Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00442

 

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00442

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 2-14 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Галуут овогт Г-н Бд холбогдох 404,901 /дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 153/2019/00348/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22337661 тоот гэрээ байгуулан 99438019 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J3 2017gold утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 319,321 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 55882 төгрөг үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 29698 төгрөг буюу нийт 404901 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Г.Б миний бие М ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 404,901 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тус төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 200,000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор үлдэгдэл 204,901 төгрөгийг төлж барагдуулах тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь Г.Бд холбогдуулан 404,901 /дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжилсэн 404,901 төгрөгийг хариуцагч Г.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 12,797 /арван хоёр мянга долоон зуун ерөн долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6398.05 төгрөгийг хариуцагч Г.Бгаас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бд холбогдох 404,901 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 404,901 /дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуун нэг/ төгрөгийг хариуцагч Г.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 12,797 /арван хоёр мянга долоон зуун ерөн долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 6398.05 төгрөгийг хариуцагч Г.Бгаас гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.МАРИНА