Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Л.Х-

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Ганбат

Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Х-ид холбогдох 201614000574 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нисгэгч мэргэжилтэй, “***” ХХК-ний авто тээврийн байгууллагад хэсгийн дарга ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** багийн ** тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт Л-гийн Х- /РД: хх0000000/

Шүүгдэгч Л.Х- нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод өөрийн гэртээ “охиноо өмөөрөх” шалтгаанаар хүргэн Д.Э-тай маргалдан шалны модоор түүний зүүн гар луу нь цохиж бугалга ясыг хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  -Шүүгдэгч Л.Х-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Охин, хүргэн хоёроо хурим найр хийж байсан үеэс нь тусалж дэмжиж байсан. Би урьд өдөр нь нойр муутай хоносон байсан учир өдөр нь унтаж байтал бөөн шуугиан болсон. Би сэрээд юу болоод байнаа гээд очиход охиныг минь тал талаас нь татаад зээ маань уйлаад байхаар нь Э-т болиоч гээд Э-ыг гэртээ оруулахгүй гэж бодоод үүдэнд байсан шалны модыг бариад цохисон. Уг нь санаатай цохьё гэж бодоогүй. Энэ үйлдэлдээ их харамсаж дахин ийм үйлдэл хийж болохгүй юм байна гэж их бодсон. Ер нь бол охин үртэй хүний зовлон тасардаггүй юм байна гэж бодож байна. Би хүргэнээсээ уучлалт гуйсан. Э-т эхнэр 40.000 төгрөг өгсөн байсан. Миний хувьд хамт явж рентген зураг авахуулж эм тариа авч өгсөн гэсэн мэдүүлэг,

        -Хохирогч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн үед өөрийн охин Гэрэл-Эрдэнийг хадам аавын гэрт байх  эхнэр О-д хүргэж өгөхөөр ** тоотод очоод охиноо оруулчихаад эхнэртэйгээ орцонд зогсож байхад эхнэр маань уурлаад намайг цохиж байхад хадам аав гэрээсээ гарч ирээд намайг цохиод авсан. Тэр үед би хадам аавд хандаж та боль, тайвшир, таны даралт ихсэнэ гэж хэлээд тэвэрч авсан. Би хадам аавтай  зууралдаад гэр лүү нь ороход хадам аав үүдэнд байсан шалны модоо аваад намайг цохиход би гараараа хаахад зүүн гарын тохой хэсэг рүү цохисон. Тэр үед шалны мод хугарсан. ...Тэгээд би эмнэлэг дээр очиж гараа үзүүлэхэд хугарчихсан байна гэсэн. Надад ямар нэгэн гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/,

         -Гэрч Ц.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байхад миний утас руу Г- эмч залгаад Х- Э-тай маргалдаад байна. Э- гэрт ирчихээд хаалга үүд нүдээд байна, хурдан хүрээд ирээч гэхэд би гэрээс гараад Х- ахын гэр болох 6-15 дугаар байрны гадаа ирэхэд Х- ах Э-ын хамт машины зогсоол дээр зогсож байхаар нь би очоод юу болоод байгаа юм бэ гэхэд гар өвчинтэй байна гэсэн.  ...Х- ах мэдлэг боловсролтой, ухамсартай хүн. Аргаа барж тэвчээр алдарсаны улмаас Э-ыг цохисон гэж би дотроо бодож байна гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

         -Гэрч Х.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2016 оны  12 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ээж Г-, аав Х- нарын хамт байж байхад нөхөр Э- миний утас руу залгаад орцны үүдэнд байна, чи гарч ирээд хүүхдээ ав гэхээр нь би хаалга онгойлгоод хүүхдээ аваад гэртээ орсон. Э- хаалганы цаанаас танай ээж, аавтай чинь ярилцмаар байна гээд хаалга тогшоод байхаар нь чи яваа гэхэд хаалга нүдээд салахгүй байсан.  Би аргаа бараад хаалга онгойлгоод чи яваад өгөөч гэхэд Э- миний хувцаснаас зууралдаад танай гэрт орно гэж байж байхад аав Х- орноосоо босож ирээд Э-т хандаж хүүхдийг минь тайван байлга чи яах гээд байгаа юм бэ гэсэн. Би ээж, аав хоёроос санаа зовоод  чи яваач гээд Э-тай зууралдаад байж байхад миний хажуу талаас шалны мод цохигдоод ирсэн. Э-ыг аав шалны модоор цохисон эсэхийг хараагүй. Тухайн үед Э- надад аав чинь намайг цохичихлоо гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

         -Гэрч Б.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрт нөхөр Х-, охин О-ийн хамт байж байхад Э- О-ийн утас руу залгаад охиноо ав гэж хэлсэн. Тухайн үед нөхөр Х- унтаж байсан юм. О- гараад охиноо аваад орж ирэхэд Э- араас нь гэрт орох гээд О-ийн хувцаснаас татаад орох гээд байхаар нь би Э-ыг чамтай ярих юм байхгүй гэж хэлээд хаалга хаасан. Би ач охиныг хараад том өрөөнд сууж байхад Э- хаалга дахиж тогшоод байхаар нь О- хаалга онгойлгоход Э- гэрт орж ирнэ гээд хашгираад байсан.  Тэр үед нөхөр сэрээд үүдний өрөө рүү юу болоод байна гээд очсон. Э- миний гарыг цохичихлоо, гар хөдлөхгүй байна гээд хашгираад байсан. ...хэсэг хугацааны дараа нөхөр Х- миний утас руу залгаад Э-ын гар нь эвгүй болчихсон юм шиг байна, мөнгө байвал өгөөрэй, эм авах хэрэгтэй юм шиг байна гэсэн. Тэр орой дэлгүүр орчихоод гэртээ орох гэж байхад Э- зүүн гараа боочихсон гар хугарчихсан байна гэхээр нь би эм авч уугаарай гээд 40.000 төгрөг өгсөн гэсэн мэдүүлэг /хх 21 ху/,

         -Гэрч А.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед би Х- ахын гэрт бүтэн харвасан ээж Долгорыг усанд оруулах гэж авчирсан. ...Би гэртээ хариад угаах хувцасаа авчираад эргээд 15 цагийн үед эргээд Х-  ахын байрны гадаа ирээд орцоор орох гэхэд урдаас хэрэлдэж маргалдсан хүмүүс гарч ирсэн. Тэр дунд Х- ахын охин О-, нөхөр Э- нар гарч ирсэн. Араас нь Х- ах гарч ирэхээр нь би юу болоод байгаа талаар асуухад Э- амар тайван байдал алдагдуулаад байна гэж хэлсэн. Тухайн үед Э-ыг хэн нэгэн хүн цохисон эсэхийг мэдээгүй байсан.  Харин сүүлд Э-ын гар нь хугарчихсан, цагдаад өргөдөл өгсөн гэдийг сонсоод лавшруулж асуухад Х- ах Э-ын гарыг шалны модоор цохиж хугалсан гэж сонссон  гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 25 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Э-ын биед зүүн бугалга ясны  далд зөрөөгүй хугарал үүсчээ.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.

4. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.

5. Шинэ гэмтэл байна. 2016 оны 12 дугаар сарын 17-нд үүссэн байж болно.

5. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 25 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 39 ху/

-Л.Х-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 33-37 ху/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

         Шүүгдэгч Л.Х- нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод өөрийн гэртээ “охиноо өмөөрөх” шалтгаанаар хүргэн Д.Э-тай маргалдан шалны модоор түүний зүүн гар луу нь цохиж бугалга ясыг хугалж биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Э-ын “...Би хадам аавтай  зууралдаад гэр лүү нь ороход хадам аав үүдэнд байсан шалны модоо аваад намайг цохиход би гараараа хаахад зүүн гарын тохои хэсэг рүү цохисон. Тэр үед шалны мод хугарсан. ...Тэгээд би эмнэлэг дээр очиж гараа үзүүлэхэд хугарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/, мөн гэрч Ц.Х- /хх 18 ху/, гэрч Х.О- /хх 19 ху/, гэрч Б.Г- /хх 21 ху/, гэрч А.Б- /хх 23 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн бугалга ясны далд зөрөөгүй хугарал гэмтэл үүссэнийг тогтоосон 25 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Л.Х-ийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

          Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Түүнд ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон  түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

         Хохирогч Д.Э- нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х овгийн Л-гийн Х-ийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Л.Х-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Х-ид оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

           5.  Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

       6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар шүүгдэгч Л.Х-ид оногдуулсан 1 жилийн хорих ял тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт  даалгасугай.

         7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х-ид урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.БАЙГАЛМАА