| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00333/И |
| Дугаар | 00379 |
| Огноо | 2019-07-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 00379
| 2019 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2019/00379 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Эхэн багт оршин суух, ... дугаарын регистртэй, Баатархайрхан овогт С-ын С-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.С
Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Самбуу нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баатархайрхан овогт Сүрэнжавын Самбуу миний бие нь 1964 онд Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Одоо 55 настай бөгөөд Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багт мал маллан амьдарч байна. Бага насаа аав, ээжийн гар дээр өнгөрөөж, 8 нас хүрээд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж, 1980 онд 8 дугаар анги төгсч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. С.Самбуу миний бие нь дунд сургуулиа төгсөөд 1980 оны 06 сарын 01-ний өдрөөс Залуучуудын эвлэлийн илгээлтээр хөдөө аж ахуйн нэгдэлд малчнаар ажиллахаар гарч, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш одоог хүртэл 40 жил мал маллаж байна. Миний бие нь 1982-1985 онуудад хугацаат цэргийн алба хаасан. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00097 дугаар шийдвэрээр 1980 оны 06 дугаар сарын 01- ний өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, мөн 1985 оны 05 дугаар сарын 30- ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Эхэн бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож шийдвэрлэсэн. Улсаас Нийгмийн даатгалын шимтгэлийг 1993 оноос 2000 оныг дуусталх хугацаанд нийт 8 жилийг нөхөн тооцож бичилт хийж өгсөн. Ховд аймгийн Зэрэг сумын архиваас 1996, 1997 оны мал тооллогын баримт гарч ирсэн бөгөөд бусад онуудын мал тооллогын баримт гарч ирсэнгүй. Тухайн үед Эхэн багийн дарга хийж байсан Б.Дамбаа нь Эхэн багийн мал тооллогын болон зарим бичиг баримт устсан гэж хэлж байна. С.Самбуу миний бие нь 1980 оноос хойш одоог хүртэл 40 жил мал маллаж байна. Нийгмийн даатгалын байгууллага нь 1993-2000 оныг дуусталх хугацаанд хувиараа мал маллаж байсан тухайгаа шүүхээр тогтоолгож ир гэсэн тул танай шүүхэд хандаж байна. Иймд Баатархайрхан овогт Сүрэнжавын Самбуу намайг 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуусталх хугацаанд хувиараа мал маллаж байсан болох үйл явдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.Самбуу нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн буюу 4 дүгээр бригадад хувиараа мал маллаж байсан үйл явдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.Самбуу нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн буюу 4 дүгээр бригадад хувиараа мал маллаж байсан болох нь
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 онэы 02 сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00097 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Хүсэлт гаргагчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нээсэн 1376013 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11111 дугаартай албан бичиг,
Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн чацаргант ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 04 дугаартай албан бичиг,
Хөх толгойн овоо хоршооны 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3 тоот албан бичиг,
Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0344818 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
842200720 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1996 оноос 1997 оны татвар төлсөн баримт,
Иргэн Б.Дамбаагийн ... Эхэн багийн иргэн С.Самбуу нь 1964 онд төрсөн. 1972-1980 онд Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж төгсөөд, Эхнэ бригадад малчнаар томилодон ажилласан. 1982 оноос 1985 онд цэргийн алба хаасан. 1985 оноос 1993 онд Эхэн бригадад малчнаар, 1993 оноос одоог хүртэл Эхэн багт хувиараа мал маллаж байгаа болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,
90 жилийн ойн медалийн 2014 оны 09 сарын 11-ны өдрийн 505 дугаартай үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
1999 оны 10-р сарын 15-ны өдөр олгосон 200710304 дугаартай газар эзэмших гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Самбуугийн хувиараа мал маллаж байсан болох үйл явдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Баатархайрхан овогт Сүрэнжавын Самбуугийн 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн буюу 4 дүгээр бригадад хувиараа мал маллаж байсан үйл явдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.Самбуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ