| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0058/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/60 |
| Огноо | 2023-04-27 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгч С.Эрдэнэжаргал нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эрдэнэжаргалд холбогдох эрүүгийн 2222002230056 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 11 сарын 24-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 14-5 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, Естөн овогт Сарангийн Эрдэнэжаргал /РД:ЗИ99112413/
Шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өндөр ээж” нэртэй зоогийн газарт кассчинаар ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 04 цаг 30 минут хүртэлх орлого 1.112.200 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч С.Эрдэнэжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тухайн өдөр ажилд гараад байж байтал хүмүүс мобайлаар шилжүүлье гэсэн. Тэгэхээр нь Нямдоржоос асуухад өөрийн дансаараа авдаг юм гэхээр нь дансандаа авсан. Ажиллаж байхад тэр хүн дур мэдэн ганц нэг хүнд зээл өгөөд байсан. Тэгэхээр нь би өрөнд орох нь гэж бодоод мөрийтэй тоглоод бага багаар алдсаар байгаад өглөө гэхэд бүх орлогоо алдаад дууссан. Айсандаа болоод хүмүүс амарч байх хооронд гараад зугтаасан. 04 сарын 10-ны өдөр 1.102.200 төгрөг төлсөн. Хаан банкнаас дансны хуулга авч чадаагүй” гэв.
Хохирогч Г.Нямдоржийн “2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр С.Эрдэнэжаргал нь Өндөр ээж зоогийн газарт кассчинаар ажилд орсон байсан. 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С.Эрдэнэжаргал нь кассчинаар миний гараан дээр таарсан байсан. Тухайн өдөр манай 5027394055 гэх дансанд мессеж мэдээлэл орж ирэхгүй байсан, мөн цуг ажиллаж байгаа хүмүүст мобайл банктай хүн байгаагүй, ганцхан С.Эрдэнэжаргалын утсанд дансны мэдээлэл ирдэг гэсэн. Тэгэхээр нь би Эрдэнэжаргалд хандан “чи орж ирсэн орлогоо дансаараа авч бай” гэж хэлэхэд Эрдэнэжаргал “тэгье” гэсэн. Эрдэнэжаргал нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үүрийн 5 цагийн хооронд орлого дансаараа авч байсан. 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 05 цагийн үед манай ажлынхан амрах байр, жолоочийн өрөөнд ороод сууж байхад С.Эрдэнэжаргал гараад явсан байх шиг байсан. Тэгээд би амралтын өрөөнөөс гарч ирээд “касс хаачсан юм” гэтэл манай угаагч Одноо “түрүү хойшоо гарч байсан, тамхилах гэж байгаа болов уу гэж бодсон” гэсэн. Тэгээд би С.Эрдэнэжаргал руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд өглөө 09 цаг болоод ээлж хүлээлцэх гээд С.Эрдэнэжаргалыг ирэхгүй болохоор нь цагдаад хандсан. Манай байгууллагад нийт 1.112.200 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг нийт орсон орлогоосоо тухайн өдөр гарсан зарлага болон бэлэн мөнгө, банкны пос зэргээ хасахаар С.Эрдэнэжаргалын дансаар авсан мөнгө гарч ирж байгаа юм. Хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-рт/
Гэрч С.Цэцэгмаагийн “Би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутагт байрлах Өндөр ээж зоогийн газарт зөвлөх хийдэг юм. Манай байгууллага кассчин авна гэж зар байрлуулсан. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний утас руу нэг эрэгтэй хүн залгаад “танайх кассчин ажилд авах юм уу” гэж асуухад нь “авна” гэж хариулсан. Тэгээд л утсаа тасалсан. Нөгөө дугаараас маргааш нь дахин залгаад “танайх кассчин авсан уу” гэхээр нь “би аваагүй байгаа, чи одоо хүрээд ир” гэж хэлсэн ба өдөр 14 цагийн үед өндөр, монхордуу хамартай, туранхай шар, 20 орчим насны залуу ирсэн юм. Тэгээд би анкет өгч бөглүүлээд тухайн үед кассан дээр ажиллаж байсан Нямдоржийг дагалдуулан ажиллуулсан юм. Тэр залуу шөнө Нямдоржийн хамт дагалдаад хоносон. Маргааш өглөө нь манай ажлынханы хамт их цэвэрлэгээ хийгээд 12 цагийн үед харьсан. Тэр хүүхэд маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагт ажилдаа ирээд кассчинаар гарсан байсан. Тухайн үед ээлж өгсөн кассчин нь орлогоо өөрийн дансаараа авч бай гэж хэлсэн байсан. Тэр хүүхэд тухайн өдрийн 09 цагаас хойш ажиллаж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 04 цаг 30 минутын үед ажлаа орхиод гараад явсан байсан. Кассчинаар ажиллах хугацаандаа өөрийн хувийн дансаар мөнгө авч байсан. Яг гарах үед нь манай ажлынхан мэдээгүй ба дараа нь мэдсэн байсан. Бидний тооцоогоор бол 1.112.200 төгрөг авч явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-рт/ Шүүгдэгч С.Эрдэнэжаргалын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-31/ Шүүгдэгч С.Эрдэнэжаргалын ХААН банкны 5466026852 дугаарын дансны хуулга /хх-ийн 38-39/ Шүүгдэгч С.Эрдэнэжаргалын ХААН банкны 5466026852 дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-41/ Хохирогчоор Г.Нямдоржийг оролцуулах тухай “Дэгжин год” ХХ-ийн тодорхойлолт /хх-ийн 9/ Хэрэгт авагдсан бусад баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар :
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өндөр ээж нэртэй зоогийн газарт 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 09 цагаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 04 цаг 30 минут хүртэл кассчинаар ажилласан, ажиллаж байхдаа өөрийн ХААН банкны 5466026852 дугаарын дансаар 1.112.200 төгрөгийн орлого хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.
Тухайн өдөр үүссэн техникийн саатлаас шалтгаалан байгууллагын орлогыг өөрийн хувийн дансаар авахыг С.Эрдэнэжаргалд зөвшөөрсөн болох нь гэрч Г.Нямдорж, С.Цэцэгмаа нарын мэдүүлгээр нотлогдож байгаа боловч шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь өөрийн ХААН банкны 5466026852 дугаарын дансаар авсан 1.112.200 төгрөгийн орлогыг ажил олгогчид тушаалгүй, ажлын байраа орхиж явсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч С.Эрдэнэжаргалын Өндөр ээж зоогийн газарт кассчинаар ажиллаж байхдаа тухайн өдрийн орлого болох 1.112.200 төгрөгийг өөрийн хувийн дансаар авч, ажил олгогчид тушаалгүй дур мэдэн зарцуулж /цахим мөрийтэй тоглоом тоглож/ байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Эрдэнэжаргалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан 1.102.200 төгрөгийн хохирогчид нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон, шүүгдэгч С.Эрдэнэжаргалд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 14-5 тоотод оршин суух албан ёсны хаягтай, энэ хаягтаа оршин суудаг гэх тул зорчих эрхийг хязгаарласан хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.102.200 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Естөн овогт Сарангийн Эрдэнэжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Естөн овогт Сарангийн Эрдэнэжаргалд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэжаргалыг зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэжаргал нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.102.200 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эрдэнэжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ