Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2025/0272

 

Н******* ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******

Гомдол гаргагч: Н******* ХХК

Хариуцагч: Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Н*******

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0074302 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 115/ШШ2025/0010 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ц.Ө*******

Хариуцагч Н.Н*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 115/2025/0004/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч Н******* ХХК-иас Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Н*******т холбогдуулан Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0074302 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргасан.

2.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 115/ШШ2025/0010 дугаар шийдвэрээр:

Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 2, 6.15 дугаар зүйлийн 3-ийн 3.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан "Номин Бизнес клуб зүүн бүс" ХХК-ийн Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Н*******ийн гаргасан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0074302 дугаартай Шийтгэлийн хуудас-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.... Шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн зөрчилд дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг дутуу дүгнэж, хууль зүйн дүгнэлт хийгээгүй, гомдол гаргагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулж байгаа нь дор дурдсан үндэслэлээр тогтоогдоно.

3.2.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11.1, 11.2-т Прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 болон 3.3-д зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээх эрхтэй, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 4-д зааснаар зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг хүлээн авсан өдрөөс эхлэн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно. Иймд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн прокурорын тогтоол хуульд нийцсэн гэж дүгнэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д хуульд үндэслэх гэж тус тус заасан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 3.3-д зааснаар прокурор нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хянаад зөрчлийн хэрэг нээх шийдвэр гаргах эрхтэй. Гэхдээ уг шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах учиртай. Уг тохиолдолд 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 6 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 04-ний өдөр зөрчлийн хэрэг нээж шийдвэрлэсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл юм. Анхан шатны шүүхийн дүгнэснээр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг прокурор хянаад ямар ч хугацааны дараа зөрчлийн хэрэг нээх эрхтэй гэж үзсэн нь хууль бус байна.

3.3.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12.2-т ...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хугацаа нь дууссан таргийг 11 дүгээр сарын 17-ны өдөр худалдан борлуулахаар хадгалах хугацаа дуусаагүй тарагтай хамт байршуулсан болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас гомдол гаргагч хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3-ийн 3.1-т хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн,... хүнсний бүтээгдэхүүн....хадгалсан, үйлчилсэн... зөрчил үйлдсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна гэж дүгнэсэн.

Н******* ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих зөрчил, 3-т Хуульд заасныг зөрчиж, 3.1-т хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан зөрчил үйлдсэн гэж үзсэн.

Тодруулбал хугацаа нь дууссан Интоор нэрийн таргийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна гэж тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт байхгүй, хэрэглэх хугацаа нь дууссан болохыг хариуцагч тогтоогоогүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэл бүхий гомдлын шаардлагаар Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дүгээр сарын 21-ний өдрийн 115/ШШ2025/0010 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Н*******ийн гаргасан 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0074302 дугаар Шийтгэл оногдуулах хуудас-ыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Н******* ХХК-ийн Дорноговь аймгийн Сайншанд суман дахь Номин дэлгүүрт 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөр хадгалах хугацаа нь дууссан Интоор нэрийн таргийг 17-ны өдөр худалдан борлуулахаар лангуун дээр байршуулсан байсан болох нь зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад хийсэн бичлэг, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон, энэхүү үйл баримтыг гомдол гаргагчийн төлөөлөгчөөс ч үгүйсгээгүй, гагцхүү шийтгэлийн хуудасны үндэслэл болгосон Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, хүнсний бүтээгдэхүүн хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол гэсэн зохицуулалт дахь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй, мөн тарагны хадгалах хугацаа дээрх өдөр дуусах байсан ч хэрэглэх хугацаа дуусаагүй, өөрөөр хэлбэл задалснаас хойш . хоногийн дотор хэрэглэнэ гэсэн хугацаа дуусаагүй гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлгүй болно.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "хадгалах хугацаа" гэж өгөгдсөн хугацаанд зохих нөхцөлийн дагуу хадгалж, хэрэглэхэд тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар хамгийн сайн түвшинд байх, тухайн хугацаа хэтрэхэд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдахгүй боловч чанарын үзүүлэлт нь муудах буюу өөрчлөгдөх хугацааг, 4.1.13-т "хэрэглэж дуусах хугацаа" гэж өгөгдсөн хугацаанд тухайн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх, тухайн хугацаа өнгөрөхөд бүтээгдэхүүний аюулгүй байдал нь алдагдах хугацааг ойлгохоор, өөрөөр хэлбэл хүнсний бүтээгдэхүүний хадгалах болон хэрэглэх хугацааг дээрх байдлаар тус тусад нь тодорхойлсон ч хугацааны хувьд хэрэглэх нь хадгалахдаа багатсан ойлголт, түүнээс гомдол гаргагчийн төлөөлөгчийн тайлбарлаж байгаачлан хадгалах хугацаа нь дууссан ч тухайн таргийг задлаагүй байсан тул задалснаас хойших хэрэглэвэл зохих хугацаа дуусаагүй гэсэн агуулгаар ойлгохгүй.

Мөн энэ тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эсэх талаар зайлшгүй мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах шаардлагагүй болох нь уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.7-д хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн тохиолдолд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзнэ гэснээр тайлбарлагдах боломжтой.

Иймд хадгалах хугацаа дууссан таргийг буцааж таталгүйгээр худалдан борлуулахаар дэлгүүрийн лангуунд байршуулсан байсан нь тогтоогдсон энэ тохиолдолд хэдийгээр борлуулалт хийгдээгүй байсан ч хуульд заасан зөрчил хүлээлгэх факт тогтоогдсон байна.

2.Харин зөрчлийн хэрэг нээх хуульд заасан хугацааг прокурор хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, тухайлбал иргэн Т.Цэнд-Аюушаас гаргасан Номин дэлгүүрт хугацаа нь дууссан тараг зарж байна гэх мэдээллийг Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын Хяналтын шалгалтын хэлтсийн Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Н******* шалгаад 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үйлдвэрлэгдэж, 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусах хугацаатай Интоор нэрийн таргийг худалдаалаагүй гэсэн үндэслэлээр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мөн өдөрт нь аймгийн прокурорын газарт бүртгүүлсэн, хяналтын прокурор Д.Дэлгэрбаяр 12 дугаар сарын 4-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор дээрх тогтоолыг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээсэн, иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 4-т Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан, үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно гэж заасны дагуу прокурорын энэхүү тогтоол гарснаас хойш уг зүйлийн 1-д заасан зөрчлийн хэрэг бүртгэх 14 хоногийн хугацаа тоологдож эхлэхээр, харин прокурорын тухайд тогтоол гаргах хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс тооцож 6 хоног хэтрүүлсэн гэх давж заалдах гомдлын үндэслэл нь хуулийн ямар зохицуулалттай холбоотой болох нь тодорхойгүй байна.

Зөрчлийн хэрэг нээхтэй холбоотой Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэсэн зохицуулалт прокурорт бус улсын байцаагчид хамааралтай, өөрөөр хэлбэл прокуророос улсын байцаагчийн тогтоолыг хянах хугацааг үүгээр хязгаарлах боломжгүй, түүнчлэн прокурор тогтоолыг хүлээн авснаас хойш зөрчлийн хэрэг нээсэн 12 дугаар сарын 4-ны өдөр хүртэлх хугацааг хуульд зааснаар тооцоход ч ажлын 5 хоног хэтэрсэн гэж үзэхгүй, энэ талаар аймгийн прокурорын газарт гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзсан прокурорын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 82 дугаар тогтоолд тодорхой дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 115/ШШ2025/0010 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ   Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ  Э.ЛХАГВАСҮРЭН