Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00374

 

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00374

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, 02-05 тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Х овогт Цийн Жгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Ж нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1964 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн. 1972 онд 1 дүгээр ангид элсэн орж Ховд аймгийн Жаргалант сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийг 1982 онд төгсөж, Улаанбаатар хотод орос хэлний багшийн дээд сургуульд элсэн орсон. 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүү С.Батнасанг төрүүлж жилийн чөлөө авсан. Хүүгээ төрүүлчихээд 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажилд орсон. Тэр үед миний аав Р.Ц нь тус сургуульд түүх газар зүйн багшаар ажиллаж байсан. Дараа нь орос хэлний багшийн дээд сургууль урьдчилсан төгсөлтөөр оюутан төгсгөж хөдөө орон нутагт ажиллуулж байсан тул би урьдчилсан төгсөлтөөр сургуулиа төгсөж үргэлжлүүлэн Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажилласан билээ. Ингээд 1988 онд орос хэлний багшийн дээд сургуульдаа шалгалтаа өгч сургуулиа төгсөж ирсэн. Би 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажилласан бөгөөд энэ тухай тушаал Хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн. Тушаалын эх хувь нь Ховд аймгийн болон Буянт сумын архив байхгүй байна. Иймд намайг 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ц.Ж нь 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ц.Ж нь 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан болох нь

Хүсэлт гаргагчийн 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нээлгэсэн 362736 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн цалингийн тооцооны цэс, хуулбар,

Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн багш нарын цагийн тооцооны хуулбар,

Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуулийн ангийн журналын хуулбар,

Хүсэлт гаргагч Ц.Жгийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 126/002707 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 126/002706 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Иргэн Д.Арвайхээрийн ... миний бие нь Ц.Жтэй Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан бөгөөд хүсэлт гаргагч нь орос хэлний багш байсан... гэх тодорхойлолт

Иргэн С.Цэвэлмаагийн ... Ц.Жтэй Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хамт ажиллаж байсан бөгөөд хүсэлт гаргагч нь орос хэлний багш байсан... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Жгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ханд нар овогт Цийн Жгийн 1985 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ц.Жгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ