Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2021/0032/З |
Дугаар | 118/ШШ2021/0033 |
Огноо | 2021-07-20 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 118/ШШ2021/0033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ГДЖЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Засаг даргад холбогдох
Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/159 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ГДЖЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гомбодорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай ГДЖЭ ХХК нь 2007 оноос хойш худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мөн оноос хойш спиртийн өндөр агууламжтай архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг эзэмшиж тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай компани Хүлэг хүнсний барааг бөөний үнээр нийлүүлдэг. 2021 оны 04-р сарын 16-ны өдөр манай бөөний төвөөс бараа авдаг Ургамал сумын Элбэг хүнсний дэлгүүр хэд хэдэн төрлийн хүнсний бараа ачсан. Энэ үеэр 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө бараагаа татан авахгүй учир нэгэнт ачилт хийж байгаа дээрээ Элбэг дэлгүүрт дууссан байгаа Сэнгүр Радлер шар айргаас 5 сагс ачих хүсэлт гаргасны дагуу манайх 5 сагс Сэнгүр Радлер шар айраг ачуулахыг зөвшөөрсөн. Сэнгүр Радлер шар айраг нь нимбэгний жүүсээр баяжуулсан 1,9%-ийн алкохолын агууламжтай байдаг бөгөөд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар архи, согтууруулах ундаанд хамаардаггүй юм. Элбэг дэлгүүрт бараа ачуулж байх үед аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал өөрийн биеэр манай дэлгүүрт орж ирж аймгийн даргын захирамжаар хориглосон үйл ажиллагаа явуулж архи согтууруулах ундаа худалдан борлууллаа гэж хэлээд гарсан. Тухайн өдөр манай дэлгүүр орчимд эргүүл хийж байсан н.Пүрэвгарьд гэх хүн энэ асуудлаар аймгийн Цагдаагийн газарт гомдол, мэдээлэл гаргасан байдаг. Ийнхүү аймгийн Цагдаагийн газарт гомдол мэдээлэл шалгах ажиллагаа хийгдэж байх явцад аймгийн Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/159 дүгээр захирамж гаргаж манай ГДЖЭ ХХК-ийн Хүлэг дэлгүүрийн спиртийн өндөр агууламжтай архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Завхан аймгийн Засаг дарга А/189 дүгээр захирамж шийдвэр зөрчиж согтууруулах ундаа худалдаж байсан нь хяналт шалгалтаар илэрсэн гэсэн боловч манай дэлгүүр ямар нэр төрлийн согтууруулах ундааг хэнд, хэзээ худалдан борлуулсан асуудлаар шалгаж тогтоох ажиллагаа бүрэн хийгдээгүй, шийдвэр дүгнэлт эцэслэн гараагүй байхад өөрийн ойлголтод тулгуурлаж, манай компаниас тайлбар тодруулга авалгүйгээр спиртийн өндөр агууламжтай архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг маань хүчингүй болгож шийдвэрлэсэн захирамж нь хууль бус гэж үзэж байна. Хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад хууль зөрчин гаргасан А/159 дүгээр захирамжаа манай компанид хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй атлаа Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар гэх нэртэй цахим хаягт нийтэлж олон нийтэд манай ГДЖЭ ХХК-ийг Онцгой өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед захирамж, шийдвэр зөрчиж согтууруулах ундаа худалдаж байсан. Энэ нь хяналт шалгалтаар тогтоогдсон гэж мэдээлж манай компанийн нэр төрд халдсан. Миний бие ...А/159 дүгээр захирамжийг албан ёсоор гардаж аваагүй бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар гэх нэртэй цахим хаягт нийтэлснийг Завхан аймгийн нэгдсэн групп нэртэй facebook групп дээр шэйрлэсэн байхыг харж мэдсэн. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/159 дүгээр захирамжийг эсэргүүцэж шүүхэд гомдол гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр буюу ГДЖЭ ХХК-ийн Хүлэг хүнсний нэрийн дэлгүүрээс архи согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх үед архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг ямар шийдвэрээр хориглосон эсэхийг бид анхаарч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл уг шийдвэрт юу гэж заасан эсэх, мөн ГДЖЭ ХХК хориглосон ямар үйл ажиллагаа явуулсан эсэх, хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх нь эрх бүхий байгууллагын шалгалтаар шалгагдаж тогтоогдсон эсэх, захирамж эрх зүйн шаардлага хангасан эсэх гэсэн асуудлуудад бид анхаарал хандуулах ёстой гэж харж байна. Энэ байдлыг өмгөөлөгчийн хувьд дүгнэхдээ 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн үе байсан. Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх эсхүл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх ямар хэм хэмжээ журам мөрдөх вэ? гэдгийг Засгийн газрын 45 дугаар журам батлах тогтоолоор журамласан байгаа. Ингэхдээ бүх нийтийн бэлэн байдлын үед хүнсний тээвэрлэлтийг зөвшөөрч байсан мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоно гэсэн заалт журмын хавсралтад байгаагүй. Харин журмыг хэрэгжүүлэх ажиллагааг Засаг дарга биечлэн хариуцаж зохион байгуулна гэсэн заалттай. Энэ цаг хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр А/159 дүгээр захирамжийг аймгийн Засаг дарга гаргасан байдаг. Захирамжийн 9 дэх заалт нь А/143 дугаар захирамжийн холбогдох заалтуудыг хүчингүй болгосон гэхдээ үлдэх заалтууд нь хүчин төгөлдөр мэт ойлгогдохуйц ийм байдлаар гарсан байгаа. Энэ захирамжаас харахад архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон заалттай байгаа. Гэтэл шийдвэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон, харин тээвэрлэлтийг зөвшөөрсөн байдаг. Энэ тохиолдолд пиво нь хүнсний бүтээгдэхүүнд ордог учраас тээвэрлэлт зөвшөөрөгдсөн байгаа. Цагдаагийн байгууллагаас ГДЖЭ ХХК-ийг хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаад зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ ГДЖЭ ХХК-ийн Хүлэг хүнсний нэрийн дэлгүүр нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 5 сагс Сэнгүр радлер пивыг хүнсний тээвэр хийх зориулалтаар бусдад өгсөн нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан согтууруулах ундаа гэдэг хэсэгт хамаарахгүй байна гэдэг агуулгаар зөрчлийн гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан байдаг. Архи согтууруулах ундаа худалдах, үйлчлэх гэдгийг авч үзэхийн тулд бид нэгдүгээрт архи согтууруулах ундаа гэж юуг хэлэх вэ? гэдэг тодорхойлох нь зүйтэй. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхойлсноор согтууруулах ундаа гэдэг нь хүнсний зориулалттай түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи зэрэг нь согтууруулах ундаанд хамаарна гэсэн заалт байгаа. Захирамжийн агуулгаас харахад архи согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах зорилгоор худалдахыг хориглосон байдал харагддаг. Гэтэл бодит байдал дээр ГДЖЭ ХХК-ийн Хүлэг хүнсний нэрийн дэлгүүр нь бөөний худалдаа эрхэлдэг онцлогтой үйл ажиллагаа явуулдаг. Энэ онцлогоосоо хамаарч хүнсний тээвэр хийх үйлдлийг зөвшөөрөхдөө Сэнгүр радлер гэх 1,9 хувийн спиртийн агууламжтай пивыг 5 сагсыг ачуулсан ийм л үйлдэл байдаг. Харин тэр дэлгүүр нь цаашаа бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал дуусах хүртэл хугацаанд хадгалах, зарах эсэх нь тэр дэлгүүрийн хүлээх үүрэг хариуцлагын асуудал. Цагдаагийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтаар бол ГДЖЭ ХХК захирамжаар хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх нь тогтоогдоогүй байдаг. Иймд хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн архи согтууруулах ундаа зараагүй байна гэж үзэж байгаа. Мөн А/159 дүгээр захирамж нь эрх зүйн шаардлага хангаагүй, захирамжийг үндэслэсэн байдал тодорхойгүй гарсан байдаг. Мөн акт гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан акт гаргах журамд нийцээгүй, тодорхой бус, бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хуульд заасан бодит үндэслэл байгаагүй байсан байна гэж дүгнэж байна. Иймд А/159 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улиастай сумын ГДЖЭ ХХК-ийн Хүлэг нэрийн хүнсний дэлгүүр нь архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг. Уг хүнсний дэлгүүр нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 45, 78, 91 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/158 захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нийтийг хамарсан захирамж, шийдвэрийг зөрчин архи согтууруулах ундаа худалдан борлуулсан тул тусгай зөвшөөрлийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/159 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэдээлэл хүлээн авах 70462849 дугаарын утсанд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр уг дэлгүүртэй холбоотой архи согтууруулах ундаа худалдсан гэх гомдол мэдээлэл ирж, мэдээллийн дагуу хяналт шалгалт хийхэд үнэн байсан гэж Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07/141 дүгээр албан бичгээр нотлогдож байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Засаг дарга өөрийн биеэр очиж хяналт шалгалт хийхэд пиво зарж байсан нь тогтоогдоод, тэрийг нь баримтжуулж цагдаад өгөөд, аймгийн шуурхай штабын өргөтгөсөн хурлын 33 дугаар шуурхай хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдсэн юм байна лээ. Тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлагдсан архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон байсан. Манай зүгээс уг захирамжийг гаргахад нөлөөлсөн зүйл нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Засаг даргад албан бичиг ирсэн. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07/141 дугаартай энэ албан бичигт 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагт аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас байгууллагын 70462849 дугаарын утсанд ирүүлсэн Хүлэг нэрийн хүнсний дэлгүүр согтууруулах ундаа зарж байна гэсэн иргэний мэдээллийн дагуу хяналт хийхэд үнэн байсан гэсэн утгатай бичгийг ирүүлсний улмаас манайх тус дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцалсан захирамж гаргасан. Захирамжийг мэдэгдсэн байдлын тухайд уг захирамжийн 2 дахь заалтад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар болон Цагдаагийн газарт даалгасан. Энэ хоёр газар Хүлэг нэрийн хүнсний дэлгүүрт захирамжийг мэдэгдэх ёстой байсан. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үед Засгийн газрын тогтоолоор бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлдэг. Үүний дагуу аймгийн Засаг дарга бүх нийтийн бэлэн байдлын зэргийг орон нутагтаа мөн зохион байгуулдаг. Тэр үед архи согтууруулах ундааг ямар ч дэлгүүр, хаана ч худалдан борлуулахыг хориглосон байдаг. Тээвэрлэх гэдэг нь Улаанбаатар хотоос татаж нийлүүлэх талаар заалт байгаа. Түүнээс зарж борлуулах, өөр дэлгүүрт өгөх талаар ойлгох заалт биш гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/159 дүгээр Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь аймгийн Засаг дарга манай компанийн спиртийн өндөр агууламжтай архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус байна. Сэнгүр Radler шар айраг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зааснаар согтууруулах ундаанд хамаарахгүй гэж, хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч согтууруулах ундаа худалдсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын албан бичгээр нотлогдсон тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэж маргаж байна.
Завхан аймгийн Засаг даргын Ковид 19-ын тархалтын түвшинг бууруулж, зарим арга хэмжээг эрчимжүүлэх тухай 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А/143 дугаар захирамжийн 6 дахь заалтаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нь Засаг даргын хуульд заасан бүрэн эрхэд хамаарах ба уг захирамж нь аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын 2021 оны 33 дугаар хурлын шийдвэрийг үндэслэжээ.
Завхан аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын өргөтгөсөн 33 дугаар хурал 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 17 цаг 30 минутад хуралдаж, Шийдвэрлэсэн нь: хэсгийн 1.3-т ...архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хязгаарласан хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал сунгах-аар шийдсэн байх ба аймгийн Засаг даргын 4 дүгээр сарын 6-ны өдрийн А/143 дугаар захирамжаас 1 хоногийн дараа түүний үндэслэл болох хурлын 33 дугаар тэмдэглэл гарсан нь огнооны хувьд зөрүүтэй байна.
Завхан аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 33 дугаар хурлын тэмдэглэлийн ШИЙДВЭРЛЭСЭН нь хэсгийн 1.3, Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн А/143 дугаар захирамжийн 6 дахь заалтаар 2021 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хориглосон байх ба нэхэмжлэгч ГДЖЭ ХХК-ийн Хүлэг дэлгүүр 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сэнгэр Radler шар айраг худалдсан үйлдэлд хэргийн оролцогчид маргахгүй байна.
Харин согтууруулах ундаа худалдсан гэх маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын А/159 дүгээр захирамжийн үйл баримтад нэхэмжлэгч тал маргаж байна. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/159 дүгээр захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь: хэсгийн 1 дүгээр заалтад Онцгой, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нийтийг хамарсан захирамж, шийдвэрийг зөрчиж согтууруулах ундаа худалдаж байсан нь хяналт шалгалтаар илэрсэн... гэх үйл баримтыг дурдсан байна.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д согтууруулах ундаа гэж ..., 2 хувиас дээш этилийн спирт агуулсан пиво-г хамааруулахаар заасан байх ба хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд ГДЖЭ ХХК-ийн Хүлэг дэлгүүрийн худалдсан Сэнгүр Radler нэрийн пиво нь 1.9 хувийн этилийн спирт агуулсан болох нь нийтэд илэрхий баримт байх тул хуульд болон маргаан бүхий захирамжид дурдсан согтууруулах ундаанд хамаарахгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/159 дүгээр Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/159 захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ГДЖЭ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР