Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 00669

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03464 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК, “Г” ХХК-д холбогдох

   Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн 15 260 400 төгрөг, алдинги 7 630 200 төгрөг нийт 22 890 600 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч ”Э” ХХК-ийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Т, түүний өмгөөлөгч Л.Н, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г 2014 оны 9 дүгээр сарын 16 өдөр “Э” ХХК-тай байр захиалан бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нийт 50 868 000 төгрөгийн үнэ бүхий 56.52 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцсон. Г.Г байрны төлбөрийн 30 хувь буюу 15 260 400 төгрөгийг тус компанийн дундын данс гэх Замын-Үүд сумын Худалдаа хөгжлийн банкны 454045574 тоот дансанд 2014 оны 6 дугаар сарын 12 өдөр шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.4-т “2014 оны 9 дүгээр сард багтаан барилгыг “Э” ХХК ажлыг комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч “Э” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд учир байдлыг тодруулахад удахгүй банкнаас зээл аваад барилгын ажлаа дуусгах гэж байгаа, гэсэн хариу хэлдэг. Компанийн барилгын ажил зогссон, иргэн Г.Г гэрээний дагуу байраа хүлээн авч чадахгүйн улмаас урьдчилгаа төлбөрт төлсөн 15 260 400 төгрөгөө буцаан авахаар шаардсан боловч мөнгө байхгүй гэж нэхэмжлэгчийг хохироож байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2 дэх хэсэгт гүйцэтгэгч орон сууцны байрыг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтрүүлсэн бол төлөгдсөн үнийн дүнгийн хэмжээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,05 хувийн алданги тооцож төлөх үүрэг хүлээсэн.

       Дээрх заалтын дагуу 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 9 дүгэээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 1088 хоногийн алданги 8 301 440 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснара 15 260 400 төгрөгийн тал хувь болох 7 630 200 төгрөгийг алдангид нэхэмжилж байна. Иймд “Э” ХХК-иас  урьдчилгаанд төлсөн 15 260 400 төгрөг, алданги 7 630 200 төгрөг нийт 22 890 600 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Л.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг манай компани хөрөнгө оруулагч “Г” ХХК-тай хамтран хөрөнгө оруулж, 66 айлын орон сууцыг барихаар тохирсон. Замын-Үүд зангилаатай байр захилах тэдний ажилтнууд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор байрны үнийн урьдчилгаа 30 хувийг төлөхөөр тохирсон. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Д” ХХК нэмж хөрөнгө оруулагчаар орж ирэхээр гэрээ байгуулсан. Иймээс 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Э” ХХК, Замын-Үүд зангилаа, “Д” ХХК-иуд гэрээг шинэчлэн байгуулсан. 2014 оны 02 дугаар  сарын 01-ний өдөр “Г” ХХК-иар 66 айлын орон сууцны барилгын угсралтын ажлын гэрээг байгуулж, эхлүүлсэн. Одоо карказ боссон, 60 хувийн гүйцэтгэлтэй. Зээл авахаар Худалдаа хөгжлийн банкинд хандтал Замын-Үүд зангилаа хариуцах барилгын газрын асуудал маргаантай болж, үүнээс шалтгаалан 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл саатсан. 2014 оны 11 дүгээр сард дахин банкинд хандтал 2015 оны 3 дугаар сарыг хүртэл барилгын ажилд олгох зээлийн үйл ажиллагаа зогссон гэсэн. Энэ талаар орон сууц захиалагч нарт мэдэгдэл хүргүүлсэн. Орон сууц захиалагч нар орон сууцны урьдчилгааг хугацаанд нь төлөөгүй, үүргээ зөрчсөн.

       Нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр нөхөн гэрээ байгуулсан. Замын-Үүдийн 66 айлын орон сууцны барилга биднээс үл хамааран шалтгаанаар 1,7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэйгээр зогсож байгаа бөгөөд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд өртөөний хурлын танхимд болсон орон сууц захиалагчид болох Замын-Үүд зангилааны удирдлага, хөрөнгө оруулагч ”Г” ХХК, барилгын гүйцэтгэгч “Г” ХХК, төсөл хэрэгжүүлэгч “Э” ХХК-ийн өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр “Э” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, “Г” ХХК-тай гэрээ байгуулан ажлыг дуусгахаар шийдвэрлэсний дагуу барилгын гэрчилгээг “Г” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Тиймээс дээрх санхүүжилтээр гүйцэтгэсэн 1,7 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар “Э” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй гэжээ.

    Хариуцагч “Г” ХХК-ийн төлөөлөгч Г.Э-т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр “Э” ХХК-тай Дорноговь аймгийн Замын-Үүд боомтод байрлах Төмөр замчдын 66 айлын орон сууцны барилга барихад хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах 01/14 тоот гэрээг байгуулсан. Гэрээнд “Э” ХХК нь төслийн ерөнхий гүйцэтгэгч, “Г” ХХК нь хөрөнгө оруулагч гэж заасан бөгөөд талуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой заасан. Тухайлбал, Улаанбаатар төмөр замын Замын-Үүд зангилаа захиалагч буюу орон сууц захиалагч төмөр замын ажилчидтай гэрээ байгуулах, захиалагчийн төвлөрүүлсэн урьдчилгааг баталгаа болгон банкны богино хугацаат зээлээр хэрэгжүүлэх, зээлийн эргэн төлөлтийг хариуцах барилгад оруулсан хөрөнгө оруулалтыг зөвхөн барилга угсратын ажилд зарцуулж барилгыг 2014 оны 02 дугаар улиралд багтаад ашиглалтанд оруулах зэрэг үүргийг гэрээгээр “Э” ХХК хүлээсэн. Харин “Г” ХХК гэрээний 1.2 дэх хэсэгт ”Э” ХХК-ийн тооцоолж гаргаж ирсэн төслийн эхний үе шатны санхүүжилтэд шаардлагатай байсан 750 сая төгрөгийн 60 хувь буюу 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хийж барилгын ажлыг эхлүүлэх нөхцлийг хангах үүргийг хүлээсний дагуу 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд 450 сая төгрөгийг “Э” ХХК-д шилжүүлсэн бөгөөд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрээний биелэлтийн явцыг дүгнэсэн актыг үйлдэж 2 талаас баталгаажуулсан. 

   “Э” ХХК төслийг хариуцан хэрэгжүүлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Төмөр замын Замын-Үүд зангилаа болон орон сууцны барилгын байр захиалагч 52 иргэнтэй байгуулж ажилласан. Барилга угсралтын ажил 2014 оны 8 дугаар сард 60 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон. Замын-Үүд зангилаа 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн барилгын хөрөнгө оруулагч, төсөл хэрэгжүүлэгч, байр захиалагч 42 иргэний хамтарсан хурлыг зохион байгуулж, барилга угсралтын ажил удаан зогссон, Замын-Үүд зангилаатай хийсэн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр “Э” ХХК-тай байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалсан. Мөн хурлаар Замын-Үүд зангилаанаас “Э” ХХК-ийг байр захиалагч иргэдтэй хийсэн гэрээгээ 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дүгнэ гэсэн албан шаардлагыг тавьсан. Дээрх хурлаас хойш тус барилгыг цаашид хэн үргэлжлүүлэн гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа бөгөөд манай компаниас Замын-Үүд зангилаа, байр захиалагч нартай хийсэн гэрээ байхгүй.

 Иймд байр захиалагч буюу нэхэмжлэгч Г.Г-ын “Э” ХХК-ийн захирал Л.Т-тэй хийсэн байр захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөр, гэрээний үүргээ зөрчсөнөөс үүссэн алданги нийт 22 890 600 төгрөгийг хамтран төлөх үүргийг манай компани ямар ч гэрээгээр хүлээгээгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 7 630 200 төгрөгийг, хариуцагч Г ХХК-иас 15 260 400 төгрөгийг тус тус гахргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 272 403 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э ХХК-иас 90 801 төгрөгийг, хариуцагч Г ХХК-иас 181 602 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги" гэж заасныг зөв тайлбарлаагүй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2,  222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт тус тус заасныг давхар шалган тогтоох замаар тайлбар, дүтнэлт хийх ёстой байсан ба захиалагч тал Замын-Үүд зангилаа, түүний ажилчид үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гэрээнд заасны дагуу 5 дугаар сарын 31-ний дотор 30 хувиа байршуулах үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн, мөн үүргийн биелэлт 65 хувь байгаа учир үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ёстой. Энэ нь хэрэгт авагдсан "Э" ХХК-иас УБТЗ-ын Замын-Үүд Зангилааны дарга О.М-д явуулсан 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн "66 айлын орон сууцны барилгын тухай" албан бичиг, "Э" ХХК-иас УБТЗ-ын Замын-Үүд, 66 айлын орон сууцны захиалагч нарт явуулсан 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичиг, "Г" ХХК, "Э" ХХК, Замын-Үүд зангилааны дарга О.М нарын 2015 оны 10 дугаар сарыи 24-ний өдрийн "Гэрээ дүгнэсэн акт" зэрэг баримтууд юм. Шүүх "Үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас үүргийн гүйцэтгэл саатсан ч үүрэг гүйцэтгэгч буруутай” гэж алданги гаргуулж шийдвэpлэcэн нь шударга ёсны зарчимд харшилсан дүгнэлт болсон.

Түүнчлэн Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1, 241.2 дахь заалтуудыг харгалзан тайлбарлаж дүгнэлт хийгээгүй. Дээр дурдсан нотлох баримтуудаар тодохойлогдож байгаачлан хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид болох байр захиалагч 66 иргэн, түүнийг зохион байгуулах, зөвшөөрөл олгох үүрэг хүлээсэн Замын-Үүд зангилаа нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс барилгын ажил саатах, зогсох болсон шалтгааныг бүхэлд нь "Э" ХХК-ийн буруу болгож тайлбарлаж, дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэх болсон нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн аль нь буруутай болохыг нотлох баримтанд үндэслэн тогтоолгүй "хагацаа хэтэрсэн байна" гэх ерөнхий ойлголтоор дүгнэлт хийж алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээр дурдсан зүйл, заалтуудыг буруу тайлбарлаж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг зөв тайлбарлаж хэрэглээгүй орхигдуулсан. Түүнчлэн урьдчилгаа 30 хувийг "Э" ХХК дангаар захиран зарцуулаагүй, захиалагчдын төлөөлөл С.Б болон гүйцэтгэгч “Г” ХХК-ийн захирал Г.Э нар мөнгөний хувиарлалтыг гүйцэтгэсэн болохыг зөв тогтоосон атлаа ийнхүү дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон. Иймд шүүхийн шийдвэрт "Э" ХХК-иас 7 630 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн "Э" ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч “Э” ХХК, “Г” ХХК-иудад холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн 15 260 400 төгрөг, алданги 7 630 200 төгрөг нийт 22 890 600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

    Хариуцагч “Э” ХХК нь Замын-Үүд зангилаатай 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Орон сууцны барилга захиалан бариулах гэрээ” байгуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр багт байрлах, Замын-Үүд зангилааны ажилчдын 66 айлын орон сууцыг 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон, уг гэрээний дагуу Замын-Үүд зангилаанаас нэхэмжлэгч Г.Г-д эрх олгосны дагуу хариуцагч “Э” ХХК-тай  2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Байр захиалан бариулах гэрээ” байгуулж,  2014 оны 9 дүгээр сард багтаан ашиглалтанд оруулан комисст хүлээлгэн өгөхөөр тохиролцож нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу 50 868 000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны төлбөрийн урьдчилгаа буюу төлбөрийн 30 хувь болох 15 260 400 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй.

 Дээрх барилгын ажил 60 хувь гүйцэтгэгдсэн байх үед уг ажлыг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсч, 2014 оны 7 дугаар сараас барилгын ажил зогссон байна.   2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Г” ХХК уг орон сууцны барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч, улмаар 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгч болсон тул  анхан шатны шүүх “Э” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үүргийг шилжүүлэн авсан гэж үзэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “Г” ХХК-иас 15 260 400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Түүнчлэн хариуцагч “Г” ХХК-иас шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд  гомдол гаргаагүй учраас энэ хэргийн хариуцагч “Г” ХХК-тай холбоотой асуудалд дүгнэлт хийх, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Харин нэхэмжлэгч Г.Г, хариуцагч “Э” ХХК-тай гэрээ байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 4.1-т “Гүйцэтгэгч орон сууцыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй хугацаа хэтрүүлсэн бол төлөгдсөн үнийн дүнгийн хэмжээгээр хоног тутамд 0.05 хувиар алданги тооцож, захиалагчид төлөх”-өөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч уг гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгөө буцаан шаардаж байгааг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан гэж үзэх тул татгалзагдсан гэрээний дагуу алданги шаардах эрх үүсэхгүй. Гэрээнээс татгалзсанаар үндсэн үүргийн харилцаа дуусгавар болох учир уг үндсэн үүргийг баталгаажуулсан анзыг шаардах эрх мөн дуусгавар болно.

  Тиймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй тул  нэхэмжлэлийн шаардлагын  хариуцагч ”Э” ХХК-д холбогдох алдангид 7 630 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

   Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Э” ХХК-ийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/03464 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХХК-иас 15 260 400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Г-д олгож, хариуцагч ”Э” ХХК-д холбогдох нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 630 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтаас “хариуцагч “Э” ХХК-иас 90 801 төгрөгийг, тус тус” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 033,20 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Н.БАТЗОРИГ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА