| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00421/И |
| Дугаар | 00444 |
| Огноо | 2019-09-20 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 00444
| 2019 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2019/00444 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-р 36 айлын орон сууцны 3-9 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Галзад овогт Намчингийн Н,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 1-р 36 айлын орон сууцны 3-9 тоотод оршин суух, ..... регистрийн дугаартай, Чоно овогт М-ийн С нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х ХХК-д холбогдох 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 153/2019/00421/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н, М.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Н.Н, М.С болон хариуцагч Х ХХК-ийн захирал Б.Отгонтулга, менежер Ц.Отгонбаяр, Б.Агьчулуун бид харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 201/17 тоот орон сууц захиалан бариулах, төлбөр тооцоо хийх, гүйцэтгэх тухай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Х ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг Гэрэлт наран хорооллын 1-р 16 айлын орон сууцны 3 давхарын 54 мкв талбай бүхий 2 өрөө 12 тоот байрыг Н.Н, М.С бид нарын өмчлөлд шилжүүлэх, Н.Н, М.С нар нь байрны үнэ 50 сая төгрөгийг Х ХХК-д төлөх үүрэг хүлээсэн.
Нэхэмжлэгч Н.Н, М.С бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, урьдчилгаа 10 сая төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Х ХХК-ийн захирал Б.Отгонтулгын Хаан банкин дахь 5845325320 тоот харилцах дансанд шилжүүлсэн. Гэвч нэхэмжлэгч Н.Н, М.С бидний хүү Н.Анхбаяр нь гэр бүлийн хамт Дуут суманд удаан хугацаанд ажиллаж амьдрахаар болсон тул Ховд аймгийн төвд орон сууц худалдан авах шаардлагагүй болсон.
Энэхүү нөхцөл байдлыг Х ХХК-ийн захирал Б.Отгонтулга, менежер Ц.Отгонбаяр, Б.Агьчулуун нарт мэдэгдэхэд тэд таатай хүлээн авч байр захиалах дараагийн хүн бэлэн байгаа тул таны 10 сая төгрөгийг буцаан өгнө гэсэн.
Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч Н.Н, М.С бидний захиалсан байрыг өөр хүнд худалдан борлуулсан атлаа бидний урьдчилгаа санхүүжилт 10,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй өдийг хүртэл чирэгдүүлж байна. Нэхэмжлэгч Н.Н, М.С бид хариуцагч Х ХХК-ийн удирдлагатай холбогдоход таны 10,000,000 төгрөгийг удахгүй өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авдаггүй, хохь чинь хуц гэдэг байдлаар доромжилдог болсон. Үүссэн маргаанаа харилцан тохирч эв зүйгээр шийдвэрлэхийг хүссэн боловч Х ХХК-ийн захирал Б.Отгонтулга, менежер Ц.Отгонбаяр, Б.Агьчулуун нар нь Н.Н, М.С бидэнтэй уулзахаас татгалзаж, утсаар нь залгахад хариу өгөхгүй, бултаж зугтдаг болсон.
Иймд Х ХХК-иас 10,000,000 төгрөг гаргуулж, Н.Н, М.С бидэнд олгохыг хүсье гэжээ.
Хариуцагч Х ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компани нь Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 16 айлын орон сууцыг барьж, ашиглалтанд оруулаад байна. Дээрх байрны 3 давхарын 12 тоотод орших 54 м2 2 өрөө байрыг иргэн Намжил овогтой Н нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулж, захиалга өгсөн бөгөөд тухайн үед хүүхдийн найр болох гэж байна байрны үнийг 20,000,000 /хорин сая/ төгрөг өгөөд үлдсэн мөнгийн 0.8 хувийн хүүтэй ипотикийн зээлд хамруулж төлнө гэсэн. Гэрээ байгуулаад 10,000,000 /арван сая/ төгрөг өгч үлдсэн 10 саяыг 2019 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлнө гэж тохирсон. Тухайн үед энэхүү байрыг бэлэн мөнгөөр авах хүн ирхэд бид иргэн Н.Нтой тохиролцсон, мөн хүүхдийнхэн хурим найр болох гэж байгаа тул хүмүүст туслъя гэсэн сэтгэлээр гэрээгээ цуцлаагүй, 6 сарын 10 болоход Н.Н тохиролцсон 10 сая төгрөгөө өгөхгүй явж байгаад гэнэт мөнгө бүтэхгүй боллоо байр авахаа болилоо гэж манай компаний менежир Б.Агьчулуунд хэлсэн байсан. Ингээд бид тухайн байрыг зарагдаж мөнгө нь орж ирэхээр таны мөнгийг буцааж өгнө гэдгээ амаар мэдэгдсэн. Одоогоор тухайн байрыг Манхан сумын иргэн н.Алтансүх 30%-г малаар тохирч, үлдсэн 70%-г ипотекийн зээлд хамрагдахаар тохиролцож, банкаараа зээлээ хөөцөлдөөд явж байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манайх бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн болох 10 сая төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж, барагдуулахаа үүгээр мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэгчтэй тохиролцох хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н, М.С нар нь Х ХХК-д холбогдуулан 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Н, М.С нарын нэхэмжилсэн 10,000,000 /арван сая/ төгрөгийг хариуцагч Х ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н, М.С нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 87,475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Н, М.С нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Н, М.С нарын нэхэмжлэлтэй, Х ХХК-аад холбогдох 10,000,000 /арван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 /арван сая/ төгрөгийг хариуцагч Х ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н, М.С нарын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 /зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 87,475 /наян долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Н.Н, М.С нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА