Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 118/ШШ2021/0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ж.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/135 дугаартай захирамжийн хавсралт хэсгээс Л.*******т өвөлжөөний газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.*******

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.******* нь Тосонцэнгэл сумын Рашаант багт оршин суудаг малчин ард юм. Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг болох Хонх торойтын өвөлжөөний газрыг тус сумын Засаг даргын 2010 оны 03-р сарын 12-ны өдрийн 12 дугаар захирамжаар аав , Ж.******* миний бие болон Ж. бид нарт эзэмшүүлж гэрчилгээ авсан. Манай аав 1935 онд тус өвөлжөөн дээр амьдарч байсан. Би 1991 онд рашаант багийн малчнаар томилогдоод тэнд аав, ээжтэйгээ амьдардаг байж байгаад 2000 онд тусдаа гараад 2021 он хүртэл тухайн өвөлжөөн дээр амьдарч байна. Нутгийн маргаан дээр болохоор манай аавыг нас барсны хойно ******* гэх хүн *******ийн нэр дээр гэрчилгээ гаргаж өгчихөөд дараа нь миний нэр дээр гэрчилгээг гаргаж өгсөн байдаг. Хуучин аавын эзэмшиж байсан 40 жилийн гэрээ хүчинтэй байна гээд хэвлүүлж авах гэхээр байхгүй байна гээд олддоггүй. Би энэ өвөлжөөг аавын дараа өвлөж авах хүний нэг. Тийм учраас *******т олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгож өгөөч гэсэн нэхэмжлэлийг гаргасан. ******* нь 2019 оны 06 дугаар сарын 30-нд хүүхдийг минь зодсон. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 26-нд манай эхнэрийг хашааны цас малтаж байхад хүүхдийг чинь, нөхрийг чинь ална гэж айлгасан түүнээс болж эхнэр минь хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн. Одоо ч гэсэн тийм сайнгүй орой цочиж сэрдэг болсон. Ийм учир энэ хүнтэй эвлэрэх боломжгүй.

Миний өвөлжөөний газар эзэмших захирамж хүчинтэй хэвээр байсаар байтал Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11-р сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Рашаант багийн нутаг болох Хонх торойтын өвөлжөөний газрыг гийн *******т эзэмшүүлсэн захирамж гаргаснаас болж үл ойлголцох нөхцөл байдал үүсч Л.******* удаа дараа өвөлжөөнөөс хөөж, зодсон бөгөөд цагдаагийн байгууллага зөрчлийн хэргээр шалгасан. Энэ асуудлыг нэг мөр цэгцлэхгүй бол хүн амины хэрэг ч гарч магадгүй болоод байгаа учир Тосонцэнгэл сумын Засаг дарга, газрын даамалд Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11-р сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжийн хавсралт хэсгээс Л.*******т өвөлжөөний газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг удаа дараа тавьсан боловч багийн хурлаар шийднэ гэхээс өөр шийдвэр гаргаж өгөхгүй байна. Нэг өвөлжөөг 2 захирамжаар 2 газар эзэмших гэрчилгээгээр өөр өөр хүмүүс эзэмшихийг холбогдох хууль тогтоомжоор хориглосон байдаг байтал сумын Засаг дарга, газрын даамал сүүлд гарсан захирамжийг хүчингүй болгож өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Энэ асуудлаар Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11-р сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжийн хавсралт хэсгээс Л.*******т өвөлжөөний газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгох үндэслэл бүхий нотлох баримт ирүүлээгүй байна гэдэг үндэслэлээр хариуг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 12-р сарын 03-ны өдрийн 482 дугаартай албан бичгээр гаргасан мөртлөө надад одоог хүртэл ирүүлээгүй. Тус Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 12-р сарын 03-ны өдрийн 482 дугаартай албан бичгийг аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн хувиас 2020 оны 12-р сарын 31-ний өдөр хуулбарлаж авсан болно. Иймд энэ асуудлыг хугацаа алдалгүй яаралтай шийдвэрлэж, Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11-р сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжийн хавсралт хэсгээс Л.*******т өвөлжөөний газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг дэмжиж байгаа. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/135 захирамжаар Л.******* гэдэг хүнд газар эзэмшүүлсэн байгаа. Тухайн гаргасан захирамжид Ж.*******гийн хууль ёсны эрх ашгийг тодорхой хэмжээгээр зөрчиж, хөндсөн үйлдлүүд гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл Газрын тухай хуулийн 52.7-д өвөлжөө, хаваржааны газрын эрхийг хамтран эзэмшиж болно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хэрвээ тухайн өвөлжөө, хаваржааны газрыг хамтран эзэмшигч болох юм бол хамтран эзэмшигч гэсэн гэрчилгээний ар талын хүснэгтэд тодорхой бичих ёстой. Гэтэл 1 өвөлжөөний газрыг 2 хүнд буюу урьд нь эзэмшиж байсан Ж.*******гийн газар дээр нэмж тухайн газрыг шинээр эзэмшүүлж байгаа мэтээр захирамж гаргасан. Тухайн захирамж нь 1 өвөлжөөг давхардуулан эзэмшүүлсэн байдал харагдаж байгаа. Шүүхээс тухайн өвөлжөөний газар дээр үзлэг хийж хэн нь хаана өвөлжиж, ямар хэмжээний газрыг эзэмшиж байна. Үнэхээр тус тусад нь эзэмшүүлсэн юм уу? эсвэл 1 өвөлжөөний газрыг хамтраад эзэмшүүлсэн юм уу? гэдгийг харахаар Ж.*******гийн эзэмшлийн буюу урьд өмнө түүний эцэг гэдэг хүний эзэмшиж, өвөлжиж, хамтран эзэмшиж байсан газрыг давхцуулан Л.*******т эзэмшүүлсэн байдал харагдаж байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газар тухайн газрыг эзэмшүүлэхдээ 50.000 мкв газар байна гэж байгаа боловч энэ нь тухайн маргаан үүссэнээс хойш кадастрын зураг зохион байгуулж гаргасан, маргаан болохоос өмнө байсан хэмжээсийг тогтоогоогүй байна. Тухайн газрын заагийг тодорхой хэмжээгээр зааж нэгж, талбарын хэмжээ, дугаарыг гэрээнд тодорхой бичих ёстой байсан. Гэтэл энэ талаар гэрээнд нэгж, талбар, газрын дугаар, хэмжээ, заагийг ерөөсөө тусгаагүй. Мөн тухайн газрыг эзэмшээд байсан Ж.******* гэдэг хүний эзэмшлийн газар дээр сүүлд нь 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/135 дугаартай захирамж гаргаснаар энэ хоёр хүний хоорондын хувийн тааламжгүй харилцаа, маргаан үүсэж эхэлсэн. Ж.******* гэдэг хүн Л.*******т удаа дараа зодуулж, тодорхой хэмжээний дарамт шахалтад орсон нөхцөл байдал Ж.*******гийн удаа дараа өгч байгаа тайлбарууд дээр тодорхой харагдаж байгаа. Тийм учраас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу энэ захирамж нь хууль бус гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.******* нь Тосонцэнгэл сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар захирамжаар Рашаант багийн Хонх тооройтын өвөлжөөг аав , ах нарын хамт хамтран эзэмших эрх зөвшөөрөл авсан байна. Архивд газар эзэмшүүлсэн захирамж байгаа боловч хувийн хэргийн материал байхгүй байна. Л.******* нь Рашаант багийн Хонх тооройтын өвөлжөөнд 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр захирамжаар гэдэг иргэнтэй хамт зөвшөөрөл авсан байна. Л.******* нь хэсэг хугацаанд өөр газар амьдарч байгаад 2015 оны 05 дугаар сарын 11-нд ирж Хонх тооройтын өвөлжөөнд эзэмшлээ сэргээлгэхээр Засаг даргад хүсэлт гарган 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/135 дугаартай захирамжаар , , ******* нартай хамтран эзэмших эрх авсан байна. Л.*******ийн хувийн хэрэг материалд өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, газрын гэрчилгээ, гэрээ Рашаант багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамж байна. Энэ хоёр иргэн уг өвөлжөөг хамтран эзэмших боломжтой бөгөөд гарсан шийдвэрүүд нь хуульд нийцсэн байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны захирамжаар гуай, *******, Адьяа нар эзэмших эрхтэй. 2010 оны захирамжийг үндэслэж 2016 онд газар эзэмших гэрчилгээ авсан байгаа. ******* нь 1997 онд гуайтай хамт эзэмших захирамжтай байдаг. Хэсэг хугацааны дараа нэг тийшээ явсан гэж ярьдаг юм билээ. Сүүлд нь ******* сум, багийн Засаг даргад хүсэлт гаргаж, Засаг дарга захирамж гаргаж өгсөн. Тэр захирамжийг үндэслэж гэрчилгээг олгуулж авсан байдаг. Ийм л процесс болсон. Энэ 2 хүн нь одоогоор маргаантай эвлэрэх боломжгүй хүмүүс байдаг. Тухайн өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн сумын Засаг даргын захирамж нь хууль зөрчөөгүй гэв.

Гуравдагч этгээд Л.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:... Миний бие тухайн өвөлжөөг Ж.*******гийн аав болох гэдэг хүнтэй хамт Завхан аймгийн Булнай сумын Засаг даргын 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 91 дүгээр захирамжаар эзэмшиж авсан юм. Түүнээс хойш энэ өвөлжөөнд одоог хүртэл амьдарч байна. Тэгээд 2005 онд дахин эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж авсан юм. Газрын тухай хуульд айл өрх өвөлжөөний газрыг хамтаар эзэмшиж болно гэж заасан байдаг. Ж.*******тай хамтраад энэ өвөлжөөг эзэмшээд явахад болохгүй зүйл байхгүй байна. Ж.******* ямар шалтгаанаар ийм нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэг нутаг усны хүмүүс эв зүйгээ олоод хамтраад өвөлжөөд явах боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар Газартай холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, мөн хуулийн 60.1.1-д иргэн, Засаг дарга хоёрын хооронд үүссэн газар эзэмших, ашиглахтай холбоотой маргааныг дээд шатны Засаг даргад гомдол гаргаж шийдвэрлүүлж болохоор заасан байдаг. Үүний дагуу Ж.******* гэдэг хүн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Завхан аймгийн Засаг дарга ажил үүргийнхээ хуваарийн дагуу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт шилжүүлсэн. Тус газраас 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 482 дугаартай албан бичгээр Ж.******* гэдэг хүнд хариу мэдэгдсэн байдаг. Энэ талаар тухайн газрын өргөдөл, гомдол хүлээж авсан бүртгэлийн дэвтэр, өргөдөл, гомдолд хариу мэдэгдсэн дэвтэр зэргүүд хавтаст хэрэгт авагдсан байсан. 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариу утсаар мэдэгдсэн гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байсан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1-д зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрөх юм бол шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй. Ж.*******гийн тухайд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Энэ нь нэхэмжлэл шүүх хүлээж авсан дардас дээр тодорхой харагдаж байгаа. Тийм учраас хуульд заасан хөөн хэлэлцэх, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байгаа учраас хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна. Л.******* гэдэг хүний тухайд 1997 оноос албан ёсоор хуульд заасны дагуу тухайн өвөлжөөн дээр өвөлжиж байсан нь хавтаст хэрэгт авагдсан 1997 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 91 дугаартай Засаг даргын захирамжаар тодорхой харагддаг. Тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа өөр орон нутагт түр оршин сууж байгаад буцаж ирээд дахиж энэ газар дээрээ эзэмших эрхээ сэргээлгэхээр хүсэлт өгсний үндсэн дээр сумын Засаг даргын тухайд Газрын тухай хуулийн 52.2-т заасны дагуу Иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэж сумын Засаг дарга малчдад болзол гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно гэж заасны дагуу тухайн өвөлжөөний газрыг Л.*******т эзэмшүүлсэн байдаг. Тэгэхээр 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн иргэдийн нийтийн хурлаас тухайн газрыг Л.*******т эзэмшүүлж болох тогтоол гаргаж, уг тогтоолоо сумын Засаг даргадаа хүргүүлж, Л.******* гэдэг хүний тухайд хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасан байдаг. Үүн дээр үндэслэж 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/135 дугаартай захирамж гарч Л.*******т Хонх тооройтын өвөлжөөг эзэмшүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэв

ҮНДЭСЛЭХ нь:

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 482 дугаартай албан бичгийн талаар нэхэмжлэгчид 2020 оны 12 сарын 03-ны өдөр утсаар мэдэгдсэн байх тул 01 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна гэж маргасан байна.

Нэхэмжлэгч Ж.*******гаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжийн талаар Завхан аймгийн Засаг даргад 2020 оны 08 сарын 31-ний өдөр гомдол[1] гаргаж, Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар шилжүүлснээр тус газрын 2020 оны 12 сарын 03-ны өдрийн 482 дугаартай албан бичгээр[2] хариу өгсөн байна. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны өргөдөл, гомдлын бүртгэлд[3] Ж.*******гийн өргөдлийг 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч, хариуг утсаар мэдэгдсэн талаар тэмдэглэсэн байх боловч хэдний өдөр, ямар дугаарын утсаар, хэнд мэдэгдсэн талаар тодорхойгүй, энэ талаар бүртгээгүй байх тул 482 дугаартай албан бичгийн талаар нэхэмжлэгчид 12 сарын 03-ны өдөр мэдэгдсэн байна гэж үзэх боломжгүй байна. Харин Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 12 сарын 03-ны өдрийн 482 дугаартай албан бичгийг Засаг даргын Тамгын газраас 2020 оны 12 сарын 31-ний өдөр хуулбарлаж өгсөн талаар хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул нэхэмжлэгчийн 2020 оны 12 сарын 31-ний өдөр тухайн албан бичгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар очиж хуулбарлаж авсан гэсэн тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ. Ж.*******гаас 2021 оны 01 сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна. Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, мөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлж, дүгнэн доох үндэслэлээр захиргааны байгууллага болох Тосонцэнгэл сумын Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл тус сумын Засаг даргын 2020 оны 11 сарын 02-ны өдрийн А/135 дугаартай захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүж шийдвэрлэлээ.

1. Иргэн Ж.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/135 дугаар захирамжаар гуравдагч этгээд болох Л.*******т Хонх тооройт гэх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн шийдвэр нь мөн сумын Засаг даргын 2010 оны 03 сарын 12-ны өдрийн Өвөлжөөний газрыг эзэмшүүлэх тухай 12 дугаар захирамжаар Хонх тооройт хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар өөрт нь эзэмшүүлэхээр шийдвэрлэсэнтэй давхцаж байгаагаар өөрийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн үзэж, уг А/135 дугаар захирамжийн хавсралт хэсгээс Л.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан гаргасан байна.

Дээрх захирамжуудаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эзэмшүүлсэн газарт тухайн үед кадастрын зураг хийгдэж байгаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Тосонцэнгэл сумын газрын даамал Р.*******ийн тайлбар, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмшил газрын нэгж талбарын хувийн хэрэгт тухайн эзэмшил газрын кадастрын зураг байхгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудаар тогтоогдож байна.

Маргаан бүхий захиргааны акт болох Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжаар[4] Газрын тухай хуулийн 21.4.3, 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг үндэслэн газар эзэмших хүсэлт гаргасан нэр бүхий 79 иргэнд 79000 м2 өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлэх зориулалтаар эзэмшүүлэн, гэрээ байгуулж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, төлбөрийг тооцож ажиллахыг газрын даамалд даалгасан байна. Уг захирамжийн хавсралтын 42 дугаарт гуравдагч этгээд Л.*******т Хонх тооройтын өвөлжөөний 1000 м2 газрыг 15 жилийн хугацаатай хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д газар эзэмшүүлэх асуудлаар шийдвэр гаргах журмыг зохицуулсан байх ба 33.1.1-д зааснаар хариуцагч Тосонцэнгэл сумын Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна. Гэтэл Тосонцэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн V||/07 дугаар тогтоолоор[5] батлагдсан 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Рашаант багт өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэхээр тусгагдаагүй байна.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг дахь Хонх тооройт хэмээх өвөлжөөний газрыг нэхэмжлэгчийн төрсөн эцэг болох , гуравдагч этгээд болох Л.******* нар Тосонцэнгэл сумын Засаг даргын 1997 оны 06 сарын 21-ний өдрийн 91 дүгээр захирамжаар[6] анх эзэмшиж байсан байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласнаар түүний эцэг 2011 онд нас барсан гэх ба, Тосонцэнгэл сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаар захирамжаар[7] нэхэмжлэгч Ж.******* нь эцэг , төрсөн ах Ж. нарын хамт уг маргаан бүхий өвөлжөөний газрыг хамтран эзэмшиж байсан болох нь тогтоогдож байна. Дээрх 12 дугаар захирамжийг үндэслэж нэхэмжлэгч Ж.*******д 2016 оны 09 сарын 03-ны өдөр 1000 м2 газрыг эзэмшүүлэхээр 000615935 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ[8] олгосон байна. Гэрчилгээний хавсралт хэсэгт хамтран эзэмшигчээр Ж.ыг нэрлэн заажээ. Өөрөөр хэлбэл, уг 000615935 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр Хонх тооройтын өвөлжөөний 1000 м2 газрыг хамтран эзэмших эрхийг нэхэмжлэгч Ж.*******, түүний төрсөн ах Ж. нарт олгосон байна гэж үзэхээр байна.

Завхан аймгийн архивын тасгийн 2021 оны 07 сарын 05-ны өдрийн А/1367 дугаартай лавлагаанаас харахад Ж. нь 2014-2017 онуудад мал тоолуулж, мал бүхий өрхөөр бүртгэгдсэн байх ба сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар захирамж, 2016 оны газар эзэмших эрхийн гэрчилгээнээс харахад тухайн Хонх тооройт-ын өвөлжөөний газрыг хамтран эзэмших эрх бүхий этгээд байна.

3. Гуравдагч этгээд болох Л.******* нь 2015 оны 05 сарын 11-ний өдөр маргаан бүхий Хонх тооройт-ын өвөлжөөний газрыг эзэмших хүсэлт[9] гаргаж, Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамжаар Л.*******т Хонх тооройт-ын өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2016 оны 10 сарын 04-ний өдөр 000615928 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр[10] 1000 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тосонцэнгэл сумын Засаг даргын 2010 оны 12, 2015 оны А/135 дугаар захирамжуудаас харахад маргаан бүхий Хонх тооройт-ын өвөлжөөний газрыг Ж.*******, Ж., Л.******* нарт хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба А/135 дугаар захирамжаар Л.*******т 1000 м2 газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан ...үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна гэсэнтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байх ёстой бөгөөд Л.*******т 1000 м2 буюу 0,1 га газар эзэмшүүлсэн байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар 29.1-д заасан газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргах эрх хэмжээтэй. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг албан тушаалтан өөрөө хууль бус шийдвэрээ хүчингүй болгохоор байх тул Л.*******т газар эзэмшүүлсэн А/135 дугаар захирамжаа хуульд нийцүүлж гаргах хүртэл Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 02-ны өдрийн А/135 дугаартай захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

4. Гуравдагч этгээд болох Л.******* нь Тосонцэнгэл сумын Засаг даргын 1997 оны 91 дүгээр захирамжаар маргаан бүхий өвөлжөөний газрыг иргэн Д., Я.******* нарын хамт эзэмшиж байсан болох нь гэрч Ц.*******гийн ...Анх *******гийн аав гуай энэ өвөлжөөнд өвөлждөг байсан. Хэдэн оноос болохыг сайн санахгүй байна. *******ийн аав *******гийнх мөн хамт өвөлждөг байсан. ******* гуай бие тааруу гээд сумын төв орсон. Тэр үед ******* тусдаа гарчихсан эдний гурав хамт өвөлждөг байсан гэсэн, гэрч Р.*******гийн ...Тэгээд ******* гуайнх ч өвөлжөөд байдаг байсан. ******* тусдаа гараад өвөлжөөн дээр 1, 2 жил өвөлжсөн байх. Тэгээд Идэр сум яваад хэдэн жил болсон гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Түүнчлэн 1991 оноос Хонх тооройтын өвөлжөөнд эцэг, эхийн хамт өвөлжиж ирсэн хэмээн нэхэмжлэгч Ж.******* тайлбарлаж байгаа бол 1997 оны 91 дүгээр захирамж болон Л.*******ийнх Хонх тооройтын өвөлжөөнд 2016 оноос хойш тасралтгүй өвөлжиж байгаа талаар Тосонцэнгэл сумын Рашаант багийн Засаг дарга тодорхойлсноор нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарынх 2016 оноос хойш дээрх өвөлжөөний газрыг өнөөдрийг хүртэл хамтдаа бодитойгоор ашиглаж ирсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн... газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана гэж заасны дагуу Л.******* нь 2015 оны 05 сард тухайн Хонх тооройтын өвөлжөөний газрыг эзэмших эрхээ сэргээлгэхээр хүсэлт гаргаж, түүнд А/135 дугаар захирамжаар өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 52 дугаар 52.7-д Өвөлжөө, хаваржааны доорх газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно гэж заасныг зөрчөөгүй байх тул Л.*******ийг тухайн маргаан бүхий өвөлжөөний газрыг хамтран эзэмших эрхгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Гагцхүү Тосонцэнгэл сумын Засаг даргын А/135 дугаар захирамжаар тухайн өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлэхдээ хуульд заасан хэмжээнээс илүү газар эзэмшүүлсэн байх тул Ж.*******, Ж., Л.******* нарт тухайн өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлэхдээ хэнд ямар хэмжээгээр эзэмшүүлэх, газрын хэмжээ, заагийг тодорхой болгож эзэмшүүлэх шаардлагатай байна.

5. Нэхэмжлэгч Ж.*******гаас Хонх тооройтын өвөлжөөний газрыг Л.*******т эзэмшүүлсэн захирамж гаргаснаас болж үл ойлголцох нөхцөл байдал үүсч Л.******* удаа дараа өвөлжөөнөөс хөөж, зодсон бөгөөд цагдаагийн байгууллага зөрчлийн хэргээр шалгасан гэж маргаж байх боловч энэхүү Ж.*******, Л.******* нарын хооронд таарамжгүй харьцаа байгаа гэдгээр Л.*******т Хонх тооройтын өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Тосонцэнгэл сумын Засаг даргын А/135 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Харин Тосонцэнгэл сумын Засаг дарга А/135 дугаар захирамжаа хүчингүй болгож, хуульд нийцүүлж дахин шинэ акт гаргах, Л.*******тэй газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулахдаа Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6.7-д заасны дагуу түүний эрх, үүрэг хариуцлагыг тодорхой тусгаж, бусад газар эзэмшигчийн газар эзэмших эрхийг зөрчихгүй байх, зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах гэх мэт тооцох хариуцлагыг тодорхой болгож тусгах шаардлагатай болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.7, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Л.*******т Хонх тооройтын өвөлжөөний газрыг хамтран эзэмшүүлэх шийдвэрийг хуульд нийцүүлэн гаргах хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 02-ний өдрийн А/135 дугаар захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол Тосонцэнгэл сумын Засаг даргын 2015 оны 11 сарын 02-ны өдрийн А/135 дугаар захирамж хүчингүй болохыг дурьдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 20-р хуудас

[2][2] Хавтаст хэргийн 5-р хуудас

[3] Хавтаст хэргийн 18-19-р хуудас

[4] Хавтаст хэргийн 9-р хуудас

[5] Хавтаст хэргийн 98-108-р хуудас

[6] Хавтаст хэргийн 58, 59-р хуудас

[7] Хавтаст хэргийн 7-р хуудас

[8] Хавтаст хэргийн 6-р хуудас

[9] Хавтаст хэргийн 57-р хуудас

[10] Хавтаст хэргийн 44-р хуудас