Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 00390

 

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2019/00390

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 2-60 айлын орон сууц, 15 тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Хотгойд овогт Б-ы Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х-д холбогдох Ажилгүй байсан 2018 оны 10 дугаар арын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.Ц нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Х-йн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус сургуулийн захирлын Б/177 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Б.Ц миний бие зөрчигдсөн эрхээ сэргээлгээхээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00660 дугаар шийдвэрээр Б.Ц намайг урьд эрхэлж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Х-йн захирлын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажилдаа томилогдож 2019 оны 03 сарын 18-ны өдрөөс эхлэн албан ёсоор ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00660 дугаар шийдвэр гарсан өдрөөс ажлаа хүлээн авсан өдөр болох 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл буюу 5 сар 01 хоног ажилгүй байсан хугацааны олговорт 3,267,173 төгрөгийг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежоос гаргуулан Б.Ц надад олгож, миний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежоос 3,267,173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэгч Б.Ц нь Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежоос ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3,267,173 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Б.Ц нь Х-йн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалаар ажлаас халагдаж, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00660 дугаартай шийдвэрээр Х-йн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоогдсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хянагдаад нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 153/ШШ2018/00660 дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 61 дугаартай магадлалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. 

Х-йн захирлын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай ажилд эргүүлэн томилох тухай тушаалаар нэхэмжлэгч Б.Цг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Х-йн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн томилжээ.

Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс ажилд томилсон ажил олгогчийн тушаал гарсан өдрийг хүртэлх хугацаа буюу 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар дундаж цалин хөлсийг тодорхойлов.

Ажилгүй байсан хугацаа 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал буюу ажлын нийт 107 хоногийн цалин хөлс 3,267,173 төгрөг байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3,267,173 төгрөгийг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х-д даалгахаар шийдвэрлэв.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардуулсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдаан товлон зарлагдахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариу тайлбарыг ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 67,225 төгрөгийг төлөх хугацааг 2 сараар хойшлуулсан бөгөөд хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежоос 3,267,173 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,225 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежоос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,267,173 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Х-д даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 67,225 төгрөгийг төлөх хугацааг 2 сараар хойшлуулсан бөгөөд хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежоос 3,267,173 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67,225 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ