Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 832

 

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “О” ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний алданги, хохиролд нийт 47 181 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Худалдах-худалдан авах гэрээний үнийг ам.доллараар илэрхийлснийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үнийг тухайн үеийн төгрөгийн ханшид шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр “О” ХХК-ийн захирал Т.Н-тай харилцан тохиролцож, худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Манай компани гэрээний дагуу авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлэх үүргийг хүлээж, худалдан авагч “О” ХХК нь бүтээгдэхүүнийг хүлээн авах, барааны үнийн төлбөрийг дараах хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн. Гэрээний 6.5 дахь хэсэгт 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 30 хувь, 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 40 хувь, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 30 хувийн төлбөрийг барагдуулахаар тусгасан. Дээрх тоног төхөөрөмжийг манай компанийн 100 хувийн санхүүжилтээр нийлүүлэх шаардлагатай болсон тул БНСУ-ын олон жилийн түнш байгууллагатай харилцан тохиролцож, итгэлцлийн үндсэн дээр барааны үнийн зарим хэсгийг барьцаагүй дараа төлөх хэлбэрээр тохиролцон гэрээтэй уялдуулан хугацааг тохирсон. Худалдан авагч талд үүнийг ойлгуулж, гэрээнд төлбөрүүдийг төлөх үеийн ам.долларыг худалдан авах ханшаар Монгол төгрөгт шилжүүлэн төлбөр тооцоог хийхээр тусгасан. Гэтэл тохирсон хугацаандаа энэ компани санхүүжилтээ хийгээгүйгээс гадаад төлбөр тооцоог хуваарийн дагуу хийхийн тулд богино хугацаатай, хүү өндөр тодорхой хэмжээний зээлийг барьцаат зээлийн үйлчилгээнээс авч хэрэглэн орж ирээд 1.5 жил болсон, анх зах зээлээс 27 000 000 төгрөгөөр авсан. Хюндай Майти 2 буюу 3.5 тонны даацтай хувийн эзэмшилд байсан автомашиныг 8 000 000 төгрөгийн барьцаанд тавьсан ба улмаар гэрээний дагуу санхүүжилт хугацаандаа орж ирэхгүй байснаас хохирол учирсан. Мөнгөн дүнгээр нь тооцвол 13 000 000 төгрөг зөвхөн үүнээс болж үүссэн. Удаан хугацаанд төлбөр хийгдээгүйгээ төлөвлөж байсан бизнесийн ажил хойшлогдон алдагдал үүссэн. Мөн богино хугацаатай, хүү өндөр хэд хэдэн зээлийг энэ хугацаанд авч ашиглаж тодорхой хэмжээний төлөвлөөгүй алдагдал үүсгэж, НӨАТ-ын төлөгдөх өр үүссэн. Алданги үүссэн талаар сүүлийн төлбөр хийгдэх хүртэл сануулж байсан. Иймд бидний харилцан тохирсон 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот гэрээний 4.2.3-т худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу 34 181 700 төгрөг болон гэрээний үүрэг биелэгдэхгүй удсанаас манай компанид үүссэн хохирол нийт 47 181 700 төгрөгийг тус компаниас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ын ерөнхийлөгч манай улсад айлчлах болсонтой холбогдуулан Нийслэлийн авто замын газраас авто замуудыг сэргээн засч эхэлсэн ба Цэцэг төвийн уулзвараас Моннис явах зам дагуу яармагийн зам руу гэрлэн дохио суурилуулахаар 2014 оны 7 дугаар сард манай компани Нийслэлийн авто замын газартай гэрээ байгуулсан. Гэрээний шаардлагад материалыг өөрсдөө гаргах шаардлага тавьсан тул манай компани гудамж төслөөс мөнгө өгөхөөр буцаан төлөх нөхцөлтэй “Х” ХХК-иас гэрээ байгуулж материал авсан. Төслөөс 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний мөнгө орж ирэх ёстой байсан ч мөнгө орж ирээгүй. Нэхэмжлэгч компанитай манай компани удаан жилийн хамтын ажиллагаатай харилцаж байсан нь үнэн. Манай компани ч тус компанитай хамтын ажиллагаагаа амжилттай үргэлжлүүлэхийг хүсч байсан. Гэтэл манайхаас шалтгаалаагүй нөхцөл байдал үүсч төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76, 77.1-д тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусах нөхцөлтэй талууд гэрээгээ байгуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дууссан. Тухайн үед Засгийн газар огцорч, Эдийн засаг хөгжлийн яам татан буугдсан эдийн засгийн онцгой өөрчлөлтөөс болж манай компани зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул үүргээс чөлөөлөгдөнө гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл манай компаниас үл шалтгаалсан энэ явдал нь Засгийн газар, яамдууд татан буугдсан нөхцөл байдлуудаас шалтгаалсан. Манай компани яамнаас ажлын хөлс аваагүй боловч “Х” ХХК-иас авсан зээлээ бага багаар төлж байсан. Гудамж төслийн санхүүжилт 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн орой дансанд ороход манайх 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн өглөө тус компаний данс руу шилжүүлсэн. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т торгуулийн хэмжээ нь нийт авсан барааны үнийн дүнгийн 25 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байхад нэхэмжлэгч үндсэн зээлээс давсан хүү, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн манайд зээлдүүлсэн мөнгөө төлөх зорилгоор автомашин барьцаалж зээл авсан гэж 13 000 000 төгрөг нэхэмжилж байгаа баримтууд шаардлага хангахгүй, тамга тэмдэг бүдэг, засвартай байна. Мөн ломдбарны баримтаас харахад тус автомашин иргэн Ц.Дэлгэрдалайн өмчлөлийн автомашин тул нэхэмжлэлд хамааралгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “О” ХХК нь 2014 онд Нийслэлийн авто замын газраас хэрэгжүүлсэн гудамж төсөлтэй гэрээ байгуулан тодорхой цэгүүдэд авто замын гэрлэн дохио суурилуулсан. Ийнхүү гэрлэн дохио суурилуулахад шаардагдах бараа материалыг “Х” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 03 дугаартай худалдан худалдан авах гэрээ байгуулан авч, төлбөрийг төслийн санжүүжилт орох үед төлөхөөр тохирч гэрээг бичгээр байгуулахдаа санхүүжилт орох боломжит хугацааг тооцон төлбөр графикийг оруулсан. Гэрээг байгуулах үед гэрээний үнийг тохиролцоход “Х” ХХК нь төлбөрийг заавал доллараар тохиролцоно, зарахдаа мөн ч доллараар тооцоо хийнэ гэж байсан. “О” ХХК-ийн зүгээс төлбөрийг төгрөгөөр хийх сонирхолтой байсан, үүнийгээ ч илэрхийлж байсан боловч төслийн гүйцэтгэлийг цаг хугацааны давчуу байдал, худалдагч талтай бизнесийн харилцаатай зэргийг харгалзан худалдагч талын нөхцлөөр хийсэн. Ийнхүү гэрээний 2 дахь хэсгийн 2.1 дэх өмнө дурдсан жагсаалтад орсон барааны үнэ 35 140 ам.доллар болно. Бараа нь импортын бүтээгдэхүүн тул тооцооны нэгжийг ам.доллараар тооцох ба шаардлагатай тохиолдолд ам.долларыг зах зээл дээрээс худалдан авах ханшаар тооцоолж, тооцоог хийж болно хэмээн заасан. Тус заалтыг хоёр дахь өгүүлбэрийг үзэхэд худалдагч талын хүсэл зоригийн дагуу ийнхүү үнийг ам.доллараар тохирсон. Гэрээний дээрх заалт нь Монгол Улсын Их хурлаас 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Тус заалт ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан 03 тоот худалдах, худалдан авах гэрээний 2.1 дэх хэсэгт заалтад гэрээний үнийг ам.доллараар илэрхийлсэн нь хүчин төгөлдөр бус байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу 03 тоот худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгож, гэрээний үнийг тухайн үеийн төгрөгийн ханшид шилжүүлж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3. 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-иас алданги 29 346 180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7 835 520 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт зааснаар “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2. 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 860 төгрөгийг, “О” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж. хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 304 681 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Х” ХХК-д 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн 30 хувийг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийн 40 хувийг, 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрийг шаардах эрх үүссэн. 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрээний төлбөрийн эхний 30 хувь болон түүнд холбогдох алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэрээний төлбөрийн 40 хувь болон түүнд холбогдох алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 30 хувийн төлбөр болон түүнд холбогдох алдангийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэтэл анхан шатны шүүх нь "...О ХХК нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрийг төлсөн, ...шаардах эрх үүссэн үеэс хугацааг тоолоход 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусах тул “Х” ХХК шаардах эрхтэй" хэмээн буруу дүгнэжээ. Шүүх нь шаардах эрх үүссэн үеэс бус, гэрээний үнийг бүрэн төлж шаардах эрх дуусгавар болсон үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь үндэслэлгүй байна.

Манай компани “Х” ХХК-иас авсан бараа материалаар гэрлэн дохио суурилуулалтын ажлыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэсэн боловч Гудамж төслийн ТУЗ тогтсон хугацаандаа хуралдах боломжгүй нөхцөл байдал үүсч улмаар бидний ажлыг дүгнэж төлбөр хийх боломжгүй болсон нь нотлох баримтаар тогтоогддог. Энэ нь гэрээний үүргийг биелүүлэхэд шууд нөлөөлөхүйц эдийн засгийн микро түвшний өөрчлөлт бий болсон. Анхан шатны шүүх нь Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдсан зэрэг нь гэрээний төлбөр хийгдсний дараа болсон учир онцгой нөхцөл байдалд хамаарахгүй гэжээ. Гэтэл гэрээний 7 дугаар хэсэг буюу хариуцлагаас чөлөөлөх нөхцөл хэсэг нь цаг хугацааны хувьд хожим болсон эсэхээс үл хамааран тухайн нөхцөл байдал үүссэн үеэс эхлэн гэрээнд заасан хариуцлагаас чөлөөлөгдөхийг заасан байна. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яам татан буугдсан тул үүнээс хойш эдийн засгийн онцгой нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлтэй. Талууд анх энэхүү гэрээг байгуулахдаа барааг ямар зорилгоор ашиглаж байгаа засгийн газраас санхүүжилт ирсний дараа гэрээний үнийг төлнө гэдгийг амаар харилцан тохирч гэрээг байгуулсан байдаг. Дээрх гэрээний 7.1, 7.2 дахь зүйлүүдэд талуудад үүсч болох санхүүгийн эрсдэлийг тооцож талуудаас үл хамаарах "эдийн засгийн онцгой өөрчлөлт" үүссэн тохиолдолд хариуцлагаас чөдөөлөгдөх талаар тусгасан болно. Гэвч шүүх үүнийг дүгнэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Гэрээний үнийг тухайн үеийн ам.долларын ханшаар шилжүүлбэл 64 200 780 төгрөг байх бөгөөд үүний 25 хувь нь 16 050 195 төгрөг байна. Гэтэл шүүх үүнийг харгалзан үзэлгүйгээр 25 хувиас илүү алдангийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуульд заасан талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмыг ноцтой зөрчсөн шийдвэр болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, 29 346 180 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний алданги, хохиролд нийт 47 181 700 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч худалдах-худалдан авах гэрээний үнийг ам.доллараар илэрхийлснийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үнийг тухайн үеийн төгрөгийн ханшид шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаснаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

            Талууд 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 03 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь авто замын хөдөлгөөн зохицуулах тоног төхөөрөмжийг БНСУ-аас бэлтгэн нийлүүлэх ажлыг баталгаажуулж гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 24 хоногт гүйцэтгэх нөхцөлтэйгээр, тохиролцсон графикийн дагуу гүйцэтгэх, хариуцагч нь барааны үнийн 30 хувийг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр, 40 хувийг 2014 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 30 хувийг 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус тус төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтууд тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ. Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн буруутай байна.

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан 03 тоот худалдах-худалдан авах гэрээний 4.2.3-т “нийлүүлэгчийн хуваарьт хугацаанд нийлүүлсэн барааны үнийг гэрээнд заагдсан хугацаанд төлөх ба төлбөрийг хожимдуулсаны торгууль нь төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувь байхаар тооцно” гэсэн талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

            Хуульд зааснаас гадна талууд гэрээний 4.2.4-т “торгуулийн нийт хэмжээ нь нийлүүлсэн барааны нийт үнийн 25 хувиас хэтрэхгүй байна” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний эрх чөлөөний зарчимд нийцсэн тул алдангийг 25 хувиар нь хязгаарлан тооцох боломжтой гэж үзсэн болно.

 

            Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул хууль хэрэглээний алдааг зөвтгөх боломжтой байна.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан мөнгөний ханш өөрчлөгдсөн гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг гадаад валютаар илэрхийлж гаргасан тул тухайн өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсоор ханшаар тооцох учиртай.

 

Талуудын ам.доллараар хийсэн гэрээний дагуу 35 140 ам.долларын 25 хувийн алданги нь 8 785 ам.долларын хэмжээнд хязгаарлан шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш 2 437.18 төгрөгөөр тооцож 21 410 626 /8 785*2437.18=21 410 626/ төгрөгийг хариуцагч “О” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлийг заасан байх ба хариуцагч нь 2015 онд мөнгөн төлбөрийн үүргээс зохих хэсгийг нэхэмжлэгчид төлж байсан тул хариуцагч нь үүргийг зөвшөөрч биелүүлж байсан гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолно. Иймд хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг шүүх татгалзлалыг баталж шийдвэрлэсэн нь зөв боловч найруулгын алдаатай байгааг залруулах боломжтой.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2018/00321 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-иас алданги 21 410 626 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 771 074 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үнийг ам.доллараар илэрхийлснийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний үнийг тухайн үеийн төгрөгийн ханшид шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,  

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “304 681” гэснийг “265 003” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “О” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 304 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ