| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00441/И |
| Дугаар | 00454 |
| Огноо | 2019-09-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 00454
| 2019 оны 09 сарын 25 өдөр | Дугаар 153/ШШ2019/00454 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-6 тоотод оршин суух, .. тоот регистрийн дугаартай, Алаг адуу овогт ш-ын Агийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.А, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.А шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1969 оны 9 сарын 19-ний өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн. 1977 онд Увс аймгийн Завхан сумын 8 жилийн дунд сургуульд орж, 1981 онд манай ээж Л.Оломоохүү нас барсан тул 4 дүгээр анги төгсөөд сургуулиас гарсан. Ингээд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эцэг Ч.Шагдарын хамт Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээ маллаж эхэлсэн. Улмаар 1988 онд нөхөр Б.Ганбаттай гэр бүл болж тусдаа гарч мөн тус нэгдэлдээ тэмээ малладаг байсан. Миний бие 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оны дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээ хариулж байсан юм.
Увс аймгийн архивын тасгаас Завхан сумын Сандалай нэгдлийн 1985-1990 онуудын 70 дугаар данснаас шүүж үзэхэд 1986 оны 1 сараас 1990 оны 12 дугаар сар дуустал ажиллаж байх хугацааны хөдөлмөр өдрийн хөлс олдсон юм. Миний бие ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар 1990-2000 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцуулан авсан. Иймд намайг 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд тэмээ маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.А нь 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн 1986-1990 оны Шагдарын Агийн нэр дээрх цалингийн лавлагаа, тус лавлагаагаар ирүүлсэн Ш.Агийн 1986-1990 оны цалингийн түүвэрүүдийн хуулбар,
-Ш.Агийн нэр дээрх Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ш.Агийн нэр дээрх Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
-Гэрч Я.Намширын шүүхэд өгсөн ...Ш.А бид хоёр нас чацуу, бид 1977 онд Увс аймгийн Завхан сумын 8 жилийн сургуульд орж байсан. 4 дүгээр ангид байхад Ш.Агийн ээж нь нас барсан. Тэгээд тэр сургуулиас гараад аавынхаа хамт нэгдэлд тэмээ малласан. Ш.А айлын бага хүүхэд гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Хосбаярын шүүхэд өгсөн ...Би Ш.Агийн төрсөн ах. Ш.А 1969 онд төрсөн. Миний бага дүү юм. Манай эцэг эх хоёр Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдлийн тэмээ маллаж байсан. 1981 онд манай ээж нас барсан. Тэгээд аав ганцаараа болохоор манай дүү Ш.Аг сургуулиас гаргаж дэргэдээ авч малчин болгосон. Тэр үеэс эхлэн Ш.А аавтай хамт мал малласан. 1988 онд нөхөр Ганбаттай гэр бүл болсон. Гэр бүл болоод мөн нөхрийн хамт нэгдлийн тэмээ маллаж байсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Ш.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Ш.А нь 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ОГ69091900 тоот регистрийн дугаартай, Алаг адуу овогт шагдарын Агийн 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Завхан сумын Сандалай нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА