тэмдгийг хуурамчаар үйлдсэн болон ашигт малтмалын MV-013412 дугаартай тусгай зөвшөөрлийг хууль бусаар ашигласантай холбогдуулж өөрийн эрх хууль, ашиг сонирхлоо хамгаалан эрх бүхий байгууллагад хандсан зүйлгүй, маргааны үйл баримтад хамаатай гэх эрүүгийн 18411000400177 дугаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчоор тогтоогдоогүй энэ талаар маргаагүй байх тул тус эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх тохиолдолд хууль бусаар тусгай зөвшөөрлийг маань ашиглаад орлого олсон гэм буруутай этгээдээс төлүүлэх ёстой гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэжээ.
Гэтэл энэ нь илт үндэслэлгүй юм. Учир нь шүүхээс нэхэмжлэгчийг хэдийгээр орлого олоогүй, ашигт малтмал экспортлоогүй ч гэсэн хууль бусаар ашигт малтмал олборлож, танай зөвшөөрлийг ашиглаж, танай нэрээр ашигт малтмал хилээр гаргасан этгээдүүдийн талаар та нар гомдол гаргаагүй, эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй учир танай компани дээр нөхөн ногдуулалтын актаар тавьсан татвар буюу 390.876.520,92 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг та нар төлөх ёстой шүү дээ гэж бодит байдал, шударга ёсонд нийцэхгүй, хууль бус дүгнэлтийг хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Тодруулбал нэхэмжлэгч "П*******" ХХК нь 18411000400177 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож шаардлагатай мэдүүлэг, тайлбар, нотлох баримтуудаа эрх бүхий байгууллагад гаргаж өгсөн байдаг.
Улмаар бидний гаргаж өгсөн нотлох баримтууд болон бусад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, улмаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1841000400177 дугаартай эрүүгийн хэргийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийтгэх тогтоолоор Р.Б*******, Х.Б*******, Б.Ү******* гэх этгээдүүдийг нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлосон буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор "П*******" ХХК-ийн нэрээр БНХАУ-руу экспортолж хууль бус эх үүсвэрийг нь өөрчилсөн, шилжүүлсэн гэм буруутай тооцож хууль бусаар олсон орлого 16 тэрбум (үүнээс 12.77 тэрбум төгрөг нь "П*******" ХХК-д хамааралтай) төгрөгийг Р.Б******* Х.Б*******, Б.Ү******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай" гэж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл буруутай этгээдүүд нь хариуцлага хүлээж, ашигт малтмал хууль бусаар олборлож, хууль бусаар экспортолсон нь тогтоогдож, олсон орлогоо хураалгаж, улсын эдийн засаг, экологид учруулсан хохирлоо нөхөн төлөх шийдвэр гарсан байхад бидний зүгээс тухайн нөхцөлд ямар нэгэн байдлаар хохироогүй байсан учир гомдол гаргаагүй, гомдол гаргах үндэслэл, шаардлага байгаагүй.
Тус мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн шүүхийн шийдвэрээр бидний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж хөндөгдөөгүй, харин ч буруутай этгээдүүд нь бидний нэрээр хууль бусаар ашигт малтмал олборлож, экспортолсон нь тогтоогдож, олсон хууль бус орлогоо улсад нөхөн төлөх, улсыг ямар нэгэн хохиролгүй болгох агуулгатай шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлтэй тул бид гомдол гаргаагүй, хохирогчоор тогтоогдоогүй, энэ талаар маргаагүй.
Гэтэл ийнхүү гомдол гаргаагүй хохирогчоор тогтоогдоогүй нь манай компанийн эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй бөгөөд "П*******" ХХК-ийг орлого олсон гэж үзэх, ашигт малтмал олборлож экспортолсон гэж дүгнэх боломж байхгүй байхад хариуцагч татварын байцаагч нар болон захиргааны хэргийн анхан шатны шүүх манай компанийг ашигт малтмал экспортолж, орлого олсон тул татвар (АМНАТ) төлөх ёстой гэх дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
3.3.Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай хуульд заасан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч хэн байх талаар:
Анхан шатны шүүхээс тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3-т "2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийж экспортод гаргасан экспортын мэдээлэл, зэргээр "П*******" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.
Татварын ерөнхий хуулийн 6.1.5-т Албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ,
-мөн 6.1.36-д Төлбөр гэж төрийн өмчийн газар, газрын хэвлий, байгалийн баялаг, ой, ургамал, рашаан, ашигт малтмал, газрын тосны нөөц, агаар, ус, хөрс ашигласны, бохирдуулсны, ан амьтан агнасны төлөө аливаа этгээдээс авч төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж тус тус заасан.
Маргаан бүхий үйл явдал болсноос хойш батлагдсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1-т Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2-т ашигт малтмал экспортолсон этгээд гэж заасан.
Гэтэл манай компани хэдийгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч боловч ашигт малтмал экспортолсон этгээд биш болохыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэж тогтоосон байдаг.
Тус хуулийн утга агуулга нь ашигт малтмал буюу байгалийн нөөц ашигласан, тухайн ашигт малтмалаа экспортолсон буюу орлого олсон этгээд татвар, нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулалт батлагдсан байна.
Өөрөөр хэлбэл татварын үүргийг үүсгэж буй, татвар ногдуулах зүйл татварын объект нь өөрөө тухайн компани бодит орлого олсон байх, эсвэл бодитоор тухайн ашигт малтмалын нөөцийг ашиглаж үр шим ашиг хүртсэн байх тухай ойлголт, тэр нь шударга, тодорхой, төлөгдөхүйц байх тухай асуудал бөгөөд татвар ногдох зүйлийг эргэлзээгүйгээр үнэн зөв тодорхойлох үүрэгтэй.
Хариуцагч нарын зүгээс болон анхан шатны шүүхээс манай компанийг бодитоор тухайн ашигт малтмалын нөөцийг ашиглаагүй буюу олборлоогүй, экспортлоогүй, орлого олоогүй болохыг мэдэж байгаа, энэ талаар талуудын хэн аль нь маргадаггүй боловч зөвхөн манай компанийн нэрийг хууль бусаар ашигласан этгээдүүдийн гаалийн мэдээлэлд үндэслэж ийнхүү татвар ногдуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй буюу тухайн захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна.
Татварын байцаагч нарын болон анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтүүд нь татварын харилцаанд татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар зайлшгүй, тодорхой, шударга байх зарчмыг зөрчсөн буюу манай компанийн бодитоор олоогүй орлогод татвар ногдуулсан, бодитоор ашиглаж, экспортлоогүй, бид ашигт малтмалын нөөц ашиглаагүй байхад, мөн гэмт хэргийн улмаас хууль бусаар орлого олсон этгээдүүд нь нийт дүнгээр хохирлыг буцааж улсад төлөх гэж байгаа орлогоос татвар ногдуулахаар шийдвэрлэсэн асуудал байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус актын үндэслэлд хамаарч байгаа юм.
Энэ нь маргаан бүхий захиргааны актад тавигдах материаллаг эрх зүйн шаардлага буюу эрх зүйн үндэслэлтэй байх шаардлагыг зөрчсөн бөгөөд захиргааны байгууллагын зүгээс манай компанийн эрх ашигт зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцсэн шийдвэрийг гаргах ёстой.
Мөн төрийн албан хаагч буюу татварын улсын байцаагч нь үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх, шударга ёсыг хангах зарчмыг баримтлах үүрэгтэй. Гэтэл манай компанийг бодитоор орлого олоогүйг мэдсээр байж ийнхүү шударга бусаар манай компанид олоогүй орлого, ашиглаагүй нөөцөөс төлбөр тооцож татвар ногдуулж байгаа нь үнэхээр хүлээн зөвшөөрөх боломжгүй, илт хууль бус байна.
3.4.Анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл болгосон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Улсын дээд шүүхийн тогтоолын талаар анхан шатны шүүхээс тус шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т Шүүх энэ маргааны тохиолдолд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчтэй холбогдох зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 55 тогтоол, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0732 дугаартай магадлалын үндэслэлээс ишлэл авсан болно.
Тодруулбал Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 дэх заалтын Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө" гэснийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар "ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө гэж өөрчилсөнийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бөгөөд 47.1.1-т ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2-т ашигт малтмал экспортолсон этгээд гэж өөрчилсөн тус хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байх тул тус нөхөн ногдуулалтын акт нь илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй" гэжээ.
Дээрх дүгнэлтээс үзэхэд шүүх маргаан бүхий нөхцөл байдалд хууль хэрэглээний дүгнэлт хийхдээ Улсын дээд шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг иш татсан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-т Ашигт малтмалыг экспортолсон этгээд нөөц ашигласны төлбөрийг төлөх-өөр заасан байна тэгэхээр танайх гаалийн мэдээн дээр компанийн нэр чинь байгаа тул экспортолсон гэж үзнэ гэдэг явцуу дүгнэлтийг хийж байгаа юм. Гэтэл экспортлогч гэдэг нь өөрийн үйлдвэрлэсэн, олборлосон, худалдаж авсан өөрийн өмчлөлийн бараа бүтээгдэхүүнийг гадаад улсад гаргаж худалдаж, орлого олж байгаа хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлдог.
Гэтэл бид гадаад улсын аж ахуй нэгж, хуулийн этгээдтэй бүтээгдэхүүн гаргах, худалдах гэрээ байгуулаагүй, бидэнд экспортод гаргах бараа бүтээгдэхүүн буюу гянтболд, төмрийн хүдэр байхгүй, бид тусгай зөвшөөрөлтэй талбайгаас тухайн жил олборлолт хийгдээгүй, бид гаалийн мэдүүлэг ч бөглөөгүй, барaar экспортлохтой холбоотой хүсэлт гаргаагүй буюу бид экспортлогч биш.
Үүнийг ч эрүүгийн шүүх дүгнэж нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлосон буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор "П******* ХХК-ийн нэрээр БНХАУ-руу экспортолж хууль бус эх үүсвэрийг нь өөрчилсөн, шилжүүлсэн гэм буруутай тооцож хууль бусаар олсон орлого 16 тэрбум (үүнээс 12.77 тэрбум төгрөг нь "П*******" ХХК-д хамааралтай) төгрөгийг Р.Б******* Х.Б*******, Б.Ү******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай" гэж тогтоосон.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан тогтоол магадлал, холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлт нь маргаан бүхий үйл баримт болсноос хойш гарсан буюу тухайн үйл явдал 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудал байхад 2019 онд нэмэлт, өөрчлөлт орсон хуулийн зохицуулалт, Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг үндэслэж шийдвэрлэсэн байдаг.
Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 47.1 дэх хэсгийг Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна, 47.1.1-т ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2-т ашигт малтмал экспортолсон этгээд, 47.1.3-т Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд гэж өөрчилж, тус хууль 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөгдөн хүчин төгөлдөр үйлчилж байна.
Гэтэл маргаан бүхий үйл баримт буюу "П*******" ХХК-ийн нэрээр ашигт малтмал хилээр гаргасан үйлдэл нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийж экспортод гаргасан гэх асуудал байдаг. Өөрөөр хэлбэл тус дүгнэлт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх зарчим буюу хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш үйлчлэх ёстой байхад илт хууль зөрчиж хуулийг буцаан хэрэглэсэн байна.
Тус маргаантай ижил төстэй маргааныг шийдсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 001/ХТ2024/0132 дугаар тогтоолоор:
"19.Тодруулбал татварын байгууллага нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх" тусгай зарчмыг баримтлах учиртай бөгөөд тухайн үйл ажиллагаа, түүнээс гарах шийдвэр нь эрх зүйн үндэслэлтэй байх буюу хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэглэх тухай ойлголт юм.
20.Энэ тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар хариуцагч нараас татварын хөөн хэлэлцэх хугацаанд хяналт шалгалт хийсэн боловч маргаан бүхий актаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болсон 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хэрэглэж нэхэмжлэгчид татвар төлөх үүрэг үүсгэсэн нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцээс тус хуулийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноос хойш 3 жилийн дараа хэрэглэж нөхөн ногдуулалтын акт гаргасан нь буруу бөгөөд нэхэмжлэгчид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үүрэг хуулиар үүсээгүй гэж дурджээ.
Иймд манай компанийн нэрээр ашигт малтмал экспортолж байх үед 47.1.2-т заасан "ашигт малтмал экспортолсон этгээд гэх хуулийн зохицуулалт байгаагүй тул тус зохицуулалтыг хэрэглэх боломж байхгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасанчлан "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж үзэж илт хууль бус акт болно.
3.5.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэх ёстой байсан эсэх нөхцөл байдлын талаар:
Нэхэмжлэгчийн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасанчлан "Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй" гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан.
Гэтэл шүүгчийн зүгээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан байдаг. Нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлосон буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор "Принципал инвестмантс" ХХК-ийн нэрээр БНХАУ-руу хууль бусаар экспортолж хууль бус эх үүсвэрийг нь өөрчилсөн, шилжүүлсэн гэх Р.Б******* Х.Б*******, Б.Ү******* нарт холбогдох 18411000400177 дугаартай эрүүгийн хэрэг эцэслэгдээгүй буюу шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байгаа нь хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсгэх учир тус хэргийг түдгэлзүүлэх боломжтой байсан ч анхан шатны шүүх тус нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь үндэслэлгүй юм.
Угтаа бол татварын албаны зүгээс болон анхан шатны шүүхээс тухайн татвар ногдох нөхцөл байдал, үйл баримттай холбоотой эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа акт гаргах эсэхийг шийдвэрлэх ёстой байсан.
Иймд татварын улсын байцаагч нарын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НА-212200000999 дугаар Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах агуулгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0931 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн нэхэмжлэлийн зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй, эдгээр нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
1.Шийдвэрийн үндэслэл хэсгийн 4.2-т нэхэмжлэлийн гол үндэслэлийн талаар зөв тодорхойлсон боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан эрүү, -гийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна.
Учир нь нэхэмжлэгчээс нөхөн ногдуулалтын актад тусгагдсан 123.34 тн гянтболдыг олборлоогүй, харин өөр этгээдүүд компанийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар ашиглаж орлого олсон гэж маргаж, үүнийгээ нотлохын тулд Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦ/781 дүгээр шийтгэх тогтоолоор нэр бүхий шүүгдэгч нарыг нөхөн сэргээлт хийх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлож, тус компанийн нэрээр БНХАУ-руу экспортолж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, улмаар уг гэмт үйлдлийн улмаас олсон нийт 16.033.600.000 төгрөгийг улсын орлого болгох-оор шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 7661 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгожээ.
Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 770 дугаар тогтоолоор шүүгчийн дээрх захирамжид гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр буцаахдаа ч захирамжийн үндэслэлийг бус харин хуулиар гомдол гаргах эрхгүй захирамжид гаргасан гомдлыг хянах эрх олгогдоогүй гэж дүгнэсэн байх бөгөөд шүүх тухайн үед дээрх эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө энэхүү захиргааны хэргийг шийдвэрлэх боломжтой талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, мөн хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлага ч үүсч болохоор байна.
Тухайлбал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор П******* ХХК-ийг 2017 онд 327.0 тн гянтболд экспортолж 11.025,5 сая төгрөгийн, 2018 оны эхний хагас жилд 41.0 тн гянтболд экспортолж 1.748,4 сая төгрөгийн, нийт 12.773,9 сая төгрөгийн орлого олсон, нэр бүхий шүүгдэгч нарыг П******* ХХК-ийн нэрээр ашигт малтмал болох гянтболдыг Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхээр гаалийн бүрдүүлэлт болон бусад бичиг баримтыг бүртгүүлж, БНХАУ-руу экспортолж, хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон гэм буруутайд тооцож, шүүгдэгч нараас нийт 16.033.600.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн, хариуцагчаас бичгээр гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг хууль бус гэдгийг мэдсээр байж бусдад тусгай зөвшөөрлөө ашиглуулсан нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсон болохыг хүлээн зөвшөөрсөн байгаагаас тус тус үзэхэд нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 123.34 тн гянтболдыг экспортлосон хэсэгт хамаарах зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлэхийн тулд энэхүү эрүүгийн хэрэг хэрхэн эцэслэн шийдвэрлэгдэхийг харгалзах үзэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл 123.34 тн гянтболдыг экспортлогч нь үнэхээр Принципал инвестментс ХХК бус нэр бүхий шүүгдэгчид болохыг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоож, улмаар гэмт үйлдлийн улмаас олсон хууль бус орлогыг бүхэлд нь буцаан гаргуулахаар шийдвэрлэх тохиолдолд уг орлогод Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу төлбөр ногдуулах шаардлага үүсэх эсэх нь эргэлзээтэй болно.
2.Нөхөн ногдуулалтын актаар 2017-2018 онд 3.481.437.536.60 төгрөгийн үнэ бүхий 123.34 тн гянтболд, 27.91 тн цагаан тугалгыг экспортолж борлуулахдаа Ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж, тайлагнаагүй төсөвт төлөөгүй зөрчилд 287.976.895,5 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги, мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 211.727.624,29 төгрөгийг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 102.899.625,4 төгрөгийн торгууль, алданги, нийт 390.876.520,92 төгрөгийн төлбөр ногдуулсан, гэтэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь эхний буюу 287.976.895,5 төгрөгийн төлбөрт холбогдох зөрчилд хамаарахаар байх тул актыг хэсэгчилэн, эсхүл бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгохын аль нь болохыг тодруулсангүй.
Түүнчлэн 102.899.625.4 төгрөгийн торгууль, алданги нь эрүүгийн хэрэгтэй хамааралгүй буюу тайлагнасан татвараа хуулийн хугацаанд төлөөгүйтэй холбоотой зөрчилд ногдуулсан хариуцлага байхад үүнийг хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй эсэх талаарх дүгнэлт хийсэнгүй.
Мөн хариуцагчаас 27.91 тн цагаан тугалгын баяжмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр эрүүгийн хэрэгтэй хамааралгүй гэх атал үүнийг ч тодруулах ажиллагааг хийлгүйгээр зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийнх нь хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж дүгнэн, улмаар уг заалтад оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолыг дурдах, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг ишлэх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасангүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0931 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН