Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 00445

 

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2019/00445

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би,

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 6-6 тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Хойд овогт Баттөмөрийн Г холбогдох 2,139,642 /хоёр сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 153/2019/00428/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б.Ганхуяг нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар 31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэн Б.Ганхуяг нь Г ХХК-ийн Зам зуур шатахуун түгээх салбараас 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 247,000 төгрөгний шатахууныг, Зам зуур шатахуун түгээх салбараас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 859,300 төгрөгний шатахууныг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 472,440 төгрөгний шатахууныг тус тус зээлээр авсан. Үүнээс 152,312 төгрөг төлсөн байна. Одоо шатахууны үнийн үлдэгдэл 1,426,428 төгрөгнөөс 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Зээлийн гэрээний 2.2-д худалдан авагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд шатахууныг зээлээр худалдан авч болох бөгөөд худалдан авсан шатахууныхаа төлбөрийг шатахуун хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 15 хоногт багтаан бүрэн төлнө. Гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заажээ. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна.

Иймд иргэн Б.Ганхуягаас шатахууны үнэ 1,426,428 төгрөг, алданги 713,214 төгрөг, нийт 2,139,642 төгрөгийг Г ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ганхуяг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Ганхуяг нь Г ХХК-ийн нэхэмжилсэн шатахууны үнэ 1,426,428 төгрөг, алданги 713,214 төгрөг, нийт 2,139,642 төгрөгийг төлнө. Татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О нь хариуцагч Б.Г холбогдуулан 2,139,642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын нэхэмжилсэн 2,139,642 төгрөгийг хариуцагч Б.Ганхуяг нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 24,592.5 төгрөгийг хариуцагч Б.Ганхуягаас гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г холбогдох 2,139,642 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Ганхуяг нь нэхэмжлэлийн шаардлага 2,139,642 /хоёр сая нэг зуун гучин есөн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дээрх улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 24,592.5 төгрөгийг хариуцагч Б.Ганхуягаас гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.МАРИНА