Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2019/00089

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 141/ШШ2019/00089

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-уул багт оршин суух Г овогт Ч-ын Аын нэхэмжлэлтэй,

 Завхан аймгийн Тосонцэнгэл сум Дархан-Уул багт оршин суух Х овогт М-ын Эд холбогдох “350,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.А /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Э нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр “Түмэн Тосон” ХХК-иас 700,000 төгрөгний үнэ бүхий ширмэл эсгий гутлыг 2 хоногийн дараа мөнгийг нь өгье гэж хэлээд авсан. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хэл амаар доромжлон байж 220,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн. 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Улиастай явахдаа “Завхан-Азза” ТӨХК-иас АИ-92 шатахуун 130,000 төгрөгөнд тооцож авсан. Үүнийг түүний нөхөр Эрдэнэцогттой ярьж, нярав Лхагваагаар утсаар хэлүүлж хийлгэсэн. Ийнхүү 350,000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 350,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаа тул М.Эгаас уг мөнгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч М.Э нь шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 3 дугаар сард яг хэдний өдрийг сайн санахгүй байна. /хавар болж байсан/ ээжийг эргэхээр гэрт нь ортол ээжийнд манай ээж, эгч Э, ах Б, АЗЗА компаний ажилтан Л, Г болон Ч.А нар сууж байсан. А ээжийн гал тогооны өрөөнд эсгий эдлэл, эсгий гутал дэлгэчихсэн борлуулах санаатай сууж байсан. Гэтэл Боо чи Э нэгийг аваач гэхээр нь үнийг асуутал 500,000 гэж байгаа одоо хавар болоод сезон нь дуусч байгаа юм чинь хямдхан өгчихнөө мөнгө хэрэгтэй байна гэж байсан. ...Тэгэхээр нь би ч нэг их авах сонирхол алга одоо ингээд дулаарчихаар дэмий юм гэтэл дараа өвөл өмсчихнө ш дээ гээд гуйгаад, Боо ч бас гутлыг нь борлуулаад өгчих санаатай нэгийг нь авчихгүй юу мөнгөний хэрэг болоод байгаа юм байна. Би нэгийг авчихъя чи нэгийг нь ав гэхээр нь 300,000 төгрөгөнд өгөх юм уу гэсэн за яахав та 350,000 төгрөгөнд ав  гээд тохирсон. Тэр үед болон дараа нь ямар нэгэн баримт надад өгөөгүй. Ингээд 130,000 төгрөгийн бензин өгөөд 220,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн... Иймээс би анх өгч авах үедээ хэлэлцэн тохирсон ёсоор гуталны үнэ болох 350,000 төгрөгийн тооцоог хийж дууссан тул Ч.Аын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч М.Эд холбогдуулан эсгий гуталны үнэ 350,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй.

Нэхэмжлэгч Ч.А нь “...М.Эд хүннү загварын эсгий гутлыг 700,000 төгрөгөөр худалдсан...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, Түмэн Тосон ХХК-ний зарлагын баримтыг нотлох баримтаар хэрэгт ирүүлж, шүүх хуралдаанд шинжлэн судалжээ.

Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Би Ч.Ааас 350,000 төгрөгөөр хүннү загварын эсгийн гутал худалдан авсан бөгөөд энэхүү мөнгөө 130.000 төгрөгөнд бензин өгсөн. 220,000 төгрөгийг Ч.Аын дансаар шилжүүлсэн...” гэж мэтгэлцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “... эдийн баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно....” гэж,  мөн хуулийн 14 дүгээр зүйлд “... нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана...” гэж,  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт “... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил....” гэж тус тус заасан байх тул уг маргааныг ерөнхий харъяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй, Ч.А  нь өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс Чын Аын  5498077582 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга ирүүлсэн бөгөөд уг нотлох баримтаар дээрх дугаарын дансанд Эгаас 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 04 минутад 220.000 төгрөгний мөнгөн шилжүүлэг буюу орлого хийсэн, мөн нэхэмжлэгчид  2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 130,000 төгрөгний АИ-92 шатахуун өгсөн, Ч.А нь дээрх 350.000 төгргийг авсан, одоо үлдэгдэл 350.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болох нь дансны хуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон, энэ талаар зохигч маргахгүй байх тул маргаангүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлаггүй гэж үзлээ.  

Харин маргаж буй талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч М.Эд хүннү загварын эсгий гутлыг 700,000 төгрөгөөр худалдсанаа нотлоогүй байна.

Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл нь гэрээний зүйл, үнийг  тохирсон байх явдал юм. Хэрэв худалдах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүйд хүрнэ.

 Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно” гэж заажээ. Гэрээний талууд худалдах, худалдан авах эд хөрөнгийн үнийг тохироогүй бол тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдаагүй гэж үзэх бөгөөд талууд үнэ тодорхойлох өөр арга хэрэгсэлээр тохиролцсон байдал ч мөн тогтоогдоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх,  татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгчээс Түмэн Тосон ХХК нь Хүннү эсгий гутал, 1 хосыг  2018 оны 9 дүгээр сарын 25-нд М.Эд 700.000 төгрөгөөр худалдсан талаар бичилт хийсэн зарлагын баримтыг нотлох баримтаар хэрэгт ирүүлж нэхэмжлэлийн шаардлагаа нотлож байна гэж тайлбарлсан байх боловч уг баримтад хүлээлгэн өгсөн эд хариуцагч хэсэгт Ч.А, шалгасан нягтлан бодогч хэсэгт гарын үсэг зурсан, харин хүлээн авсан хэсэгт гарын үсэг зураагүй байгаа нь нэхэмжлэгчийн дээрх тайлбар нотлогдоогүй,  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн тайлбарлсан “... би уг гутлыг 2018 оны 3 сард Ааас 350000 төгрөгөөр худалдаж авсан, тухайн үед надад ямар нэгэн баримт өгөөгүй, дээрх зарлагын баримт нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бичигдсэн байгаагаас хархад нөхөж сүүлд бичсэн байх, би уг баримтанд гарын үсэг зураагүй...” гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй буюу нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч М.Эд  700,000 төгрөгөөр хүннү загварийн эсгий гутал худалдсан, үлдэгдэл 350.000 төгрөгийг Э төлөхөөр тохиролцсон нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлож чадаагүй байна гэж дүгнэлээ.

Иймд Ч.Аын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Эд холбогдох “350,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Аын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Ад холбогдох “350,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОТГОНХИШИГ