Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00383

 

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00383

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Мянгад сум, Чацаргант багт оршин суух, .... дугаарын регистртэй, Бортнууд овогт Л-ийн Л-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Л нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Л нь 1963 онд төрсөн. Бага боловсролтой. Ховд аймгийн Мянгад сумын сургуульд 1971 онд элсэн орж суралцаж байгаад 1975 онд 4 дүгээр анги төгсөж мал дээр гарсан. Энэ үед би 16 насанд хүрээгүй байсан тул ээждээ тусалж нэгдлийн мал маллаж байгаад 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн гэж өөрийн нормын бог мал хариуцан авч маллаж байгаад 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдан цэргийн алба хааж байгаад бусдаар зодуулж биедээ хүнд гэмтэл авч халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд өвчний улмаас тахир дутуугийн группд орж одоог хүртэл тахир дутуугийн халамжийн тэтгэвэр авч амьдралаа залгуулдаг. Миний хөдөлмөрийн дэвтэр бригадын даргад хадгалагдаж байгаад үрэгдэж алга болсон. Нэгдлийн гишүүний 70 дугаар дансанд бичигдээгүй, зарим жилийн мал тооллогын баримт олдохгүй байгаа тул шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Л.Лгийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Л нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.Л нь 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 967 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 363 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант бригадын 1980 оноос 1981 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Ховд аймгийн Мянгад сумын Нийгмийн даатгалын байцаагчийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дугаартай албан бичиг,

Ховд аймгийн Мянгад сумын Чацаргант багийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаартай албан бичиг,

Гэрч М.Баатарсүрэнгийн ... Би 1963 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 1973 онд 3 дугаар анги төгсөж, 1973 оноос 1983 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1-р бригадад аав ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оноос 1986 онд цэргийн алба хааж, 1986 оны 6 дугаар сараас 1990 оны 6 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1990 оны 6 дугаар сараас одоог хүртэл хувийн мал маллаж байна. ...Л.Л нь Лувсан гэдэг айлын 3 дахь хүүхэд, Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 1974 онд 4 дүгээр анги төгсөж, 1974 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сар хүртэл эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1981 оны 6 дугаар сараас 1982 оны 6 дугаар сард цэргийн алба хааж, /эрүүл мэндийн шалтгаанаар 1 жил цэргийн алба хаасан/, 1982 оны 6 дугаар сараас эрүүл мэндийн шалтгаанаар грүпптэй болсон. Цэргийн албанд яваад зодуулаад ирсэн. Тэгээд хөгжпийн бэрхшээлтэй болсон. Намайг тус нэгдэлд ажиллаж байх хугацаанд Сандаг, Загджав, Отгон, Батсуурь гэдэг хүмүүс нэгдлийн даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг,

Гэрч Н.Батчулууны ... Би 1965 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 1980 онд 8 дугаар анги төгсөж, 1980 оноос 1983 онд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1-р бригадад аав ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оноос 1986 онд цэргийн алба хааж, 1986 оны 6 дугаар сараас 1992 оны 10 дугаар сард Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар, 1992 оны 10 дугаар сараас одоог хүртэл хувийн мал маллаж байна. ...Л.Л нь Лувсан гэдэг айлын 2 дахь хүүхэд, Ховд аймгийн Мянгад сумын сургуулийг 4 дүгээр анги төгсөж, /яг хэдэн онд төгссөн талаар санахгүй байна/. 1973 он байна уу 1974 оноос эхлэн тус нэгдэлд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1981 оны 6 дугаар сард цэргийн алба хаахаар яваад 1 жил бололгүй эрүүл мэндийн шалтгаанаар буцаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирсэнээс хойш эрүүл мэндийн шалтгаанаар ажил хийж байгаагүй. Цэргийн албанд яваад зодуулаад ирсэн. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй болсон. Намайг тус нэгдэлд ажиллаж байх хугацаанд Сандаг, Загджав, Отгон, Батсуурь, Доржсүрэн гэдэг хүмүүс нэгдлийн даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Л-гийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бортнууд овогт Лувсангийн Л-гийн 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Л.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ц.ОЮУН-ЭРДЭНЭ