Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 00396

 

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2019/00396

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Манхан сум, Баянгол багт оршин суух, .... дугаарын регистртэй, Лонгуу овогт Ч-ийн Пгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.П нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 онд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. 1974 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуульд орж 1982 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгссөн. 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн нэгдүгээр багт бог мал маллаж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл мал малласан хэвээрээ байна. Миний бие 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1994 оныг дуустал нэгдэл тарах хүртэл тус нэгдэлд мал маллаж байхад Н.Чимэддорж, Х.Жамбалдорж нар мөн тус нэгдэлд бас бог мал маллаж байсан хүмүүс гэрчилж байна. Миний ажиллаж байсныг гэрчлэх дээр хүмүүсийн тодорхойлт болон аймгийн архивын тасгийн лавлагаа, миний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг үндэслэн намайг Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр багт малчнаар 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны дуустал ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх гэж заасан байна.

Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Ч.П нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.П нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1260 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Баянгол бригадын 1982 оноос 1984 он, 1987 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

Хүсэлт гаргагчийн 1982 оны 08 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Иргэн Н.Чимэддоржийн ...Миний бие 1981 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад Ч.Птэй хамтдаа ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,

Иргэн Х.Жамбалдоржийн ...Миний бие 1981 оноос 1994 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн Баянгол бригадад Ч.Птэй хамтдаа малчнаар ажиллаж байсан нь үнэн.... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Пгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Лонгуу овогт Чүлтэмийн Пг 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ