| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0491/З |
| Дугаар | 221/МА2025/0260 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 221/МА2025/0260
Ж.Э*******, Л.Э*******, Э.Э*******
нарын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*******
Нэхэмжлэгч: Ж.Э*******
Нэхэмжлэгч: Л.Э*******
Нэхэмжлэгч: Э.Э*******
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Д.У*******
Гуравдагч этгээд: Н.Э*******
Гуравдагч этгээд: Д.Н*******
Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаар захирамжийн гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0994 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ма*******
Гуравдагч этгээд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0491/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Э*******, Л.Э*******, Э.Э******* нараас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаар захирамжийн гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгах-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0994 дүгээр шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.9, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Э*******, Л.Э*******, Э.Э******* нараас гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаар захирамжийн гуравдагч этгээд Д.У*******, Н.Э*******, Д.Н******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын зүгээс гаргасан газар эзэмших тухай хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.5-т Газрын тухай хуулийн холбогдох хэсэгт орсон 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт болон мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7-д Монгол Улсын иргэн энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмших хүсэлтийг засаг захиргааны нэгж болон зориулалтаа сонгож нэг удаа гаргах бөгөөд тухайн иргэний хүсэлт шийдвэрлэгдэх хүртэл өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд хадгалагдана, хуулийн 29.9-д Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ гэж тус тус заасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал шийдвэрийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.7, 29.9 дэх заалтууд нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт, өөрчлөлтөөр орсон. Гэтэл нэхэмжлэгч Л.Э*******, Э.Э*******, Ж.Э******* нар нь маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хөлийн гол нутаг дэвсгэрт байрлах газрыг эзэмших хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, газрын цахим системд 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн байна. Ийнхүү маргааны бүхий нөхцөл байдал үүсэхэд хуульд байгаагүй, сүүлд нь хэрэгжиж эхэлсэн хуулийн заалтыг баримталж хариуцагчийн буруутай үйлдлийг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй байна.
3.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.8-т Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хуульд заасан журмын дагуу гаргасан иргэн Д.У*******, Н.Э*******, Д.Н******* нарын газар эзэмших хүсэлтийг хариуцагч хүлээн авч, тэдэнд газар эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд, хуулиар тогтоосон чиг үүрэгт нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгч Ж.Э*******, Л.Э*******, Э.Э******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Тодруулбал гуравдагч этгээд нарт газар эзэмшүүлэх захирамж Баянзүрх дүүргийн Засаг дарга гаргахдаа хуульд заасан зохих ажиллагаануудыг хийгээгүй, нөхцөл байдлыг тогтоогоогүйн улмаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33.1, мөн маргаан бүхий захиргааны актын үндэслэл Газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дэх хэсэгт Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа дараах дэс дарааллын дагуу явагдана гэж заасны 4.2.2-т Суурин судалгаа хийх, 4.2.3-т Хээрийн судалгаа хийх гэж заасан ажиллагаа хийгээгүй учраас газар эзэмших хүсэлтээ шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна. Тухайн ажиллагаанууд хийгдээгүй гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, нотлох баримт шинжлэн судлах, түүнтэй холбогдуулж асуулт, хариултын явцад тодорхой болсон. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 11 дүгээр хороог хариуцаж ажиллаж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч суурин судалгаа хийсэн гэх ямар ч нотлох баримтгүй, амаар тайлбар гаргасан.
Маргаан бүхий газрын хувьд газрын нэгж талбарын хувийн хэрэг буюу Газрыг эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан 9 ажиллагаа хийгдэж 4.2.9 дэх хэсэгт Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх гэж заасны дагуу хувийн хэрэг үүсдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын хувийн хэргийг нотлох баримтаар бүрэн авчирч өгсөн үү гэхэд архиваас өгсөн гэдэг. Маргаан бүхий газрын хувийн хэргээс суурин судалгаа, хээрийн судалгаа хоёрыг хийгээгүй нь хэрэг авагдсан нотлох баримт болох хувийн хэргээс харагддаг.
Мөн суурин судалгаа гэдэг нь тухайн нэгж талбарт газар эзэмших хүсэлт гаргасан этгээдүүдийн хүсэлтүүдийг нэгтгэж дараалуулж хянах ажиллагаа ба шүүх хуралдааны үед хариуцагчаас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд хэдэн газар зохион байгуулагчтайг тодруулахад 5 газар зохион байгуулагчтай гэх хариултыг өгсөн. Иймээс 1 газар зохион байгуулагч цөөхөн хэсгүүдийг хариуцаж ажиллаж байгаа бөгөөд 5 газар зохион байгуулагч ажиллахдаа тухайн нэгж талбарт хэдэн хүн газар эзэмших хүсэлт өгсөн, хэдэн хүн түрүүлж газар эзэмших хүсэлт гаргасан зэргийг шалгах ёстой байсан. Газар эзэмших хүсэлт гаргасан этгээдүүдэд нөхцөл байдлыг мэдэгдэж хэн нь тухайн газарт амьдарч байгаа эсэх нотлох баримтуудыг нягтлах ёстой. Энэ нь суурин судалгааны бичиг баримтын хувьд газар эзэмших хүсэлтүүдийг цэгцэлж шийдвэрлэх ажиллагаа.
Харин хээрийн судалгаа нь газар дээр очиж танилцах ажиллагааг хэлэх ба тухайн газарт эзэмшил, ашиглалт үүссэн эсэхийг шалгана. Эзэмшил, ашиглалт гэдэг нь тухайн газарт өөрийн хөрөнгө байрлуулж, хашаа барьж, тог цахилгаан татаж тогийн мөнгөө төлдөг үйл ажиллагааг хэлэх бөгөөд энэ процедур үйл ажиллагаа нь хэн дээр байна вэ гэдгийг шалгаж тогтоох ёстой. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч энэ үйл ажиллагааг хийгээгүйн улмаас захиргааны байгууллагад хуульд заасан журмын дагуу газар эзэмших хүсэлт шийдвэрлүүлэх гэж байгаа хоёр иргэний маргаан үүссэн гэж үзэж байна.
Хээрийн судалгаа, суурин судалгаа хийж аль иргэнд газар олгох вэ гэдгийг захиргааны байгууллага шийдэх ёстой. Нэхэмжлэгчийн хувьд сансрын зурагт 2020 оны сүүлээр газраа хашаалаад газрыг эзэмшилдээ аваад эхэлсэн үйл баримтууд харагддаг. Гуравдагч этгээд Н.Э******* ногоо тарьж амьдарч байсан гэж тайлбарладаг хэдий ч сансрын зураг болон бусад нотлох баримтаар түүнийг ногоо тарьж, амьдарч байсан нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн хувьд гэр бүл, найз нөхдөөр нийлж хамтран амьдаръя гээд хамтын амьдралаа үүсгээд хөрөнгө мөнгө нийлүүлж хашаа барьсан нь үйл баримтаар тогтоогдож байна. Энэ үйл баримтуудыг захиргааны байгууллага нягталж шалгасны үндсэнд шийдвэр гаргах ёстой байсан гэж үзэж байна.
Газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр эзэмшиж ашиглахыг хориглоно гэх тайлбарын хувьд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах гэж заасан. Газрын бодит эзэмшилтэй этгээдийг газрын гэрчилгээгүй учраас эзэмших эрхийн гэрчилгээгүй ч түрүүлж газар эзэмших хүсэлтээ гаргасан учраас энэ хүнд газар эзэмшүүлнэ гэж болохгүй. Монголчууд гэр хороололд амьдрахдаа эхлээд газар дээрээ очиж буугаад тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулж эзэмшдэг бодит практик бий. Энэ зарчмыг алдаж болохгүй. Газрыг эзэмшиж, ашиглаж байгаа нь давуу эрхтэй байх нь шударга ёсонд нийцэх ёстой агуулга юм. Энэ агуулгыг орхигдуулж бодитоор эзэмшиж байгаа эзэмшлийг тогтоохгүйгээр газар эзэмших гэрчилгээгүй эзэмшсэн гэх агуулгаар тухайн газрыг давхардаагүй гээд газар эзэмшүүлэх захирамж гаргасан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл, 30 дугаар зүйлд газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах дэс дарааллыг хуульчилсан. Газрын тухай хуульд өөрчлөлт орохоос өмнө тухайн жилд дүүргийн иргэнд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр баталж хэрэгжүүлнэ гэж заасан. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсанаар ямар үр дагавар үүсэх вэ гэхлээр тухайн газарт хэрэв хэн нэгний эзэмшил огт үүсээгүй тохиолдолд тухайн газарт газар эзэмших хүсэлт гаргасан этгээдэд газар эзэмших тэгш боломж нээгддэг. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан тэгш боломж нээгдсэний дараа тэгш боломжийг ашиглаж газар эзэмших хүсэлт гаргах ёстой. Нэхэмжлэгч талыг газар эзэмшиж ашиглаагүй гэж үзвэл гуравдагч этгээд Н.Э******* ч мөн тухайн газрыг ашиглаж эзэмшсэн нь нотлогдохгүй. Хэргийн оролцогчид тэгш боломжтой учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдсаны дараа тэгш боломжоо эдлэх ёстой. Албан ёсоор эзэмших эрх үүсээгүй хоёр иргэнд ийм байдлаар маргаж болохгүй гэж тэгш боломжийг нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр үүсгэж өгч байгаа хуулийн ойлголт. Энэ харилцаанд хариуцагч захиргааны байгууллага тэгш боломжийг олгох шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх ажлыг хийгээгүй, хуульд заасан журмын дагуу газар эзэмшихийг хүссэн өргөдлийг шийдвэрлэж хариу өгөх ёстой гэж үзэж байна.
3.3.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т ...Үүнээс үзвэл эдгээр албан бичгүүд нь нэхэмжлэгч нарын 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших хүсэлт-д хамаарч байхаас гадна Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаар захирамжаар тухайн газрын эзэмших эрхийг гуравдагч этгээд нарт олгосны дараа уг хүсэлтүүдийг ирүүлсэн, энэ тохиолдолд хариуцагч захиргааг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэх илт үндэслэлгүй дүгнэлт болсон байна.
Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Хөлийн гол нутаг дэвсгэрт байрлах газар эзэмших хүсэлтийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргаж, газрын цахим системд 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан хэд хэдэн баримт болох өргөдөл, гомдлын бүртгэлийн хяналтын картын маягт болон газрын цахим системийн бүртгэлээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүхээс гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/372 дугаар захирамж гарсны дагуу нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргасан гэж илт буруу дүгнэлт хийсэн байна.
Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2-т ... нэхэмжлэгч Ж.Э*******, Л.Э*******, Э.Э******* нарын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр гаргасан газар эзэмших хүсэлт-д тухайлбал Ж.Э*******т Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01-01/1952 дугаар албан бичгээр, Л.Э*******д 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01-01/1951 дугаар албан бичгээр, мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Э.Э*******д 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 01-01/1950 дугаар албан бичгээр тус тус ...таны хүсэлт гаргасан байршилд нэр бүхий иргэнээс газар эзэмших хүсэлт ирүүлсний дагуу газар эзэмших захирамж, гэрчилгээ олгосон байна... бусдад газар эзэмших эрх олгосон байршилтай давхцаж байгаа тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгсөн болох нь тогтоогдов гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Баянзүрх дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлтэд хариу өгөөгүй бөгөөд дээр дурдсан 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гомдлын хариу хүргүүлэх тухай таны гомдлыг судалж үзээд дараах хариуг хүргүүлж байна... зөвшөөрөлгүй хашаа барьсан учраас хашааг чөлөөлөх хугацаатай мэдэгдэл өгч байна гэх мэдэгдэл нь нэхэмжлэгч нарын 2024 оны 01 дүгээр сар, 02 дугаар сард Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны гомдлын хариу юм. Энэхүү урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөл гэсэн мэдэгдэл ирүүлсэн нь нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмших хүсэлтийн хариу биш юм. Урьдчилан шийдвэрлэх маргаан үүсээд хянан шийдвэрлэгдэж байх үед ирүүлсэн мэдэгдэл учраас маргаан үүсэхээс өмнө газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэсэн хариу байхгүй.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугааp зүйлийн 7.3-т өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж тус тус заасны дагуу хариуцагчийн үйлдэл нь холбогдох журмуудыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0994 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Шүүхийн үзлэг, google earth болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2016-2022 оны сансарын зургаар маргаж буй байршилд нэхэмжлэгч нэр бүхий 3 иргэний эзэмшил түрүүлж үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, харин 2021 оны 10 дугаар сарын зурагт тусгагдсан нэгдсэн том хашааг нэхэмжлэгчдийнх гэж шууд дүгнэх боломжгүй, иймд нэгэнт түрүүлж эзэмшил үүсгэсэн болох нь баримтаар хангалттай тогтоогдохгүй байгаа энэ тохиолдолд газар эзэмших хүсэлт гаргасан хугацааг харгалзан шийдвэр гаргасныг Газрын тухай хуульд нийцсэн гэж үзэх бөгөөд энэ талаар шийдвэрт хангалттай дүгнэсэн байна.
Тухайлбал маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гуравдагч этгээд нараас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр, харин нэхэмжлэгч иргэдээс 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр гаргасан нь дүүргийн Газрын албанд тус тус бүртгэгдсэн байх тул Газрын тухай хуульд оруулсан 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөс өмнө ч түрүүлж хүсэлт гаргасан иргэнд газар эзэмшүүлсэн нь хуульд нийцнэ.
Учир нь гуравдагч этгээд нарын гаргасан хүсэлт Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд нийцсэн, хэдийгээр хариуцагчаас хээрийн болон суурин судалгаа хийгээгүй ч нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсээгүй, тухайн газрыг хуулийн дагуу эзэмших хүсэлтээ гаргаагүй, бусдын ямар нэгэн эзэмшил бий болоогүй байсан тул эхэлж хүсэлтээ гаргасан иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг буруутгахгүй.
2.Нэхэмжлэгч нарыг тухайн газарт 2021 оноос хойш амьдарсан гэх үндэслэл хэрэг авагдсан баримтаар тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл бүхлээр нь нэгдсэн томоор, гэхдээ дутуу хашаалсан байгааг нэр бүхий нэхэмжлэгч нарт хамааруулж, тэдгээрийг уг том хашаанд амьдарч байсан гэж дүгнэх нь бодит байдалд нийцэхгүйгээс гадна хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэсэн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрх авалгүйгээр газар эзэмшихийг ийнхүү хуулиар хориглосон, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс том хашаа бариад хашаанд байгаа айлууд мөнгөө нийлүүлж хогийн машин хөлсөлж хуримтлагдсан хогийг цэвэрлэсэн гэх боловч үүнийг нотлох баримт байхгүй, мөн хуулийн 27.5-д Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, -д тухайн газрыг аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн эзэмшүүлж болно гэсэн зохицуулалтын дагуу энэ талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй байна.
3.Хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй ч олон жилийн турш эзэмшил үүсгэн, байнга оршин сууж амьдарч байгаа, энэ нь баримтаар хангалттай тогтоогдож байгаа иргэний хувьд тухайн газрыг нь бусдад давхцуулан эзэмшүүлэх тохиолдолд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмын хүрээнд бодит нөхцөл байдлыг харьцуулан дүгнэж маргааныг шийдвэрлэх тохиолдол шүүхийн практикт цөөнгүй байдаг ч нэхэмжлэгчдийн хувьд нэгэнт суурьшил үүсгээгүй, амьдардаггүй байх тул энэхүү зарчмыг уг хуулийн 31 дүгээр зүйлд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагатай уялдуулан хэрэглэх нь зүйтэй.
Иймд шүүхээс Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн захирамжтай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ Газрын тухай хуульд 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу маргаан бүхий актаас хойш батлагдсан хуулийн заалтыг үндэслэсэн эсэхээс үл хамаарч шийдэл өөрчлөгдөхгүй, түүнчлэн энэхүү өөрчлөлтийг газар эзэмших шийдвэр гаргах харилцааг улам тодорхой болгосноос бус огт шинээр бий болсон зохицуулалт гэж үзэхгүй.
Тухайлбал Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д Иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр цахим системээр гаргасан хүсэлтийг дараах дарааллын дагуу эрэмбэлэн бүртгэнэ:, 29.8.1-т өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор;, 29.8.2-т энэ хуулийн 29.8.1-д зааснаас бусад иргэний хүсэлтийг цахим системд хүсэлт гаргасан огноогоор, 29.9-т Иргэний үнэ төлбөргүй газар эзэмших хүсэлтийг өргөдлийн бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн дарааллын дагуу шийдвэрлэнэ гэсэн заалт тус тус нэмсэн нь уг хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэснийг илүү тодотгосон харилцаа гэж тайлбарлахаар байна.
Түүнчлэн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын 4.2.2, 4.2.3-т тус тус заасны дагуу суурин болон хээрийн судалгаа хийсэн эсэхээс үл хамааран түрүүлж газар эзэмших хүсэлтээ гаргасан гуравдагч этгээд нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 500-695 мкв газрыг тус тус эзэмшүүлсэний улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн төдийгүй хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0994 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН