Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 850

 

Э.З, Г.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00393 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.З, Г.Д,

Хариуцагч Ч.М-д холбогдох,

80 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлтэй, барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.З, Г.Д, өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин,

Гуравдагч этгээд Ц.М, өмгөөлөгч Ц.Алтанцол,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Э.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2004 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр хүүхдийн тоглоомын худалдаа эрхэлж байна. БНХАУ-ын иргэн Tian Su Yue нь мөн хүүхдийн тоглоомын бизнес эрхэлдэг ба бид бизнесийн шаардлагын дагуу хамтран ажилладаг учир худалдан авсан барааныхаа үнийг юаниар Хятад улс руу шилжүүлэх шаардлагатай болдог учраас “Найман шарга” худалдааны төв дээр валютын арилжаа эрхэлдэг эгч дүү болох А.Оюунтуяа, Ч.М нараар БНХАУ-ын иргэн рүү төлбөрийг юаниар шилжүүлж байсан.

Э.З 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөг, Г.Д 21 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 38 000 000 төгрөг, нийт 134 000 000 төгрөгийг тус тус Ч.Мын Хаан банкны 5077299979 тоот дансанд шилжүүлсэн. Дээрх мөнгөнөөс 54 000 000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэх 80 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 Дээрх мөнгө авахдаа барьцаанд нь Ц.М, М.Х нарын өмчлөлийн Баянгол дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс /16020/ Дундгол гудамж, 30В байр 90 тоот 3 өрөө байрыг барьцаалсан. Дээрх байрыг өмчлөгчид нь зөвшөөрсөн тул үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Заас 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 25 000 000 төгрөг, Г.Дээс 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 21 000 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 38 000 000 төгрөгийг тус тус Хаан банкны 5077299979 тоот дансаараа хүлээн авсан.

Э.Заас авсан мөнгийг М.Жаргалсайхан алт авахад зарцуулсан бөгөөд мөнгийг буцааж өгөөгүйгээс болж Э.Зын мөнгийг төлж чадаагүй. Тус мөнгийг төлөх зайлшгүй шаардлагын улмаас М.Жаргалсайхан өөрийн дүү болох М.Х, Ц.М нарын байрыг барьцаалуулж барьцаат зээлийн гэрээ хийсэн. Ч.М нийт төлөх ёстой 134 000 000 төгрөгөөс одоо үлдэгдэл 67 816 455 төгрөгийг төлөх үүрэгтэй боловч энэ мөнгийг М.Жаргалсайхан авч буцааж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийн дүү нарын үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, энэ үл хөдлөх хөрөнгөөр төлүүлье гэсэн гэрээ хэлцэл хийсэн учраас барьцааны гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Бид хоёр хүүгийн хамт Баянгол дүүргийн 3-р хороо Үйлдвэрийн төвийн бүс Дунд гол гудамж Цагдаа-2 хотхоны 30В байрны 90 тоотод оршин суудаг. 2015 оны 11 дүгээр сарын 10-ны үед хадам ах болох М.Жаргалсайхан нь иргэн Э.Зын хамт манай гэрт ирж миний 2 дүү байрныхаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Э.Зт журмын дагуу 3 сарын хугацаатай түр тавиулчих, хэрэв бүтэхгүй бол хэрэггүй гэж хэлээд явсан.

Э.Зын хамт Ц.М миний бие нь холбогдох материалыг бүрдүүлж Сүхбаатар дүүрэг Олимпийн гудамжинд байрлах “Экокапитал” ББСБ-д 105 000 000 төгрөгийн барьцаанд тавиулах болж тус байгууллагын эдийн засагч Э.Ёндон гэх залуутай уулзахад “Манай байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 4 хүний дундын эзэмшилд байдаг болохоор та үл хөдлөх гэрчилгээний эзэмшигчийн нэрийг сольж манай байгууллагын нэр дээр шилжүүлэх, хэрэв та зээлээ төлж чадахгүйд хүрвэл иргэн Э.Зын авсан 105 000 000 төгрөгийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө болох байраа шилжүүлнэ гэсэн эрсдэлийн баталгаа гаргаж, Э.З, Ц.М, М.Х, манай байгууллагатай дөрвөлсөн зөвшөөрсөн гэрээг хуулийн дагуу байгуулна” гэсэн шаардлагыг тавьсан тул бид нар зөвшөөрөөгүй. Энэ тухай хадам ах М.Жаргалсайханд хандаж боломжгүй гэж хэлэхэд тэгвэл миний хоёр дүү боль хэрэггүй юм байна гэж хэлсэн. Энэ явдлаас хойш 10 хонож байтал Э.З өөрийн эрх ашгийг хамгаалах зорилгоор удаа дараалан утсаар ярьж манайд хэд хэдэн удаа ирсэн бөгөөд М.Жаргалсайхан ах энэ удаа ахдаа тус болж, байраа гуравхан сарын хугацаатай түр л тавиулчих гэж худлаа ярьж хүний итгэл үнэмшлийг олох замаар Баянзүрх дүүргийн 9-р хороо Да хүрээ техникийн захын баруун талд байрлах өөрийн таньдаг Ж.Давааням гэх нотариатч дээр очиж тус хүчин төгөлдөр бус зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан.

Тухайн гэрээ хийгдэх үед эхнэр М.Х байгаагүй бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ хийгдсэний дараа Ц.Мгийн Хаан банк дахь 5720820086 тоот данс, М.Хгийн Хаан банк дахь 5007426560 тоот дансанд зээлийн гэрээнд заагдсан 105 000 000 төгрөгийн гүйлгээ одоог хүртэл хийгдээгүй. Гэрээ хийсний дараа нотариат Ж.Давааням үл хөдлөх гэрчилгээний эх хувийг шууд надаас хураан авч Э.Зт өгсөн. Иргэн Э.Зын мөнгө зээлүүлсэн Ч.М гэх хүнийг бид танихгүй. Тийм учраас зээлийн болон барьцааны гэрээг хүчингүйд тооцож Ц.М, М.Х, М.Хишигбаяр, М.Номтойбаяр нарын дундын эзэмшлийн үл хөдлөх гэрчилгээний эх хувийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэж байгааг зөвшөөрөхгүй. Тухайн үед М.Жаргалсайхан ахынхаа гуйлтаар өөрсдийн байрыг барьцаанд тавихдаа гуравдагч этгээд нар бодит байдлыг мэдэж байсан. Гуравдагч этгээд нар хийж байгаа үйлдлээ бүрэн хянах чадвартай насанд хүрсэн хүмүүс учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 400 дугаар зүйлийн 400.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 80 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.М, М.Х нарын Э.З, Г.Д нарт холбогдох 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Э.З, Г.Д нараас үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432950 тоот гэрчилгээг гаргуулж Ц.М, М.Х нарт олгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432950 тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205060976 дугаарт бүртгэлтэй орон сууцны 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр бүртгүүлсэн барьцааны бүртгэлийг улсын бүртгэлээс хасахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.З, Г.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, Ц.М, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ч.Маас улсын тэмдэгтийн хураамжид 557 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.З, Г.Д нарт олгож, нэхэмжлэгч Э.З, Г.Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан Ц.М, М.Х нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэр гаргахдаа талуудын хооронд даалгаврын гэрээ үүссэн. Гэрээний биелэгдэх хугацааг тогтоогоогүй байсан нэхэмжлэгч даалгаврын гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, даалгавар гүйцэтгэгч төлбөрийг юанаар гүйцэтгэхээр тохирсон гэх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэжээ. Шүүх хариуцагч нэхэмжлэгчид 214 270 юан төлөх талаар зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсэн заалтыг хэрэг маргааныг шийдвэрлэхэд хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлан хууль зөрчсөн. 214 270 юанийг тухайн үеийн ханшаар тооцож 67 816 455 төгрөг гаргуулах байтал нэг талын эрх ашгийг хамгаалж хууль зөрчсөн шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 67 816 455 төгрөгийг зээлийн болон барьцааны гэрээний үүргийн дагуу ногдуулахаар шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Э.З, Г.Д нар нь хариуцагч Ч.Мд холбогдуулан 214 270 юань буюу 80 000 000 төгрөг гаргуулах, уг үүргийг 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны 214 270 юаний төлбөрийн үлдэгдлийг хариуцагч үгүйсгээгүй ба уг төлбөрийг барьцаат зээлийн гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрчээ.

            Хариуцагч Ч.М нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь худалдааны түнш рүү нь гуйвуулах даалгавартайгаар нэхэмжлэгч Э.З, Г.Д нараас 134 000 000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан боловч үүргээ биелүүлээгүй, мөнгийг өөр зүйлд ашигласнаа хүлээсэн ба 214 270 юанийн төлбөрийн үлдэгдэлтэй болох үйл баримтын тухайд маргаагүй, харин уг мөнгийг хүлээн авсан тухайн үеийн ханш буюу 316,5 төгрөгөөр тооцож 67 816 455 төгрөгийг төлнө гэж маргажээ.

Шүүх зохигчдын маргааныг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь зөв ба даалгаврыг гүйцэтгэхээс татгалзсан гүйцэтгэгчээс өгсөн зүйлээ буцаан шаардах эрх мөн хуулийн 400 дугаар зүйлийн 400.4 дэх хэсэгт зааснаар даалгавар өгөгчид үүснэ. Түүнчлэн нэхэмжлэгч 214 270 юанийг нэхэмжлэл гаргах үеийн албан ёсны ханшаар тооцож хариуцагчаас 80 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг шүүх хангасан нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсгийн мөнгөн төлбөрийн үүргийг төгрөгөөр гүйцэтгэх, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох талаарх болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсгийн гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласнаар тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлох заалтад нийцэх тул хариуцагчийн татгалзал, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Э.З болон гуравдагч этгээд Ц.М, М.Х нарын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр 105 000 000 төгрөгийн зээлийн барьцаанд Ү-2205060976 дугаар өмчлөх эрхийн бүртгэл бүхий Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Дундгол гудамж 30в байр 90 тоот хаяг бүхий 71.3 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг барьцаалсан, талууд гэрээнд гарын үсэг зурсан боловч гэрээний талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй, ийнхүү зээл авч ашиглаагүй этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Э.Зт шилжүүлсэн нь тогтоогджээ. Иймд уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчээс гаргуулж, гуравдагч этгээдэд олгон хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгах нь зүйтэй.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ү-2205060976 дугаар өмчлөх эрхийн бүртгэлийн 000432950 тоот гэрчилгээг гаргуулах гуравдагч этгээд Ц.М, М.Х нарын бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.5-д зааснаар барьцааны эрх дуусгавар болох тул нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын үндэслэлд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, улмаар барьцааны бүртгэлийг улсын бүртгэлээс хасахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлыг шийдвэрлэсэн нь алдаатай байх тул шүүхийн шийдвэрт дурдсан алдааг зөвтгөсөн хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 400 дүгээр зүйлийн 400.4 дэх хэсгийг баримтлан Хиад Боржигин овогт Ч-М-аас 80 000 000 /наян сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.З, Г.Д нарт олгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг  “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 160 дугаар зүйлийн 160.1.6 дахь хэсгийг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг болон уг гэрээг бүртгүүлсэн барьцааны эрх дуусгавар болсныг тогтоон, нэхэмжлэгч Э.З, Г.Д нараас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000432950 тоот гэрчилгээг гаргуулж, Ц.М, М.Х нарт олгон, гуравдагч этгээд Ц.М, М.Х нарын бие даасан шаардлагыг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                 ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                       А.ОТГОНЦЭЦЭГ