Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 39

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              Д.Сүрэнхор 

         Шүүгдэгч                                              Н.А

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Э.Алтан-Уяа

         Хохирогч                                              С.О     

         Нарийн бичгийн дарга                          С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолтой Н.А-т холбогдох 1915002110132 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч С.О-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Н.А.           

Н.А нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Дайвууны ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор:

 1. Шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Н.А-гт оногдуулсан 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй болохыг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж,

4. Энэ хэрэгт шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5-д заасныг журамлан хэрэгт 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн 27 ширхэг буюу 1,96 м3 шинэс төрлийн мод болон улаан өнгийн моторт цахилгаан хөрөөг хурааж, үнийг Улсын төсөвт шилжүүлж, **-** ОРА  улсын дугаартай “Mazda Bongo” загварын тээврийн хэрэгслийг нь түүний өмчлөгч эзэмшигч Г. Б-д олгож,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч С.О давж заалдах гомдолдоо: “...Хариуцсан нутаг дэвсгэртээ 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хяналт шалгалт гүйцэтгэж яваад идэвхтэн байгаль хамгаалагч И.Л тай уулзан мэдээлэл авсан. Мэдээлэлдээ И.Л  нь Дайвуу амнаас 2 машин 200 метрийн зайтай уруудаж явахад нь дурангаар харж хоёулаа мод ачиж явж байсан тул араас нь хүүтэйгээ хамт очиж шалгахад зөвшөөрөлгүй бичиг баримтгүй байсан. Уг машинууд нь Орхон аймагруу явсан гэж 2 цагийн дараа надад мэдэгдсэн. Үүний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр суманд Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ганцолмон шалгалт хийж явахад нь **-** ОРА, **-** ОРА гэсэн 2 машин мод ачаад орчихлоо түүнийг шалгаад баримтжуулж авахыг миний бие утсаар мэдэгдсэн. Гэтэл Б.Ганцолмонтой цуг явсан цагдаа нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж эрүү үүсгэн шалгуулсан. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үндэслэл нь:

1. Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-2.4.6 дугаар заалтуудад эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэх эрхтэй /эрх бүхий албан тушаалтан гэдэг нь зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь заалт МХУБ, 6.27 дахь заалтад улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч хэрэгжүүлнэ гэж заасныг зөрчсөн.

2. Прокурор зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн харъяалалын дагуу шилжүүлээгүй.

3. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт 1.8 дугаар зүйлийн 6.10, 6.27 дахь заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэсэн эсэх, нөхөн төлбөр ногдуулсан төлбөрийн хуудасны баримт, Модыг улсын орлого болгосон баримт, хураагдсан модны үнэлгээний зөвлөлийн хуралдааны тэмдэглэл байгаа эсэхийг хянаж үзээгүй зөрчил дутагдал гаргасан гэж үзэн гомдол гаргаж байна...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Сүрэнхор дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч С.О-н давж заалдах гомдлыг үндэслэн Н.А-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзэв.

 Шүүгдэгч Н.А нь  2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Дайвууны ам” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.96 м3  хуурай мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, шинэс модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13, 17-18 дугаар хуудас/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэлэл /хх-ийн 14-15, 19-20 дугаар хуудас/, Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38 дугар хуудас/, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч  Н.А-т үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг оногдуулжээ.

Хохирогч С.О нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-2.4.6 дугаар заалтуудад эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлэх эрхтэй гэж заасныг зөрчсөн мөн прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг үндэслэн харъяалалын дагуу шилжүүлээгүй гэж давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2.4.1-2.4.6 дугаар заалтуудад эрх бүхий албан тушаалтан болон түүний хэрэгжүүлэх эрхийг тогтоосон бөгөөд уг хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн мөн зүйлийн 6.27-т зааснаар улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчийн хэрэгжүүлэх эрх үүргийг тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.27 дугаар зүйлд зааснаар улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагчийн хэрэгжүүлэх эрх үүрэгт зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, худалдсан хувь хүн, албан байгууллагыг шалган хариуцлага хүлээлгэх талаар заагаагүй.

Харин гэмт хэргийн шинжтэй үйлдлийг нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Н.А-н зөвшөөрөлгүйгээр, талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас ой мод бэлтгэн, тээвэрлэж, худалдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул прокурор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг зөрчиж харьяалалын дагуу шилжүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хохирогч С.О-н давж заалдах гомдыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.О-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.ХҮРЭЛБААТАР                                   

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД                                З.ХОСБАЯР                                                  

                                                                                            Ё.БЯМБАЦЭРЭН