Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 40

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор

         Шүүгдэгч                                               Г.Г

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Э.Цэнгүүн

         Хохирогчийн өмгөөлөгч                       Х.Ундрах-Оргил

         Нарийн бичгийн дарга                         С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолтой Г.Г-т холбогдох 1915003080167 дугаартай эрүүгийн хэргийг  шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүний давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Г.Г.

Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Ц.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоож, ялтанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогчид 600000 /зургаан зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурьдаж,

5. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6.  Шүүгдэгч Г.Г-н 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын Тохижилт үйлчилгээний газарт хийлгэхийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Г-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн нь давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Г.Г нь уг гэмт хэргийг насанд хүрээгүй байхдаа буюу өсвөр насандаа үйлдсэн бөгөөд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэрээр гэмт хэрэг үйлдсэн болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруутай үйлдэлдээ харамсаж, гэмшиж, өөртөө дүгнэлт хийж байгаа болохоо шүүхэд илэрхийлсэн, мөн түүгээр ч зогсохгүй хохирогч Ц.А-с уучлалт гуйсан байдаг. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Ганбаярыг гэм буруутайд тооцсон, үүнтэй өмгөөлөгч болон шүүгдэгч Г.Г-н зүгээс маргаагүй. Харин хохирогч Ц.А-н зүгээс шүүгдэгч Г.Г-с эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.680.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүний зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирол төлбөрийн хэмжээг 591.150 төгрөгөөр тогтоосон. Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулж, шүүгдэгч Г.Г-н зүгээс хохирол төлбөрт 600.000 төгрөгийг хохирогч Ц.А-д хүлээлгэн өгч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бүхий л нөхцөл байдлууд нотлогдож, тогтоогдсон байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Гэтэл анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангиийн 6.5 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн нь учир дутагдалтай хэт нэг талыг буюу яллах талыг барьж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн ял оногдуулах шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Г-т 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолын агуулга, ингэж шийдвэрлэсэн шалтгаан, нөхцлийг тайлбарлахдаа шүүгдэгч Г.Г-г өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, харамссан, өөртөө дүгнэлт хийсэн зүйл харагдахгүй байна мөн шүүх бүрэлдэхүүн өөрөө гэм буруугийн шүүх хуралдаанаар хохирол төлбөрийн хэмжээг нотлох баримтын хэмжээгээр 591.150 төгрөгөөр тогтоосон атлаа ял оногдуулахдаа хохирогч Ц.А-д хохирол төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна хэмээн тайлбарласан нь шийтгэх тогтоолын агуулгатай тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл уг шүүхийн шийдвэр буюу шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлд заасан үндэслэл нотлогдож, тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхээр зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрээр хэлэлцэнэ.” мөн зүйлийн 8.1-т “Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх" гэж заажээ. Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүх шүүгдэгч Г Г-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг асуудал тус бүрээр хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2- т заасан “... учруулсан хохирлыг төлсөн” мөн түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харамсаж, гэмшсэн, өөртөө дүгнэлт хийсэн, ар гэрийн нөхцөл байдал, түүний өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд хамаарч байна. Шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бүхий л нөхцөл байдлууд байхад анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй, хэт нэг талыг буюу яллах талыг барьж шийдвэрлэсэн мөн шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх бүхий л нөхцөл байдлууд байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцаас хүнд ялыг сонгон ял шийтгэл оногдуулсан нь учир дутагдалтай хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Г.Г-т дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, насны хувьд өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний ялыг хөнгөрүүлж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна...” гэжээ.

Давж заалдах шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Г.Г-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Ц.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 450 нэгжээр торгох ялаар сольж өөрчлөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүний “...шүүгдэгч Г.Г-т дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, насны хувьд өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...”  гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолын

2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй” гэснийг

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгосугай”

3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 4 цагаар тогтоож, ялтанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Г-т сануулсугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүний давж заалдах гомдлыг хүлээн хангасугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.ХҮРЭЛБААТАР                                   

                                          ШҮҮГЧ                           С.ЦЭЦЭГМАА                                                  

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ё.БЯМБАЦЭРЭН