Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 833

 

 

Ш.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00294 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 10/16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус газраас 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 3/21857 тоот мэдэгдлийн дагуу улсын эрхийн бүртгэлийн 2205023691 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 46-88 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон. Гэвч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр төлбөр авагч Ц.Болдбаатар гэсэн байх бөгөөд Ц.Болдбаатарын өмчлөлд шилжих болсон үндэслэл болсон худалдах, худалдан авах гэрээг Баянгол дүүргийн шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон тухай шүүгчийн захирамж гарсан байдаг. Албадан дуудлага худалдааг хуулийн дагуу явагдсан гэж үзэхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгөөс дуудлага худалдаа явуулах ёстой байтал төлбөр төлөгчийн өмчлөлд байхгүй хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж хууль зөрчсөн. Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулаагүй, тодорхой хэмжээнд төлбөрөө төлж байсан. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай заалт байхгүй байхад үл хөдлөх хөрөнгөөс шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулж байгаа нь үндэслэлгүй байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 00831 дүгээр шийдвэрээр Ш.А-с 56 638 950 төгрөгийг гаргуулж Ц.Болдбаатарт олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгч ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш.А-ийн эзэмшилд байгаа улсын бүртгэлийн Ү-2205023691 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 46 дугаар байр 68 тоот орон сууцыг битүүмжилэн хураасан. Төлбөр авагч Ц.Болдбаатарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205023691 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 46 дугаар байр 68 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Бэсгэ ХХКомпанийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн үнэ болох 67 436 312 төгрөгийн 70 хувь болох 47 205 418 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр албан бичгээр мэдэгдсэн байна.Тус албанаас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг талуудад мэдэгдсэн бөгөөд дуудлага худалдаагаар дээрх орон сууц нь 49 205 418 төгрөгөөр борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11-д заасны дагуу дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрт хөрөнгө чөлөөлөх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр худалдан борлогдсон хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэснийг төлбөр төлөгч Ш.А-д 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/27033 дугаар мэдэгдэл, 4/27034 дүгээр тогтоолоор тус тус мэдэгдсэн болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугар зүйлийн 122.4-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 10/16 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ш.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс дуудлага худалдаанд оруулсан эд хөрөнгийн өмчлөгчийн асуудал бүрэн гүйцэд шийдвэрлэгдээгүй буюу Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмчлөл бүртгүүлээгүй байхад дуудлага худалдаа зохион байгуулсан нь үндэслэлгүй гэж үзэн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 10/16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл эсхүл гомдол гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэл, эсхүл гомдлын шаардлага, түүний үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, нотлох үүргийг талуудын хооронд зөв хуваарилснаар нотлох баримтын үнэлгээ, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, хууль хэрэглээ зөв болох учиртай.

 

Шүүх нэхэмжлэгчээс төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой нэхэмжлэл, эсвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээтэй холбогдуулан өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэж үзэн нэхэмжлэл гаргасан аль нь болохыг тодруулах байжээ.

 

Хэрэгт төлбөр авагчийн эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн баримт байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр төлбөр авагч Ц.Болдбаатар байгаа боловч уг үл хөдлөх эд хөрөнгө Ц.Болдбаатарын өмчлөлд шилжих үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээг Баянгол дүүргийн шүүхээс хүчин төгөлдөр бусд тооцсон тухай шүүгчийн захирамж гарсан” гэх тайлбарыг гаргасан байна. Энэхүү нөхцөл байдлыг тодруулахгүйгээр шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/00294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.А-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                       

                              ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ