Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00380

 

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00380

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Баянгол сум, 2-р баг, Баян багийн 5-р хэсэгт оршин суух, .... дугаарын регистртэй, Цагаан бошгот овогт Намсрайн Х-ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Х, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, гэрч Н.Доолио, Ж.Өлзий-Орших

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаан бошгот овогт Намсрайн Х миний бие нь 1963 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж, 8 нас хүрээд Мянгад сумын дунд сургуульд элсэн орсон боловч цааш үргэлжлүүлэн суралцаж чадалгүй сургуулиас гарсан. Сургуулиас гараад өөрийн аав Намсрайн суурьт мал малласан. Миний эцэг Ц. Намсрай нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад мал маллаж байсан. Х миний бие нь 1978 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс албан ёсоор суурийн туслах малчнаар бүртгэгдэж хөдөлмөр өдрийн хөлс авч эхэлсэн. Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн архив шатсаны улмаас Ховд аймгийн Архивын тасагт 70 дугаар данс болон нэгдлийн бусад бичиг баримтууд ирээгүй тул ажиллаж байсан үеийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй болоод байна. Иймд намайг 1978 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Н.Х нь 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Н.Х нь 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Хүсэлт гаргагчийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 431000460 дугаартай малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн 0888877 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02/105 дугаартай албан бичгээр ирүүлсэн ...тус сумын архив нь 1998 онд шатсан нь үнэн болно... гэх тодорхойлолт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 610 дугаартай албан бичиг,

Гэрч Н.Доолиогийн ...Хятадууд овогт Нанжаагийн Доолио миний бие 1943 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт, 3 дугаар бригадад нэгдэл тарах хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш хувиараа одоог хүртэл мал маллаж байна. Н.Доолио би нь бүх насаа Мянгад суманд мал маллаж өнгөрүүлсэн хүний хувьд Н.Хыг сургуулиас гарч аавтайгаа хамт манай бригадад нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан болохыг гэрчилж байна гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Өлзий-Оршихын ...Бүргэдүүд овогт Жамцын Өлзий-Орших миний бие 1947 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Одоо Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багт мал маллаж амьдарч байна. Миний бие нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт, 3 дугаар бригадад нэгдэл тарах хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш хувиараа одоог хүртэл мал маллаж байна. Ж.Өлзий-Орших би бүх насаа Мянгад суманд мал маллаж өнгөрүүлсэн хүний хувьд Н.Хыг сургуулиас гарч аавтайгаа хамт манай бригадад нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан болохыг гэрчилж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Хы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цагаан бошгот овогт Намсрайн Хыг 1979 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Хы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ