| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 119/2024/0026/З |
| Дугаар | 221/МА2025/0259 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2025/0259
Б.Б*******ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т*******
Нэхэмжлэгч: Б.Б*******
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Ё.О*******
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай А/435 дугаар захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 119/ШШ2025/0006 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******
Гуравдагч этгээд Ё.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн индекс: 119/2024/0026/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Б*******аас Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай А/435 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар маргасан.
2.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 119/ШШ2025/0006 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б*******ы Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/435 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ, 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна гэснийг тус тус зөрчиж, газар эзэмшүүлсэн тул хууль зөрчсөн талаар нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарт тодорхой дурьдсан боловч уг хуулийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Учир нь газрын талаар баримтлах бодлого буюу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үндэслэн газар олголт хийгдэх ёстой талаар Газрын тухай хуулийн үзэл баримтлалыг гажуудуулж газар зохион байгуулалтын төлөвлөгөө буюу газрын талаар баримтлах бодлогод иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн байхад хууль зөрчөөгүй гэж дүгнэх боломжгүй.
Хэдийгээр Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу тусгай хэрэгцээг үндэслэн солих шийдвэр гаргасан гэж тайлбарлаж буй боловч тэрхүү солих газар мөн л газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газарт байх ёстой.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан Газрын харилцааны талаар баримтлах бодлого буюу төлөвлөгөөнд уг газар нь иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй нийтийн эзэмшлийн газар болох нь холбогдох бичгийн баримтаар тогтоогдсон.
Мөн мод үржүүлгийн зориулалттай газрыг үйлчилгээний зориулалттай болгож зориулалтыг өөрчилж, шилжүүлсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Mapraан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба ногоон байгууламж байх ёстой нийтийн эзэмшил газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлснээр нэхэмжлэгч Б.Б*******ы эзэмшлийн газар болон барилга байгууламжид тулгаж агуулах руу орц, гарцыг хязгаарласан бөгөөд цаашдаа барилга байгууламж барьснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байхад эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэж буй нь үндэслэлгүй.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 119/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Маргаан бүхий 2021 оны Газрын байршил, хэмжээ өөрчлөх тухай А/435 дугаар захирамжаар гуравдагч этгээд Ё.О*******эд 163 мкв газрыг анхлан эзэмшүүлээгүй, харин бусдаас шилжүүлж олгосон талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3-4 дүгээрт цаг хугацааны хамаарлаар тодорхой дурдсан, өөрөөр хэлбэл бусдын дуудлага худалдаанд ялж анх эзэмшсэн газрыг Ё.О*******эд шилжүүлэн эзэмшүүлсэн төдийгүй ийнхүү олгосон газар нь Засгийн газрын 2014 оны 321 дүгээр тогтоолоор батлагдсан Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын трасст орсонтой холбогдуулан түүнтэй зөвшилцсөний үндсэн дээр байршлыг өөрчлөн, хэмжээг багасган одоогийн маргаан бүхий хэсэгт 163 мкв газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, цогцолборын зориулалтаар эзэмшүүлсэний улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн Сайхан төвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүй, газрын ямар нэгэн давхцалгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримт болон холбогдох хуулийн хүрээнд үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Давж заалдах гомдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна, 33 дугаар зүйлийн 33.1.2-т газар эзэмшүүлэх асуудлыг Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтууд зөрчигдсөн гэх боловч нэгэнт бусдад эзэмшүүлсэн газрын эрхийг ийнхүү шилжүүлж буй тохиолдолд хуулийн эдгээр заалт бус харин уг харилцааг зохицуулсан 38 дугаар зүйлд заасан шаардлага хангагдсан эсэхийг хариуцагч нягтлах ёстой.
2.Түүнчлэн анх олгосон газрын байршил, хэмжээ өөрчлөгдсөн ч гуравдагч этгээдэд газар эзэмших эрх үүсэх болсон эх сурвалж нь дуудлага худалдааны зарчмаар буюу ялагчаар шалгарсан иргэн М.З*******д үүсч, тэрбээр Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасан эрхийн дагуу эзэмшил газраа одоогийн гуравдагч этгээдэд шилжүүлснээр бий болсон байгааг, мөн Б.Б*******аас шүүхэд 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр түүний миний эзэмшлийн Сайхан төвийн зүүн урд байрлалтай Ё.О*******ийн эзэмшлийн 163 м.кв газрыг хүлээн зөвшөөрч, цаашид шүүхэд болон бусад газарт санал гомдол гаргахгүй,, 22-ны өдөр бид харилцан тохиролцсоны үндсэн дээр шинээр сольж байгаа дулааны шугамын гарах зардлыг Ё.О******* төлөхөөр тохиров гэсэн бичгээр үйлдсэн баримууд болон гуравдагч этгээдээс ийнхүү тохиролцсоны дагуу өөрийн зардлаар хамтын хэрэглээний инженерийн шугам сүлжээг сольсон гэснийг нэхэмжлэгч талаас тус тус үгүйсгээгүй болохыг шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч гуравдагч этгээд Ё.О*******эд олгосон МСҮТ-ийн хойд талд байрлах 163 м.кв газар нь Royal Castle хотхоны эзэмшил газартай залгаа байрлаж байгаа ба бусдын эзэмшил газартай давхцаагүй, Б.Б*******ы барьсан барилгын орох гарц нь баруун тал руугаа харсан тул хаах боломжгүй, Сайхан төвийн агуулах нь 00-ийн давхартаа ба хаалга нь урд талдаа байрлах бөгөөд Ё.О*******ийн эзэмшил газраас 4 метрийн зайтай байна. Агуулахын хаалга руу орох гарц буюу пандусаас 0.9 метрийн зайтай байна гэж дүгнэсэн нь Сайхан төвийн орох гарах гарцыг хаасан гэх нэхэмжлэлийг үндэслэлгүй болохын нотолгоо болно.
3.Харин 163 мкв газарт барилга баригдах эсэх, баригдах тохиолдолд ямар хэмжээтэй байх, тэр нь орчны барилга байгууламжтай хэрхэн уялдах эсэх нь одоогийн газар эзэмшүүлсэн захирамжаас тусдаа эрх зүйн акт болон холбогдох зөвшөөрлийн дагуу хэрэгжих тул ирээдүйд гарч болох актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл түүнтэй маргах эрхийг энэхүү шийдвэр, магадлал хязгаарлахгүй.
Захирамжид Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл буюу Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах талаарх зохицуулалтыг баримтлаагүй ч дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн газар нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан төмөр замын трасст орсон тул Ё.О*******эд өөр газар газрын хэмжээг багасган эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, аймгийн Засаг дарга хуулийн дагуу, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн байна.
Мөн давж заалдах гомдолд ...Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан төлөвлөгөөнд уг газар нь иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр тусгагдаагүй, нийтийн эзэмшлийн газар болох нь холбогдох бичгийн баримтаар тогтоогдсон... гэх боловч маргаан бүхий газрыг нийтийн эзэмшилд авсан талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, түүнчлэн мод үржүүлгийн зориулалттай газрыг үйлчилгээний болгож өөрчилсөн гэх боловч Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/470 дугаар захирамжид Баянцагаан багийн Мод үржүүлгийн газрын хойд талд 500 м.кв газрыг худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр эзэмшүүлэхээр дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн, мөн Засаг даргын 2015 оны А/669 дүгээр захирамжид дуудлага худалдааны ялагч М.З*******д адил зориулалтаар уг газрыг эзэмшүүлсэн байгаагаас үзэхэд анхны олгосон зориулалтыг өөрчилсөн гэх гомдол үндэслэлгүй болохыг тус тус тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 119/ШШ2025/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН