| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00360/И |
| Дугаар | 00376 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 00376
| 2019 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00376 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой багийн 03-10 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Адууч овогт Б-ийн Сгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бөжөөгийн С миний бие 1964 оны 01 сарын 28-нд Ховд аймгийн Мөст суманд Бөжөөгийн 3 дахь хүүхэд болж төрсөн. Мөст сумын 8 жилийн сургуульд 1972 онд орж 1980 онд 8 дүгээр анги төгсөөд сургуулиас гарч аав ээжтэйгээ хамт Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдлийн 2-р бригадад 1980 оноос 1986 оны 6 дугаар сар хүртэл мал маллаж байгаад 1986-оны 10 сарын 18 наас эхлэн 1990 оны 05 сарын 16 ны өдрийг дуустал Ховд хотын худалдааны трестэд үйлчлэгчээр ажиллаж байгаад мөн өдрөөс эхлэн Худалдаа хангамжийн удирдах газар шилжин 1992 оны11 сарын 23 хүртэл ажиллаж байтал бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болж 1992 оны 11 сарын 23 наас тус байгууллагын суурин дээр олон хэсэг хоршоо болж өөрчлөгдсөний Жаргалан хоршоонд дэлгүүрийн цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1994 онд хоршооноос гарч хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 1992 оны 11 сараас 2000 оныг дуустал төрөөс өгсөн жилийг авч нийтдээ 14 жилээр хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр нүүрэн дээрээ тамга байхгүй учраас шаардлага хангахгүй байна гэсэн. Би 2 хүүхэд төрүүлж өсгөсөн одоо ганцаараа амьдардаг өрх толгойлсон эмэгтэй юм. Иймд Б.Сумьяа намайг 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Хотын трестийн газарт цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Сумьяа нь 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа, нийтийн хоолны трестийн газарт цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.С нь 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа, нийтийн хоолны трестийн газарт цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 785 дугаартай албан бичгээр ирүүлсэн
-Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1986 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 162 дугаартай тушаалын архивын тасгийн хуулбар үнэн даруулсан хуулбар,
-Ховд хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай тушаалын архивын тасгийн хуулбар үнэн даруулсан хуулбар,
-Ховд хотын Худалдаа, Нийтийн хоолны трестийн даргын 1992 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаартай тушаалын архивын тасгийн хуулбар үнэн даруулсан хуулбар,
Б.Сгийн 1988 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр нээсэн 260649 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нээсэн 0700622 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн Ц.Цэцэгмаагийн ... миний бие нь Б.Стай Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хамт ажиллаж байсан нь үнэн ... гэх тодорхойлолт,
Иргэн Б.Долгорхандын ... миний бие нь Б.Стай Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хамт ажиллаж байсан нь үнэн гэх тодорхойлолт,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 126/002596 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 158 дугаартай лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Сгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Адууч овогт Бөжөөгийн Сгийн 1986 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд үйлчлэгчээр, 1991 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл Ховд хотын Худалдаа, нийтийн хоолны трестийн газарт цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ