Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 00455

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2019/00455

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-33 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Тоорой овогт Н-ийн Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Н.Б нь 1963 онд төрсөн. 1971 оноос 1981 оныг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг төгсөөд орос хэлний багшийн дээд сургуульд элсэн орсон. Би 1985 онд орос хэлний багшийн дээд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж эхэлсэн. Миний бие 1985 оноос 1988 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд багшаар, 1988 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд орос хэлний багшаар, 1997 оны 2 дугаар сараас 2001 оны 9 дүгээр сарыг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 4 дүгээр сургуульд хичээлийн эрхлэгчээр, 2001 оны 9 дүгээр сараас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 12 жилийн 3 дугаар дунд сургуульд гадаад хэлний багшаар тус тус ажиллаж байсан. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл миний Ховд аймгийн Дөргөн сумын дунд сургуульд ажиллаж байсан үеийн баримт дутуу шаардлага хангахгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд намайг 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Б нь 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан. Тэрээр мөн англи хэлний хичээл орж байсан. Иймд хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэн дээрх хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Б нь 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1050 дугаартай албан бичиг,

-Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 125 дугаартай Аймгийн Ерөнхий боловсролын сургуулуудад 1989-1990 оны хичээлийн жилд хичээллэх дугуйлан секц, сонгоныг батлах тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 130 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 143 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Н.Бгийн нэр дээрх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Алтан гадас одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Н.Бгийн нэр дээрх 2005 оны Боловсролын тэргүүний ажилтан тэмдэгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Н.Бгийн нэр дээрх 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нээлгэсэн 363334 дугаартай, ажлын тухай мэдээний бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Н.Бгийн нэр дээрх нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зургууд,

-Гэрч Л.Батсайханы шүүхэд өгсөн ...Би Н.Бтай хамт Ховд аймгийн 1-р 10 жилийн сургуульд сурч байсан. Тэрээр надаас нэг насаар дүү бөгөөд миний төрсөн дүү Л.Бат-Үнэнтэй нэг анги юм. Н.Б нь 1985 онд Ховд аймгийн Дөргөн сумын сургуульд орос хэлний багшаар анх ажилд орж байсан. Бид хамт 1988 он хүртэл тус сургуульд ажилласан. Тэгээд би 1988 онд Ховд аймгийн төв рүү шилжсэн гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Энхтүвшингийн шүүхэд өгсөн ...Би Н.Бтай 1988 оноос эхлэн Ховд аймгийн 10 жилийн 3-р сургуульд хамт ажиллаж байна. Н.Б нь тус сургуульд орос хэлний багшаар 2019 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч Н.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Н.Б нь 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .... тоот регистрийн дугаартай, Тоорой овогт Нанзаддоржийн Бгийн 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 3 дугаар дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАРИНА