Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00378

 

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00378

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, Тахилт багт оршин суух, .... дугаарын регистртэй, Аралгынхан овогт Ж-ийн Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 28-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Б болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нар нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ж.Бамрхүү 1969 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 50 настай. Нөхөр 6 хүүхдийн хамт амьдардаг. Бага насаа эхийн гар дээр өнгөрөөж 1977 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 8 жилийн сургуульд элсэн орж суралцан 1985 оны 06 дугаар сарын 25-нд 8 дугаар ангиа төгсөөд өөрийн хүсэлтээр Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд ээж Б.Жавзангийн хажууд мал маллаж байгаад 1989 оны 09 сарын 27-нд Д.Доржсүрэнтэй гэр бүл болж өнөөдрийг хүртэл Манхан сумын Тахилт багт мал малласаар амьдарч байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр бичиг баримт фото зураг гэх баримтууд байгалийн давагдашгүй хүчин зүйл болох салхи шуурганд гэр хийсэхэд устаж алга болсон. Тухайн үеийн бичиг баримтуудын талаар Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авахад миний ажиллаж байсан үеийн баримт олдохгүй хохирч байна. Иймд намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 25 ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ж.Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 25 ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ж.Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 25 ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь

Хүсэлт гаргагчийн 1989 онд Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадад ингэ сааж байхдаа авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зураг,

Хүсэлт гаргагчийн 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 00424 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 380 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Тахилт бригадын 1990 оны 70 дугаар дансны хуулбар,

Ховд аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай хувчлах төсөл батлах тухай тогтоолын хуулбар,

Хүсэлт гаргагчийн 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр нээлгэсэн 0772909 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүсэлт гаргагчийн 1990 оны 07 дугаар сарын 09-ний өдөр авахуулав гэх тайлбар бүхий гэрэл зургууд,

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 153/ШШ2018/00177 дугаартай шийдвэрийн хуулбар,

Гэрч Б.Пүрэвсүрэнгийн ...Миний бие Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1974 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 1979 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хоньчноор, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хонь, ямаа, үхэр маллаж байсан. Миний бие 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан. Ж.Б нь Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 25 ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь үнэн болно... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ж.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан , Аралгынхан овогт Жавзангийн Бгийн Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 25 ны өдрөөс 1989 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ