| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2018/00323/И |
| Дугаар | 141/ШШ2019/00012 |
| Огноо | 2019-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 141/ШШ2019/00012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Завхан аймгийн Тэс сумын Нисэг багт оршин суух Х овогт М.Ж нэхэмжлэлтэй,
Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-Уул багт оршин суух Г овогт Ч.А-д холбогдох Зээлийн гэрээний үүрэг 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ж, хариуцагч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Ж нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ж нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Ч.А нь 2017 онд эсгий эдлэлийн үйлдвэрлэл нээн ажиллуулж байгаа, нүүдэлчин соёлын наадамд оролцож үзэсгэлэн гаргах гэсэн юм, мөнгө хэрэг болоод байна, үзэсгэлэнгээр юмаа борлуулчхаад өгье, бас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл олгохоор болсон, 1 сарын дараа буцаагаад өгнө, 5 сая төгрөг зээлдүүлээч гэж гуйхаар нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 4 сая төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл зээлээ төлж барагдуулахгүй байгаа тул Ч.А-аас 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Би Ч.А-ыг өмнө нь сайн таньдаг, манайхаар орж гардаг байсан. Надаас хэд хэдэн удаа мөнгө зээлээч гэж гуйж байсан боловч би тусалж чадаагүй, бизнес хийх гээд яваад байдаг их хөдөлгөөнтэй хүүхэд болохоор нь дэмжиж тусалъя гэдэг үүднээс мөнгө зээлсэн. Би мөнгө зээлэхдээ өөрийн ах Болдоос Амаржаргал мөнгө зээлээч гэж байна, зээлчихдэг юм билүү гэж асууж байсан, манай ах зээлчихгүй юу даа, эсгийгээр үйлдвэрлэл хийх гээд л байгаа юм шиг байна гэж хэлж байсан. Ч.А-д 4,000,000 төгрөгийг манай охин интернет банкаар шилжүүлсэн, мөнгө шилжүүлсэн дансыг Ч.А өөрөө өгсөн, уг данс нь Б.М гэдэг хүний данс байсан. Миний бие тус шүүхэд Б.М-ыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд Ч.А-аас 4,000,000 төгрөг нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Ч.А нь шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би М.Ж-аас 4,000,000 төгрөг зээлснээ мэдэхгүй байна, би мөнгө зээлээч гэж утсаар яриагүй, тэгж гуйгаагүй, мөнгө шилжүүлсэн гэх данс нь миний данс биш. Харин тухайн үед Б гэдэг хүн намайг эсгий үйлдвэрлэл явуулж байгаа учраас надад дэмжлэг, тусламж болгож 5,000,000 төгрөг өгсөн, намайг буцааж өгөөрэй, зээлж байна гэдэг зүйл яриагүй. Хэрэв Б гэдэг хүн би чамд мөнгө зээлүүлсэн, төл гэдэг шаардлага тавьбал надад төлөхөд татгалзах зүйл байхгүй. Харин М.Ж-тай зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө шилжүүлж авсан 5020991757 дугаартай данс нь миний данс биш. Иймд М.Ж нэхэмжлэлийн шаардлага 4,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Ч.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гардуулан өгч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд зааснаар хариу тайлбараа 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлэх үүрэгтэй байтал 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд ...Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ... гэж заасан байх тул нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч М.Ж нь ...Ч.А нь эсгий эдлэлийн үйлдвэрлэл нээн ажиллуулж байгаа, Нүүдэлчин соёлын наадамд оролцож үзэсгэлэн гаргах гэсэн юм, үзэсгэлэнгээр бараагаа борлуулчхаад өгье, мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авахаар болсон, 5 сая төгрөг зээлдүүлээч 1 сарын дараа өгнө гэж гуйхаар нь өөрийнхөө 5093215116 дугаартай Хаан банкны данснаас 5020991557 дугаарын дансруу 4.000.000 төгрөг шилжүүлж Ч.Ад мөнгө зээлдүүлсэн юм... гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, 5093215116 дугаар Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар хэрэгт ирүүлж, шүүх хуралдаанд шинжлэн судалжээ.
Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...Би М.Жаас 4,000,000 төгрөг зээлээгүй, мөнгө зээлээч гэж утсаар яриагүй, зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө шилжүүлсэн гэх данс нь миний данс биш байна. Харин тухайн үед Б гэдэг хүн намайг эсгий үйлдвэрлэл явуулж байгаа учраас надад дэмжлэг, тусламж болгож 5,000,000 төгрөг өгсөн, буцааж өгөөрэй, зээлж байна гэдэг зүйл яриагүй... гэж мэтгэлцжээ.
Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс М.Ж 5093215116 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга ирүүлсэн бөгөөд уг нотлох баримтаар дээрх дугаарын данснаас 5020991557 дугаартай дансруу 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 49 минутад 4.000.000 төгрөгний мөнгөн шилжүүлэг буюу орлого хийгдсэн болох нь дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Дээрх 5020991557 дугаар данс нь Б.М гэдэг хүний данс болохыг нэхэмжлэгч хариуцагч нар зөвшөөрч байгаа бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, харин 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөгний мөнгөн шилжүүлгийг хариуцагч Ч.А зээлж авсан, түүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг 4,000,000 төгрөгийг шаардах эрхтэй боловч зээлдэгчийн эзэмшилд 4,000,000 төгрөг шилжүүлснээ нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч М.Ж нь хариуцагч Ч.Ад 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөгийг зээлсэн, түүнд мөнгө өгсөн болох нь нотлогдохгүй байна.
Иймд М.Жы нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ад холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Б.М-ыг асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд тус хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ж-ы нэхэмжлэлтэй хариуцагч Ч.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Ж-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ