Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,                                                                                                                                         

Шүүгдэгч Б.Оргил, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв /ҮД:0762/, шүүгдэгч П.Энхтөр, Г.Тэмүүлэн, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0277/, шүүгдэгч Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дүүрэн овогт Бат-Эрдэнийн Оргил, Шааг овогт Гангэрэлийн Тэмүүлэн, Алдар овогт Пүрэвхадын Энхтөр, Боржигин овогт Батсүхийн Батбаатар, Хануурч овогт Өлзийсайханы Одгэрэл нарт холбогдох эрүүгийн 201525022137 дугаар хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Наран хороолол, 14 дүгээр байр 48 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дүүрэн овгийн Бат-Эрдэнийн Оргил /РД:УЮ88060614/,

 

  1. Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт Багануур дүүрэг 5 дугаар хороо, Их гүний 6 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Шааг овгийн Гангэрэлийн Тэмүүлэн, /РД:УЮ89042018/,
  2. Монгол Улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт, Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Наран хорооллын 18-52 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, Монелийн 11-181 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Алдар овгийн Пүрэвхадын Энхтөр, /РД:УЮ89042311/,

4. Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар баг Хайрхан гэх газарт оршин суух хаягын бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон нуурын 511-01; тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овгийн Батсүхийн Батбаатар, /РД:НС85041897/,

 

          5. Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн
Баянцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд
боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Зуунмод сум, 2 дугаар баг, Ланс 12 дугаар гудамж 9 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 17-27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Хануурч овгийн Өлзийсайханы Одгэрэл, /РД:НЗ85092671/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Оргил нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Ө.Одгэрэлийн бие махбодид хүндэвтэр гэмтэл,

 

Шүүгдэгч П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Оргил нар нь согтуугаар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа Б.Батбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл,

 

Шүүгдэгч Б.Батбаатар, Ө.Одгэрэл нар нь согтуугаар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Б.Оргилын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүгдэгч Б.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэх зүйлгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн гэв.

 

             Шүүгдэгч Б.Батбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 10 дугаар сарын 18-ны шенө би найз Одгэрэлтэй хамт гэрээсээ буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоноос гараад Одгэрэлийн гэр рүү алхаад явж байхад байрны урд талд дөрвөн залуу, 2 эмэгтэй зогсож байсан. Тэгсэн чинь нэг залуу нь "хөөе нааш ир" гэж дуудахаар нь манай найз Одгэрэл “яасан хөгшөөн" гээд очтол шууд Оргил гэх өндөр залуу үгийн зөрүүгүй цохисон. Тэгтэл Одгэрэл доош тонгойгоод суусан. Тэгэхээр нь би "хөөе яаж байгаа юм бэ" гэж хэлээд очтол миний өмнөөс туранхай Энхтөр гэх залуу ирээд чамд ямар хамаатай юм гээд баруун гараараа миний зүүн шаан тус газар нэг удаа цохисон. Тэгсэн чинь махлаг Тэмүүлэн гэх залуу нь надтай зууралдаад, Энхтөр нь миний хажуугаас нүүр рүү гараараа олон удаа цохисон. Тэр хоёр намайг чирч замын урд хэсэгт гаргасан. Оргил Эрдэнэсайхан хоёр Одгэрэлтэй хамт үлдсэн. Намайг Энхтөр, Тэмүүлэн хоёр нийлээд зодсон...би өвдгөөрөө газар суухад Энхтөр гэх залуу миний нүүр рүү өшиглөхөд нүдэнд гал бутраад хамраас маш их цус гарсан...тэгээд сүүлд дөрвүүлээ зодсон...намайг болон Одгэрэлийг зодсон залуучуудыг харвал танина..." гэх мэдүүлэг /1 хх 119-120 дугаар хуудас/,

 

             Хохирогч Б.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Намайг намхан бор Тэмүүлэн гэх залуу нүүр рүү цохиж гэмтэл учруулсан. Миний хамрыг туранхай намхан Энхтөр гэх залуу намайг тонгойх үед өшиглөж гэмтэл учруулсан. Дух эрүүнд зулгаралт, уруулын дотор талд цус хуралт зэргийг Энхтөр учруулсан. Хамрын хугарлыг эмчлүүлээгүй байгаа. Шөнө унтаж байхад хамар битүүрч амьсгаа давчдаж байгаа. Шууд учирсан хохирол 200.000 төгрөг болсон…” гэсэн мэдүүлгээр /хх 19-20, 119-120, 225 дугаар хуудас/

 

             Шүүгдэгч Ө.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэх зүйлгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн гэв.

 

Шүүгдэгч Ө.Одгэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн үед би найз Батбаатарын гэрээс гараад Батбаатар бид 2 манай гэр рүү явж байсан. Тэгээд Батбаатарын гэр болох Хангай хотхоны 11 дүгээр байрны орцноос гараад явтал 4 залуу, 2 эмэгтэй зогсож байсан. Тэгтэл тэд нарын нэг өндөр залуу нь намайг "хөөе нааш ир" гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр очтол тэр өндөр залуу нь шууд хүрч ирээд үгийн зөрүүгүй нүүр рүү цохиод авсан. Тэгэхэд Батбаатар намайг ардаа хийгээд "та нар яаж байгаан зүгээр байгаа хүнийг" гэхэд тэр залуучууд дөрвүүлээ хүрч ирээд "яадгийн та нарыг" гэж хэлээд бид хоёрыг хоёр хоёроороо нэг нэгээр нь салгаад замын наана цаана аваачаад зодсон. Намайг тэр залуучуудын Оргил гээд өндөр залуу, бас нэг өндөр махлаг залуу хоёр зодсон...Батбаатарыг Энхтөр, Тэмүүлэн нар замын урд гаргаад зодсон. Энэ үед Оргил болон махлаг өндөр биетэй Эрдэнэсайхан гэх залуу намайг зодсон...Эрдэнэсайхан нь намайг цохих гэхээр нь би болиулах гээд түлхэж байхад Оргил ирээд миний баруун гарын сарвуу руу өшиглөсөн...намайг Батбаатарын гэр рүү ороод гараад ирэхэд Батбаатарыг нөгөө зодоон болсон газар дөрвүүлээ нийлээд зодож байсан...намайг болон Батбаатарыг зодсон залуучуудыг харвал шууд танина..." гэх мэдүүлэг /1 хх 22-23, 117-118 дугаар хуудас/,

 

Хохирогч Ө.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”…Яг зодолдож байх үед Оргил гэх өндөр залуу миний гар руу өшиглөж миний хурууг хугалсан. Тэгээд нүүр рүү цохисон. Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Баруун чигчий хуруу муруйж эдгэсэн. Хэвийн болгохын тулд мэс засалд орох хэрэгтэй гэж эмч зөвлөсөн. Би Чех улсад ажил хийхээр яваад хугарсан хуруунаасаа болоод буцаад ирсэн. Миний айфоне загварын гар утасны нүүр, арын тагийг хагалсан тул 70.000 төгрөгийг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлгээр /хх 22-23, 117-118, 224 дүгээр хуудас/,

 

             Шүүгдэгч Б.Оргил шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэх зүйлгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн гэв.

 

             Шүүгдэгч Б.Оргил мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 10 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед найз Азжаргалын байрны найранд очсон. Найранд манай найзууд болох Эрдэнэсайхан, Энэрэл, Энхтөр, Тэмүүлэн, Ихболд, Цэнд-аюуш нарын хамт байсан. Тэгээд найр дуусаад шөнийн 03 цагийн үед тэдний гэрээс гараад Хангай хотхоны урд талд явж байхад Эрдэнэсайхан архи уучихсан машинаа барьж явна гээд байхаар нь би болиулсан. Тэгтэл Эрдэнэсайханы эхнэр түрүүлээд яваад өгсөн. Тэгэхэд нь Эрдэнэсайхан араас нь явсан. Тэгэхэд нь би Эрдэнэсайханыг араас нь "хүлээж бай, хаачих гэж байгаа юм бэ" гэтэл хоёр үл таних залуучууд явж таараад "юу гэнээ, чи намайг дуудаад байгаа юм уу, яасан бэ" гээд зогссон. Тэгэхээр нь би "найзыгаа дуудсан, та хоёрыг дуудаагүй" гээд үл ойлголцож эхэлсэн. Тэр үед араас манай найзууд болох Тэмүүлэн, Энхтөр, Цэнд-Аюуш нар гарч ирсэн. Тэгээд манай найзуудын нэг нь "юу болоод байгаан юм бэ" гээд хүрээд ирсэн. Би Одгэрэлийн нүүр рүү цохиогүй. Миний цохиогүй гэдгийг хамт явсан Тэмүүлэн, Энхтөр нар мэдэж байгаа.." гэсэн мэдүүлгээр /1 хх 25, 116 дугаар хуудас/,

             Хохирогч Б.Оргил шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би Батбаатартай маргалдаад зогсож байхад Одгэрэл ирж баруун гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Батбаатар зүүн хөлөөрөө миний баруун хөлийг хавирахад би баруун тийш унахдаа Батбаатартай зууралдсан чигээрээ унаж өвдөг тахим гэмтээд хагалгаанд орсон. Зүүн өвдөг нугарахгүй байгаа оёог нь саяхан авхуулсан. Их хүндүүртэй, зовиуртай байна. Шарлага хийлгэж байгаа гэсэн мэдүүлгээр /1 хх 115-116 дугаар хуудас/,

 

             Шүүгдэгч Г.Тэмүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэх зүйлгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн гэв.

             Шүүгдэгч Г.Тэмүүлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…намайг гарч ирэхэд Оргил Батбаатар гэх залуутай зодолдож байхаар нь холдуулж татаж байгаад Батбаататрыг нүүрэн тус газар нь гараараа цохиж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед нилээн согтуу байсан учраас эрчиндээ газар унасан. Босож ирээд Батбаатартай дахин ноцолдсон…” гэсэн мэдүүлгээр /1 хх 55-56, 151-152 дугаар хуудас/

 

             Шүүгдэгч П.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа учраас нэмж мэдүүлэх зүйлгүй мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн гэв.

             Шүүгдэгч П.Энхтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө найзынхаа байрны найранд очоод гарч явахад найз Оргил хүмүүстэй маргалдаад хоёр залууд зодуулж байсан. Тэгээд би очоод тэднийг салгасан. Тэр хоёр залуугийн өндөр нь намайг заамдаж авахад би түүнийг заамдсан. Тэгээд бид хоёр барилцаад зогсож байхад эхнэр нь хажуунаас маажаад байсан. Тэгээд салцгаагаад цагдаа ирсэн. Цагдаа нар ирээд нулимс асгаруулагч цацсан. Би бага зэргийн согтолттой байсан. Оргил хөлөндөө гэмтэл авч байгаагүй. Батбаатартай би зодолдоогүй. Батбаатарыг Тэмүүлэн татаж байгаад нүүрэн тус газар нь цохиж гэмтэл учруулсан…” гэсэн мэдүүлгээр /1 хх 60-61, 147-149 дүгээр хуудас /,

            

             Гэрч К.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Унтаж байтал ойролцоогоор 20-30 минутын дараа хаалга тогшоод Энхцэцэг хаалга онгойлгож өгсөн. Тэгсэн манай нөхөр орж ирээд "та хоёр хурдан гараад ир" гэж хэлээд буцаж өөрөө гарч гүйсэн. Энхцэцэг бид хоёр хувцасаа өмсөөд араас нь гадаа гартал урд талд машины замын ойролцоогоор 4 эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн байсан. Батбаатарыг 4 залуу нь зодож байсан. Батбаатараас нөгөө залуучуудыг салгах гэхэд манай нөхрийн баруун гар нь хавдчихсан хөдөлж болохгүй өвдөөд байна гээд байсан. Нөхрийнхөө утсаар цагдаад дуудлага өгөх гэхэд утасных нь дэлгэц нь цуураад хагарчихсан мэдрэхгүй байсан. Тэгээд Батбаатарын утсыг аваад би 102-т дуудлага өгсөн. Удалгүй машинтай 2 цагдаа ирээд шаардлага тавихад нөгөө залуучууд дийлдэхгүй Энхцэцэг бид хоёрыг хэл амаар доромжлоод Батбаатар манай нөхөр хоёрыг хоёр тийш нь салгаж зодоод байсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 121-123 дугаар хуудас/,

 

              Гэрч Э.Энхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Одгэрэл орж ирээд "та хоёр хурдан гараад ир" гэж хэлээд буцаж өөрөө гараад явсан. Энхжаргал бид хоёр хувцасаа өмсөөд араас нь гадаа гартал байрны урд талд машины зам дээр ойролцоогоор 4 эрэгтэй хүн, нэг эмэгтэй хүн байсан. Батбаатарыг 4 залуу нь зодож байсан. Батбаатараас нөгөө залуучуудыг салгах гэхээр дийлдэхгүй Энхжаргал бид хоёрыг янхан, гичий зайл гэж хэл амаар доромжлоод байсан. Одгэрэл мөн тэр залуучуудаас Батбаатарыг салгах гээд дийлдэхгүй байсан. Манай нөхрийн хамар амнаас маш их цус гарч өмсөж явсан хувцас нь нил цус болсон байсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-126 дугаар хуудас/

 

       Гэрч Б.Азжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед манай Багануур 10-н жилийн ангийн хүүхдүүд болох Оргил, Энхтөр, Эрдэнэсайхан, Тэмүүлэн, Чинбат, Цэнд-аюуш нар ирсэн.  Шөнө 02 цагийн үед манай ангийнхан тийм их согтоогүй гарцгаасан... тэгээд маргааш нь Оргил над руу яриад "Өчигдөр танайхаас гарч яваад хүмүүстэй маргалдаж зодоон болж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байна. Ирээд батлан даалтанд аваач гэхээр нь явж очоод батлан даалтанд авсан. Юу болсон талаар асуухад Оргил. Тэмүүлэн хоёр манайхаас гарч явж байгаад хоёр залуутай муудалцаал зодолдсон гэж ярьсан ..." гэсэн мэдүүлгээр /1 хх 127-128 дугаар хуудас/,

 

       Гэрч М.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Эрдэнэсайхан бид нараас түрүүлж гараад машинаа унаж явна гээд хойшоо явахаар нь "архи уучаад, яах гээд байгаан юм бэ" гээд араас нь "хөөе" гэж орилоход хажууд явж байсан 2 залуу яасан гээд тэнд байсан Оргил, Энхтөр, Тэмүүлэн, Гүррагчаа нартай маргалдсан. Би тэд нарыг болиулах гээд үнэхээр дийлэхгүй байсан. Нөгөө хоёр залуугийн намхан залууг нь арай гэж холдуулаад наанаа зогсож байгаарай битгий маргалдаарай гээд нөгөө хэд дээр очиход хоорондоо зууралдаад зодолдсон байсан. Би дахиж салгах гээд дийлдэхгүй байсан. Гэтэл нөгөө намхан залуу цаанаас дахиж ирээд нөгөө хэдтэй зодолдсон... Тэмүүлэн намхан залуугийн нүүр лүү нь гараараа цохиж байсан. Дараа нь харахад намхан залуугийн ам хамарнаас нь нилээн их цус гарчихсан байсан. Нэг харахад намхан залуу нь Оргилыг газар унагаж байгаад дээрээс нь цохиж байгаа харагдсан. Өндөр залуу болоод тэр хоёрын эхнэр нь хоёр хүүхэн бас байсан...Оргил ер нь тэгээд босоогүй хөл эвгүй болчихлоо босч чадахгүй гээд байсан..." гэх мэдүүлэг /1 хх 130-132 дугаар хуудас/

 

              Гэрч М.Одбаярын "...2015 оны 10 дугаар сарын 17-ноос 18-ндшилжих шөне
би Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны эмчийн
үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 03 цагийн үед санагдаж байна 7-8 залуучууд хоорондоо
зодолдсон гэж ахмад Зориг, эргүүлийн цагдаа Нэргүй хоёр авчирсан... Оргил гэх
өндөр залуу байсан. Тэр залуугийн даралт, амьсгал хэвийн байсан. Гэхдээ зүүн
хөлийн өвдгөнд гэмтэл авсан өвдөөд байна гэхээр нь гадна талаас дарахад
эмзэглэлтэй, доголж яваад байхаар нь 103-т дуудлага өгч үзүүлэхэд гаднаас
хараад тодорхой зүйл мэдэгдэхгүй байна. Амь насанд аюулгүй учраас саатуулж
болно гэж хэлсний дагуу саатуулсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 227-228 дугаар хуудас/

              Гэрч Э.Зоригт мөрдөн байцаатанд мэдүүлэхдээ: "...Би шөнө ахлагч Отгонбаярын хамт эргүүлийн автомашинтай үүрэг гүйцэтгэж байхад шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар жижүүрээс "Сүхбаатар дүүргийн 11 хороо, Хангай хотхоны 507 дугаар байрны баруун талд зодолдоод байна" гэх дуудлага өгсний дагуу хэргийн газар очиход 2 хүүхэн, 6 залуу хоорондоо маргалдсан, зууралдсан, зодолдсон байдалтай байсан. Очиж салгахад дахин хоорондоо барьцалдаж зодолдоод байсан. Ингээд цагдаа бид 2 хүчрэхгүй байсан учраас нэмэлт хүч дуудсан..." гэх мэдүүлэг /1 хх-ийн 229-230 дугаар хуудас/

 

                Гэрч Т.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Би шөнө ахмад Зоригтийн хамт үүрэг гүйцэтгэж байхад шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрээс "Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 507 дугаар байрны урд хүмүүс зодолдоод байна гэсний дагуу очиход 2 хүүхэн, 6 залуу хоорондоо маргалдсан, зууралдсан, зодолдсон байдалтай зогсож байсан. Тэгээд дийлдэхгүй болохоор нь би албанаас өгсөн газ гаргаж ирээд тэд нараас нилээн зайтай салхины дээд талд бага зэрэг цацахад нөгөө залуучууд салцгааж тарсан...намайг очиход зодуулсан гэх залуугын  ам хамарнаас нь цус гарсан байсан...Зодсон гэх өндөр залуу нилээн согтуу машины наана цаана гуйваад яваад байсан..." гэсэн мэдүүлгээр /1 хх-ийн 231-232 дугаар хуудас/

 

Гэрч Д.Батчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би тэр шөнө БЭЛХ 113 чиглэл Сүхбаатар дүүргийн 14, 15 дугаар хороонд машинтай эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад шөнө 03 цагийн үед БЭЛХ-10 буюу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрээс станцаар "Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны 507 дугаар байрны гадаа хүмүүс зодолдоод БЭЛХ-111 очоод дийлэхгүй байна гэсний дагуу очиход БЭЛХ-111-ийн ахмад Зоригт, цагдаа Отгонбаяр нар байсан. Би цагдаагийн хамт очиход 2 хүүхэн, 6 залуу байсан, 2 залуу нь зодуулсан гээд нэг залуугийн хамар амнаас нь цус гарсан байдалтай залуучууд хоорондоо маргалдаад байсан. Миний машинд хамт явсан гэх 4 залууг суулгаад нөгөө машинд 2 залууг суулгаж 100-н айл дах цагдаагийн дэд хэсэг буюу БЭЛХ-30 кабонд хүргэж тэмдэглэл хөтөлж байхад өндөр залуу нь хөл эвгүй болчихлоо гээд, зодуулсан гэх залуугийн нэг нь гар эвгүй болчихлоо гээд байсан..." гэсэн мэдүүлгээр /1 хх 233-234 дүгээр хуудас/,

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹15138:

                1. Б.Оргилын биед баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хүзүүний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэжээ /1 хх-ийн 28 дугаар хуудас/

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹1333:

                1. Б.Оргилын биед зүүн өвдөгний урд чагтан холбоосын бүрэн урагдал, чагтан холбоосыг нөхөж оёсон мэс ажилбар /2015.11.19/, зүүн өвдөгний дунд менискийн хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хүзүүний зулгаралт, зүүн бугалганы цус хуралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

                2. Дээрх гэмтэл нь 2015.10.18-нд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэжээ /1 хх 29-30 дугаар хуудас/

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹15001:

1. Ө.Одгэрэлийн биед баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны хугарал, доод уруулд зөөлөн эдийн няцрал, дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /1 хх 41 дүгээр хуудас/

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн дүгнэлт ¹15002:

1. Б.Батбаатарын биед хамар ясны хугарал, дух, эрүүнд зулгаралт, доод дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндииг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэжээ /1 хх-ийн 39 дүгээр хуудас/

 

Шинжээч Б.Долгормаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Б.Оргилыг үзэхэд зүүн өвдөгний дотор хэсэг бага зэрэг хавдартай байсан. Хөхөрсөн зулгарсан зүйлгүй хавдартай байсан. Уг гэмтэл нь тухайн хэргийн улмаас болсон. 2015 оны 10 дугаар сарын 18-нд үүссэн байх боломжтой. Мөн Б.Оргилын биед учирсан гэмтлүүд нь шинэ буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой юм. Өвдөглөж унах үед үүсэхгүй. Өвдөгний гадна болон дотор талаас зэрэг дарах буюу эвгүй байдалтай хөшигдөх давхаралдан унах үед үүснэ. Гадна гэмтэл буюу шарх, зулгарах хөхрөхгүйгээр хавдах, хаван зэрэг шинж тэмдэгээр илэрч үүсч болно..." гэсэн мэдүүлгээр /1 хх-ийн 133 дугаар хуудас/

 

П.Энхтөрийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 62/, ял шийтгэл шалгасан хуудас /1 хх 63/, Б.Оргилийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 66/, ял шийтгэл шалгасан хуудас /1 хх 67/, Г.Тэмүүлэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 68/, ял шийтгэл шалгасан хуудас /1 хх 69/, Ө.Одгэрэлийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 70/, ял шийтгэл шалгасан хуудас /1 хх 71/, Б.Батбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 73/, ял шийтгэл шалгасан хуудас /1 хх 74/, эмчилгээний зардал /1 хх 216/, хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл гэрэл зургууд /1 хх 219-222/, Б.Оргилын өвчиний түүх /1 хх 190-199/, Б.Оргил, П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Ө.Одгэрэл, Б.Батбаатар нарын сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

 Шүүгдэгч Б.Оргил нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин тодорхой шалтгаангүйгээр үл таних иргэн Ө.Одгэрэл, Б.Батбаатар нарыг дуудаж үг яриа өдөөж, зүй бус харьцан маргаан үүсгэж улмаар Ө.Одгэрэлийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Оргил нар согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Б.Оргил нь иргэн Ө.Одгэрэл, Б.Батбаатарын нарыг дуудаж үг яриа өдөөж, зүй бус харьцаж маргаан үүсгэж улмаар харилцан зодооныг эхлүүлэн П.Энхтөр, Г.Тэмүүлэн нар нь үйлдлээрээ идэвхийлэн дэмжиж иргэн Б.Батбаатарыг шүүгдэгч П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Оргил нар бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Шүүгдэгч Б.Батбаатар, Ө.Одгэрэл нар нь согтуугаар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны урд талын зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин тодорхой шалтгаангүйгээр иргэн Б.Оргилыг дуудсаны дагуу очиж үг сөргүүлэн хэрүүл маргааныг үргэлжлүүлж, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ө.Одгэрэл, Б.Батбаатар, Б.Оргил нарын мэдүүлэг, гэрч К.Энхжаргал, Э.Энхцэцэг, Б.Азжаргал, М.Цэнд-Аюуш, М.Одбаяр, Э.Зоригт, Т.Отгонбаяр, Д.Батчулуун нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹15138, ¹1333, ¹15001, ¹15002 дугаартай актууд, шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Тус гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь 2015 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн орчим шүүгдэгч нар согтуурч сэтгэл хөөрлийн үедээ Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарыг шалтгаангүйгээр Б.Оргил нь дуудаж хоорондоо үг сөргөлдөн маргааныг үүсгэж улмаар хоорондоо харилцан зодолдож, П.Энхтөр, Г.Тэмүүлэн нар үйлдлээрээ зодоонд идэвхитэй оролцон олон нийтийн газар эмх замбараагүй байдлыг удтал үргэлжлүүлэн цагдаагийн албан хаагчдаас тэрхүү гэмт үйлдэлд нэмэлт хүч дуудсаны үндсэн дээр таслан зогсоосон байх ба үүний улмаас хохирогч Б.Батбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл, хохирогч Ө.Одгэрэл, Б.Оргил нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учирчээ.     

Иймд шүүгдэгч Б.Оргил, П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Оргил, П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарт ял оногдуулахдаа тэдгээрийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн болон тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Оргил, П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дүүрэн овогт Бат-Эрдэнийн Оргил, Шааг овогт Гангэрэлийн Тэмүүлэн, Алдар овогт Пүрэвхадын Энхтөр нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан

 Боржигин овогт Батсүхийн Батбаатар, Хануурч овогт Өлзийсайханы Одгэрэл нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилыг 3 /гурван/ жил 3 /гурван/ сарын хугацагаар хорих ялаар, шүүгдэгч П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарыг 3 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргил, П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Оргил, П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Оргилд оногдуулсан 3 /гурван/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарт тус тус оногдуулсан 3 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдгээрийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээдүүд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оргил, П.Энхтөр, Г.Тэмүүлэн, Б.Батбаатар, Ө.Одгэрэл нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН