| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0021/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/21 |
| Огноо | 2023-04-18 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2224000490019 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом сумд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Биологийн багш мэргэжилтэй, Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт байгаль орчны хяналтын улсын байцаагч ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жинс багийн Элит 25 айлын орон сууц 21 тоотод оршин суух хаягтай, ******* регистрийн дугаартай *******.
Холбогдсон хэргийн талаар: ******* нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн “shine smile” гэх фэйсбүүк хаягаас “Завхан аймгийн нэгдсэн групп”, “Эрдэнэхайрхан сумын нэгдсэн групп” гэх цахим хуудсанд “Янхны мөнгөөр амьдрагсад” гэх бичвэртэй гэрэл зураг бүхий мэдээлэл тавьж, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өөрийн “shine smile” гэх фэйсбүүк хаягаас “Завхан аймгийн нэгдсэн групп”, “Эрдэнэхайрхан сумын нэгдсэн групп” гэх цахим хуудсанд “Янхны мөнгөөр амьдрагсад” гэх нэртэй гэрэл зураг бүхий мэдээлэл тавьж, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэргийн үйл баримт нь:
Хохирогч *******: “...2022 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад миний төрсөн эгч болох Байгальмаа миний утас руу залгаад Фэйсбүүк дээр “Shine smile” гэсэн хаягтай хүн манай гэр бүл, аав, ээж, нагац эгчийн зургуудыг бүгдийг нь “янхны мөнгөөр амьдрагсад” гээд пост хийчихсэн байна энэ юу болоод байгаа юм бэ гэж асуусан. Тэгээд би Фэйсбүүк рүү ороод харсан гэр бүл, аав, ээж, нарын зургуудыг фэйсбүүк дээр оруулчихсан байсан. Би энэ тухай өөрийн ээж Эрдэнэбилэгт хэлэхэд ээж надад Дөрвөлжингийн засаг дарга Батболдын эхнэр Нарангэрэл тэгж оруулсан байх өмнө нь 2, 3 жилийн өмнө чиний зургийг үеэл дүү Удвалын хамт авхуулсан зургийг чинь тавьж байсан гэж хэлсэн. Тэгээд манай ээж Нарангэрэл гэх хүний 88104482 дугаарын утас руу залгаад чи яах гээд манай гэр бүл хамаатан садны хүмүүсийн зургийг тавиад байгаа юм энэ зургуудаа устга гэж хэлтэл Нарангэрэл гэх хүн нь ээжийн өмнөөс “би та нарын зургийг өдөр болгон тавина” гэж хэлж байх нь сонсогдсон юм. Манай нагац нар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын хүмүүс байдаг юм. Тэгсэн тэр хэдийн зургийг хүртэл Эрдэнэхайрхан сумын нэгдсэн групп дээр доромжилсон утгатай пост оруулсан байсан. Тэгээд бид хэд Эрдэнэхайрхан сумын нэгдсэн группийн админыг нь олоод тухайн оруулсан гэх постыг нь устгуулсан юм. Би Батболд, Нарангэрэл нарыг танихгүй өмнө харж байгаагүй. Одоогоос 2 жилийн өмнө би өөрийн үеэл дүү Удвалын хамт авхуулсан зургийг фэйсбүүк дээр “янхан” гэсэн утгатай үг бичээд пост оруулсан байсан тэгээд би энэ талаар асууж сураглахад үеэл дүү болох Удвал нь одоо Дөрвөлжин сумын засаг дарга хийж байгаа Батболдтой нэр холбогдсон. Тэгээд Батболд гэх хүний эхнэр болох Нарангэрэл нь тухайн постыг оруулсан байх гэж надад хүмүүс хэлж байсан юм. Тухайн үед нь би группийнх нь Админыг нь олж устгуулж байсан. Тэр үед би цагдаагийн байгууллагад хандаагүй тэгтэл тухайн хүн дахин пост оруулж доромжилж байна. Миний аав Төрбат, ээж Эрдэнэбилэг, нагац эгч Саранбаяр болон миний зургууд байсан. Завхан аймгийн нэгдсэн групп болон Эрдэнэхайрхан сумын нэгдсэн групп гэсэн хоёр фэйсбүүк групп дээр оруулсан байсан. Одоо энэ постууд байхгүй би тухайн оруулсан өдөр нь группийн админыг олж байгаад устгуулсан юм. Би гэр бүл болон хамаатан садан хүмүүсийн нэр төрийг сэргээлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 17/,
Хохирогч *******: “...2022 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад миний төрсөн охин Байгальмаа миний төрсөн охин Гэрэлмаагийн утас руу залгаад Фэйсбүүк дээр “Shine smile” гэсэн хаягтай хүн манай гэр бүл, аав, ээж, нагац нарын зурагнуудыг бүгдийг нь янхны мөнгөөр амьдрагдсан гээд пост хийчихсэн байна, энэ юу болоод байгаа юм бэ гэж залгаж асуусан юм. Тэгээд би охин Гэрэлмаагийн хамт фэйсбүүк рүү ороод харсан гэр бүл, үр хүүхэд, хамаатан садны хүмүүсийн зургуудыг фэйсбүүк дээр оруулчихсан байсан. Тэгээд би охиндоо энэ Дөрвөлжингийн засаг дарга Батболдын эхнэр Нарангэрэл тэгж оруулсан байх өмнө нь 2,3 жилийн өмнө чиний Удвалтай хамт авхуулсан зургийг тавьж байсан, тэгэхээр Нарангэрэл гэх хүн фэйсбүүк дээр оруулсан байх гэж хэлсэн. Тэгээд би Нарангэрэл гэх хүний 88104482 дугаарын утас руу залгаад чи яах гээд манай гэр бүл хамаатан садны хүмүүсийн зургийг тавиад байгаа юм энэ зургуудаа устга гэж хэлэхэд яана аа тийм байна уу хэн тавьсан юм болдоо гэж хэлж байсан. Тэгэхээр нь чамаас өөр хэн ийм зургууд тавьдаг юм чи хаанаас энэ зургуудыг олоод тавьчихдаг юм гэхэд миний өмнөөс хаанаас ч олно шүү дээ би та нарын зургийг өдөр болгон тавина гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэгвэл танай гэр бүлийн зургийг чинь хүртэл фэйсбүүк дээр тавина шүү гэхэд Нарангэрэл гэх хүн тэг тэг тавьж болно өөрөө мэд гэж миний урдаас хэлсэн. Тэгээд би утсаа салгахад миний төрсөн охин Гэрэлмаа бас Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нэгдсэн групп дээр доромжилсон утгатай пост оруулсан байна гэж хэлж байсан. Тэгээд бид хэд Эрдэнэхайрхан сумын нэгдсэн группийн админыг нь олоод тухайн оруулсан постыг нь устгуулсан юм. Би гэр бүл болон хамаатан садан хүмүүсийн нэр төрийг сэргээлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 21/,
Хохирогч *******: “...Фэйсбүүк дээр манай гэр бүл болон хадам талын хүмүүсийн зургийг тавьчихсан байсан талаар би эхнэрээсээ мэдсэн юм. Би фэйсбүүк ер нь ордоггүй болохоор энэ талаар сүүлд мэдсэн хэдэн оны хэдэн сарын хэдэнд болсон талаар сайн мэдэхгүй байна. Манай эхнэрийн төрсөн дүү болох Саранбаярын хүүхэд Удвал гэх хүн нь Батболд гэх хүнтэй холбогдсон талаар мэдсэн юм. Тэгээд Батболд гэх хүний эхнэр нь манай эхнэр рүү залгаад хэлж байсан мөн фэйсбүүк дээр тавьсан гэж байсан. Тэгээд би Батболд гэх хүний эхнэртэй нь яриад хүний нэр хүндэд халдах хуультай байдаг юм шүү би хуулийн байгууллагад хандана шүү гэхэд тухайн эмэгтэй миний урдаас тэг хэл хэл гэж байсан. Олон нийтийн сүлжээнд нэр хүндэд халдсан явдалд гомдолтой байна. Манай гэр бүл мөн хадам дүү нар ямар ч хамаагүй байхад фэйсбүүкт нэр хүндэд халдсан байсан. Батболд гэх хүн болон Батболдын эхнэр хоёрын талаар мэдэхгүй танихгүй ямар асуудал гарсан талаар мэдэхгүй байхад хөндлөнгийн хүмүүсийн нэр хүндэд халдаж байгаа учир гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх 25/,
Хохирогч *******: “...2020 оноос хойш Батсүх овогтой Нарангэрэл гэх хүн нь миний төрсөн охин болох Удвалыг өөрийн нөхөр Батболд гэх хүнтэй хардаж сэрдсэнийхээ улмаас манай гэр бүлийг доромжилсон утгатай зүйлсийг бичиж цахим орчинд түгээдэг байсан юм аа. Би өөрийн охин болох Удвалтай ярилцаад хүнтэй хэрүүл битгий хий гээд facebook-ийн цахим хуудас хаягийн admin-тай нь ярилцаад Нарангэрэл гэх хүний оруулсан хүн доромжилсон пост болон сэтгэгдлүүдийг нь устгуулчихдаг байсан юм. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “Shine smile” гэх фэйсбүүк хаягаас манай гэр бүл, ах дүү хамаатан садны зургийг цахим хаягууд дээр байршуулаад янхны мөнгөөр амьдрагсад гэсэн утгатай пост оруулсан байсан юм. Энэ талаар миний төрсөн эгч болох нь олж мэдээд шууд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би тухайн үед мөн адил өөрийн охин болох Удвалтай ярилцаж байгаа ADMIN гэх хүнээс нь гуйж байгаад тухайн постыг устгуулсан юмаа. Одоо надад тэр оруулсан постынх нь зургийг хадгалж авсан зураг байгаа. ...2020 оноос хойш миний болон миний охин Удвалын зургийг цахим орчинд тавьж хэл амаар доромжилж байсан. Би яг хэзээ буюу хэдэн сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан 2020 оны 08 дугаар сард мөн адил цахим орчинд зураг тавьж хэл амаар доромжилж байсан. Тэгээд өөр хэзээ тавьсан гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан нэлээн хэдэн удаа цахим орчинд тавьж байсан. Над руу утсаар хэд хэд залгаж байсан. Утсаа аваад ярихаар муусайн гичийнүүд, янхнууд гээд үг хэлүүлэлгүй хэл амаар доромжилж байсан. Тэгээд би аргаа бараад *******ийн утасны дугаарыг блок хийж байсан. Миний нэр хүнд болон миний гэр бүлийн нэр хүнд унасан. Мөн намайг болон миний гэр бүлийг таньж мэддэг хүмүүс юу гэж бодож байгаа талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан нэр төрөө сэргээлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /хх 29/,
Гэрч : “...******* нь миний хууль ёсны эхнэр байгаа юм харин ээж Саранбаяр нь өмнө надтай хамт нэг байгууллагад ажилладаг байсан учир Л.Удвалыг таньдаг болсон. Би өмнө нь Л.Удвалтай гэр бүлээс гадуур уулздаг байсан минь үнэн. Би “shine smile” нэртэй фэйсбүүк хаягаас Завхан аймгийн нэгдсэн фэйсбүүк групп-д оруулсан постыг мэдэхгүй. Харин өнгөрсөн хавар санагдаж байна нэг танихгүй эмэгтэй хүн гар утсаар над руу яриад би танай эхнэрийг цагдаагийн байгууллагад өгнө учир нь танай эхнэр миний болоод манайхны зургийг фэйсбүүк групп-д байршуулж ах дүү нараар миний доромжиллоо гэж ярьсан. Би өмнө Л.Удвалтай гэр бүлээс гадуур уулздаг байсныг манай эхнэр ******* мэддэг...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,
Гэрч : “...2020 оноос хойш Батсүх овогтой Нарангэрэл гэх хүн нь намайг өөрийн нөхөр болох Батболд гэх хүнтэй хардаж сэрдсэнийхээ улмаас манай гэр бүлийг доромжилж хуурамч Facebook хаягаар янз бүрийн гүтгэлэг болон доромжилсон утгатай зүйлсийг бичиж цахим орчинд түгээдэг байсан юмаа. Би тухай бүрт нь хүнтэй хэрүүл маргаан үүсгээд яах вэ гээд facebook-ийн цахим хуудас хаягийн админтай ярилцаад Нарангэрэл гэх хүний оруулсан хүн доромжилсон утга агуулга бүхий пост болон сэтгэгдлүүдийг нь устгуулчихдаг байсан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “SHINE SMILE” гэх фэйсбүүк хаягаас манай гэр бүл ах дүү хамаатан садангийн зургийг фэйсбүүк цахим хаягууд дээр байршуулаад янхны мөнгөөр амьдрагсад гэсэн утгатай пост оруулсан байсан юм. Энэ талаар миний нагац эгч болох нь олж мэдээд шууд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Хамгийн сүүлд манай хамаатан садангийн хүмүүсийн зургийг “Shine Smile” гэсэн фэйсбүүк хаягнаас постлоод янхны мөнгөөр амьдрагсад гэж бичсэн байсан. ******* нь надтай утсаар холбогдож байсан. Шууд л ална тална гичий жингэр минь чамайг ална гэх мэтээр доромжилдог. Мөн мессеж бичиж хэл амаар доромжилдог. Цахим орчинд хэл амаар доромжилсон утгатай пост байнга оруулдаг...” гэсэн мэдүүлэг /хх 41/,
Гэрч : “...Тухайн мэдээллийг “Shine smile” нэртэй фэйсбүүк хаягаас 2022 оны 6 дугаар сарын үеэр хадам аав ******* гэр бүл болон миний зураг мөн эхнэр Байгалмаа, хүү Санчирболд нарын зургийг ёс бус үг хэллэг ашиглаж фэйсбүүк орчинд тавьсан байна гээд манай эхнэр Байгалмаа тухайн үед тавигдсан мэдээллийн зургийг Screenshot хийж над руу явуулж байсан. Эхнэрийн явуулсан мэдээллийг уншихад янхны бөгсөөр амьдрагсад гэж бичиж фэйсбүүк орчинд зурагнуудыг тавьсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 44/,
Гэрч : “...Би тухайн үед Алдархаан сумын Аргалант багт ажилтай явж байсан юм. Тэгтэл манай эхнэр над руу утсаар залгаж яриад чиний болон Төрбат ахын гэр бүлийн зургийг фэйсбүүкт тавьчихсан байна гэхээр нь би өөрийн фэйсбүүк хаягаар ороод харахад миний зураг болон Төрбат ахын гэр бүлээрээ хамт авхуулсан эхнэр , охин Т.Гэрэлмаа, Т.Байгалмаа, хүргэн Т.Лхагвадорж зэрэг хүмүүсийн зургийг янхны мөнгөөр амьдрагсад гэж бичиж фэйсбүүкт тавьсан байсан. Тэр үед фэйсбүүкт “Shine smile” нэртэй хаягаас тавьсан байхаар нь би тэр хаяг руу нь чи наад зураг энэ тэрээ болиоч устгаач гээд чат бичиж байсан. Shine smile нэртэй фэйсбүүк хаягтай хүн нь ******* гэж хүн байсан. Дараа нь Б.Саранбаяр эгч надад зургийг фэйсбүүкт тавьсан хүн ******* байна шүү гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 47/,
Гэрч : “...Тухайн мэдээллийг “Shine smile” нэртэй фэйсбүүк хаягаас 2022 оны 5 дугаар сарын үеэр фэйсбүүкт оруулсан байсныг анх би харсан юм. Дараа нь би энэ тухай нөхөр болон аав, ээж дүү Гэрэлмаад хэлсэн...янхны бөгсөөр амьдрагсад гэж бичиж фэйсбүүк орчинд тарааж манай гэр бүлийн нэр хүндэд халдсан...” гэсэн мэдүүлэг /хх 50-51/, Завхан аймгийн зарын нэгдсэн групп, Эрдэнэхайрхан сумын нэгдсэн группэд тус тус байршуулсан “Янханы мөнгөөр амьдрагсад” гэсэн нэртэй гэрэл зургаар тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ийн: “...Тэгээд манай нөхөр Удвал гэх хүнтэй гэр бүлээс гадуурх харьцаа үүсгээд гэрт нь очиж хоноод ирэхгүй болохоор нь би 2022 оны 6 дугаар сарын орчим Завхан аймгийн Улиастай суманд байрлах өөрийн гэртээ өөрийнхөө гар утсаар цахим орчинд Удвалын ах дүү нарын зургийг нь оруулаад янхны мөнгөөр амьдрагсад гэсэн утгастай пост оруулсан. ...Би дээрх постыг Эрдэнэхайрхан сумын групп, Завхан аймгийн группд нэг нэг удаа оруулсан. Shine smile гэсэн нэртэй хаяг өөрөө нээгээд тэгээд тэр хаягаасаа нэг нэг удаа л оруулсан. Би уурын мунхгаас болж ийм зүйл хийчихлээ..” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримтыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Завхан аймгийн Улиастай суманд байрлах өөрийн гэртээ өөрийнхөө гар утсаар дээрх мэдээллийн Завхан аймгийн зарын нэгдсэн групп, Эрдэнэхайрхан сумын нэгдсэн группэд тус тус байршуулж цахимаар тараасан болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******ийн худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу гэмт хэрэг гарсан газар нь Завхан аймгийн Улиастай сумын Жинс багийн Элит 25 айлын орон сууц 21 тоот болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэхээр байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэрэг нь Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй буюу хэргийн байдлыг тогтооход нөлөөлөхөөргүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогч нар нь сэтгэл санааны болон нэр төр сэргээлгэх хохиролд 30 сая төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх талаар шүүгдэгчтэй тохиролцсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ийн “Янхны мөнгөөр амьдрагсад” нэртэй гэрэл зургуудыг цахим орчимд тараасан үйлдэл нь хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ийг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч, хохирогч нар нь “...Шүүгдэгч талаас Буриадын Саранбаяр болон түүний ах дүү төрөл төрөгсөдтэй холбоотой ямар нэгэн мэдээ мэдээлэл зураг хөрөг цахим болон амаар бусдад тараахгүй болно. Хохирогч Т.Гэрэлмаа, нар сэтгэл санааны болон нэр төрөө сэргээлгэх 30,000,000 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэхээр харилцан тохиролцов...” гэсэн эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүйгээр орхиж, иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар нь сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөг гаргуулах, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлээ шүүгдэгч *******д холбогдуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ