Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 118/ШШ2021/0030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг даргалж тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07, Б/08 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Жинст багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, гуравдагч этгээд О.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх Завхан ******* сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 16-ны А/128 тоот захирамжаар тус сумын Жинст багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр мөн өдрөөс эхлэн түр томилогдсон. Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал зарлах хүртэл томилсон... Засаг даргын ажилд хяналт тавих үүрэг бүхий Жинст багийн иргэдийн Нийтийн Хурал \цаашид багийн Хурал гэх\-ын даргаар Л.*******ыг анх томилсон. Гэвч Л.******* нь багийн Хурлын даргаас гадна давхар тус багийн Засаг даргаар ажиллаж байсан ба багийн Хурлын хуралдааныг зарлах боломжгүй байсан тул ******* сумын Засаг дарга багийн Хурлын дарга Л.*******ыг Жинст багийн Засаг даргын ажлаас чөлөөлж, намайг хуралдаан зарлатал түр хугацаагаар томилсон байдаг. Гэтэл Л.******* нь багийн Засаг даргаа хийх ёстой гэж шүүхэд хандсан ч шүүх нэхэмжлэлийг Жинст багийн Хурлын даргын ажлаас багийн Хурлын тогтоолоор чөлөөлөгдөөгүй иргэдийн Нийтийн Хурлын дарга байна гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Гэсэн ч Л.******* нь Жинст багийн Хурлын даргын хувьд Хурлаа хуралдуулалгүй явсаар 2013-2018 он хүртэл 5 жил өнгөрсөн ч Жинст багийн Хурлыг зарлаагүй. Миний бие Жинст багийн Хурлын хуралдаан болтол Засаг даргын үүргийг түр орлохоор томилогдсон байсан боловч багийн Хурлын дарга, Тэргүүлэгч нар нь 5 жил хуралдаан зарлаагүй учраас багийн Засаг дарга болон Хурлын даргын сонгууль болох боломжгүй яваад байсан. Ингээд 2018 оны 03 сарын 02-ны өдөр миний бие Жинст багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан хугацааны тайлангийн хурлаа хийсэн ба хурлын явцад иргэдээс багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдахгүй 2 жил гаран боллоо, багийн иргэд цугларсан дээр нь хийгээд авъя гэсэн санал гарч, тухайн өдрөө багийн Хурлын анхдугаар хуралдаан болж, Жинст багийн Засаг даргад миний бие нэр дэвшиж, багийн Засаг даргыг сонгох хуралдаанд оролцсон иргэдийн санал хураалтын дүнд тус хуралдаанаас 2018 оны 03 сарын 02-ны өдрийн 04 тоот Багийн Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай тогтоол гарч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т... заасны дагуу ******* сумын Засаг даргад хүргүүлснээр... Жинст багийн Засаг даргаар Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т ...заасан 4 жилийн хугацаагаар томилогдсон. Гэтэл 2020 оны сонгуулийн үр дүнгээр шинээр томилогдсон ******* сумын Засаг дарга намайг Жинст багийн Засаг даргаар 2 жил 11 сар ажиллаж байхад буюу миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад дээрх хууль тогтоомжуудыг зөрчин, 2021 оны 03 сарын 05-ны өдрийн Б/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай захирамж гарган үүрэгт ажлаас маань хууль бусаар чөлөөлж, мөн өдрийн Б/08 тоот захирамжаар багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Л.*******ыг ...багийн Хурал зарлагдаагүй, хуралдаан болоогүй, Засаг даргын сонгууль болоогүй, түүнд өрсөлдөөгүй, тогтоолоор уламжлагдаагүй, сул орон тоо гараагүй байхад багийн иргэдийн саналгүйгээр шууд томилсонд гомдолтой байна. Учир нь шинээр томилогдсон сумын Засаг дарга, багийн Хурлын саналыг үндэслэж томилж, чөлөөлдөг гэдгийг мэдсээр байж дэлхий нийтийн цар тахлын онцгой үед төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хадгалж, төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж байгаа албан хаагчдаа тогтвортой ажиллуулахын оронд эсрэгээрээ түр томилох хууль зүйн нөхцөл байдал үүсээгүй байхад хуулийн шаардлага хангаагүй хүнийг багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол шийдвэргүй томилж байгаа нь хууль бус. Ингэж хууль бус шийдвэрүүд гаргаж байгаа нь миний болон багийн нийт иргэдийн эрх, хууль ёсны сонирхлыг ноцтой зөрчиж байна. Үүний хор уршиг нь энэ цаг үеийн онцгой нөхцөл байдлын үед иргэдээс сонгогддог төрийн чиг үүргийг түргэн шуурхай хүргэж, багийн иргэн бүртээ тулж ажилладаг нийтийн албан тушаалтныг нэг ч иргэнээс асуулгүй хууль бус халаа сэлгээ хийж, иргэнийг хуульд байхгүй түр-ээр тавьж байгаа нь Жинст багийн нийт иргэдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах, багийн иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, багийн иргэдийн өөрийн оршин суух багийн Засаг даргын сонгууль хийх, түүнд оролцох, сонгогдох, сонгох эрхэд халдаж байна. Миний бие багийн Засаг даргын үүрэгт ажил авахдаа хууль журмын дагуу багийн иргэдийн Хурлаар сонгогдож, Засаг даргад уламжлуулж, улмаар багийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сумын Засаг даргын захирамжаар томилогдсон. ******* сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 05-ны өдрийн Б/07 тоот захирамжид эрх зүйн чадамжгүй Жинст багийн Хурлын тэмдэглэлийг үндэслэж гэж гаргасан нь үндэслэлгүй... Жинст багийн Хурлын 2018 оны 03 сарын 02-ны өдрийн хуралдаан, түүний гаргасан тогтоолыг үндэслэж гаргасан сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 02-ны өдрийн Б/04 тоот захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр байна... О.******* гэдэг хүн багийн дарга, Хурлын даргын ажлыг хамт хийгээд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Тэгээд би түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноос хойш тамгаа авъя гэж удаа дараа О.*******т хэлсэн. Тамга байхгүйгээс багийн иргэд аливаа шагнал, медальд тодорхойлох, багийн Хуралтай холбоотой бүх асуудлууд зогсчхоод байсан. Тамгыг авъя гэж О.*******т удаа дараа хэлж, бичиг тоот хүргүүлсэн боловч өгөөгүй. Тийм учраас ******* сумын Хурлын нарийн бичгийн дарга байсан Э.******* удаа дараа нэхээд, сүүлдээ цагдаагаар хүртэл шаардуулаад тамга өгөөгүй асуудал гарсан. Урьд нь хэдэн оныг нь мэдэхгүй байна гэхдээ тамга солигдсон асуудал гарсан юм байна лээ. О.*******т байгаа тамга бол Богдын гол багийн тамга. Манай багийн 1 дугаартай тамга Богдын гол багт байдаг. Тэгээд багийнхаа тамгыг Богдын гол багаас сольж авъя гэж удаа дараа хэл хүргүүлсэн боловч тамга өгдөггүй асуудал байдаг. Иймд Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07, Б\08 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэхээр хандаж байгаа тул хууль журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн Засаг даргыг томилж чөлөөлдөг. Багийн Засаг даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрх сумын Засаг даргад олгогдсон. Үүний дагуу сумын Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Б/07 тоот захирамж гаргасан байна. Гэхдээ үндэслэлийг захирамжийн агуулга хэсэгт тодорхой бичээгүй байна. Харин шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас захирамж гаргаж чөлөөлсөн гэж бичсэн байсан. Захиргааны актад тавигдах гол шаардлага нь агуулга хэсэг дээрээ ямар шалтгаанаар тус актыг гаргах болсныг тодорхой зааж өгөх ёстой. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч тайлбар гаргахдаа бүрэн эрхийн хугацаа нь дууссан учраас чөлөөлсөн гэж маргаж байна. Бүрэн эрхийн хугацаа дууссан асуудлын тухайд тайлбарлахад нэгжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар багийн Засаг дарга нь тухайн нэгжийн хуралд оролцож байгаа иргэдийн 50 хувиас дээш санал авсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд уламжлах нөхцөл бүрдэж байгаа. Ингэж Хурлаас сумын Засаг даргад тогтоолын хэлбэртэй уламжилснаар сумын Засаг дарга нэгжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар мөн хуулийн 26.2-т заасан журмаар сонгогдсон нэр дэвшигчийг томилно гэсэн заалттай. Үүний дагуу сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 02-ны өдрийн захирамж гарсан байна. Үүнээс өмнөх 2016 оны захирамжийн тухайд нэхэмжлэгч нь 2016 оны 11 сард багийн Засаг даргаар түр томилогдсон байна. Тухайн үед ямар нэг байдлаар хурал хийсэн зүйл байхгүй байна. Түр томилогдон ажиллаж байсан байна. Үндсэн захирамж нь 2018 оны 04 сарын 02-ны өдөр гарсан байна. Тэгэхээр энэ хугацаанаас хойш нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацааг тоолох хуулийн заалттай байна. Тийм учраас бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад ажлаас нь чөлөөлсөн ийм нөхцөл байдал харагдаж байна. Дараагийн асуудал нь ******* сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 05-ны өдрийн Б/08 тоот захирамжийн хувьд О.*******ыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдал нь нэгжийн тухай хуулийн 26.2-т заасан багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдсан байх шаардлагыг хангахгүй байна. Мөн Хурлаас сумын Засаг даргад тогтоол хүргүүлж, тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга захирамж гаргасан байдал харагдахгүй байна. Энэ бол багийн иргэдийн Нийтийн Хурлаас тогтоол гарч байж шийдэгдэх асуудал болохоос Засаг дарга өөрөө дангаараа шууд шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй. Тийм учраас шууд томилж байгаа нь хууль зөрчсөн байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн агуулга бол энэ. Дараагийн асуудал нь хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгч Д.*******ыг өөрөө хурлаа удирдсан гэсэн асуудал ярьж байна. Тухайн хуралдааны тэмдэглэлийг уншихад тийм байдал харагдаж байгаа. Мөн гуравдагч этгээдийн ярьж байгаа шиг хуучин Тэргүүлэгчид нь тогтоол шийдвэр гаргаагүй байдал харагдаж байна. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 сарын 02-ны өдрийн хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, Жинст багийн Засаг даргаар Д.*******ыг томилсон захирамжийг хүчингүй болгуулахаар О.******* нэхэмжлэл гаргасныг шийдсэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 133 дугаартай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэ тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр байсаар байтал О.******* нь багийн иргэдийн Нийтийн Хурлын төрийн тамгыг одоо хүртэл өгөхгүй байгаа нь төрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байгаа хэлбэр болж байна. Мөн тухайн маргаад байгаа Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 сарын 02-ны өдрийн хуралдаан болон хуралдааны тэмдэглэл, тамганы асуудалтай холбоотойгоор хариуцагч талаас ямар нэг байдлаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна гэж харж байна. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан, хүчин төгөлдөр байгаа, мөн сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 02-ны өдрийн захирамж хүчин төгөлдөр яваад байгаа учраас хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй байна. Хэрвээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байвал сөрөг нэхэмжлэл гаргаад явах боломжтой байсан. Тэгэхээр энэ асуудал бол нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудал байна. Тамганы хувьд нэхэмжлэгч өмнө тодорхой хэлсэн. 2 багийн иргэдийн Нийтийн Хурлын тамга солигдсон асуудал байдаг юм байна лээ. Үүнийг нь солих гэсэн боловч О.******* гэдэг хүн тамга аваад явсан тул солих боломжгүй байсан байна. 4 дүгээр багийн буюу Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлын тамга Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын тамгатай солигдоод 8 жил гаруй хугацаанд солигдож дарагдаж яваад хэвшсэн байна...2013-2018 он хүртэл багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нь өөрөө ******* байсан. Энэ хүн өөр багийн Хурлын тамгыг 5 жил ашигласан. Дараа нь чөлөөлөгдчихөөд тамгаа авъя гэхээр өгөөгүй, солигдсон байна солиог нь гаргая гэхээр өгдөггүй. Тухайн үед энэ асуудлаар нэхэмжлэгч надаас зөвлөгөө авч байсан. ******* гэдэг хүнийг тамга хууль бусаар хадгалсан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээр байсан. Тухайн үед за яахав гээд өнгөрөөсөн. Ингээд Дээд Шүүхийн тогтоол гарсан учраас би тамгыг нь өгчихсөн гэж ойлгож байсан. Гэтэл сая нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа өгөөгүй гэдэг асуудлыг ярьсан. Гуравдагч этгээд аргагүй байдлаас тамгаа өгөхгүй байсан гэж тайлбарлаад байх шиг байна. Нэгэнт тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн бол төрийн тамгыг өгөх хэрэгтэй. Нэхэмжлэгч хэлэхдээ манай Хурлын тамгыг ******* авч яваад өгөхгүй байгаа учраас багаасаа хүн шагналд тодорхойлохдоо Богдын гол баг дээр манай багийн тамга байдаг учраас очиж тамга даруулдаг гэж ярьж байсан. Энэ байдлыг бид өөгшүүлж ярьсан асуудал байхгүй. Харин ч бүр засаж залруулж нэг талд нь багтаах ёстой гэж хэлээд байгаа юм. Энэ бол нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудал учраас нэмж тайлбарлах шаардлагагүй байна... Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч тус аймгийн ******* сумын Засаг дарга Ч.******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар Жинст багийн Засаг дарга Б.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэхүү захирамж нь доорх хууль зүйн үндэслэлтэй... Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн байсан тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах боломжгүй байна. Өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдсан үед тус багаас иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулахад Б.******* нь багийн Засаг даргад нэр дэвшин оролцох эрх нээлттэй. 2017 оны 04 дүгээр сарын 14-нд Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид сонгох, багийн Засаг дарга сонгох Хурлаас гарсан тэмдэглэл, тогтоолууд дээр иргэдийн Нийтийн Хурлын 1 тоот тамга дарж баталгаажуулсан байна. Одоо Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа 1 тоот тамгыг ашиглаж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Жинст багийн Хурлаас гарсан Хурлын тэмдэглэл, тогтоолууд дээр Богдын гол багийн 1 тоот тамга дарагдаж баталгаажсан байна. Тухайн өдрийн хурлаас гарсан актууд дээр бусдын тамга ашиглаж баталгаажуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалт зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл энэ нь эрх зүйн чадамжгүй актууд юм. Энэхүү эрх зүйн чадамжгүй актууд дээр үндэслэж Д.******* 2 жил 11 сар Жинст багийн Засаг даргаар ажиллаж байсан байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.1, 17 1.2, 171.3 дахь заалтууд зөрчигдсөн зэрэг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Тухайн өдрийн хурлын тэмдэглэлээс үзэхэд 1. Дээрх 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар шинээр Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга томилогдсон гэх боловч шинээр сонгогдсон даргатай тамга хүлээлцсэн үйл ажиллагаа явагдаагүй байна. 2. Хуралд бүрэн эрх дуусгавар болж байгаа багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс оролцоогүй байхад, тогтоосон журмаар үйлдсэн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хаанаас гарч ирж хэрэглэгдсэн бэ гэдэг асуудал гарч ирж байна. 3.Хурлын бүх үйл явц хуралдаан даргалагчаар сонгогдсон гэх Г.*******гийн ямар ч оролцоогүйгээр зөвхөн Д.******* гэдэг хүний удирдлагаар явагдсан нь өөрийгөө багийн Засаг дарга болгохоор хурлын тэмдэглэлээс харагдаж байна... Тамганы асуудлын тухайд би ******* сумын Засаг даргын хувьд Алдархааны ч юм уу, аль нэг өөр сумын Засаг даргатай тамгаа солиод дараад яваад байх боломжгүй. Төрийн тамга дэс дарааллаараа дарагдаж явах ёстой. Түүнийг солигдож дарагдаж яваад хэвшсэн байна гэж тайлбарлах боломжгүй... Миний гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс 2016 онд томилогдчихоод бүрэн эрхийн хугацаа нь 2022 онд дуусна гэж тайлбарлаад байна. Тэгэхээр нийтдээ 6 жил багийн даргаар ажиллах гээд байгаа байдал харагдаж байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацааг дууссан гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь 2016 онд багийн Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг. Тэгэхээр бүрэн эрхийн хугацаа нь 2021 онд дууссан. Нөгөө талаар онц байдал зарласантай холбоотойгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах буюу Хурлыг зарлан хуралдуулах боломжгүй байсан байна. Мөн хамгийн гол зүйл нь 2018 онд томилогдохдоо хууль бусаар томилогдсон байна гэж чөлөөлсөн. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар бид хуулийг дээдлэх хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах, багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхийн асуудлыг үл тоож хууль зөрчиж багийн даргын тайлангийн хурал гэж хүмүүсийг цуглуулаад багийн Засаг даргыг сонгох хурал явуулсан байна. Үүнээс харахад тайлангийн гэж зарласан хурал нь анхнаасаа багийн Засаг даргыг сонгох, томилуулах чиглэлтэй байсан гэдэг нь харагдаж байна. Үүнийг тухайн хуралдааны тэмдэглэл дээрээс тодорхой харж болно. Тухайлбал, ирц хүрсэн байна гэсэн байна. Мөн хэлэлцэх асуудал нь тайлан гэж байгаа боловч дундаас нь багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар томилогдож байгаа ******* гэх хүн багийн удирдлагаа томилъё гэдэг асуудал яриад Д.******* өөрөө хурлыг удирдаад явсан байдаг. Хуралд оролцсон 64 иргэд дундаас санал хэлэхгүйгээр багийн Засаг даргаа сонгохдоо санал хэлэхгүйгээр гараа өргөөд буулгаад яваад байсан байдал харагддаг. Тэгэхээр энэ бол хууль дээдлэх зарчмыг зөрчиж хууль бусаар хуралдаан хийсэн байна гэдэг нь харагдаж байна. Дараагийн асуудал нь Улсын Дээд шүүхээс О.*******ын нэхэмжлэлээс 2018 оны тухайн хуралдаантай холбоотой асуудлыг хүлээн авахаас татгалзсан үйлдэл нь захиргааны акттай холбоотой асуудлыг л захиргааны хэргийн шүүх шийдсэн. Гэтэл хурал нь процессын үйл ажиллагаа учраас хүлээн авахаас татгалзсан байна. Ингээд Д.*******ыг багийн Засаг даргаар сонгосон Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 сарын 02-ны өдрийн хуралдаан хууль бус болсон байна. Процессын хувьд хууль бус буюу нэгжийн тухай хуульд заасныг зөрчсөн байна. Мөн хууль зөрчсөн хуралдааны тогтоол дээр тухайн хуралдааныг даргалаагүй ******* гэдэг хүн гарын үсэг зураад тэр хүн нь Д.*******ыг нэр дэвшүүлээд, хэлэлцэх асуудлаас тусдаа асуудал оруулж ирээд багийн Засаг даргаар томилсон нь Монгол Улсад хууль хэрэгжихгүй байна гэдгийг харуулж байна. Хэрвээ хуулийг хэрэгжүүлж байсан бол анхдугаар хуралдааныг зарлах, анхдугаар хуралдааныг хуралдуулахгүй байвал хуралдуулахыг даалгуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэл гаргаагүй байж хүчээр хурал хийсэн. Мөн ******* гэдэг хүн багийн удирдлагуудыг сонгоё гэж хэлчихээд өөрөө Тэргүүлэгч болсон нь ямар ашиг сонирхолтой байна вэ? гэсэн эргэлзээтэй байдал харагдаж байна. Ингээд тухайн хуралдаан өөрөө хуульд нийцээгүй байтал хууль бус хуралдаанаас гарсан тогтоолыг үндэслэж багийн Засаг даргаар томилж байгаа нь өөрөө хууль тогтоомжид нийцээгүй байгаа учраас одоогийн Засаг дарга тухайн хууль бус хуралдааны тэмдэглэлийг үндэслэж хуралдааныг хууль бус болсон гэж үзэж ажлаас нь чөлөөлж байгаа юм. Хууль бус хуралдаан байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагддаг. Хууль бус хуралдаанаар уламжлагдсан хүнээс татгалзах эрх нь сумын Засаг даргад байгаа. Засаг дарга бол залгамжлан хэрэгжүүлдэг учраас өмнөх Засаг даргын захирамжийг одоогийн Засаг дарга өөрчилж болохгүй гэсэн үг биш. Тухайн 2018 оны захирамжийг хүчингүй болгох нөхцөл байдал байх боловч хүний хөдөлмөрлөх эрхийг үгүйсгэх боломж байхгүй. Тийм учраас хүчингүй болгож болохгүй учраас өмнөх Засаг даргын хууль бус үйлдлийг зөвтгөж чөлөөлсөн захирамж гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч ярьсан. Хурлын тамгыг өгөөч гэж би удаа дараа шаардсан, бас ******* давхар шаардсан гэж ******* хэлсэн. Тэгэхээр багийн Засаг дарга байж яагаад Хурлын тамгыг авах гээд шаардаад байгаа юм бэ? Өөрөөсөө илүү эрх хэмжээг хэрэгжүүлсэн байдал харагдаж байна. Энэ бол хууль бус. Тайлангийн хурал нэрээр 64 өрхийн 64 хүнийг ирц бүрэн байна гэж хурал хийлгэсэн. Тэгсэн мөртлөө тамга өгөөч гэж шаардаад байсан. Тамга өгөхгүй байхаар нь Богдын гол багийн тамгыг авчраад дарсан. Тэгээд өнөөдөр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа нь дундаа ганц тамга хэрэглээд явж байна. Болж л байна гэж ярьж байгаа нь хууль бус. Хэрвээ дундаа нэг тамгатай байх байсан бол ******* сум 6 багтай байх шаардлагагүй. Ганц багтай, дундаа ганц тамгатай байхад болно. Гэтэл нэгжийн хуульд заасан багийн иргэдийн Нийтийн Хурал, тусгай нэгж бүхий 2 өөр баг нь дундаа 1 тамгатай яваад байж болохгүй. Ингээд тухайн 2018 оны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хууль бус байсан учраас нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хэрэгт авагдсан материал доторх Жинст багийн Хурлын тэмдэглэлээс харахад тухайн өдрийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны хурлыг хуралдуулах талаар Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс гарсан хурлын тэмдэглэл, тов тогтоосон тогтоол байхгүй байна. Анхдугаар хуралдаан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтаар зохицуулагдаж хуралдана. Энэ заалт зөрчигдсөн. Хурлын тэмдэглэлд, тухайн өдрийн хуралд 64 иргэн оролцсон гэж дурдагдсан ч хэн хэн гэх иргэд байсан бэ гэдэг баталгаажсан баримт байхгүй байгаа нь хурлын тэмдэглэлд дурдагдсан 11 иргэний бүрэлдэхүүнтэй хурал болж энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалт зөрчигдсөн хурал болжээ. Мөн энэ Хурлыг хуралдуулахад Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн ямар ч оролцоогүйгээр Д.******* /Багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч/ хурал зарлаж, ...хурлыг өөрөө удирдаж иргэдэд худал мэдээлэл өгч явуулсан нь тэмдэглэлээс илт харагдаж байна. Энэ нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрхэд халдаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1, 17.1.1, 17.1.2, 17.1.3, 17.1.4, 17.2 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн. Мөн тухайн өдрийн буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хурал хэлэлцэх асуудлаа 1,2,3 гэж баталжээ. Гэтэл хурлаар баталсан хэлэлцэх асуудалд багийн Засаг даргыг сонгох, уламжлах талаар нэг ч үсэг дурдагдаагүй байхад Д.*******ыг Засаг даргад дэвшүүлэн уламжилсан. Жинст багийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэл, тогтоолуудыг Богдын гол багийн Хурлын 1 тоот тамга дарж баталгаажуулсан байна. Гэтэл нэг жилийн өмнө буюу 2017 оны 04 дүгээр сарын 14-нд Богдын гол багийн Хурлын дарга, Тэргүүлэгчид сонгох, багийн Засаг дарга сонгох хуралдаанаас гарсан тэмдэглэл, тогтоолууд дээр 1 тоот тамга дарагдаж баталгаажуулжээ. Энэхүү 1 тоот тамгыг Богдын гол багийн Хурал үйл ажиллагаандаа одоог хүртэл хэвийн ашиглаж байгаа. Тэгэхээр 1 тоот тамга хэрхэн ямар замаар гарч ирж, 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Жинст багийн Хурлаас гарсан тэмдэглэл, тогтоолуудыг баталгаажуулав. Мөн тухайн өдрийн хуралд Жинст багийн Хурлын Тэргүүлэгчдээс оролцоогүй байхад, албан бичгийн хэвлэмэл хуудас хурлын баланк хаанаас гарч ирэв хэн гэдэг албан тушаалтан дээрх хууль зөрчсөн үйлдлийг гаргасан бэ гэдэг маш ноцтой асуудал гарч ирж байгаа юм. Энэ бүгдийн эзэн нь Д.******* гэдэг нь хөдөлшгүй баримтуудаар нотлогддог... Д.******* нь Жинст багийн Засаг даргыг түр орлон гүйцэтгэгч гэх албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж Жинст багийн Хурлын бүрэн эрхэд халдаж, тайлангийн хурал нэрээр нууцаар анхдугаар хуралдаан гэгчийг хуралдуулж хурлыг өөрөө гардан удирдаж, хурлын хэлэлцэх асуудлыг зөрчиж, Хурлын хэвлэмэл хуудсыг ашиглан, мөн өөр багийн буюу Богдын гол багийн Хурлын 1 тоот тамгаар хурлаас гарсан актууд дээр дарж баталгаажуулсан зэрэг хуулийн дээрх олон заалтыг ноцтой зөрчиж, багийн Засаг дарга болчхоод бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн гэж заргалдсан нь хуулийг зөрчиж яваад байж болдог юмаа гэсэн зохисгүй үйлдэл юм. Энэхүү хууль зөрчсөн актуудыг тухайн үеийн Хурал нь ******* сумын Засаг даргад уламжилж, түүнийг нь үндэслэж, Засаг дарга Эрдэнэбаатар 2018 оны 04 сарын 02-ны өдрийн Б/04 тоот захирамжаар Д.*******ыг Жинст багийн Засаг даргаар томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь заалтыг зөрчин, ...хууль тогтоомжид нийцүүлээгүй захирамж гаргасан томилгоо байгаа юм. Ийнхүү дээрх тодорхой хуулийн заалтууд зөрчигдөж томилогдон 2018 оны сараас 2021 оны 03 сар хүртэл Д.******* зөвхөн хувийн эрх ашгаа бодож, багийн нийт иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчсөөр ирсэн үйл ажиллагааг таслан зогсоож, ******* сумын Засаг дарга Ч.******* 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07 тоот захирамж гарган үүрэгт ажлаас чөлөөлсөн хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байгаа... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07, Б/08 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Жинст багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарт тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий Захиргааны акт болох:

1. ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамжаар[1] Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлийг үндэслэн Жинст багийн Засаг дарга Б.*******ыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр,

2. ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар[2] Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах хүртэл багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр О.*******ыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс томилон ажиллуулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

Дээрх захиргааны актуудад дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга ...4 жилийн хугацаагаар томилох..., 29.2-д Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна тухайн нөхцөл байдалд нийцүүлэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: ...10.4.6-д соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох гэж заажээ.

Мөн Б\07, Б\08 дугаар захирамжид үндэслэсэн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлд[3] тус багийн 1038 өрхийг төлөөлсөн 64 өрхийн 64 иргэний ирцтэйгээр хуралдаж, хуралд оролцсон иргэдийн саналаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчийг сонгож батлах, багийн Засаг даргын 2017 оны ажлын тайлан болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн агуулга тусгагджээ.

Нэхэмжлэгч нь ...******* сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Жинст багийн Засаг даргаар томилогдсоныг хуульд нийцсэн талаар шүүхээс тогтоосон тул дээрх томилогдсон хугацаанаас тоолоход багийн Засаг дарга миний хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх 4 жилийн хугацаа дуусгавар болоогүй, түүнчлэн багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаагүй, Хурлаас шийдвэр гараагүй байхад ажлаас чөлөөлж, О.*******ыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон нь хууль бус хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

Хариуцагч, гуравдагч этгээд нар ...Д.******* нь Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх зүйн чадамжгүй хуралдаанаас гарсан тогтоолыг үндэслэсэн сумын Засаг даргын захирамжаар анх томилогдон ажилласан нь хууль бус бөгөөд Жинст багийн Хурлын тогтоолд өөр багийн тамга, тэмдэг дарагдсан, Ковид-19 цар тахлын улмаас Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах боломжгүй тул О.*******ыг тус багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон нь хууль зөрчөөгүй хэмээн тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал ...Жинст багийн Засаг даргаар хуульд заасны дагуу томилогдон ажиллаж байсан... гэж, хариуцагч тал ...Д.*******ыг анх Жинст багийн Засаг даргаар томилох ажиллагаа хуульд нийцээгүй... гэж тус тус маргажээ.

******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07, Б\08 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Жинст багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3, 28.5-д зааснаар багийн Засаг даргыг томилох, чөлөөлөх асуудлаар сумын Засаг дарга захирамж гаргах эрхтэй байх ба уг эрхийн хүрээнд ******* сумын Засаг дарга дээрх маргаан бүхий захиргааны актуудыг гаргажээ.

Хариуцагч ******* сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.*******ыг Жинст багийн Засаг даргаар томилсон ажиллагаа хуульд нийцээгүй гэх үндэслэлээр түүнийг дээрх албан тушаалаас чөлөөлж, О.*******ыг Жинст багийн Засаг даргын түр үүрэг гүйцэтгэгчээр томилохоор маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан нь дараах үндэслэлээр хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

1. Нэхэмжлэгч Б.*******ыг ******* сумын Жинст багийн Засаг даргаар анх 2018 онд томилох ажиллагаа хууль бус эсэх тухайд:

Нэхэмжлэгч Д.*******ыг анх 2018 онд Жинст багийн Засаг даргаар сонгох, томилох ажиллагаа хуульд нийцсэн болохыг урьд нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байна. Тодруулбал:

Д.******* нь анх Завхан аймгийн ******* сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Багийн Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай 04 дүгээр тогтоолыг[4] үндэслэн гаргасан ******* сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар[5] Жинст багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байжээ.

******* сумын Жинст багийн иргэдийн саналын дагуу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр явагдсан хуралдаанаар тус багийн Хурлыг хуралдуулж, Хурлын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргыг сонгохоор тогтож, дээрх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж хэд хэдэн тогтоол гаргасан байх ба 04 дүгээр тогтоолоор Д.*******ыг Жинст багийн Засаг даргаар сонгохоор тус тус шийдвэрлэснийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй О.*******аас /тухайн үед Жинст багийн Хурлын даргаар ажиллаж байсан/ хууль бус буюу эрх зүйн чадамжгүй хуралдаанаас гарсан, өөр багийн тамгаар баталгаажуулсан тогтоолыг үндэслэн томилсон хэмээн үзэж, багийн Хурлын анхдугаар хуралдааныг дахин хуралдуулах, уг хуралдаанаас гарсан тогтоолуудыг болон Д.*******ыг Жинст багийн Засаг даргаар томилох тухай ******* сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг урьд нь шүүхэд гарган шийдвэрлүүлж байжээ.

Уг үйл баримт нь хэрэгт авагдсан ******* сумын Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл, 04 дүгээр тогтоол, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх тухай 74 дүгээр шүүгчийн захирамж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221\МА2019\0093 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 133 дугаар тогтоол зэргээр[6] тогтоогдож байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 133 дугаар тогтоолоос харахад шүүх Д.*******ыг Жинст багийн Засаг даргаар сонгож, томилох талаар гарсан ******* сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 дүгээр захирамж болон Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг Үндсэн хуулиар заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд харшлаагүй, хүчингүй болгох үндэслэлгүй гэдгийг доорх байдлаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Уг 133 дугаар тогтоолоор ...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид... зарлан хуралдуулна гэснийг О.******* өөрөө болон бүрэн эрхийн хугацаа нь дууссан Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын бусад Тэргүүлэгчид хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл хуульд заасан уг үүргээ биелүүлээгүй тул тус багийн иргэдээс Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн ажлын тайланг хэлэлцэх хурлын үеэр нэр бүхий иргэдийн гаргасан саналын дагуу дараагийн Хурлын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад нэр дэвшигчийг сонгосныг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч О.******* нь өөрөө ч мөн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн багийн Засаг даргын тайланг хэлэлцэх иргэдийн нийтийн ээлжит хуралдааны үеэр иргэдээс гаргасан саналын дагуу Хурлын даргаар сонгогдсон гэдгийг дурдах нь зүйтэй... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд бүрэн эрх нь дуусгавар болсон Хурлын Тэргүүлэгчид дараагийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох анхдугаар хуралдааныг зарлахгүй байгаа тохиолдолд хэрхэх талаар тодорхой зохицуулалт байхгүй. Гэвч ийнхүү хуралдааныг зарлахгүй байх нь тухайн нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллага болох багийн иргэдийн Нийтийн Хурлын гишүүд буюу иргэдийн хуульд заасан бүрэн эрхийг, тухайлбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх..., 17.1.2-д заасан баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх... зэрэг эрхийг хязгаарлахгүй, өөрөөр хэлбэл иргэд ийнхүү хурлаа хийх нь Үндсэн хуулиар заасан нутгийн өөрөө удирдах ёсны зарчимд харшлахгүй, харин ч эсрэгээрээ хурлыг зарлан хуралдуулах үүрэг бүхий этгээд нь үүргээ хэрэгжүүлэхгүй байх нь уг зарчмыг зөрчиж буй явдал юм... Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2,... 26.3...-т заасан журмын дагуу гарсан Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Ажилд томилох тухай Б/04 дүгээр Ажилд томилох тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй... гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, хуулиар үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтнууд Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахгүй байгаа нөхцөл байдал үүссэний улмаас 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тус багийн иргэд өөрсдийн санаачилгаар хуралдааныг зохион байгуулж, тухайн нэгжийн удирдлагыг тодорхой болгож, Хурлын дарга, Тэргүүлэгч, Засаг даргыг сонгох асуудлаар тогтоол гарган, тогтоолыг холбогдох тамгаар баталгаажуулсныг шүүх буруутгаагүй, түүнчлэн тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн уг хуралдааны ирцийг хуульд нийцсэн гэж дүгнэсэн байх тул уг шүүхийн шийдвэрийг үгүйсгэж, Д.*******ыг анх Жинст багийн Засаг даргаар томилох ажиллагаа хуульд нийцээгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна.

Нэгэнт хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбарын үндэслэл болсон Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Ажилд томилох тухай Б/04 дүгээр захирамж, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг хуульд нийцсэн талаар урьд нь тогтоож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул шүүх дээрх захиргааны актуудын үндэслэлийн талаар дахин шалгах, дүгнэлт өгөх боломжгүй юм.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж заасан байна.

Нэхэмжлэгч Б.*******аас ******* сумын Жинст багийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хуульд заасан 4 жилийн хугацаа дуусгавар болсон эсэх тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол...баг, хорооны Засаг даргыг...4 жилийн хугацаагаар томилох..., 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ...нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж заажээ.

Уг зохицуулалтаас харахад багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ба энэ хугацаа дуусаагүй байхад ажлаас чөлөөлсөн хэмээн нэхэмжлэгч маргаж байна.

Маргаан бүхий захиргааны акт болох ******* сумын Засаг даргын 2021 оны Б\07 дугаар захирамжид уг бүрэн эрхийн хугацаатай холбоотой үндэслэлийн талаар тусгагдаагүй боловч нэхэмжлэгчийн тайлбартай холбогдуулан ...Д.*******ын багийн Засаг даргаар ажиллах хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан гэж хариуцагч тал тайлбарлаж байна.

******* сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А\128 дугаар захирамжаар[7] Жинст багийн Засаг даргыг хуульд заасан журмын дагуу сонгож томилох хүртэл түүний үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр Д.*******ыг томилон ажиллуулсан байх ба уг хугацааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2,... 26.3...-т заасан журмын дагуу томилогдсон багийн Засаг даргад хамаарах 4 жилийн бүрэн эрхийн хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй.

Харин дээрх хуульд заасан журмын дагуу ******* сумын Засаг даргын 2018 оны Б\04 дүгээр захирамжаар Д.*******ыг Жинст багийн Засаг даргаар томилсон 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс уг 4 жилийн бүрэн эрхийн хугацааг тоолох үндэстэй бөгөөд ийнхүү тоолж үзэхэд маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б\07 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөх үед Д.******* Жинст багийн Засаг даргаар 2 жил 11 сарын хугацаагаар ажиллаж байсан байх ба хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоогүй байсан тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэсгүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ...баг, хорооны Засаг даргыг...4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэж заасан.

Энэ зохицуулалтаас харахад багийн иргэдийн саналын дагуу дээрх хуульд заасан журмын дагуу томилогдсон Засаг дарга бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө дээрх хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу чөлөөлөгдсөн, огцорсон тохиолдолд нөхөн томилогдсон Засаг даргыг үлдсэн хугацаагаар томилохоор байна.

Харин нэхэмжлэгч Д.*******ын тухайд нөхөн сонгогдоогүй, түүнчлэн урьд нь Жинст багийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэснийг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д заасан журмын дагуу томилогдсон Засаг даргатай адилтган үзэж хуульд заасан бүрэн эрхийн 4 жилийн хугацааг нь дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

2. ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/08 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд багийн Засаг даргыг чөлөөлөхдөө заавал тухайн багийн иргэдийн санал буюу багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж шийдвэрлэхээр байна.

Ковид-19 цар тахлын улмаас аймаг, сумын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан \энэ талаар талууд маргаагүй\ нийтийг хамарсан хурал, цуглаан хийх боломжгүй тул Д.*******ыг ажлаас нь шууд чөлөөлж, О.*******ыг Жинст багийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгүүлэхээр томилсон гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авч зөвтгөх боломжгүй байна.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авах арга хэмжээг тодорхойлсон байх ба 10.4.6-д соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд улс орныг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээр нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.

Гэвч энэ зохицуулалт нь иргэдийг олноор цуглуулахгүй байх, өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулахгүй байх үндэслэл болохоос биш, багийн Засаг даргыг тухайн багийн иргэдийн саналгүйгээр чөлөөлөх үндэслэл, хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Жинст багийн Засаг дарга Д.*******ыг тус багийн иргэдийн саналгүйгээр чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй байхад хариуцагч ******* сумын Засаг дарга 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б\08 дугаар захирамжаар Жинст багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр О.*******ыг томилсон нь хууль бус байна.

Хариуцагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчсөн төдийгүй, хуульд заасан журмын дагуу Жинст багийн иргэдийн саналаар тус багийн Засаг даргаар сонгогдон, ******* сумын Засаг даргын хуульд нийцсэн хүчин төгөлдөр захирамжаар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс дөрвөн жилийн хугацаагаар томилогдон хоёр дахь жилдээ ажиллаж байсан нэхэмжлэгч Д.*******ын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь өмнө нэрлэн дурдсан буюу хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Иймд эрх зүйн чадамжгүй Жинст багийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаас гарсан тогтоолыг үндэслэн тус багийн Засаг даргаар томилогдсон Д.*******ыг ажлаас чөлөөлсөн нь зөв гэх хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар үндэслэлгүй байх тул маргаан бүхий захиргааны акт болох ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07, Б/08 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, Д.*******ыг Завхан аймгийн ******* сумын Жинст багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй байна.

3. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

Маргаан бүхий Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/07 дугаар захирамж нь хуульд нийцээгүй, үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дүгээр зүйлд заасан улс төрийн албан тушаалд эгүүлэн томилж байгаа тул уг хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх... олговрыг олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******т ажилгүй байсан хугацааны олговрыг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх 83 хоногоор тооцож олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Д.*******ын нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилтийг[8] үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2020 оны 12, 2021 оны 1, 2 дугаар саруудын дундаж цалин хөлс /1 048 256 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс /48 756 төгрөг/-ийг тооцон, ажилгүй байсан 83 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоход Д.*******т 4 046 748 төгрөгийн олговор олгогдохоор байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх 4 046 748 төгрөгийн олговрыг Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д зааснаар ажилтнууд эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.1-д заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөхөөр байх ба ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ дээрх хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэхээр тус тус зохицуулсан байна.

Иймд Д.*******ын ажилгүй байсан хугацааны 4 046 748 төгрөгийн олговроос уг ажилгүй байсан хугацаанд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу зохих дансанд шилжүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгэхийг хариуцагч ******* сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.

4. Бусад үйл баримын тухайд:

Нэхэмжлэгч Д.*******ыг анх ******* сумын Жинст багийн Засаг даргаар сонгох асуудлаар гарсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр тогтоол дээр өөр багийн буюу Богдын гол багийн тамга дарагдсан талаар хэргийн оролцогч нар онцгойлон тайлбарлан маргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурал тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж заасан бол багийн иргэдийн Нийтийн Хурлын тухайд хэрхэх талаар тодорхой зохицуулагдаагүй байна. Харин захиргааны байгууллагын үйл ажиллагааны нийтлэг стандартыг зохицуулсан Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д бичгээр гаргасан захиргааны актад тавигдах шаардлагууд дотор тамгаар баталгаажуулах агуулга тусгагджээ.

Хариуцагч, гуравдагч этгээд нараас тайлбарынхаа үндэслэл болгон тамга-тай холбоотой гаргаж өгсөн баримтуудад шүүхээс үзлэг[9] хийхэд зарим баримтуудад тамга бүдэг дарагдсан, зарим баримтууд хэрэгт авагдсан баримтуудтай давхацсан хуулбар баримтууд байгаа тул шүүх тэдгээрийг[10] үнэлэх боломжгүй байна.

Харин тамга тод дарагдсан баримтуудаас[11] харахад 2015-2016 онуудад Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлаас гарсан эрх зүйн актуудад ******* сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хэмээн уйгаржин монгол бичвэр бүхий тамга дарагдсан байна. Уг баримтууд нь гуравдагч этгээд О.*******т өөрт нь хадгалагдаж буй баримтууд болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагчаас гаргаж өгсөн баримт болох Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013, 2017 оны тогтоол, эрх зүйн бусад актуудад[12] дарагдсан ******* сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал хэмээн уйгаржин монгол бичвэр бүхий тамга нь Д.*******ыг анх ******* сумын Жинст багийн Засаг даргаар сонгож баталгаажуулах талаар гарсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Багийн Засаг даргыг томилуулахаар өргөн мэдүүлэх тухай 04 дүгээр тогтоол дээр дарагдсан тамгатай адил байна.

Гэвч Жинст болон Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хуралд анх хэзээ хэд дугаартай, ямар тамгыг хэрэглэх болсон, 1 дугаартай тамга аль багийн иргэдийн Нийтийн Хурлын албан ёсны тамга болох талаар шүүх тодруулах ажиллагаа хийсэн боловч энэ талаар баримт байхгүй болох нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр[13] нотлогдож байгаа тул дээрх 1 дугаартай тамгыг Богдын гол багийн, эсхүл Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын алиных нь тамга болохыг шүүхээс дүгнэх боломжгүй байна. Дээрх багуудын тамга солигдсон, 4 дугаартай тамгыг О.******* 2018 онд дараагийн Хурлын даргад хүлээлгэж өгөөгүй, 2013 оноос хойш өөр дээрээ байлгаж байгаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүлээлгэж өгсөн талаараа хүлээн тайлбарлаж байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолуудад 1 дугаартай тамга дарагдсаныг өмнөх хяналтын шатны шүүхийн тогтоолоор буруутгаагүй, Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны Б\04 дүгээр тогтоолыг хуульд нийцсэн гэж үзсэн тул шүүх тамгатай холбоотой үйл баримтын талаар тийнхүү урьд нь шийдвэрлэгдсэн захиргааны хэрэгт нэхэмжлэгч О.*******ын нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдан хэлэлцэгдсэн байх тул уг үйл баримтын талаар дахин үнэлэх, дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Мөн Жинст багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б\04 дүгээр тогтоолд өөр багийн тамга буюу 1 дугаартай тамгыг ашиглаж баталгаажуулсан гэх боловч өнөөдрийг хүртэл уг 1 дугаартай тамга тус багийн иргэдийн Нийтийн Хурлын эрх зүйн актуудад мөн адил хэрэглэгдсээр байгаа нь тус Хурлын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4\01 дүгээр албан бичгээс[14] харагдаж байх ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх хэмжээ тухайн багийн Хуралд олгогдсон байгаа тул өөрийн албан хэрэгцээнд хэрэглэгдэх тамганы талаар багийн Хурал өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/07 дугаар, Үүрэг гүйцэтгэгч томилох тухай Б/08 захирамжуудыг хүчингүй болгож, Д.*******ыг ******* сумын Жинст багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-ийн 1, 15 дугаар зүйлийн 15.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.2.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 046 748 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан, уг олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг холбогдох санд нөхөн төлүүлж, холбогдох дэвтрүүдэд бичилт хийлгүүлэн, үлдэх олговрыг нэхэмжлэгч Д.*******т олгохыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******т олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 14 дүгээр захирамжид

[2] Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд

[5] Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 15, 21, 22, 100, 105, 117 дугаар хуудсанд

[7] Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд

[8] Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд

[9] Хавтаст хэргийн 71, 142 дугаар хуулсанд

[10] Хавтаст хэргийн 134-140, 145, 151-153 дугаар хуудсанд

[11] Хавтаст хэргийн 73-82 дугаар хуудсанд

[12] Хавтаст хэргийн 147-148 дугаар хуудсанд

[13] Хавтаст хэргийн 133 дугаар хуудсанд

[14] Хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд