| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0474/З |
| Дугаар | 221/МА2025/0346 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0346
А******* ХХК, А******* девелопмент ХХК нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч А******* ХХК
НэхэмжлэгчА******* девелопмент ХХК
Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд
Гуравдагч этгээд Х******* ГХО ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ы өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0100 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******
Нэхэмжлэгч А******* девелопмент ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Ж.А, Г.Э
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2024/0474/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А******* ХХК, А******* девелопмент ХХК нараас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ы өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 1.1 дэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0100 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.9, 18 дугаар зүйлийн 18.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А******* ХХК, А******* девелопмент ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг баримтлаагүй тухай:
Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана гэж, Засгийн газрын 2023 оны 160 дугаар тогтоолын 1.4-д Х******* ХХК-ийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/07 дугаар тушаалаар батлагдсан Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам-ын 3.7 дахь хэсгийг үндэслэн дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль тогтоомжид нийцүүлэх зорилгоор гарсан 2024 оны 1/1 дүгээр албан даалгавар хуулийн үндэслэлтэй.
Х******* ХХК-иас гаргасан гомдолтой танилцаж, уг асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өмнө шилжүүлж шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн байхад тодорхой арга хэмжээ аваагүй байх бөгөөд хийсэн хяналт шалгалтын талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл гомдолд дурдагдсан, холбогдох баримтыг ирүүлсэн тул хууль тогтоомжийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулж, газар дээр нь нөхцөл байдлыг үзэж, холбогдох баримт бичигтэй танилцсан.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар гомдлыг хянан үзэж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ гэж, мөн зүйлийн 7.3-т Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг харьяа байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд хянан шалгаж, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсоно гэж,
Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана гэж, мөн хуулийн 21.1-т Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ гэж тус тус заасан байдаг.
Тиймээс шүүхийн шийдвэрт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн нь үгүйсгэгдэж байна.
3.2.Шүүхийн шийдвэр нь нотлох баримтанд үндэслээгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болох тухай:
Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 1-д Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна, 2-т Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно" гэж,
Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд заасан ёсоор Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн гэж, 2-т Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж,
Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 3-т Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна (Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5-ын 10/-д төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт; иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл;-Харьяалах асуудал мөн.) гэж тус тус заасан.
Улсын бүртгэлийн байгууллагаас улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн /14242/, Олимпын гудамж, 5 тоот хаягт байрлах 14,386,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга/-ийн холбогдох бүртгэлийг хийхдээ бүрдүүлсэн баримт материалд улсын бүртгэгч нь эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр улсын бүртгэлийг зөрчсөн нөхцөл байдал илэрсэн, үүнийг маш тодорхой дурдсан Илтгэх хуудас хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад шүүхээс үл харгалзаж, хууль тогтоомжид нийцүүлэхээр гаргасан албан даалгаврын 1.1 дэх заалтыг хууль бус гэж үзсэн нь өөрөө хууль болон ёс зүйн зарчимд нийцэхгүй байна.
Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль тогтоомж зөрчиж явагдсан байгааг залруулах, хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай, төрийн байгууллагаас хийгддэг улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлж, залруулах арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжийг мөрдүүлэхээр даалгаж буй нь хууль бус болж байгаа бол тус шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр хэрэгт цугларсан баримтаар бүртгэлийн ажиллагаа хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон, энэ тухай тайлбар хүсэлт болон шүүх хуралдаанд хэлж байсан боловч анхаарч үзэлгүй шийдвэрлэсэн нь бодит байдалд нийцээгүй, баримтанд үндэслээгүй болохыг харуулж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.У******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. ...Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан бус тухай:
А******* ХХК, А******* девелопмент ХХК-иас Хууль зүй дотоод хэргийн сайдад холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаартай албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаар албан даалгаврын 1.1 дэх заалтаар улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн ... хаягт байрлах 14.386.5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга/-ын хамтран өмчлөгчөөс Х******* ХХК-ийг хасаж, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасан.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж тус тус зааснаар захиргааны актын улмаас нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар бий болсон, гадагш чиглэсэн байх ёстой.
Тодруулбал, маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 11 дугаар албан даалгаврын улмаас Улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Соёл амралтын хүрээлэн, Олимпын гудамж, 5 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг А******* ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл хүчингүй болоогүй, хэвээр байгаа буюу нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй, дотогш чиглэсэн, захиргааны урьдач акт юм.
Харин маргаан бүхий албан даалгаврыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай бүртгэлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн бүртгэл нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг дуусгавар болгох буюу эрх зүйн шууд үр дагавар үүсгэх тул тухайн захиргааны акттай маргах эрх нь үүсэх юм.
Энэ талаар шүүхийн практикт эрх зүйн үр дагавар үүсгээгүй, урьдач захиргааны акттай маргах эрхгүй, маргаад ч сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй, харин эцсийн захиргааны акттайгаа л маргах эрхтэй гэж дүгнэсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны 04 дугаартай захирамж байдаг.
Дээр дурдсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус, 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан боловч шүүхээс тухайн хүсэлтийг аливаа байдлаар шийдвэрлүүлэлгүй орхигдуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргасан.
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй тухай:
Шүүхийн шийдвэрээр ... хариуцагч хууль зүйн асуудал эрхэлсэн сайд өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтаар илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
Х******* ХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бөгөөд 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр А******* ХХК-тай 09/08 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, гэрээний дагуу тухайн барилгыг барихад 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 7.836.870,1 ам доллар, 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 806.659,81 ам.долларын бодит хөрөнгө оруулалтыг хийсэн.
Улмаар 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр А******* ХХК, Х******* ХХК нар нь гэрээт ажлын гүйцэтгэлийг гаргаж, Ү-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн ... хаягт байрлах 14,386.5 м.кв талбайтай 16 давхар 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 60 хувийн өмчлөгчөөр Х******* ХХК, 40 хувийн өмчлөгчөөр А******* ХХК-ийг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000247152 дугаар гэрчилгээг авсан.
Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөрчлөгдсөн буюу уг барилгын Хуашен констракшн Монгол ХХК-ийн өмчлөлийн 60 хувийг хасч, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бүртгэл хийгдэж, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А******* ХХК нь барилгын ажлыг бүрэн дуусгаж, 11.918,1 м.кв талбай бүхий Ү-2203024452 дугаартай гэрчилгээг авсан бөгөөд энэхүү бүртгэл нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.
Хуашен констракшн ХХК-иас улсын бүртгэлтэй холбоотой гомдол гаргасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 160 дугаар Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын 1.4-д тус компанийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 160 дугаар тогтоолын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь хяналт шалгалтыг хийсэн.
Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрийн эрх хэмжээний хүрээнд албан даалгавар гаргасан болох нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн хуулийн 24 дүгээр зүйлийн 1-д "Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор 2/-т "эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана", Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Яам нь сайдын эрхлэх асуудлын хүрээнд дараахь нийтлэг ажил эрхэлнэ", 7.1.1-д "хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах", 8 дугаар зүйлийн 8.1-д "Яамыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд /цаашид "сайд" гэх/ тэргүүлнэ", 8.2-т "Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана", 21 дүгээр зүйлийн 21.1-д "Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ", Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг баталж мөрдүүлнэ" Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмаар хангалттай тогтоогддог.
Түүнчлэн улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай Сүхбаатар дүүргийн ... хаягт байрлах 14.386,5 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилгын хамтран өмчлөгчөөс Х******* ХХК-ийг хасаж, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэл холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь хяналт шалгалтын ажлын хэсгийн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн илтгэх хуудсаар хангалттай тогтоогдсон, нэхэмжлэгч нар нь тухайн илтгэх хуудастай маргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0100 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангав.
1.Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 160 дугаар тогтоолоор Хуаншин констракшн Монгол ХХК-ийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан, мөн тус компаниас гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн гомдлыг үндэслэн сайдын мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/400 дүгээр тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоох зорилгоор маргаан бүхий албан даалгавраар улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай, Сүхбаатар дүүргийн ...тоот хаягт байрлах 14386,5 мкв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /70 хувийн гүйцэтгэлтэй буюу дуусаагүй барилга/-ын хамтран өмчлөгчөөс Хуаншин констракшн Монгол ХХК-ийг хасч, А******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханд даалгасныг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан төрийн захиргааны төв байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.6-д заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхгүй, энэ талаар шийдвэрт хууль хэрэглээний алдаатай дүгнэлт хийсэн байна.
Учир нь дээрх шийдвэрээр сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах асуудлын хүрээнд холбогдох бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэх албан даалгаврыг яамны харъяа агентлагын даргад үүрэг болгосон, түүнээс Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүрэгт халдаж бүртгэлийг хүчингүй болгоогүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ч албан даалгаврын дагуу бүртгэлийг шууд хүчингүй болгохгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий газар эрх хэмжээнийхээ хүрээнд зохих хяналтын шалгалтыг явуулах боломжтой болохыг илэрхийлсэн болно.
Шийдвэрт бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, мөн тодорхой эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах, бүртгэлд өөрчлөлт оруулах зэрэг улсын бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт оролцох эрх хэмжээ төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй гэж дүгнэсэн, гэтэл хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон эрх хэмжээ болон 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журамд заасан зохицуулалтын хүрээнд харъяа агентлагт дээрх байдлаар албан даалгавар өгөх эрхтэй.
2.Тухайлбал Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Засгийн газрын гишүүний хувьд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 181 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана, 6/-д хууль тогтоомж, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ,
-Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангана, 8 дугаар зүйлийн 8.2-т Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана, 21 дүгээр зүйлийн 21.1-т Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ гэсэн зохицуулалтын хүрээнд, мөн дээр дурдсан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор харъяа агенлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад албан даалгавар өгөх хэлбэрээр улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулахыг даалгасныг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар шийдвэр гаргасан, эсхүл уг шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бусад тооцохгүй.
Хэдийгээр шийдвэрт хуулийн эдгээр заалтыг ерөнхий зохицуулалт, харин маргаан бүхий тохиолдолд илүү нарийвчилсан харилцааг зохицуулсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль үйлчлэнэ гэсэн агуулга бүхий дүгнэлт хийснийг шууд үгүйсгэх аргагүй ч, энэ тохиолдолд хариуцагч эдгээр хуулиар олгогдсон улсын бүртгэгчийн эрх хэмжээнд огт халдаагүйгээс гадна албан даалгаврыг гаргахдаа Ажлын хэсгийн илтгэх хуудас, дүгнэлтийг үндэслэсэн байгаагаас тус тус дүгнэхэд маргаан бүхий тушаалыг аль тохиолдолд илт хууль бус гэж үзэхгүй.
3.Харин маргаан бүхий албан даалгаврыг захиргааны актын шинжийг агуулаагүй гэж дүгнэсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, өөрөөр хэлбэл улсын бүртгэлийг хуульд тогтоомжид нийцүүлэн залруулах хугацаатай үүрэг даалгавар нь хэрэгжсэн эсэхээс үл хамаарч нэхэмжлэгчийн хувьд үр дагавар үүсгэсэн, заавал биелэгдэх захиргааны актын шинжийг агуулж байгаа буюу захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаанд хамаарах талаарх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 343 дугаар тогтоол хүчинтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоол харъяаллын хувьд эцсийн шийдвэр тул гуравдагч этгээдийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус маргаан гэсэнд үүнээс өөрөөр дүгнэлт хийх шаардлагагүй.
Түүнчлэн шүүхээс энэхүү маргааныг шийдвэрлэхдээ Хуаншин констракшн Монгол ХХК-ийн тухайн барилгад оруулсан хөрөнгө оруулалтын талаар, мөн уг барилгын хэдэн хувийг өмчлөх эрхтэй талаарх үйл баримтын талаар бус гагцхүү хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харъяа агентлагтаа албан даалгавар өгөх эрх хэмжээтэй эсэх, маргаан бүхий шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бусад тооцох эсэхэд л тус тус дүгнэлт өгнө.
Харин шийдвэрт албан даалгаврыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11-т заасан утга, агуулгын илэрхий алдаатай, 47.1.5-д заасан хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлүүд тогтоогдоогүй талаар зөв дүгнэсэн байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 100 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2/, 6/, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан А******* ХХК, А******* девелопмент ХХК-иас гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 1/1 дүгээр албан даалгаврын 1.1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН