| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 141/2018/00312/И |
| Дугаар | 141/ШШ2019/00106 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 141/ШШ2019/00106
| 2019 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 141/ШШ2019/00106 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч Ш.Одонзул, Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин суух З овогт Дгийн Бгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багт оршин суух Г овогт Чын Ад холбогдох гэм хорын хохиролд 259.200 төгрөг гаргуулах, нэр төрөө сэргээлгэх, дахин Д.Бгийн нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Ч.Ад даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэгч Ч.Аын хариуцагч Д.Бд холбогдох “нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол гаргуулах, дахин Ч.Аын нэр төр, сэтгэл санаа, биед халдахгүй байхыг Д.Бд даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч Ч.А /онлайнаар/ иргэдийн төлөөлөгч Л.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчимд Ч.А нь манай байшингийн хаалгыг тогшин, нэвтэрч орохыг завдан шаардсан. Би түүнтэй уулзах зүйл, ярих яриа байхгүй тул татгалзаад гэртээ эргэн ортол 2 удаагийн үйлдлээр байшингийн цонхыг хагалж, 2 ширхэг том тоосго цонхоор орж ирсэн. Намайг гэрээсээ гарах үед үүдэнд хэл амаар доромжлон гүтгэж, шууд үсдэж аваад гэрт орохыг завдсан. Би түүнийг эсэргүүцэн түлхэхэд улам давшлан толгой дээр дэвсэнэ гээд үснээс чирч газар унаган алуурчинг ингэдэг юм гэсэн. Тэгээд 2 хүүхдээ ир гэж дуудан, гадаа хашаанд тоглож байсан 4-12 насны 3 хүүхдийг харсаар байхад намайг унагаан дээр гарч суугаад нүүрэн дээр нулиман, хий хоосон гомдол нэхэн, хэрэг тулган, толгой, нүүр, эгэм дээр тохойлдон, маажиж, гараас чимхэн, үгээр тохуурхан, зодож танхайрсан. Тэр өдрийн орой нь манай гэрээс цагдаа, цагдаагаас эмнэлэг хүрэх замдаа, мөн эмнэлэгт байх хугацаанд элдэв доромж үгсээ хэлж, утсаараа хэд хэдэн хүнтэй ярьж, надтай хамт байна, намайг зодсон, хашраасан тухай хэлж, миний утасны дугаарыг бусдад хэлж өгч байсан. 7 дугаар сарын 09-ний өдөр машинтай явж байгаад хажуугаар нь өнгөрөхөд хуруугаараа чичлэн зааж машин дотроосоо намайг занаж байсан. Ч.Аын надад учруулсан бодит хохирол болох эмчилгээний зардал, цонхны шилний төлбөр, шүүхийн шинжилгээний үнэ зэрэг 259,200 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Миний бие 2014 оны 9 сарын 15-наас 2017 оныг дуустал тус сум дахь Завхан АЗЗА ТӨХК-нд бичиг хэрэг, эдийн засагч, хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад Улаанбаатар хотод ажиллаж, амьдрах болсон. Ажилд орсон цагаасаа эхлэн Ч.А нь миний хариуцсан ажилд хөндлөнгөөс оролцож хэл амаар дайрч доромжилж эхэлсэн ба гар утасны мессэжээр байнга дарамталдаг байсан. Олон нийтийн сүлжээнд пост бичиж нэр төрд халдаж, и-мейл хаяг, фейсбүүкээр элдэв зураг, эможи явуулж тохуурхдаг, хамаатан садан ажлын хамт олон, захирлын эхнэр зэрэг хүмүүст худал үг хэлж, хов зөөж, хэрүүл маргаан үүсгэхийг санаархдаг байсан. Энэ бүх үйлдлүүдээс болж би эрхэлсэн ажлаасаа гарч нутаг орноосоо буцаж явсан ба миний нутагтаа ирж, очих, оршин байх эрхэд халдаж хөөж, хэл ам үүсгэж ирсэн. Ч.А миний ажил дээр биеэр орж ирээд мөн л ард талаас дайрч үсдэж дараад өшиглөж, загнаж, гүтгэж аашилсан. Энэ үед манай конторын ажилчид хамт байсан. Миний тархи доргиж, сэтгэл санааны дарамтанд орж Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, нэхэмжлэл гаргаж байсан ч эцэслэгдээгүй. Би ч хөөцөлдөж чадаагүй орхисон. 2018 оны 7 сард Улаанбаатар хотоос амралтаараа ирээд өөрийн гэрт байх үед ирж хэрүүл өдөж, байшингийн цонх хагалж, биед халдан зодож үг хэлээр гүтгэж доромжилсон хэрэг болсон. Миний бие эд хөрөнгөө гэмтээлгэж, эрүүл мэндээрээ хохирон, дахин халдлагад өртсөн. Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн хэлтэс дахь олон нийтэд намайг алуурчин, хэрэгтэн хэмээн цоллож, загнаж нэмж дарамт үүсгэсэн. Мөн Завхан АЗЗА компаний захирал М.Бтой холбож, хардан нэг нутаг усны эрхэм хүндэт эгч болох Б.Д-тэй муудалцуулахаар хов худал үг зөөж, миний биеийн байдал муу байхад нэмж дарамтанд оруулсан. М.Б захирал, Б.Д эгч нар надтай уулзах, үнэн мөнийг олох гэж үл ойлголцох асуудлыг Ч.А үүсгээд өөрөө тэднийг хамгаалж надад зодуулсан мэт аашилж жүжиг тавих оролдлого хийсэн. Ингэснээр өдүүлсэн хэргээ өнгөрөөж торгуулаад өнгөрсөнд миний бие сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирсон хүний хувьд ихэд гомдолтой байна. Хэргийн үнэн мөнийг олон өөрийн гэм буруугүй үйлдлээ нотлох, нэр төрөө сэргээлгэх, Ч.Аын дураараа, танхай, хүн гүтгэх, зодох, загнах үйлдлийг болиулахыг даалгаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Ч.А нь удаа дараа Д.Бг дайрч доромжилж, нэр төр, бие эрх чөлөөнд нь халдсан үйлдэл гаргасан учраас анх “гэм хорын хохиролд 259.200 төгрөг гаргуулахаар” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж “ёс бус зан авир, үг үйлдлийг өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэх, бусдын нэр төр, бие, эд хөрөнгөнд халдахгүй байхыг даалгах, нэр төр сэргээлгэх тухай” нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж ёс бус зан авир, үг үйлдлийг өөрөөр нь хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд 1-рт Гэм хорын хохиролд 259.200 төгрөг гаргуулах, 2-рт Нэр төрөө сэргээлгэх, 3-рт Бгийн нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Ч.Ад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
1-рт Гэм хорын хохиролд 259,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ч.А нь Д.Бгийн гэрт нь ирж байшингийн цонхыг нь тоосго шидэж хагалсан, хэл амаар доромжлон гүтгэж, түлхэж унагаан үсдэж дээр гарч суугаад нүүрэн дээр нулиман, толгой, нүүр, эгэм дээр тохойлдон, маажсан, гараас нь чимхэн, үгээр тохуурхан, зодож танхайрсан үйлдэл гаргасан. Үүний хохирол болох цонхны шилний үнэ, эм тариа худалдан авсан болон шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргуулсны төлбөр зэрэг нийт 259,200 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь эмчлүүлэгсдийн картад зовиур болон эмчилгээ бичсэн эмчийн бичилт, өвчтөн илгээх хуудас, эмийн жорууд, эм худалдан авсан баримтууд, мөнгөн шилжүүлгийн баримт, Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын албан бичиг, фото зургууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.
2-рт 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ч.А нь Д.Бгийн гэрт нь ирж зодож танхайрсан үйлдэл гаргасны дараа сум дундын эмнэлэг дээр эмчийн өрөөнд үзлэг хийлгэж байхад “... миний хүүхдийг алсан алуурчин, дүүг чинь алсан алуурчин энэ байна, гичий, янхан...” гэж нэр төрд халдсан,
- 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Олон нийтийн сүлжээ буюу Нүүр номын D T гэх хуудсанд Д.Бгийн хувийн амьдрал болон ажил хэргийн талаар худал мэдээлэл бүхий, доромжилсон үг хэллэг бичиж, олон нийтийн сүлжээгээр Д.Бгийн нэр төрийг гутаасан тул нэр төрийг гутаасан дээрх арга хэлбэрээр залруулга хийж, нэр төрийг нь сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Энэ шаардлага нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Нүүр номын Д гэх хуудсанд А гэсэн Ч.Аын зурагтай хуудаснаас түүний хувийн амьдралын талаар болон ажил хэргийн талаар нь доромжилсон, нэр төрийг нь зориуд гутаасан агуулгатай зүйл бичсэнийг хэвлэж ирүүлсэн хуулбараар тогтоогдож байгаа.
3-рт Хариуцагч Ч.А өмнө нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан дээрх үйлдлүүдээс гадна олон удаа Д.Бгийн нэр төр, алдар хүнд, эрүүл мэндэд халдсан хууль бус үйлдэл гаргаж байсан боловч Д.Б нь гомдол гаргаж байгаагүй, гэтэл дахин ийм үйлдэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд Д.Бгийн нэр төрд халдсан хууль бус үйлдэл дахин гаргахгүй байхыг Ч.Ад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэв.
Хариуцагч Ч.А нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч, заримыг нь зөвшөөрөхгүй байгаа.
Гэм хорын хохиролд 259.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би Д.Бгийн гэрт нь очиж байшингийн цонхыг нь хагалсан, маргаж муудалцсан, үсдэж толгой, нүүрийг маажсан нь үнэн. Үүнд Д.Бгийн буруутай үйлдэл байсан. Учир нь намайг жирэмсэн байхад Д.Б нь 2015 оны 7 сард миний гэдэс рүү өшиглөсний улмаас 5 сартай ураг зулбаж байсан, мөн миний ажиллаж байсан байгууллагын удирдлагад ор үндэсгүй худал зүйл бичсэн өргөдөл өгч нэр хүндэд халдсан зэргээс болж би уулзах гэж очсон ч үр хүүхдээ алдсан эмэгтэй хүний уур бухимдлаар тийм үйлдэл гаргасан байсан. Тиймээс нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч, 259.200 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.
Нэр төр сэргээлгэх нэхэмжлэлийн тухайд: Дээрх 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн маргаан болсны дараа бид нар сумын эмнэлэг дээр очсон. Д.Бг эмчид үзүүлж байхад би уур бухимдалтай байсан учраас миний хүүхдийг алсан алуурчин, дүүг чинь алсан алуурчин энэ байна гэсэн агуулгатай зүйл хэлсэн байж магадгүй. Гэхдээ тэр нь худлаа зүйл биш, Д.Б миний гэдэс рүү өшиглөж, би дутуу төрж байсан нь үнэн учраас тэгж хэлсэн.
Мөн 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Faсebook-ийн D T гэх хуудсанд Д.Бгийн талаар мэдээлэл бичсэн нь үнэн. Нотлох баримт шинжлэн судлахад уншсан тэр зүйлийг бүгдийг нь би өөрийн Amaraa Ch гэсэн хаягнаас бичсэн, энэ талаар маргах зүйлгүй. Харин тэр бичсэн зүйлүүд бүгд үнэн, Д.Бгийн өөрийнх нь хэлсэн, тухайн үед болсон зүйлүүдийг бичсэн учраас түүний нэр төрд халдсан, гутаан доромжилсон гэж бодохгүй байна. Тиймээс нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Д.Бгийн нэр төрд халдсан хууль бус үйлдэл дахин гаргахгүй байхыг надад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Миний хувьд өмнө нь ч шүүх хуралдааны шатанд ч эвлэрэн хэлэлцэх санал тавьж, би утсаар ярьж Д.Бгаас уучлалт гуйсан. Цаашид дахин хэрүүл маргаан хийж, хэн хэнийгээ доромжлохгүй, уулзалдахгүй, танихгүй юм шиг явцгаая гэдэг санал хэлсэн боловч Д.Б болон түүний өмгөөлөгч нар нь намайг сөрөг нэхэмжлэлээсээ татгалзахгүй бол эвлэрэхгүй гэсэн. Д.Б өөрөө хэрүүл хийж, зүй бус үйлдэл гаргахгүй бол надад дахин маргалдах, хэрэлдэх шаардлага гарахгүй байх гэж бодож байна....” гэв.
Сөрөг нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Б нь миний нэр төр, ажил, амьдрал, бие, сэтгэл санаанд хохирол учруулсан учраас 1/ нэр төрөө сэргээлгэх, 2/ сэтгэл санааны хохирол гаргуулах, 3/ дахин миний нэр төр, сэтгэл санаа, биед халдахгүй байхыг даалгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
1-рт Нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийн тухайд:
2013 онд Тосонцэнгэл суманд МСҮТ шинээр байгуулагдан би захирлаар нь ажиллаж байсан. Д.Б нь 2014 онд миний нагац ах Загдраднаагаар дамжуулан ажилд орох хүсэлтэй байгаа, нөхөр нь хаяад явсан, Улаанбаатар хотод өөрийн гэсэн амьдрах гэр орон байхгүй, ажил олдохгүй хэцүү байгаа талаараа хэлүүлсэн байсан. Ингээд би Д.Бтай биечлэн уулзаж ярилцъя гэж хэлүүлсний дагуу Улаанбаатар хотод анх Д.Бтай уулзаж байсан, тухайн үед захирлын туслах, хүний нөөцийн ажилтан гэсэн ажлын байр байгаа талаар хэлэхэд тийм ажил хиймээргүй байна, багшийн орон тоонд аваач гэж гуйж байсан. Зарим мэргэжлийн багш, мэргэжилтэн авах сонгон шалгаруулалт зарласан байсан тул түүнд орж болно гэж З ахаар хэлүүлсэн. Д.Б тэр шалгаруулалтанд ороод тэнцээгүй юм. Түүнээс хойш ах Загдраднаагаар Завхан-АЗЗА ТӨХК-ний захирал М.Бод ажилд оруулж өгөхийг гуйлгасны дагуу тус компанид бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон байсан. Би уг Завхан-АЗЗА ТӨХК-д 2003-2013 онд ажиллаж, тухайн үед зарим ажлыг хавсран гүйцэтгэж байсан учраас ажлын шаардлагаар уулзаж, тааралдах болсон. Ийнхүү Д.Б нь тус компанид ажилд ороод удаагүй байхдаа захирал М.Б руу байнга өдсөн утгатай мессэж бичээд суулгадаггүй, хаа явсан газарт нь дагаад ажил хийхэд хүндрэлтэй байгаа тухай захирал М.Б надад хэлээд эмэгтэй хүний хувьд түүнд хэлж өгөхийг гуйсан.
Иймээс Д.Бтай уулзаж, “...манай хамт олон сайхан хамт олон шүү, захирлын ажилд дэм болон ажиллаарай...” гээд эмэгтэй хүний хувьд зарим нэг хувийн нууцаа хэлсэн юм. Гэтэл тэрээр энэхүү итгэж хэлсэн нууцыг минь задруулан Бын хүүхдийг төрүүлсэн гэж сумын иргэдэд тараасан байсан бөгөөд түүгээр ч барахгүй нөхөр болон хадам аав, ээжид чинь хэлнэ хэмээн сүрдүүлдэг байсан, үүнээс хойш таарах бүрийдээ хонзогносон байдалтай үг хэлж дайрч доромжилдог, хов хутгадаг болсон.
Хүмүүсийн дэргэд мессэжээр “Чи зайл, чиний үе дууссан, миний үе эхэлсэн” гэх мэтээр дайрч доромжлон суулгахгүй байсан учраас захирал М.Бод Д.Бгийн явуулсан мессэжийг үзүүлэн энэ ямар учиртай болох, яагаад ингээд байгаа тухай асууж байсан. М.Б захирал Д.Бд чи ингэж болохгүй ээ, наад хүн чинь манай компанид буцаад ирэхэд ч болох хүн шүү, харин ч та нар эвтэй байж, хамтран ажиллах хэрэгтэй, насны хувьд ч хүндэтгэлтэй хандах ёстой гэж хэлсэн. Биднийг хүргэж өгөхөөр явж байхад Д.Б нь хэрүүл өдөж машины арын суудалд сууж явахдаа намайг барьж аван үс толгойноос зулгаан нүүр амгүй маажиж эхэлсэн бөгөөд ээмэг, зүүлт, цаг бүгдийг нь таслаад утас булааж аван буугаад зугтсан. Энэ үед М.Б, Р.Б нар хамт явсан. Маргааш өглөө нь босч чадахгүй толгойгоо даахгүй байсан учир Улаанбаатар хотын түргэн дуудаж үзүүлсэн. Тэр үед тархины зөөлөн эдэд цус хурсан, тархи хөдөлсөн байсан. Тухайн үедээ цагдаад хандъя гэж бодсон боловч компаний болон захирал М.Бын нэр хүндийг бодоод чадаагүй. Ийм үйлдлүүд болж байсан.
Мөн Д.Б нь Улаанбаатар хотод миний ажиллаж байсан Монгол-Солонгосын Политехник коллеж дээр ирж ор үндэслэлгүй, нэр төр, ажил, амьдралд минь халдсан, арга хэмжээ авахыг хүссэн өргөдөл бичиж өгөөд захирал Г.О-эй уулзаад явсан байсан. Захирал надад түүний бичсэн өргөдлийг өгсөн, уг байгууллагад шинээр томилогдон ажиллаж байсан учраас энэ нь миний хувьд маш хүнд сэтгэлийн дарамтанд оруулсан төдийгүй үүний улмаас сэтгэл санаа хямран стресст орж, нойргүй болж, мэдрэлийн архаг ядаргаанд орж, цаашид ажиллахад бие, сэтгэл санааны хувьд маш хүнд байсан тул 2016 оны 3 сард Монгол-Солонгосын Политехник коллежоос өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан.
Иймд олон нийтэд буюу сумын иргэдэд намайг М.Б захирлын хүүхдийг төрүүлсэн гэж тараасан, мөн Монгол-Солонгосын Политехник коллежид ажиллаж байхад ор үндэсгүй худал, нэр төр, ажил, амьдралд минь халдсан агуулгатай, арга хэмжээ авахыг хүссэн өргөдөл бичиж өгсөн зэргээр миний нэр төрийг гутаасан учраас нэр төрөө сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний нэр төрийг яаж гутаасан тэр аргаараа нэр төрийг минь сэргээж өгөхийг хүсэж байна.
2-рт Сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 2015 оны 7 дугаар сарын 29-нд нутагтаа амралтаараа ирсэн байхдаа хуучин ажиллаж байсан ажлаараа ороод гаръя гэж бодон очтол Д.Б нь мөн л хорон үгээр дайрч доромжлоод байсан тул бид бие биедээ гар хүрч эхлэхэд тухайн үед хуулийн зөвлөх хийж байсан н.Ганбат гарч ирэн бид хоёрыг болиулсан. Энэ үед Д.Б нь миний гэдэс рүү хүчтэй өшиглөсөн бөгөөд үүний улмаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө ургийн ус гарч 5 сар гарантай эрүүл бойжиж байсан хүүхдээ Улаанбаатар хотын 1-р амаржих газар дутуу төрүүлсэн. Д.Б нь өөрийн энэхүү үйлдлээ намайг эхэлсэн болгож тухайн үед цагдаад надад зодуулсан гэж гомдол гарган, өөрийн нагац эгч Л.Т-аар худлаа эм тариа эмчилгээ бичүүлэн, ажлаас 14 хоногийн акт авч явсан байсан бөгөөд эрүүл саруул тээж байсан хүүхдээ алдсандаа би сэтгэл санааны хүнд дарамтанд орсон.
Иймээс сэтгэл санааны хохирол гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Д.Б нь уучлалт гуйснаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага хангагдана гэж үзэж байна.
3-рт Дахин миний нэр төр, сэтгэл санаа, биед халдахгүй байхыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Д.Бгийн шүүх цагдаад удаа дараа өргөдөл гомдол нэхэмжлэл бичиж цагдаа шүүхийн ажил болон хувийн ажилд маш их садаа учруулдаг, өөрөө өнөөдөр Улаанбаатар хотод эрхэлсэн тодорхой ажилгүй бусдын болон төрийн ажилд төвөг удаж байгаа байдалд үнэхээр жигшиж байна. Д.Бгийн хаа явсан газартаа байнга хов хэрүүл, үүсгэдэг, хүмүүсийг, ах дүү нарыг, хамт олныг талцуулан муудалцуулдаг, гэр бүлийн, ажлын хувьд тогтвор сууршилгүй, хамт байгаа ажиллагсдадаа халгаатай хүн бөгөөд хувь хүнийхээ зан байдлыг засаж, иргэн хүнийхээ хувьд нийгэмд өөрийн хувь нэмрийг оруулан гэр бүл үймүүлэхгүй, эмэгтэйчүүд хүүхдүүдийг тайван байлгаж, бусдын ажиллах амьдрах эрхэд саад учруулахгүй тайван амьдрахад нь садаа болохгүй байхыг хүсэж байна. Иймээс цаашид ах дүү нарын дунд хов зөөж муудалцуулахгүй, миний нэр төр, сэтгэл санаа, биед халдсан хууль бус үйлдэл дахин гаргахгүй байхыг Д.Б-д даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...”. сөрөг нэхэмжлэлийн дээрх 3 шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэв.
Хариуцагч Д.Б сөрөг нэхэмжлэлтэй танилцаад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Түүний гаргасан нэхэмжлэлд үнэ, утга холбогдолтой зүйл алга байна. Учир нь тэрээр миний нэр төрд халдаад зогсохгүй ах дүүс, хамаатан садан, дарга, өөрийн нөхөр, хадам аав, ээж, ах, эгч, үр хүүхдээ дурдсан нь, худал зүйл хэлж ярьж байдаг нь үнэн, гэрч нотолгоотой мэт бусдад ойлгуулах, өөрийн хэлж хийж бодож явдаг үг үйлдлүүдээ намайг хийсэн мэт тулгахаар оролджээ.
Ч.А нь 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд миний бие, эд хөрөнгөнд нийт 3 удаа халдсан танхай, бүдүүлэг үйлдлээ үгүйсгэх, нуун далдлах, уг хэргийн шийдвэрлэх цаг хугацаа, үйл ажиллагааг зориудаар удаашруулах, улмаар хэрэгсэхгүй болгох зорилготойгоор ийнхүү болсон процессоос ургуулан над руу чиглэдэг элдэв доромж, гүтгэлгээ үргэлжлүүлэн, болж байгаагүй зүйлийн талаар хий худал зохиомж бичиж ярьж байна. Би түүний хэлж ярьдаг бүдүүлэг танхай үг хэллэг, худал, үнэн, хувийн амьдралын нууц гээд яриад явдаг зүйлийн талаар итгэж үнэмших үнэн бодит яриа гэж хүлээн авч байсангүй. Түүний санаа бодол, амьдрал, асуудал надаа хамаа ч байхгүй. Түүний нөхөр ээж, ах, эгч хэнтэй ч харилцаж уулздаг байгаагүй. Хэн нэгнээр дамжуулж тэдэнтэй хов хэрүүл яриагүй. Түүнийг шантаачилж дарамтлах нь байтугай тэр талаар бодоо ч үгүй, надад тийм ухаан бодол байдаггүй ээ.
Мөн тэрээр намайг нэг өдөр ч тайван байлгахгүй, мессэжээр дарамталж, хэлэх хэлэхгүй үгээр байнга /...янхан, хоноцын шээс, хаягдал, шивэгчин хүүхэн, хүний нөхөр мөрөөдөн хэвтдэг, хүйтэн хорт могой, эрийн дэвсгэр, хэн ч биш, эцгээ мэдэхгүй, унжгар дорд, ажил голдог, сувай эм, нутгаас яв зайл...гэх мэтээр/ хэлж бичиж доромжлоод Улаанбаатарт албан ажлаар очсон үед маань ч элдвээр харааж зүхээд болохгүй байсанд би ажлынх нь газар болох Монгол- Солонгосын Политехникийн коллеж дээр нэг удаа очсон нь үнэн. Ч.Атай зодооны өмнөх хэрэг нь Цагдаа дээр нэг тийш шийдэгдээгүй байхад ингэж дур зоргоороо хуншгүй авирлаж Бог юм уу хэмээн нүүр тулж уулзах хүсэлтэй байсан. Гэвч тэрээр намайг ирснийг хараад мессэжээр “...яс горьдсон гөлөг энд юу горьдож яваа юм... хэдэн төгрөг хэрэгтэй байна ав, өгье...” гэж мессэжээр бичээд, “...ажлаа хийхгүй энд хэрүүл хийж явлаа...” хэмээн миний ажил руу мэдэгдсэн байсан. Гэсэн ч би тэр даруй сургуулийн удирдлагатай нь уулзаж түүний ааш авир, зан үйлдлийн талаар амаар гомдол гаргаж танхай бүдүүлэг, ёс зүйгүй ийм зан характертай ажилтандаа сануулж хэлж, арга хэмжээ авч өгнө үү гэхэд, захирал н.О намайг бичгээр хүсэлтээ гаргаж өг гэсний дагуу захирлын туслахаас нь цаас авч гомдол, хүсэлтээ бичиж өгч байсан. Үүний хариуд улам ихээр дарамтлуулж доромжлуулж, ажил амьдралгүй болгосон гэж гүтгүүлж явсны эцэст 2017 онд Завхан АЗЗА ТӨХК-ийн ажлаасаа гарч, Улаанбаатар луу шилжин, гар утасны дугаараа сольж байж энэ эмэгтэйн тэр бүх дарамтаас холдсон билээ. Гэвч тэрээр миний шинэ ажил болох ХНХЯам дээр хэд хэдэн удаа явж харагдсан. Бодвол хэрэггүй хов хэрүүлээ дамжуулж явсан байх. Тэр үед би гэмт хэрэгтэн шиг түүнээс ихэд айж цочирдсон бөгөөд одоо ч түүнд ажлын газар гэрийн хаяг, утасны дугаар бүх зүйлээ мэдэгдэхгүйг хичээн айдас дарамтанд байдаг...” гэжээ.
Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Нэр төрөө сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Ч.А нь итгэж хэлсэн нууцыг маань Д.Б задруулан М.Бын хүүхдийг төрүүлсэн гэж сумын иргэдэд тараасан, түүгээр ч барахгүй нөхөр болон хадам аав, ээжид чинь хэлнэ хэмээн сүрдүүлдэг байсан гэсэн нь ор үндэслэлгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “...хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй...” гэж заасан бөгөөд Д.Б нь Ч.Аын нэр төрд халдсан үйлдэл хийсэн эсэх, М.Бын хүүхдийг төрүүлсэн гэж сумын иргэдэд тараасан, дээрх үйл явдал болсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Мөн Д.Б нь Монгол-Солонгосын Политехник коллеж дээр ирж Ч.Аын талаар ор үндэслэлгүй, нэр төр, ажил, амьдралд нь халдсан, өргөдөл бичиж, арга хэмжээ авахыг хүсэж, захирал Г.Оюунбилэгтэй уулзаж, түүний нэр төрийг гутаасан гэсэн байна. Хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд байгаа Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Г.Оюунбилэгт хүсэлт гаргах нь гэсэн 2 хуудас өргөдлийг Д.Б өөрөө бичиж, тус байгууллагад хандсан нь үнэн. Энэ талаар маргах зүйл байхгүй. Харин дээрх хүсэлтэнд бичигдсэн зүйлүүд бүгд үнэн бөгөөд Д.Б иргэнийхээ хувьд гаргасан өргөдөл юм. Энэ нь Ч.Аын нэр хүндийг гутаасан үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Д.Б нь Ч.Аын гэдэс рүү хүчтэй өшиглөсөн бөгөөд үүний улмаас 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө ургийн ус гарч 5 сар гарантай эрүүл бойжиж байсан хүүхдээ Улаанбаатар хотын 1-р амаржих газар дутуу тээн төрүүлснээс Ч.Ад сэтгэл санааны хохирол учирсан гэснийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх үйл явдлын талаар Ч.А нь Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад “ Ч.А нь 2015 оны 9 сард дутуу төрсөн байх боловч 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Д.Бтай маргалдаж, улмаар Д.Бгийн өшиглөсөн үйлдлийн улмаас дутуу төрсөн болох нь тогтоогдохгүй, дээрх 2 үйлдэлд шалтгаант холбоо байхгүй байна гэж үзээд 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн байгаа. Уг тогтоолд Ч.А нь гомдол гаргаагүй юм. Энэ нь хэрэгт байгаа Прокурорын тогтоолоор нотлогдож байгаа. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Цаашид ах дүү нарын дунд хов зөөж муудалцуулахгүй, Ч.Аын нэр төр, сэтгэл санаа, биед халдсан хууль бус үйлдэл дахин гаргахгүй байхыг Д.Баяр Амгаланд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Д.Б нь Ч.Аын нэр төр, эрүүл мэндэд халдсан хууль бус үйлдэл гаргаж байгаагүй тул цаашид гаргахгүй байх тухай шийдвэрлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Д.Бг Ч.Аын нэр төр, эрүүл мэндэд халдсан хууль бус үйлдэл гаргаж байсан болохыг сөрөг нэхэмжлэгч нотолж чадаагүй байгаа. Тиймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Ч.Аын Д.Бд холбогдуулан гаргасан нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол гаргуулах, дахин нэр төр, сэтгэл санаа, биед халдахгүй байхыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ч.Ад холбогдуулан “гэм хорын хохиролд 259.200 төгрөг гаргуулах, нэр төрөө сэргээлгэх, дахин Д.Бгийн нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Ч.Ад даалгах тухай” үндсэн нэхэмжлэл гаргасан,
сөрөг нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Д.Бд холбогдуулан “нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол гаргуулах, дахин нэр төр, сэтгэл санаа, биед халдахгүй байхыг даалгуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...”, гэж, Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт “... гэм хор учруулснаас үүсэх харилцаа нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл болно...” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “... эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно....” гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлд “... нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана...” гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан, уг маргааныг ерөнхий харьяаллын шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй, үндсэн болон сөрөг нэхэмжлэгч нар нь хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, мөн багасгах эрхтэй байна.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ч.А нь Д.Бгийн гэрт нь ирж байшингийн цонхыг нь тоосго шидэж хагалсан, хэл амаар доромжлон, зодож танхайрсан үйлдэл гаргасан. Үүнээс эд хөрөнгөд учирсан хохирол болох цонхны шилний үнэ, эрүүл мэндэд учирсан хохирол буюу эм тариа худалдан авсан болон шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргуулсны төлбөр зэрэг нийт 259,200 төгрөг гаргуулах,
2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ч.А нь сум дундын эмнэлэг дээр эмчийн үзлэг хийлгэж байхад “...Б руу миний хүүхдийг алсан алуурчин, хүүхдүүддээ дүүг чинь алсан алуурчин энэ байна, гичий, янхан...” гэж хэлж нэр төрийг нь гутаасан,
- 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нүүр номын D T гэх хуудсанд Д.Бгийн хувийн амьдрал болон ажил хэргийн талаар худал мэдээлэл бүхий, доромжилсон үг хэллэг бичиж олон нийтийн сүлжээгээр Д.Бгийн нэр төрийг гутаасан тул нэр төрийг гутаасан дээрх арга хэлбэрээр залруулга хийж, нэр төрийг нь сэргээлгэх, Д.Бгийн нэр төрд халдсан хууль бус үйлдэл дахин гаргахгүй байхыг Ч.Ад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Ч.А нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр би Д.Бгийн гэрт нь очиж байшингийн цонхыг нь хагалсан, маргаж муудалцсан, үсдэж толгой, нүүрийг нь маажсан нь үнэн. Үүнд Д.Бгийн буруутай үйлдэл бас байсан, би үр хүүхдээ алдсан эмэгтэй хүний уур бухимдлаар тийм үйлдэл гаргасан байсан. Тиймээс нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч, 259,200 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.
Харин 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Д.Бг эмчид үзүүлж байхад би уур бухимдалтай байсан учраас миний хүүхдийг алсан алуурчин, дүүг чинь алсан алуурчин энэ байна гэсэн агуулгатай зүйл хэлсэн байж магадгүй. Гэхдээ тэр нь худлаа зүйл биш, Д.Б миний гэдэс рүү өшиглөж, би дутуу төрж байсан нь үнэн учраас тэгж хэлсэн, 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Faсebook-ийн D T гэх хуудсанд Д.Бгийн талаар мэдээлэл бичсэн нь үнэн, тухайн үед болсон зүйлүүдийг бичсэн учраас түүний нэр төрд халдсан, гутаан доромжилсон гэж бодохгүй байна...” гэж мэтгэлцэж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Сөрөг нэхэмжлэгч Ч.А нь “...Д.Б нь миний нэр төр, ажил, амьдрал, бие, сэтгэл санаанд хохирол учруулсан учраас нэр төрөө сэргээлгэх, сэтгэл санааны хохирол гаргуулах, дахин нэр төр, сэтгэл санаа, биед халдахгүй байхыг даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “... Д.Б нь Ч.Аын нэр төрд халдаж, М.Бын хүүхдийг төрүүлсэн гэсэн яриаг сумын иргэдэд тараасан нь нотлогдохгүй байна. Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Г.Оюунбилэгт 2 хуудас өргөдлийг Д.Б өөрөө бичиж, тус байгууллагад хандсан нь үнэн, дээрх хүсэлтэнд бичигдсэн зүйлүүд бүгд үнэн учраас нэр хүндийг гутаасан үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Мөн Ч.А нь 2015 оны 9 сард дутуу төрсөн нь Д.Бгийн үйлдлээс болоогүй, энэ нь Прокурорын тогтоолоор нотлогдож байгаа. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байна гэж...” тайлбарлан мэтгэлцжээ.
Шүүх дараах үндэслэлээр Д.Бгийн нэхэмжлэлтэй үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ч.Аын нэхэмжлэлтэй сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Д.Бгийн “Ч.А нь байшингийн цонхыг тоосго шидэж хагалсан, хэл амаар доромжлон, зодож танхайрсан үйлдэл гаргасны улмаас учирсан хохирол болох цонхны шилний үнэ, эрүүл мэндэд учирсан хохирол буюу эм тариа худалдан авсан болон шүүхийн шинжилгээний дүгнэлт гаргуулсны төлбөр зэрэг нийт 259,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.А хүлээн зөвшөөрч, 259,200 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй байх тул маргаангүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж, Ч.Ааас 259,200 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ” гэж хуульчилжээ.
“Нэр төр” гэдэгт иргэний хувийн зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээг, “Алдар хүнд” гэдэгт тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон бусад харилцагчаас өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж гэсэн ойлголтыг хамааруулна.
Өөрөөр хэлбэл иргэн өөрийн нэртэй байх бөгөөд иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, мэдээллийг бусдад мэдээлсэн байхыг ойлгоно.
Д.Бг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр сум дундын эмнэлэгт эмчийн үзлэг хийлгэж байхад Ч.А нь “... миний хүүхдийг алсан алуурчин, дүүг чинь алсан алуурчин энэ байна, гичий, янхан...” гэж хэлж хэл амаар доромжлон нэр төрийг нь гутаасан болох нь гэрч Р.Пүрэвсүрэнгийн “... 2018 оны 7 сарын эхээр намайг жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байхад Д.Б, Ч.А нар маргалдсан байдалтай 2 хүүхдийн хамт орж ирсэн. Ч.А нь “ та хоёрын дүүг энэ хүүхэн алсан гэж хэлээд хашгирч загнаад гичий, янхан гэж хараалыг үг хэлээд Д.Б гэх эмэгтэйг доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг,
хариуцагчийн “... 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн маргаан болсны дараа бид нар сумын эмнэлэг дээр очоод Д.Бг эмчид үзүүлж байхад би уур бухимдалтай байсан учраас миний хүүхдийг алсан алуурчин, дүүг чинь алсан алуурчин энэ байна гэсэн агуулгатай зүйл хэлсэн байж магадгүй...” гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Мөн Ч.А нь өөрийн зураг бүхий нүүр номын Amaraa Ch гэх хуудаснаас 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр нүүр номын D T гэх хуудсанд Д.Бгийн хувийн амьдрал болон ажил хэргийн талаар мэдээлэл агуулсан, доромжилсон үг хэллэгтэй “... Сайн муу нийлж сав дүүрдэг гэгч үнэн юм даа. Энд нэг л илүүдсэн хүн явж байгааг харлаа. Хэдий хүний хаа явах нь эрхийн асуудал ч хэлж гаргаж байсан үйлдлээсээ ичиж амьдармаар.... Улаанбаатарт амьдрах аргагүй болсон тухайгаа гэнэт л мэдэж ах эгч нараараа дамжуулан ажилд оруулж өгөхийг гуйлгаж байсан Д.Б гэгч бүсгүй 2008 онд улсын начин О-оос салж тусдаа амьдарч байгаа тухайгаа ажилд орох өргөдөлдөө их л тодорхой бичиж бичиг хэрэг захирлын туслахын ажлыг би тийм ажил хиймээргүй байна гэж байснаа төд удалгүй өөр нэг компанид голоод байсан тэр ажилдаа орчихсон их л баясгалантай сууж байж билээ. Бодвол эмэгтэй захирал тэрний зорилгыг биелүүлж чадахгүй байсан бололтой. Салж нийлсэн амьдралаа ажилд орох өргөдөлдөө бичсэн нь цаанаа зорилготой байсныг одоо ойлгож байгаа. Иймэрхүү хүүхнүүдийн хуурамч багийг мэддэг болохоор дөнгөж шинээр байгуулагдаж байсан шижигнэсэн сайхан хамт олноосоо хол байлгахыг бодож байсан минь зөв байсныг мэдэх хүмүүс мэдэж баярлаж байгаа.
Бас саяхан л цэцэг ногоо тарих ажилд цэцэг ногооны харшилтай гээд хүрэхгүй байсан хүн өнөөдөр тэнд сууж байхаар нь үнэхээр инээд хүрлээ. ЯАЖ ХҮН ИНГЭЖ ЖҮЖИГ тоглож чаддаг байна даа... бас болоогүй ээ миний үе эхэлсээн гээд цээжээ дэлдэж явсан. Нутгийн ард минь тэрний үеийг хараад л сууж байхаас Кккк. Тэр бас дарга нэртэй хүмүүст тал засч хов зөөж тэднийг харахаараа хайлсан тугалга шиг сүү долоосон гөлөг шиг нахилзах нь соёлтой нэгэн шиг. Даанч хуурамч. Даргаас доошоо хүмүүст бол их л ширүүн бүсгүй дээ. Тархины багтаамж нь тэр л юм даа. ҮНЭНЭЭРЭЭ ЯВАХ САЙХАН бас амар байдаггүй л юм байх даа. ХҮНИЙ ЭРЭЭН ДОТРОО МОГОЙН ЭРЭЭН ГАДНАА ГЭЖ...” гэсэн текст бичиж байршуулан, олон нийтийн сүлжээг ашиглан Д.Бгийн нэр төрд халдсан болох нь хариуцагч Ч.Аын “... 2015 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Нүүр номын D T гэх хуудсанд Д.Бгийн талаар уг мэдээллийг бичсэн нь үнэн, би өөрийн А гэсэн хаягнаас бичсэн, энэ талаар маргах зүйлгүй. Харин тэр бичсэн зүйлүүд бүгд үнэн...” гэсэн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч Ч.А нь дээрх текстийг өөрөө бичиж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу нүүр номонд байршуулснаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байна. Харин агуулагдаж байгаа мэдээллүүдийг үнэн зөв, бодит байдалд нийцэж байгаа гэж тайлбарлан мэтгэлцэж байх боловч түүнийгээ үнэн зөв болохыг нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй, татгалзлаа нотолж чадаагүй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заажээ.
Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.”,
511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ”,
511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж тус тус хуульчилжээ.
Тиймээс бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, уг мэдээ бодит байдалд нийцэж байгааг тараасан этгээд нь өөрөө нотолж чадахгүй тохиолдолд эдийн бус, гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Иймд гэм хорын хохиролд 259,200 төгрөг гаргуулах, нэр төрөө сэргээлгэх, Д.Бгийн нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Ч.Ад даалгахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Сөрөг нэхэмжлэгч Ч.А нь “ Д.Б нь миний талаар ор үндэслэлгүй, нэр төр, ажил, амьдралд минь халдсан, намайг фэйсбүүкээр гүтгэлэг, хов тараадаг, хамт олон гэр бүлийг үймүүлж байсан, цагдаагийн байгууллагад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, чадвар, мэдрэмж муутай, ар өврийн хаалга ихтэй тул арга хэмжээ авч өгнө үү” гэсэн агуулгатай өргөдлийг бичиж, миний ажиллаж байсан Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Г.Оюунбилэгт өгсөн нь миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэж нэр төрөө сэргээлгэхээр шаардлага гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Учир нь сөрөг нэхэмжлэгч Ч.А нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж “Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Г.О-т хүсэлт гаргах нь” гэсэн толгойтой, “... танай ажилтан Ч овогтой А нь...... фэйсбүүкээр доромж гүтгэлэг, хов тараадаг, хамт олон гэр бүлийг үймүүлж байсан, цагдаагийн байгууллагад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, чадвар мэдрэмж муутай, ар өврийн хаалга ихтэй тул арга хэмжээ авч өгнө...” гэсэн агуулга бүхий Д.Б гарын үсэг зурсан 2 хуудас хүсэлтийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд байгаа 2 хуудас дээрх өргөдлийг Д.Б өөрөө бичиж, тус байгууллагад хандсан нь үнэн. Энэ талаар маргах зүйл байхгүй. Харин дээрх хүсэлтэнд бичигдсэн зүйлүүд бүгд үнэн...” гэж тайлбарласан боловч хүсэлтэнд бичсэн мэдээллийг үнэн зөв болохыг нотолсон баримт хэрэгт ирүүлээгүй, татгалзлаа нотолж чадаагүй байна.
Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үг, мэдээ, мэдээлэл нь үйлдлээр, бичгээр, дохио зангаагаар, зураг дүрсээр, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, цахим хуудсаар, гар утас түүнчлэн тухайн хүний талаар гаргасан тодорхойлолт, өргөдөл, хүсэлт албан тоот зэргээр илэрхийлэгдэж болно.
Мөн мэдээ нь олон нийт, найз нөхөд, гэр бүл, хамт олон, төрөл төрөгсөд ажил хэргийн хүрээнд хэд хэдэн этгээдэд болон нэг хүнд ч хүргэгдсэн бол мэдээ тараагдсан гэж үзнэ.
Харин сөрөг нэхэмжлэгч Ч.А нь “...өмнө нь Б миний гэдэс рүү өшиглөж, би дутуу төрж байсан нь үнэн учраас тэгж хэлсэн тиймээс түүний нэр төрийг нь гутаагаагүй...” гэж мэтгэлцэж байх боловч Б нь Аыг өшиглөсөн үйлдлээс болж дутуу төрсөн талаархи нотлох баримт хэрэг авагдаагүй, “...Ч.А нь 2015 оны 9 сард дутуу төрсөн байх боловч 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Д.Бтай маргалдаж, улмаар Д.Бгийн өшиглөсөн үйлдлийн улмаас дутуу төрсөн болох нь тогтоогдохгүй, дээрх 2 үйлдэлд шалтгаант холбоо байхгүй байна, Бгийн үйлдэл нь хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон зөрчлийн шинжтэй байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна..” гэсэн 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б/35 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас зэргээр үгүйсгэгдэж байна.
Мөн Ч.А нь “ би Д.Бд эмэгтэй хүний хувьд итгэж зарим нэг хувийн нууцаа хэлсэн юм. Гэтэл тэрээр энэхүү итгэж хэлсэн нууцыг минь задруулан Бын хүүхдийг төрүүлсэн гэж суманд тарааж нэр төрийг минь гутаасан мэдээлэл тараасан гэсэн байх боловч энэ нөхцөл байдал нь хэрэг нотлогдоогүй сөрөг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлээгүй, нэр төрийг гутаасан мэдээ мэдээлэл тараасан үйлдэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “...Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ...” гэж хуульчилжээ
Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас Ч.А нь Д.Бг “... миний хүүхдийг алсан алуурчин, дүүг чинь алсан алуурчин энэ байна, гичий, янхан...” гэж эмнэлгийн өрөөнд эмчийн хажууд хэлснээр гутаагдсан нэр төрийг сэргээлгэх,
- Нүүр номын D T гэх хуудсанд Д.Бгийн хувийн амьдрал болон ажил хэргийн талаар худал мэдээлэл бүхий, доромжилсон үг хэллэг бичиж олон нийтийн сүлжээгээр Д.Бгийн нэр төрийг гутаасан тул нэр төрийг сэргээлгэх,
мөн Бгийн нэр төрд халдсан хууль бус үйлдэл дахин гаргахгүй байхыг Ч.Ад даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, нэхэмжлэгч Д.Бгийн нэр төрийг сэргээж, хариуцагч Ч.Ааас гэм хорын хохиролд 259.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож,
сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Г.Оюунбилэгт хүсэлт гаргаж Ч.Аын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэгч Ч.Аын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж,
Д.Б нь “М.Бын хүүхдийг Ч.А төрүүлсэн гэж хүмүүст хэлж тарааснаар нэр төрийг гутаасан гэж үзэж нэр төрөө сэргээлгэх,
Д.Б нь Ч.Аын гэдэс рүү өшиглөж 5 сартай ураг дутуу төрүүлснээс сэтгэл санаанд учирсан хохирлыг Д.Бгаар уучлалт гуйлгаж сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
хариуцагч Ч.Ад нэхэмжлэгч Д.Бгийн нэр төр гутаасан, мөн нэхэмжлэгч Д.Бд нь сөрөг нэхэмжлэгч Ч.Аын нэр төр гутаасан арга хэлбэрээр залруулга хийх, дахин хэн алиныхаа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэгч Ч.Ааас 43,626 төгрөг гаргуулж Д.Бд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар Дгийн Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Чын Ад холбогдох гэм хорын хохиролд 259,200 төгрөг гаргуулах, нэр төрөө сэргээлгэх, дахин Д.Бгийн нэр төрд халдсан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг Ч.Ад даалгуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, нэхэмжлэгч Д.Бгийн нэр төрийг сэргээж, хариуцагч Ч.Ааас гэм хорын хохиролд 259,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож,
сөрөг нэхэмжлэгч Ч.Аын хариуцагч Д.Бд холбогдох “нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол гаргуулах, дахин Ч.Аын нэр төр, сэтгэл санаа, биед халдахгүй байхыг Д.Бд даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Монгол-Солонгосын Политехник коллежийн захирал Г.О-т хүсэлт гаргаж Ч.Аын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ч.Аын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж,
Д.Б нь “М.Бын хүүхдийг Ч.А төрүүлсэн гэж хүмүүст хэлж тарааснаар нэр төрийг гутаасан гэж үзэж нэр төрөө сэргээлгэх,
Д.Б нь Ч.Аын гэдэс рүү өшиглөж 5 сартай ураг дутуу төрүүлснээс сэтгэл санаанд учирсан хохирлыг Д.Бгаар уучлалт гуйлгаж сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
хариуцагч Ч.Ад Д.Бгийн нэр төр гутаасан, мөн нэхэмжлэгч Д.Бд нь сөрөг нэхэмжлэгч Ч.Аын нэр төр гутаасан арга хэлбэрээр залруулга хийх, дахин хэн алиныхаа нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан хууль бус үйлдэл гаргахгүй байхыг тус тус даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,626 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэгч Ч.Ааас 43,626 төгрөг гаргуулж Д.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ШҮҮГЧИД Ш.ОДОНЗУЛ
Т.БАЛЖИННЯМ