Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0094/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхтулга,

Шүүгдэгч О.Норжмаа /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Боржигон овогт Оюунчимэгийн Норжмааг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000380129 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Оюунчимэгийн Норжмаа /РД: ТЯ00252900 /, 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн Санжинт Ойчдын 14 10 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгүүлж байгаагүй.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч О.Норжмааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Норжмаа нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар баг Санжинт Ойчдын 15 04 тоот байшингаас гарахдаа Э.Ариунзулын Самсунг А33 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Норжмаагийн мэдүүлсэн: “...Би хохирогчид гар утсыг нь буцаагаад өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000380129 дугаартай хэргээс:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6, 7 дахь тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай “... О.Буянжаргалаас хүлээн авсан хар өнгийн Самсунг А33 маркийн гар утсанд үзлэг хийв. Үзлэгээр гар утасны галерей цэс рүү орж үзэхэд ямар нэгэн зураг байхгүй хоосон байх ба мессеж, дуудлага хийдэг цэс рүү нэвтрэхэд ямар нэгэн мессеж, дуудлага хийсэн дугаар, мессеж алга байв. Дуудлага хийх цэс рүү ороод *#06# гэх дугаар руу дуудлага хийхэд IMEI1 ***** , IMEI2 ***** гэсэн код гарч ирснийг хохирогчийн өгсөн IMEI кодтой тулган  үзэхэд таарч байв.”  гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9, 10 дахь тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “... О.Буянжаргалын мэдүүлгийг тодруулахаар Санжинт багийн Ойчдын 14 10 тоот хашаа нь Шарын гол сумын төвд гэр хороололд байв. Уг хашааны жижиг хашлаганы хажууд модон хашааны дээд талд Ой 14 10 гэсэн тоо бичигдсэн байв. Хашааны хаалгаар нэвтэрч ороход ертөнцийн зүгээр зүүн хойд буланд хоёр цонхтой модон байшин байлаа. Насанд хүрээгүй гэрч О.Буянжаргалаас гар утас хаанаас олсон талаар асуухад Норжмаа эгчийн хашааны ар талаас давж орж ирээд хашааны дотор талд байсан модон шонг заасныг нь өөрөөр нь заалгаж зургаар бэхжүүлж авав. Насанд хүрээгүй гэрч О.Буянжаргалаас хашаа давж орж ирэхдээ хашааны аль хэсгээр давсныг асуухад гар утас олсон гэх газрын ертөнцийн зүүн зүгээр баруун талыг нь заасныг өөрөөр нь заалгаж зургаар бэхжүүлэв. Насанд хүрээгүй гэрч О.Буянжаргалаас мэдүүлэг өгөхдөө хашааны дотор алхаж байгаад олсон хэсгийг нь тодруулж асуухад би хашаа давж орж ирээд хашааг дагаж яваад цаас байхаар нь өшиглөхөд гар утас гарч ирснийг нь авсан гэв.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12, 13 дахь тал/,

 

Хохирогч Э.Ариунзулын мөрдөн байцаалтад 2022 оны 12 дугаар сарын 28, 2023 оны 01 дүгээр сарын 12, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус тус мэдүүлсэн “...2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нөхөр хүүхдийнхээ хамтаар гэрт байхад манай нөхрийн дүүгийн эхнэр хүүхдээ дагуулаад манайх түлээгүй болчихлоо гэж орж ирэхээр нь маргааш түлээ нүүрсээ авалдаа манайд хоночихгүй юу гээд хонуулсан. Тэгсэн Баярмаа , Сайхнаа, Ганзориг, Ариунтуул нар 19-20 цагийн үед ирэхдээ 0,75 граммын шилтэй хоёр шил Соёрхол нэртэй архи авчирсан. Түүнийг нь бид нар хувааж ууж байхад Баярмаа, Сайхнаа хоёр бие засчхаад ирье гэж хэлээд гарч яваад эргэж орж ирээгүй. Ганзориг , Ариунтуул нөхөр бид дөрөв архиа хувааж ууж дуусгасан. Ганзориг , Ариунтуул хоёр шөнийн 01-02 цагийн үед гараад явсан. Би нөхөр хүүхэд болон бэрийнхээ хамтаар унтаж амарсан. Намайг унтаж амрах гэж байхад манай хүүхэд Баярмандах миний утсаар тоглож байсан. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өглөө босоод хүүхдээ ээжийнхээ утсыг аваад ир гэхэд алга байна гэж хэлэхээр нь хүүхдийнхээ хамтаар гэртээ гар утсаа хайж байгаад залгахад дуудаж байсан. Тэгэхээр нь ээж нь тосгон яваад ирье. Миний хүүхдүүд гар утсыг хайгаад олчхоорой гэж хэлээд 11 цагийн үед явчхаад 14 цагийн үед ирээд хүүхдүүдээсээ утсаа олсон уу гэхэд олоогүй гэж хэлсэн. Би тухайн үед гар утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандах гэж байгаад олдчих байх гэж бодоод хэлээгүй. Би хэдэн өдөр гар утсаа хайгаад олдохгүй болохоор нь өргөдөл гаргасан. ... Миний алдсан гар утас нь гадуураа хар өнгийн ардаа карт хийдэг халаастай кейстэй хөх өнгийн гар утас байсан. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед намайг унтаж байхдаа манайхаас хүн орж ирээд гарах үед би сэрээд харахад Жаахнаа орж ирээд гарлаа гэж байсан. ...Би гар утсаа авсан. Ажиллагаа нь хэвийн байналээ. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 17, 20 дахь тал/,

 

Гэрч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн “... 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ эхнэр хүүхдийнхээ хамт байж байгаад орой 21 цаг өнгөрөөгөөд эхнэр Ариунтуултай цуг гарч яваад Батбаярын гэрт очиход Батбаяр эхнэр хүүхэд болон Норжмаа нар нь хүүхдүүдийнхээ хамт байсан. Би Батбаярын гэрт очиход 0,75 грамм архи авч очоод Батбаяр , Ариунзул , эхнэр нарын хамт архинаас 1-2 удаа татаад би унтаад өгсөн. Тэгсэн шөнө 00 цаг өнгөрч байхад эхнэр Ариунтуул намайг сэрээхээр нь эхнэртэйгээ Батбаярын гэрээс гарч яваад харьсан. Маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөө гэртээ эхнэр хүүхдийнхээ хамтаар байхад Батбаяр утсаар залгаад та хоёр андуураад гар утас аваад явчихсан уу гэхээр нь юу гэж тэгэх юм бэ гэхэд Ариунзулын гар утас алга болсон байна гэхээр нь би эхнэрээ дагуулаад Батбаярын гэрт очиж уулзахад Ариунзул өчигдөр байсан утас алга болчихлоо гэхээр нь би том хүүхдээсээ чи гар утсаар тоглож байсан биздээ гэхэд хүүхэд би тоглож байгаад цэнэглээд унтсан юмаа. Тэгсэн өглөө 06 цагийн үед сэрүүлэг дуугарахаар салгаад унтсан гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр тэгвэл цагдаа дуудаа гэж хэлсэн. Тэгэхэд Ариунзул манай эхнэр хоёр юм яриад байхаар нь цагдаад мэдэгдээд камер шүүгээд үзэхэд хэн орж гарсныг мэдээд олчихно гэж хэлээд би эхнэр Ариунтуулыг дагуулаад Батбаярын гэрээс гарч яваад гэртээ ирсэн. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Гэрч Э.Ариунтуулын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн “... 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэртээ нөхөр хүүхдийнхээ хамт байсан. Тэр өдөр гэртээ байж байгаад Баярмаа , Сайхнаа хоёртой утсаар залгаад дөрвүүлээ жаахан суух уу гэхэд тэгье гэж хэлэхээр нь би нөхөр Ганзоригийг дагуулаад гэрээсээ гарч яваад Шаазгайтаас уруудаад байдаг колонкийн хажууд явж байгаад Баярмаа , Сайхнаа хоёртой таарч уулзаж ярилцаад Батбаяр ахын гэрт очихоор болсон. Тэгээд цаашаа явж байгаад дэлгүүрээс 0,765 литрийн Соёрхол нэртэй архи хоёр шилийг худалдаж авчхаад Батбаяр ахын гэрт нь очиход Батбаяр ах эхнэр хүүхдүүд болон бэр Норжмаа хүүхдүүдийнхээ хамтаар байсан. Бид нар дэлгүүрээс авсан архиа Батбаяр ахад гаргаж өгөхөд задлаад бид нар нийлээд архийг хувааж ууж байхад хүүхэд нь зурагт унтраагаад байна гэж Ариунзул эгч хэлэхэд хүүхдүүд нь гар утас цэнэглэж байна гэхэд та нар бид нар утсаар тоглоод бай гэхэд хүүхэд Баярмандах нь Ариунзул эгчийн гар утсыг цэнэглээд тоглож байсан. Бид нарыг архи ууж байхад Ариунзул эгч гар утас ашиглаагүй. Утас бариагүй байсан. Бид нар архи хувааж ууж байхад манай нөхөр унтаад өгсөн. Бид нарыг архи ууж байхад Батбаяр ах нөхрийнхөө хажуугаар унтаад өгсөн. Бид нарын авч очсон хоёр шил архийг хувааж уугаад дуусахад 23 цаг болж байсан шиг санаж байна. Тэгэхэд Баярмаа , Сайхнаа хоёр бид хоёрт эрт харихгүй бол болохгүй гэж хэлээд явсан. Ариунзул эгч 0,5 граммын нэг шил архи гаргаж ирээд Ариунзул эгч бид хоёр хэд хэд татаад барахгүй болохоор нь үлдээгээд би нөхрөө сэрээгээд явах гэж байхад Батбаяр ах сэрээд баярлалаа гэж хэлээд нөхөр бид хоёрыг гаргаж өгчхөөд орсон. Нөхөр бид хоёр Батбаяр ахын гэрээс гарч яваад гэртээ ирэхэд 01 цаг өнгөрч байсан. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөө гэрт байхад Батбаяр утсаар залгаад өчигдөр эгчийнхээ утсыг андуураад авсан уу гэхээр нь юу яриад байгаа юм бэ. Тэгтлээ би согтоогүй байсан гэхэд Ариунзул эгчийн чинь утас алга болсон байна гэхээр нь танай хүүхэд утсаар тоглож байсан. Хүүхдээсээ асуу гэж хэлээд утсаа салгасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

 

Гэрч Б.Батбаярын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “... 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09-10 цагийн үед босоод эхнэр Ариунзул миний утас хаана байна гэж хүүхдүүдээс асуусан. Тэгсэн хүү Баярмандах би шөнө таны утсаар тоглож байгаад цэнэглээд үлдээсэн гэхээр нь бид нар гэр дотор гар утсаа хайж байхдаа эхнэрийн гар утас руу залгахад дуудаад байхаар нь хайсан боловч олдоогүй. Бид нарыг босохоос өмнө нь хүн орж ирээгүй. Боссоны дараа манай дүү Энхболд орж ирээд үүдэнд зогсож байгаад газ өгчхөөд гараад явсан. Би эхнэр хүүхдийнхээ хамтаар гар утсыг хэдэн өдөр хайсан. Мөн хүмүүсээс асуусан боловч олдоогүй. Хүмүүс хэлэхдээ кодоор хайхаар олдог гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Баярмандахын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн “... 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ээж, аав, дүү нарын хамт байсан. Манайд Норжмаа эгч ирээд намайг хоёулаа манайх руу цуг яваад хүүхдийн хувцас хунар, памперс аваад ирье гэхээр нь за гээд Норжмаа эгчтэй цуг гэрт нь очоод буцаад манайд ирсэн. Орой манайд Баярмаа эгч, Сайхнаа ах , Ганзориг , Ариунтуул эгч нар орж ирээд аав, ээжтэй архи ууж байгаад Баярмаа эгч, Сайхнаа ах хоёр 22-23 цагийн үед явсан. Би тухайн үед ээжийн гар утсаар тоглож байсан. Ээж, аав хоёр Ганзориг , Ариунтуул эгчийн хамтаар үргэлжлүүлээд архи ууж байсан. Би ээжийн гар утсаар шөнийн 02 цаг хүртэл тоглож байгаад утасны цэнэг дуусах гээд байхаар нь цэнэглэчхээд унтаад өгсөн. Намайг унтаж байгаад 08 цагт сэрүүлэг дуугарахаар нь унтраагаад унтсан. 11 цагийн үед Норжмаа эгч намайг сэрээгээд хүүхдээ өгчхөөд гарч нойл руу орчхоод орж ирээд хүүхдээ авсан. Тэгээд би босоод гал түлсэн. Ээж босоод намайг миний гар утсыг аваад ир гэхээр нь би шөнө унтахдаа цэнэглэсэн газарт очиход цэнэглэгч нь байсан боловч гар утас нь алга болсон байна гэж ээжид хэлсэн. Тэгээд бид  нар босоод ээжийн гар утсыг хайж байхдаа аавын утсаар залгахад дуудаад байсан. Бид нар гэр дотор хайж байгаад олоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Буянжаргалын мөрдөн байцаалтад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн “... 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөө гэрээсээ 08 цагийн үед гарч яваад 09 цагийн үед Норжмаа эгчийнд очсон. Би Норжмаа эгчийн гэр рүү орохдоо ар талын хашааг нь давж ороод байшин руу орохоор алхаж явж байхдаа нэг бөөрөнхий цаас байхаар нь өшиглөхөд дотроос нь хар өнгийн кейстэй гар утас гарч ирэхээр нь аваад Норжмаа эгчийн гэрт ороход Норжмаа эгч хоёр хүүхдийнхээ хамт байсан. Тэгэхээр нь усыг нь авч өгчхөөд гэр рүүгээ явсан. Гэртээ очоод олсон гар утсаа асаах гэхэд цэнэггүй байхаар нь хүнээс утасны цэнэглэгч гуйж аваад цэнэглээд утсаа асаагаад өөрийн дугаарыг хийгээд хэрэглэсэн. Би эмээд утас олсон гэж хэлсэн. Өөр хүнд хэлээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

 

Капитал зууч ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “... Samsung A33 маркийн гар утас /шинэвтэр/ 1ш эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 700000=00 /долоон зуун мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 43, 44 дэх тал/,

 

О.Норжмаагийн яллагдагчаар 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн “... Би 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хоёр хүүхдийнхээ хамт гэртээ байж байгаад 14 цаг өнгөрч байхад гарч яваад 15 цагийн үед Ариунзул эгчийн гэрт очиход Ариунзул хүүхэдтэйгээ байсан. Ариунзул эгчийг хоол хийхэд нь тусалж байгаад 16 цагийн үед цэцэрлэгээс хүүхдийг нь очиж аваад гэрт нь ирсэн. Ариунзул эгчийн шүд өвдөж байсан учраас Ганзориг ахаар дусал хийлгэхээр утсаар дуудсан. Удалгүй Ганзориг ах эхнэр Ариунтуул, Баярмаа, Сайхнаа нартай цуг ирэхдээ хоёр шил архи авчирсан. Тэгээд Ариунзул эгчид Ганзориг ах дусал хийж өгсөн. Тэгсэн Ганзориг ахын авч ирсэн хоёр архийг Батбаяр , Ариунзул , Ариунтуул , Баярмаа , Сайхнаа нар юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад дууссан. Ариунтуул эгч, Ганзориг ах хоёр гэрээс гарч явсны дараа Баярмаа , Сайхнаа нар араас нь гарч яваад эргэж орж ирээгүй. Би тэгээд унтаад өгсөн. Намайг унтаж байхад хүмүүс хоорондоо яриад байхаар нь өндийгөөд харахад Батбаяр ах, Ариунзул эгч, Ганзориг, Ариунтуул нар нэг шил архи хувааж ууж байгаад 04 цагийн үед дуусгаад Ганзориг , Ариунтуул эгч нар явсан. Тэгээд би унтаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 21-ний өглөө 09 цагийн үед сэрсэн. Намайг сэрэхэд миний  унтаж байсан орон дээр Ариунзул эгчийн гар утас байсан. Тэгэхээр нь би аваад өөрийнхөө куртикний халаасанд хийсэн. Тэгээд хоёр хүүхдээ аваад гэр рүүгээ явсан. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Хамтран үйлдсэн хүн байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Норжмаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч О.Нормжааг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч О.Норжмааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь  заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Норжмаад оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Норжмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Оюунчимэгийн Норжмааг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч О.Норжмааг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Норжмаад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Норжмаа нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Норжмаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Норжмаад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР