Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00453

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2019/00453

Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Жантекей овогт Х-ий Мгийн хүсэлттэй .... регистрийн дугаартай Ители овгийн Серекбайн Бын хүү Б.Н-ы эцэг байх эрхийг хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.М, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.М шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгапзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12-т эцэг, эх байх эрхийг хязгаарлах, хасах, сэргээх нь шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байхаар, Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоолын 19 дэх заалтад Гэр бүлийн тухай хуулийн 27, 29, 30, 32 дугаар зүйлүүдэд заасан эцэг, эх байх эрхийг хязгаарлах, мөн хязгаарласныг хүчингүй болгох, хасах, сэргээх асуудлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэнэ гэжээ. Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжаар Б.Нурсалтаны хууль ёсны асран хамгаалагчаар тогтоогдсон Х.М би С.Бын эцэг байх эрхийг хасуулахаар онцгой ажиллагааны журмаар энэхүү хүсэлтийг гаргаж байна.

Х.М миний төрсөн охин Колягийн Хундыз нь 2009 оны 12 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Ховд аймгийн Ховд сумын Дунд-Ус багийн нутаг дэвсгэрт нөхөр С.Бын гарт амь үрэгдсэн. Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор С.Быг К.Хундызыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 11 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, С.Баас сар бүр 196,246 төгрөг гаргуулан хүү Б.Нурсултаныг 8 нас хүртэл тэжээн тэтгүүлэх, төлбөрийг асран хамгаалагч Х.Мд олгохоор тус тус шийдвэрлэсэн.

Эх нь нас барж, эцэг нь шоронд ял эдэлж, тэдний хүү Б.Нурсултан өнчин үлдснийг эмэг эх Х.М би асран хамгаалж, тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлсээр өдийг хүрлээ. Зээ хүү Б.Нурсултан нь одоо Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 8а ангид суралцаж байна.

Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг байхаар, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т ...эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэжээ. Гэвч С.Б нь хорих ялаа биечлэн эдэлж, суллагдсанаас хойш өдийг хүртэл Б.Нурсултаныг тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх байтугай хүүтэйгээ нэг ч удаа уулзаагүй, эргэж ирээгүй зэргээр Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ ноцтойгоор зөрчиж, хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсээр өдийг хүрлээ. Х.М би Ховд аймгийн Жаргалант суманд амьдардаг байсан боловч өнчин зээ хүү Б.Нурсултаныг асран хамгаалж, өгсөн хүмүүжүүлэхээр 2010 онд Ховд суманд шилжин ирсэн. Үүнээс хойш зээ хүү, охины хамт Ховд суманд амьдарч, тэдний төлөө зүтгэж ирснийг манай сумынхан бүгд мэднэ.

С.Б нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор хүлээсэн сар бүр 196,246 төгрөг гаргуулан хүү Б.Нурсултаныг 8 нас хүртэл тэжээн тэтгэх үүргээ өдийг хүртэл биелүүлээгүй болно. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т ...хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэсэн тул асран хамгаалагч Х.М надад С.Бын хүү Б.Нурсалтаны эцэг байх эрхийг хасуулахаар шүүхэд хүсэлт гаргахаас өөр арга зам үлдсэнгүй. Эцэг байх эрхийг хасах нь өөрөө эрх эүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаардаг. Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана гэж эцэг, эх байх эрх хассанаас үүсэх үр дагаврыг тодорхойлжээ. С.Бын эцэг байх эрхийг шүүх хассан тохиолдолд хүү Б.Нурсултаны тухайд эцэг байх эрх нь алдагдаж, энэ талаар иргэний улсын бүртгэлд зохих өөрчлөлт орох, бүтэн өнчин үндэслэлээр нийгмийн хамгааллын тусламж, дэмжлэг авах эрх үүсэх юм.

Асран хамгаалагч Х.М миний тухайд ч нийгмийн хамгааллын тусламж, дэмжлэгээр нь Б.Нурсултаныг тэжээн тэтгэх, асран хамгаалах, өсгөн хүмүүжүүлэх нөхцөл боломж сайжирна. Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т Эцэг, эх байх эрх хассан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулна гэж, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслзн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гэжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үззхэд эцэг байх эрхийг шүүх хассан тохиолдолд шийдвэрээ иргэний бүртгэлийн байгууллагад илгээж, бүртгэлийн байгууллага шийдвэрийг хүлээн авч төрсний бүртгэлд өөрчлөлт оруулдаг.

Иймд хүсэлтийн шаардлагыг хангаж, .... регистрийн дугаартай Ители овгийн Серекбайн Бын хүү .... регистрийн дугаартай Ители овгийн Бын Нурсултаны эцэг байх эрхийг хасаж өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.М нь ... регистрийн дугаартай Ители овгийн Серекбайн Бын хүү ..... регистрийн дугаартай Ители овгийн Б-ын Нурсултаны эцэг байх эрхийг хасуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ители овгийн Серекбайн Б, Колягийн Хундыз нарын дундаас 2006 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүү Ители овогт Бын Нурсултан төрсөн болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна.

Хүү Б.Нурсултаны эцэг С.Б нь эхнэр К.Хундызын ам насыг хохироосон гэмт хэрэгт холбогдон улмаар хорих ангид ял эдэлсэн болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хүү Б.Нурсултаны шүүхэд өгсөн тайлбар зэргээр нотлогдож байна. Улмаар Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын 2010 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай Асран хамгаалагч тогтоох тухай захирамжаар/хх-9/ хүү Б.Нурсултаны асран хамгаалагчаар Х.Мг томилсон байна. Иймд Хүсэлт гаргагч Х.М нь Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Иргэн Ители овгийн Серекбайн Б нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор эрхээ хязгаарлуулсан боловч тус тогтоолд дурдагдсанаар С.Баас хүү Б.Нурсултаныг 8 нас хүртэл сар бүр 196,246 төгрөг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэгдсэн боловч тэрээр энэ үүргээ биелүүлээгүй, мөн тэрээр хорих ял эдлэж дуусаад хүү Б.Нурсултаныг өсгөн хүмүүжүүлэх үүргээсээ зайлсхийсэн болох нь хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан ...С.Б нь хорих ангид хоригдож байхдаа хүүдээ тэтгэлэгээ өгөөгүй, мөн хорих ялаа эдлэж дуусаад хүүгээ эргэж ирээгүй. Түүнийг Ховд аймагт явж байсныг харсан хүн байгаа. Хүүгээ яаж өсөж байна, ямар хүн болсон талаар огт холбогдож асуудаггүй, бид нартай огт холбоогүй байдаг гэх тайлбар, шүүхэд өгсөн гэрч Т.Солтаншаравын би Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багийн Засаг дарга ажилтай. Х.М, Б.Нурсултан нар нь манай багийн иргэн. Б.Нурсултаны ээж нь манай сумын иргэн бөгөөд 2009 онд нас барсан. Тэгээд Б.Нурсултан нь өнчин үлдсэн. Тэгээд эмээ Х.Мгийн асрамжид байдаг. Б.Нурсултаны эцэг С.Б эхнэрээ алсан хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр хорих ялаа эдлээд өнгөрсөн жил гарсан гэж сонссон. Одоо хаана амьдарч байгаа мэдэхгүй. Улаанбаатарт байгаа гэсэн сураг сонссон. Б.Нурсултаныг түүний эмээ Х.М нь асран хамгаалдаг гэх мэдүүлэг, гэрч Х.Алтангүлийн Би Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн багшаар ажилладаг. Х.М нь миний төрсөн эгч. Мөн Б.Нурсултаныг 2017 онд бага ангийг төгсгөж байсан, анги удирдсан багш. Х.М нь Б.Нурсултаны ээж нас барсан үеэс эхлэн асран хамгаалж байгаа. С.Б нь миний мэдэж байгаагаар хүүтэйгээ огт уулзаж байгаагүй. Тэр үед Б.Нурсултан 4 настай байсан. Одоо аавыгаа бараг л мэдэхгүй гэх мэдүүлэг, хүү Б.Нурсултаны шүүхэд өгсөн ...би 3 настайгаасаа эхлэн эмээ Х.Мтэй амьдарч байна. Би өөрийн аав Быг огт харж байгаагүй, минийэцэг байх эрхийг нь хасуулахыг зөвшөөрч байна гэх тайлбар зэргээр нотлогдож байна.

Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг гэж, Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг тус тус заажээ.

Иймд С.Б нь эцэг хүний үүргээ биелүүлээгүй, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Ители овгийн Серекбайн Бын хүү Б.Нурсултаны эцэг байх эрхийг хасуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.12, Гэр бүлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар .... регистрийн дугаартай, Ители овгийн Серекбайн Бын хүү Б.Н-ы эцэг байх эрхийг хассугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Мн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МАРИНА