Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,

Улсын яллагч Н.Амаржаргал,

Шүүгдэгч Э.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхсайханы Баттулгад холбогдох эрүүгийн 201710010010 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 135-43 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Энхсайханы Баттулга /МЮ92052911/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч Э.Баттулга нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13 цагийн үед Дорноговь аймгийг Замын-Үүд сумын 2-р баг ШНБ-ын 60 айлын байрны орцонд иргэн Т.Төрболдтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Э.Баттулгын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 01-р сарын 02-ны өглөө ажлаасаа буугаад гэртээ ирээд унтах гэж байтал Төрболд над руу утсаар залгаж гараад ир гээд дуудсан. Тэгээд намайг гараад ирэхэд Төрболд ганцаараа “Бумбат” дэлгүүрийн гадаа зогсож байсан. Хоёулаа хамт дэлгүүр орж нэг шил 0.5 граммын Улаанбаатар архи авч хамт ажилладаг Батзаяагийнд очиж уух гэтэл хажуу айл уурлана гэхээр нь “Долоон бурхан” буудлын цаад талын байрны орцонд орж гурвуулаа архиа уугаад гарсан. Архиа ууж дуусаад гарахдаа Батзаяа “би багшийндаа очино гэхэд Төрболд бас би очно гээд намайг хамт очьё” гээд байхаар нь цуг Мөнхбат ахынд очсон. Тэгээд Мөнхбат ахынд орсон Мөнхбат ах мөнгө гаргаж өгөөд Батзаяа бид хоёр гарч дэлгүүрээс нэг шил 0,75 граммын Соёрхол архи авч гэрт нь орж дөрвүүлээ хувааж уусан. Миний шээс хүрээд бие засахаар нойлд ороход Төрболд араас нойлд орж ирсэн. Тэгээд би Төрболдыг “чи их больсон байна, орой ажилтай жаахан амарчих” гэсэн чинь “би өөрийгөө мэдэж байна, чамд ямар хамаатай юм бэ, төмөр зам хагас цэрэгжүүлсэн байдалтай байдаг шүү” гээд намайг нэг удаа aр дагз руу гараараа цохисон. Тэгээд хоёулаа ам мурийн нойлд зодолдсон. Тэгсэн Батзаяа орж ирээд салгасан. Тэгээд буцаж ирж маргаан үүсгэж ноцолдоод байсан. Батзаяа байж байгаад салгахаар салаад дахин ирж зууралдаад байсан. Намайг гарч явах гэхээр араас зуураад орцонд маргалдаж байгаад би Төрболдын нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Буцаж ороод овоо гайгүй байж байтал цагдаа нар ирээд авч явсан. Бид хоёр Төмөр замын ТҮГазар хамт ажиллаж байсан. Бие биенээ сайн танина, найз нөхдийн холбоо байхгүй. Би Төрболдын нүд рүү нь хоёр удаа гараараа цохисон. Өөр цохисон зүйл байхгүй. Бид хоёр бие биенийхээ хоолойг боож заамдалцсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 2,750,000 төгрөг өгсөн...”   гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,

- Хохирогч Т.Төрболдын хэрэг бүртгэлтийн шатанд: “... Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр амарч байсан бөгөөд харин тухайн өдрийнхөө орой 19 цагаас ажилдаа гарах байсан. Тэгээд 10 цагийн орчимд би хамт ажилладаг Баттулга гэдэг залуу руу утсаар ярьж “юу хийж байна, завтай байна уу, уулзах уу” гэж асуухад тэр “завгүй байна” гэсэн. Тэр өглөө Баттулга ээлжнээс бууж байсан бөгөөд манай ажлын газрын буюу ПТО-гийн байрны цайны газраас миний нэрийг бичүүлээд тамхи зээлээр аваад ирээч гэж хэлэх гэж ярьсан нь тэр юм. Харин Баттулга завгүй гэсэн учир би тэгэж гуйгаагүй утсаа салгасан. Тухайн үед би Замын-Үүдийн төв талбай дээр явж байсан юм. Гэтэл түүнээс хойш 30 орчим минутын дараа миний 99540355 дугаартай утас руу Баттулга өөрийнхөө 94022442 дугаартай утаснаасаа залгаад “уулзах юм уу, би Төрийн банкны хажууд явж байна” гэсэн. Харин би түүнд “би талбай дээр байна, хүрээд ир” гэсэн. Ингээд бид 2 уулзаад ойр зуурын юм ярьж байгаад ганц шил архи авч хувааж уухаар болсон. Би өөрөө Норжай дэлгүүрээс 0.5 граммын Улаанбаатар архи авсан. Тэгэхэд Баттулга хамт ажилладаг Батзаяа гэдэг залууг дуудахаар болоод түүнтэй утсаар яриад Төмөр замын 112-р байрны гадаа очсон. Уг нь бол Батзаяагийнд орж архиа ууя гэж ярьсан юм. Харин Батзаяа “хажуугийн айл уурлана” гэсэн учир Долоон бурхан зочид буудлын урд байдаг захиргааны 14 айлын байрны хойд талын орцонд орж байгаад 3-уулаа архиа хувааж уусан. Тэгтэл Батзаяа ажлын газрын Мөнхбат ахынд очиж бие даалтын ажлаа үзүүлээд дүнгээ тавиулах хэрэгтэй байна, хамт явъя гэсэн. Ингээд Шалганы 60 айлын байрны хамгийн урд талын орцны 4 давхарт Мөнхбат ахынд 11 цаг өнгөрч байхад очсон. Тэднийд ороход Мөнхбат ах ганцаараа байсан. Түүнтэй жаахан юм яриад бид саяхан уулзаад явж байна гэхэд тэр “дэлгүүр яваад ганц юм аваад ир” гээд 20,000 төгрөг гаргаж Батзаяад өгсөн. Баттулга, Батзаяа 2 хамт архи авахаар явж, би Мөнхбат ахтай гэрт нь үлдсэн. Удаагүй 20 минутын дараа нөгөө хоёр 0.75 граммын Соёрхол архи авчирсныг 4-үүлээ хувааж уусан. Архи ууж дуусаад ойр зуур ажлынхаа талаар яриад сууж байтал Баттулга надад “хоёулаа гараад уулзчихаад ирье” гэсэн. Би ч юм бодолгүй түүнийг дагаад Мөнхбат ахын гэрээс гартал Баттулга орцонд шууд баруун гараараа миний нүүр лүү цохиод унагаасан. Тэгээд намайг газарт унасан хойно миний цээжин дээр өвдөглөж байгаад 2 гараараа нүүр, нүдгүй олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Миний хувьд өөрийгөө болон нүүрээ хамгаалж чадаагүй, арай нэг удаа доороос өндийгөөд бостол дахин түлхэж унагаагаад мөн цээжин дээр өвдөглөж байгаад 2 гараараа нүүр лүү цохисон. Хүзүү хоолойг гараараа багалзуурдах маягаар боож дарсан, хүзүүг хумсаараа маажсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 37 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Т.Төрболдын биед баруун талын ухархайн гадна хананы хугарал, тархи доргилт, нүүр бие орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 26/,

- Э.Баттулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг  судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос Э.Баттулгын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч Э.Баттулгын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн Т.Төрболдын биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч Э.Баттулгын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул Э.Баттулгыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Баттулгад ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар үйлдснийг хүндүүлэх нөхцөлд, анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.    

Шүүгдэгч Э.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхсайханы Баттулгыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Энхсайханы Баттулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Э.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Баттулгад урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ