Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2019/00084

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 141/ШШ2019/00084

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин суух Б овогт Д-ынын Гын нэхэмжлэлтэй,

 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуульд холбогдох “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/26 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ж.У, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд чөлөөтэй байгаа багшийн оронд гэрээ байгуулан дуу хөгжмийн багшаар ажиллаж байтал Б.Ц захирал солигдож, Ж.У захирал болохдоо мэргэжлийн дуу хөгжмийн багш ажиллах болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ямар ч үндэслэлгүйгээр 30-аад жил багшилсан миний хөдөлмөрийг үл ойшоон гутаан доромжилсон, багшилж ирсэн нэр төрийг уландаа гишгэн багшлах эрхгүй гэсэн ойлголт ард иргэд, багш нарт төрүүлсэн. Иймд Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгож, багшийн нэр төрийг сэргээж, олгогдох ёстой байсан 6 сарын цалин 3,211,716 төгрөг гаргуулж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү...” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр Д.Г нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан. Гэтэл У захирал  манай нөхрийг багшлах эрхгүй гэсэн ойлголт ард иргэд, багш нарт төрүүлж ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилдаа дахин томилуулах, багшийн нэр төр сэргээлгэж, цалин 3,211,716 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч багшийн нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Учир нь ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилдаа дахин томилуулж, нөхөн олговор гаргуулсанаар нэр төр сэргэнэ гэж үзэж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/26 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаанд олгогдох ёстой байсан 6 сарын цалин 3,211,716 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ж.У нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч тал тушаалыг хүчингүй болгуулна гэсэн байна. Д.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс гэрээ байгуулаад түр тушаалаар багшилж байсан. Анх ажилд орохдоо хичээлийн жилийг дуустал гэсэн нөхцөлтэйгөөр ажилд орсон байдаг. Манай ерөнхий боловсролын хичээлийн жил 6 сарын 10-ны өдөр дуусдаг. Манай сургуулийн хамт олон энэ багшийг хичээлийн жилийг дуустал ажилласан гэж ойлгож байгаа. Яагаад тэгж ойлгох болсон бэ гэвэл хичээлийн жил дуусч байхад шинээр ажилтан авдаггүй. Хоёрдугаарт хичээлийн жил эхлэхэд боловсрол соёл урлагийн газартай зөвшилцөөд тэнд сонгон шалгаруулалтанд оруулж, боловсрол биржээс зөвшөөрөл авч ажилтныг томилдог. Д.Г нь түр тушаалаар ажилд томилогдсон байсан. Үүний баталгаа нь Д.Г ээлжийн амралт байхгүй түр ажилтан учраас 7 сард ажиллаад байж байх ёстой байсан. Хэрвээ үргэлжлүүлэн ажиллах байсан бол амралтгүй юм чинь төрийн албан хаагчийн ажил тасалдахгүй, тухайн үеийн захирлууд ажлаар хангаж үргэлжлүүлэн ажиллах байсан. Би 8 сарын 13-ны өдөр захирлын ажлыг хүлээж авсан. 2018 оны 7 сарын 31-ний өдрөөс эхлээд ажилчдын ирцийг бүртгэж эхэлсэн. Энэ баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Д.Г багш 8 сард нэг ч өдөр ажилласан хоноггүй байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 8 сарын 13-ны өдөр боловсролын газраас албан хаягаар 8 сарын 20-ны өдрийн дотор шаардлагатай багш ажилтны нэрсийг өг гэсний дагуу монгол хэлний багш, дуу хөгжмийн багш авахаар захиалга өгсөн. Тэрний дагуу Гыг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй байсан. Нэр төртэй холбоотой асуудал ярихдаа мэргэжилгүй гэж ард түмэнд мэдэгдлээ гэж ярьж байна. Гын соёл урлагийн мэргэжлийг үгүйсгээгүй. Манайх соёл урлагын байгууллага биш. Боловсролын хуулинд зааснаар бага дунд боловсролын багш ямар байх ёстой гэсэн шаардлагын дагуу багшийг сонгон шалгаруулж авдаг. Багш мэргэжил боловсролоо 5 жилээр дээшлүүлсэн байх. Д.Г багш нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр над руу залгаж хэзээ ажилдаа орох вэ гэж асууж байсан. Та ажиллах байсан бол аль эрт ажилдаа орох ёстой байсан гэдгийг би хэлээд цагийн бүртгэл дээр ажилдаа ирсэн бүртгэл байхгүй байна гэж хэлсэн....” гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуульд холбогдуулан Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгож, багшийн нэр төр сэргээлгэж, олгогдох ёстой байсан 6 сарын цалин 3,211,716 төгрөг гаргуулж, ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн иргэний хэрэгт шүүхэд төлөөлөх итгэмжлэлээр Б.Мд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан  нэхэмжлэгчийн эрх үүргийг эдэлж оролцохоор төлөөлөх эрхээ шилжүүлсэн нь хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэл бөгөөд Б.М нь нэхэмжлэгч Б.Гыг төлөөлөх эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, багшийн нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/26 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаанд олгогдох ёстой байсан 6 сарын цалин 3,211,716 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэний  хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Б.Г нь хөгжим удирдах урлаг мэргэжлээр 2001 онд Соёл урлагийн их  сургуулийг төгссөн, хэдийгээр багшлах эрх аваагүй ч гэсэн багшаар ажиллах бүрэн боломжтой, хүүхдэд хөгжмийн боловсролыг хангалттай түвшинд сургаж чаддаг сайн багш юм. Үүнийг сум орон нутгийн иргэд, хүүхдүүд бүгд мэднэ. Ийм байхад Ж.У захирал  манай нөхрийг багшлах эрхгүй гэсэн ойлголт ард иргэд, багш нарт төрүүлж ажлаас нь чөлөөлсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Гыг ажлаас чөлөөлсөн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн  5/26 дугаар тушаалыг 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч нэхэмжлэлээ 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан. Тухайн үед Соёлын төвийн захирал Д.Гончигдоржид холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул  энэ асуудлаа шийдвэрлүүлсний дараа сургуульд холбогдуулан дээрх тушаалын талаар нэхэмжлэл гаргах нь зөв гэж бодоод тэр үедээ нэхэмжлэлээ гаргаагүй, 2 сард гаргасан ...” гэж тайлбарлан, Д.Гын  Соёл урлагын их сургуулийн бакалаврын болон Хөгжим бүжгийн дунд сургуулийн дипломын хуулбар, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчийн тодорхойлолт, түүнийг Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд дуу хөгжмийн багшаар томилсон болон чөлөөлсөн тушаал, бусад нотлох баримтуудыг ирүүлж нэхэмжлэлээ дэмжин  маргажээ.

Харин хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.У “...Манай сургуулийн дуу хөгжмийн багш Д.Т чөлөө авсан тул түүний оронд  Д.Гыг түр томилон ажиллуулж байсан. Үндсэн багш нь ажилдаа орох болсон тул түүнийг чөлөөлж, Тогосбаяр багшийг ажилд нь томилсон. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Д.Г нь Хөгжим удирдах урлаг мэргэжлээр төгссөн, хөгжмийн боловсролтой хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Харин Боловсролын тухай хуульд зааснаар багшлах эрх аваагүй учраас боловсролын байгууллагад багшаар ажиллах боломжгүй, түр тушаалтай ажиллаж байсан хүн юм. Энэ талаар нь өөрт тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ..”  гэж мэтгэлцэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “....Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно....” гэж,  мөн хуулийн 14 дүгээр зүйлд “...хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана...” гэж заасан байх тул уг маргааныг ерөнхий харъяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаж, үнэлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Г нь хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан тус  сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/26 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  тухай”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь нэхэмжлэгч Д.Г нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт .....Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана...” гэж хуульчилсан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ажил олгогч ажлаас халсан шийдвэрийг ажилтанд 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээлгэж өгсөн талаар зохигч маргаагүй байх тул маргаангүй үйл баримтад шүүх дүгнэлт хийх шаардлаггүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй талаар шалтгааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлүүлсний дараа уг гомдлоо шүүхэд гаргая гэж бодсон гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй гэж үзэхээр байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэн “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/26 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Д.Гын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуульд холбогдох “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/26 дугаартай ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ