| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00376/И |
| Дугаар | 00394 |
| Огноо | 2019-08-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 00394
| 2019 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2019/00394 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Тахилт баг, 09-02 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Айрагийнхан овогт С-ийн Мийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч С.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.М нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1961 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт Сэрвэдийн 2 дахь хүү болон төрсөн. 1969 онд Манхан сумын 8 жилийн сургуульд элсэн суралцаж 1977 онд аймгийн төвд 10 жилийн 1 дүгээр сургуульд 8 дугаар ангийг төгссөн. 1977 онд аймгийн улсыг батлан хамгаалах туслах нийгэмлэгийн жолооны курст суралцаж төгсөөд 1979 оноос 1982 онд цэргийн албыг Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 132 дугаар ангид алба хаасан. 1982 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс Аймгийн бөөний бараа баазад бараа ачигчаар ажилд орсон 1985 оны 6 дугаар сард өөр ажилд орсон. Энэ хугацааны ажлын тушаал хөдөлмөрийн дэвтэр зөрүүтэй бичигдсэн байгаа тул ажиллаж байдлыг тотоолгох шаардлагатай байна. Иймд С.М намайг Ховд аймгийн бараа баазад 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.М нь 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бөөний бараа баазад ачигчаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч С.М нь 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бөөний бараа баазад ачигчаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 694 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазын даргын 1983 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай ажилд томилох тухай тушаал, Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын бөөний бараа баазын даргын 1985 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлах хамгаалахын төв архивын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 4928 дугаартай хугацаат цэргийн алба хаасны хугацааны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 1983 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1996 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нээлгэсэн 290559 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 126/002357 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 126/002356 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Гэрч Т.Цэмбэлцогтын ... Би 1982 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Бөөний бараа баазад ачигчаар ажилд орж 1997 оны 10 дугаар сарыг хүртэл ажилласан. С.М нь 1982 оны 11 дүгээр сард манай Ховд аймгийн Бөөний бараа баазад ачигчаар ажилд орж 1985 оны 06 дугаар сарыг хүртэл ажилласан. Ховд аймгийн Бөөний бараа бааз 1997 онд тарсан. Бид хамтдаа нэг газарт олон жил ажиллаж байсан хүний хувьд С.Мийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх мэдүүлэг,
Иргэн Д.Юнгэрмаагийн ...Миний бие С.Мтой 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бөөний бараа баазад хамтдаа ажиллаж байсан нь үнэн болно... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Мийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Айрагийнхан овогт Сэрвэдийн Мийг 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд аймгийн бөөний бараа баазад ачигчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар С.Мийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ