Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2023/0095/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Доржханд,

Шүүгдэгч П.Очирхүү /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Адай овогт Паламжавын Очирхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2318000000134 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Адай овогт Паламжавын Очирхүү /РД: МЖ89091936 /, 1989 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Орхон сумын 3 дугаар багийн Дэлгэр хорооллын 5 3 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч П.Очирхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Очирхүү нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цацрал буудлын 201 тоот өрөөнд хардалтын улмаас Д.Отгондуламыг зодож эрүүл мэндэд нь баруун чамархайд язарсан  шарх, баруун  нүдний дээд зовхи, баруун гар, баруун тохойнд цус хуралт, баруун хацар, баруун гарт нь зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Очирхүүгийн мэдүүлсэн: “...Миний буруу. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчид 200,000 өгсөн. Мөн прокурортой ял тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2318000000134 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Отгондуламын мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 12, 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн “... Би ээж , ах, дүү нартайгаа цагаан сарын идээ бэлдэх гэж 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд ирсэн. Намайг ирснийг манай найз залуу болох П.Очирсүх мэдээд чамтай манай өвөө уулзана гэж байна гэж хэлээд олон улсын худалдааны төв дээр хүрээд ир гэж хэлэхээр нь би орой 19 цагийн үед очсон. Намайг Олон улс худалдааны төв дээр очиход Төрмөнх , Батсайхан гэх хоёр найзтайгаа хамт байсан ба бид дөрөв Дархан сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Рич нэртэй зочид буудалд орж Аураг нэртэй 0,75 литрийн архинаас 3 шилийг авсан байснаа хувааж уусан. Биднийг буудалд орсноос хойш П.Очирхүү хамаатны эгч гэж нэг хүүхэнтэй утсаар яриад дуудаад байсан ба шөнийн 00 цагийн үед нэг хүүхэн орж ирээд хэсэг ууж сууж байтал П.Очирхүү биднийг хөөгөөд байхаар нь 02 цагийн үед Төрмөнх , Батсайхан хоёртой гараад 380-н тэнд байрлах Цацрал нэртэй буудалд орсон. Тэнд 10 лааз Сэнгүр нэртэй пиво хувааж уусан. Шөнийн 04 цагийн үед Төрмөнх Рич буудлаас Очирхүү болон хамаатны эгч гэх хүүхнийг нь дагуулж ирсэн боловч буудлын эгч оруулаагүй гээд тэр гурав яваад өгсөн. Буудалд Батсайхан бид хоёр үлдсэн. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед Очирхүү утсаар залгаж хаана байна гэж асуухад би гэртээ байна гэж хэлтэл удалгүй 09 цагийн үед Цацрал буудалд П.Очирхүү орж ирээд толгой руу гараараа цохиж эхэлтэл Батсайхан бариад авахад нь би зугтаасан. Замын хажууд унаанд суух гэж байтал араас гүйж гарч ирээд үсдээд гараараа толгой, нүүр рүү цохиж миний гар утсыг газар руу шидэж хагалсан. Тэгж байтал хамаатны эгч гэх хүүхэн нь ирээд салгаад аваад явсан. Миний толгой өвдөж хоёр оёдол тавиулсан. Гар хавдаж тохой хөхөрч хавдсан. Нүүр хөхөрсөн. Шүүх шинжилгээний байгууллагад үзүүлнэ. ... Би эмчилгээндээ нийт 200,000 төгрөг зарцуулсан бөгөөд баримт нь байхгүй. Очирхүү 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр надад 200,000 төгрөг бэлэн өгч миний хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Гэрч О.Батсайханы мөрдөн байцаалтад 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн “... Очирхүү , Төмөрхүү бид гурав 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед уулзаад Төмөрхүүгийн камри машиныг Дулаанхаан суманд зараад тэндээс гараад 19 цагийн үед Дарханд орж ирээд байж байсан чинь Отгондулам ирсэн. Очирхүү дуудсан гэсэн. Тэгээд тэндээс хөдлөөд 380-ын Рич буудлын гадаа Төмөрхүү нь Очирхүү , Отгондулам бид нарыг буулгаад Төмөрхүү гэр рүүгээ харьсан. Ингээд биднар буудалд ороод хоёр шил 0,75 литрийн архи хувааж уугаад орой 22 цагийн үед Очирхүү нь Төмөрхүүг дуудсан. Ингээд удалгүй гаднаас Төмөрхүү буудалд орж ирсэн. Тухайн үед Очирхүү нь Улаанбаатар хотоос манай эгч ирж байгаа гэж хэлсэн. Ингээд бид нар хоорондоо юм яриад сууж байтал шөнө 23 цагийн үед Очирхүүгийн эгч гэх эмэгтэй орж ирсэн бөгөөд шууд Очирхүүг хайраа гэж дуудаад эхэлсэн. Тухайн үед Очирхүү надад хандан чи Отгондуламыг аваад өөр буудалд хамт хоночих. Энэ эмэгтэй манай хүүхдүүдийн ээж байгаа юм гэж хэлсэн болохоор Отгондулам бид хоёр Төмөрхүүгээр өөр буудалд хүргүүлж хамт хоносон. Ингээд маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед Отгондулам бид хоёрыг хамт хонож байсан буудалд орж ирээд уурлаад шууд Отгондуламыг зодоод эхэлсэн. Тухайн үед Отгондулам нь буудлаас гараад зугтсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Гэрч А.Төрмөнхийн мөрдөн байцаалтад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “... 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Очирхүү , Батсайхан бид гурав миний машиныг Дулаанхаан суманд зараад тэндээс гараад 19 цагийн үед Дарханд орж ирээд байж байсан чинь Отгондулам ирсэн. Очирхүү дуудсан гэсэн. Тэгээд тэндээс хөдлөөд 380-ын Рич гээд буудлын гадаа Батсайхан, Очирхүү , Отгондулам гурвыг буулгаад гэр рүүгээ харьсан. Тэгээд орой 22 цагийн үед Очирхүүг дуудахаар нь буцаад нөгөө буудалд ирсэн. Тэгээд хоёр шил 0,75 литртэй архи хувааж уугаад сууж байсан чинь хотоос Очирхүүгийн эгч ирж байгаа гэсэн бөгөөд 23 цагийн үед нэг эмэгтэй Улаанбаатар хотоос ирлээ. Би таксины мөнгийг нь өгсөн. Тэр эмэгтэй орж ирээд Очирхүү хайраа болоод явчихсан чинь Отгондулам уурлаад эхэлсэн. Очирхүү Батсайханд Отгондуламыг аваад хоночхооч. Энэ манай хүүхдийн ээж гэж хэлсэн. Тэгээд Отгондулам , Батсайхан хоёр гараад хонох газаргүй гэхээр нь би хажууханд нь ойрхон буудал авч өгсөн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед нэг танихгүй эмэгтэй хүн залгаад Отгондуламын найз байна. Очирхүү Отгондуламыг зодоод утсыг нь булаагаад авчихлаа гэж ярьсан. Тэгсэн удалгүй 9 цагийн үед Очирхүү залгаад буудлаас гарах гэсэн чинь өрөө завааруулсан гээд мөнгө нэхээд байна гэхээр нь яваад очсон чинь Батсайхан , Очирхүү , нөгөө хүүхэнтэй хамт зогсож байсан. Тэгэхээр нь би Очирхүүд яаж байгаа юм бэ чи гэж хэлсэн. Отгондулам тухайн үед байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 240 дугаартай “... Д.Отгондуламын биед баруун чамархайд язарсан шарх, баруун нүдний дээд зовхи, баруун гар, баруун тохойнд цус хуралт, баруун хацар, баруун гарч зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

П.Очирхүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би Отгондуламтай үерхээд нэг жил гаран болж байна. Өчигдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед би Дулаан суманд машин зарчхаад Дархан орж ирээд Отгондулам руу залгасан чинь Дарханд байна. Хүдэр явах гэж байна гэхээр нь үлдчих гэж гуйгаад уулзсан. Бас найз Төрмөнх , Батсайхан нартай хамтай уулзсан. Тэгээд бид дөрөв нийлээд 380-н Рич буудалд орж 2 шил архи хоол унд аваад орсон. Тэгсэн чинь миний урьд нь уулзаж байсан Бадамаа гэдэг хүүхэн залгаад уулзмаар байна гэхээр ь би хаана байгаа юм бэ гэхэд хотод байна гэхээр нь Дарханд хүрээр ир гэсэн. Бадамааг би Отгондуламд манай эгч хэлсэн. Бид нар буудалдаа уугаад байж байтал 00 цагийн үед Бадамаа ирсэн. Тэгээд би Отгондуламд Бадамааг бид хоёр урьд нь уулздаг байсан гэсэн чинь Отгондулам Батсайхантай хамт гараад явсан. Тухайн үед Төрмөнх бас яваад өгсөн. Би тасраад Бадамаатай хоносон. Өглөө сэрээд 06 цагийн үед Отгондулам руу залгасан чинь Хүдэрт гэртээ харьсан байна гэсэн. Тэгээд 08 цагийн үед Төрмөнх рүү залгасан чинь Отгондулам яасан юм бэ гэхээр нь харьсан гэсэн чинь бид нар нэг буудал аваад байсан. Тэнд байгаа байх гэхээр нь би байсан буудлаасаа гараад замын эсрэг талд байсан буудал руу орсон чинь хоёр давхарт дугаарыг нь санахгүй байна нэг өрөөнд ороход Батсайхан Отгондулам хоёр нүцгэн хэвтэж байхаар нь Отгондуламын нүүр рүү гараараа 32-3 удаа цохисон чинь Батсайхан намайг болиоч гээд салгахаар нь Батсайхантай маргалдаж байгаад буудлаас гарсан. Урд нь Отгондулам Батсайхантай намайг араар тавьж хуурч байсан. Тийм болохоор тэр бас бодогдоод миний уур хүрээд гадаа буудлын урд талд Отгондуламтай юм ярьж байгаад дахиад хэд  хэдэн удаа нүүр рүү нь цохисон чинь Бадамаа намайг салгасан. Бадамаа тухайн үед надтай хамт хоносон. Буудлаас гарч ирээд байж байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9, 28 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон бусад хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Очирхүүгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.Очирхүүг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч П.Очирхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Очирхүүд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,00 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүхээс П.Очирхүүд  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Очирхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Монгол Улсын нэрийн өмнөөс

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Адай овогт Паламжавын Очирхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Очирхүүд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Очирхүүд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Очирхүү нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Очирхүү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Очирхүүд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд талууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, дээрхээс бусад тохиолдолд гомдол, эсргүүцэл бичих эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР