Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 00385

 

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 153/ШШ2019/00385

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, 1 дүгээр баг, Алагт оршин суух, ...... дугаарын регистртэй, Хорхон овогт Б-ийн Ш-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Баатархайрхан баг, 3 дугаар гудамж, 15 тоотод оршин суух, ... дугаарын регисртэй, Гөжгөн овогт Э-ийн З-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Э.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Э.Зтай сайн дурын үндсэн дээр гэр бүл болж 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Бидний дундаас 2011 оны 09 дүгээр сарын 21-нд хүү Ш.Үүрцайх төрсөн. Хүү Ш.Үүрцайх аав Б.Ш миний асрамжинд хүмүүжиж, Мөнххайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 2-р ангид суралцаж байна. Эхнэр Э.З нь 2016 оны 06 дугаар сард хүү бид хоёрыг орхиод явсан. Гэртээ буцаж ирээгүй. Миний бие хүүхдээ ганцаараа өсгөсөн. Бидний хамтын амьдрал цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул миний бие өөр эмэгтэйтэй гэр бүл болж бидний дундаас 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүү Ш.Аззаяаг өөрийн нэрээр овоглож чадахгүй, хүү Ш.Аззаяагийн эрх ашиг хохирч байна. Э.З бид хоёрын дунд өмч хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гэр бүлийн маргааны талаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрч чадаагүй. Бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Э.З нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь нэхэмжлэгч Б.Штой 2009 оны 01 дүгээр сард гэр бүл болсон. 2010 онд хүү Үүрцайх төрсөн. Бидний хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2011 оноос эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Би 2016 онд нөхөр Т.Гансүхтэй гэр бүл болж хамтран амьдарч байна. Т.Гансүх бид хоёрын дундаас 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүү Г.Өсөх-Ирээдүй төрсөн. Одоо би 7 сартай жирэмсэн. Хүү Г.Өсөх-Ирээдүй болон миний 7 сартай хүүхэд нь нөхөр Т.Гансүхийн хүүхэд юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Үүрцайхыг аавынх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлт цуцлуулахгүй байснаар хүүхдүүд эцгээрээ овоглож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч Э.Зд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Ш, хариуцагч Э.З нар нь 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээрийн дундаас 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүү Ш.Үүрцайх төрсөн болох нь гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Ш, хариуцагч Э.З нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, тус тусдаа гэр бүл болсон, зохигчид Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ш.Үүрцайхыг эцэг Б.Шийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эх Э.З нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ш.Үүрцайхыг эцэг Б.Шийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ш.Үүрцайхтай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Э.З, эцэг Б.Ш нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгаж шийдвэрлэв.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Згаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Шд олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Хорхон овогт Басдорлигийн Ш, Гөжгөн овогт Энэбишийн З нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ш.Үүрцайхыг эцэг Б.Шийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эх Э.З нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ш.Үүрцайхыг эцэг Б.Шийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.

5. Эх Э.З нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Ш.Үүрцайхтай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг Б.Шийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Згаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Шд олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ