| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2021/0033/З |
| Дугаар | 118/ШШ2021/0032 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 118/ШШ2021/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Л.*******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* сумын Засаг даргад холбогдох
******* сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09, Б/10 дугаартай захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч ******* сумын Засаг дарга Ч.*******, түүний өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* миний бие Завхан аймгийн ******* сумын үндсэн иргэн бөгөөд Завхан аймгийн ******* сумын Богдын гол багийн иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанд багийн Засаг даргад өрсөлдөж олонхийн санал авч Богдын гол багийн Засаг даргаар сумын Засаг даргад уламжлуулахаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор уламжлуулсан. Улмаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсэн заалтын дагуу Завхан аймгийн ******* сумын Засаг даргад хүргэгдсэн. Гэтэл ******* сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 тоот Ажлаас чөлөөлөх тухай захирамж гарган үүрэгт ажлаас маань хууль бусаар чөлөөлж, мөн өдрийн Б/10 тоот захирамжаар Богдын гол багийн Засаг даргын түр орлонгоор томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг зөрчиж багийн иргэдийн Нийтийн Хурал зарлагдаагүй, хуралдаан болоогүй, Засаг даргын сонгууль болоогүй, түүнд өрсөлдөөгүй, тогтоолоор уламжлагдаагүй, мөн 4 жилийн хугацаа дуусаагүй байхад чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь шинээр томилогдсон сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж томилж, чөлөөлдөг гэдгийг мэдсээр байж дэлхий нийтийн цар тахалын онцгой үед төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хадгалж төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж байгаа албан хаагчдаа тогтвортой ажиллуулахын оронд эсрэгээрээ түр томилох хууль зүйн нөхцөл байдал үүсээгүй байхад багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол шийдвэргүй чөлөөлж байгаа нь хууль бус юм. Ингэж хууль бус шийдвэрүүд гаргаж байгаа нь миний болон багийн нийт иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Үүний хор уршиг нь энэ цаг үеийн онцгой нөхцөл байдлын үед иргэдээс сонгогддог төрийн чиг үүргийг түргэн шуурхай хүргэж, багийн иргэн бүртээ тулж ажилладаг нийтийн албан тушаалтныг нэг ч иргэнээс асуулгүй түр орлон гүйцэтгэгчээр тавьж байгаа нь багийн иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, багийн иргэдийн өөрийн оршин суух багийн Засаг даргын сонгууль хийх, түүнд оролцох, сонгогдох, сонгох эрхэд халдаж байна. Миний бие багийн Засаг даргын үүрэгт ажил авахдаа хууль журмын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар сонгогдож Засаг даргад уламжлуулж, улмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сумын Засаг даргын захирамжаар томилогдсон. Миний бие ******* сумын Засаг даргын 2021 оны Б/09, Б/10 тоот захирамжуудыг хүчингүй болгуулахаар ******* сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан буюу Завхан аймгийн Засаг дарга Д.*******д хандсан боловч Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1/504 дүгээр албан бичгээр ******* сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09, Б/10 тоот захирамж үндэслэлгүй гэсэн хариу өгсөн гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* сумын Засаг дарга Ч.******* миний бие Богдын гол багийн иргэн Л.*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар Богдын гол багийн Засаг дарга Л.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/10 дугаартай захирамжаар Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэхүү захирамж нь доорх хууль зүйн үндэслэлтэй болно. Завхан аймгийн ******* сумын Богдын гол багийн Засаг дарга Л.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/01 дугаартай захирамжаар томилогдсон ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэж заасны дагуу 4 жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар Богдын гол багийн Засаг дарга Л.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/10 дугаартай захирамжаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах хүртэлх хугацаанд Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах боломжгүй байна. Л.*******г Богдын гол багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсноор үүрэгт ажлаа хийж байгаа бөгөөд цалин мөнгөнд ямар нэг өөрчлөлт ороогүй, эдийн засгийн хувьд хохирол учраагүй. Короновируст /Ковид-19/ цар тахлын тархалтын нөхцөл байдал намжсан үед хууль журмын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах болно. Миний гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэлийг тодорхой зааж өгсөн. Энэ нь хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гаргаж байгаа өргөдлийг хэлнэ гэж байгаа. Тэгэхээр Богдын гол багийн Засаг даргаар ажиллаж байсан Л.******* гэдэг хүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь түүний хуульд заасан эрх ашгийг зөрчөөгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний сонгогдох, төрийн албанд ажиллаж хөдөлмөрлөх эрх зөрчигдлөө гэж ярьж байгаа хэдий ч энэ нь хууль зүйн үр дагавраар илрээгүй байна. Сонгогдох эрх бол ямар нэг байдлаар сонгууль зарлагдахад түүний сонгогдох эрхийг хаасан тохиолдолд сонгогдох эрх зөрчигдлөө гэх асуудал яригдана. Мөн Богдын гол багийн иргэдийн Нийтийн Хурлаас цар тахалтай холбоотойгоор багийн иргэдийн Нийтийн Хурал хийх боломжгүй байгаа талаар ирүүлсэн албан бичгийг захирамждаа үндэслэсэн нь нэхэмжлэгчийн сонгогдох эрхийг хаагаагүй байна. Мөн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг багийн иргэдийн Нийтийн Хуралд сонгогдох эрх нь нээлттэй гэдгийг хэлсэн. Хэдийгээр нэхэмжлэгч өөрийнх нь сонгогдох эрх зөрчигдсөн гэж тайлбарлаад байгаа боловч бодит байдал дээр хууль зүйн үр дагавраар эрх нь зөрчигдсөн байдал харагдахгүй байна. Мөн төрийн албанд ажиллах эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт миний асуултад хариулахдаа 4 жил гаран багийн Засаг даргаар ажиллаж байна гэж хариулсан. Тэгэхээр багийн Засаг даргаар нэхэмжлэгч 4 жил гаран ажилласан байна. Одоог хүртэл ажиллаж байна. Үүнээс харахад төрийн албанд ажиллах эрхийг нь зөрчсөн зүйл харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл цалин хөлс нь буураагүй, өөр ажилд шилжүүлээгүй, багийн Засаг даргын ажлын байран дээрээ ажиллаж байна. Тийм учраас төрийн албанд ажиллах эрх нь зөрчигдсөн гэж үзэх боломжгүй байна. Мөн хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж байна. Хүн ажиллаж хөдөлмөрлөх эрхтэй. Гэхдээ нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснөөр түүнийг ажилгүй болгоогүй. Нэг өдөр, нэг цаг ч алдалгүйгээр тухайн ажлын байран дээр нь өмнөх цалин хөлсийг нь өгөөд ажиллуулж байгаа. Мөн бүрэн эрхийн хугацааг дуусаагүй байхад чөлөөлсөн гэж байна. Нийгмийн даатгалд нэхэмжлэгчийн ажилласан хугацаа 2017 оны 01 сараас түүнийг чөлөөлөгдөх хүртэл хугацаа бичигдэнэ. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь багийн Засаг даргаар 4 жил гаран ажилласан байна. Үргэлжлүүлэн ажиллуулж байна. Тэгэхээр энэ хүний ямар эрх ашиг зөрчигдөөд байгаа нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар Үндсэн хууль болон нэгжийн тухай хуульд бүрэн эрхийн хугацааг 4 жил байна гэж заасан. Үүний дагуу багийн Засаг даргаар 4 жил гаран ажиллачихаад эрх ашиг зөрчигдөөд байна гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Түр орлон гүйцэтгэгчээр анх томилогдсон хугацааг нь оруулахгүй 2017 оны 04 сараас эхлэн тоолсон ч өнөөдөр 2021 оны 04 сар гэхээр бүрэн эрхийн хугацаа угаасаа дууссан 4 жил гарангийн хугацаа өнгөрсөн байна. Мөн шүүгчийн асуултад хариулахдаа Б/10 тоот захирамж миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж тайлбарлаад байгаа нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөөд нэхэмжлэлийн шаардлагаа няцаагаад байна. Мөн түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоноор Засаг дарга хэзээ л бол хэзээ халах боломжтой болно гэсэн байдлаар ирээдүйд бий болох асуудлаар бид энд маргах, шүүх дүгнэлт хийх боломжгүй. Мөн нэхэмжлэгч нь багийн Засаг даргын ажлын байран дээрээ ажиллаж байгаа, цалин хөлсөө авч байгаа. Ийм байхад миний хууль ёсны эрх ашиг зөрчигдлөө гэж ярих, тайлбарлах боломжгүй байна. 4 жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч ******* сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр ... Ажлаас чөлөөлөх тухай, Б/10 дугаар ... Түр томилон ажиллуулах тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Завхан аймгийн ******* сумын Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б/09 дүгээр захирамж гаргаж Л.*******г Богдын гол багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрийн Б/10 дугаар захирамжаар Богдын гол багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч намайг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалт, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн багийн даргыг томилж, чөлөөлөх журмыг зөрчиж, бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас чөлөөлж, түр томилсон нь миний эрхэнд халдсан гэж, хариуцагч нь нэхэмжлэгч багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацааг түр томилогдсон хугацаанаас тоолж дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэдийн ... олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно , мөн хуулийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ..., баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох.... гэжээ.
Л.******* нь ******* сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн Б/01 дүгээр захирамжаар Богдын гол багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасан журмын дагуу ******* сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн захирамжаар Богдын гол багийн Засаг даргаар томилогдсон тул түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөр дуусгавар болохоор байсан байна.
Багийн Засаг даргыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохоос өмнө ажлаас чөлөөлөх зохицуулалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Багийн Засаг даргыг энэ хуулийн 32.1-д заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх..., 32 дугаар зүйлийн 32.1-д ... Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга ... түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэж заажээ.
Дээрхээс бусад тохиолдолд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Багийн Засаг даргыг чөлөөлөх ... асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр багийн Засаг даргыг чөлөөлөхөд тухайн нэгжийн иргэдийн Нийтийн Хурлаас бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлөхөөр ирүүлсэн саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр байна.
Хариуцагч ******* сумын Засаг дарга нэхэмжлэгчийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад нь чөлөөлж, Б/10 дугаар захирамжаар багийн Засаг даргаар түр томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28.4, 28.5-д заасан багийн Засаг даргыг томилж, чөлөөлөх журамд нийцээгүй байх ба дээрх хуулийн заалтад нийцүүлэн багийн Засаг даргыг томилж, чөлөөлөх нь хуульд нийцэхийг дурдах нь зүйтээ байна.
Хариуцагч ******* сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Богдын гол багийн Засаг даргыг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар бүрэн эрхийн хугацаа дуусаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын чөлөөлөх санал ирүүлээгүй байхад чөлөөлж, Б/10 дугаар захирамжаар түр томилсон нь хэдий буруу байх боловч хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх үед нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгчийг Богдын гол багийн Засаг даргаар түр томилсон байх тул түүний хөдөлмөрлөх, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.
Учир нь Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн иргэний эрхийг сэргээх ба захиргааны хууль бус шийдвэр болгоныг хянах, хүчингүй болгох үүрэг хүлээхгүй юм. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх субьектив эрхийн хяналтыг хэрэгжүүлдэг ба захиргааны шийдвэр хууль бус хэдий ч нэхэмжлэгчийн субьектив /өөрт хамаарах/ эрхийг зөрчөөгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгох обьектив /ерөнхий/ эрхийн хяналтыг хэрэгжүүлэхгүй, харин тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага, албан тушаалтан дотоод хяналтыг хэрэгжүүлдэг болохыг дурдах нь зүйтээ байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Засаг дарга, ... Хурлын төлөөлөгчийг ажлаас чөлөөлөх .... тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэх заалтын дагуу Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Л.*******г Богдын гол багийн Засаг даргын ажлаас чөлөөлөхдөө 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн[1] /санал солилцсон/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтээ байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******гийн ******* сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09, Б/10 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР
[1] Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 6 сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолд заасны дагуу санал солилцох гэсэн утгаар ойлгож хэрэглэнэ.