Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 481

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Т овогт Б-ийн Б, З овогт Х-ийн М нарт холбогдох,

    Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 6.010.442,39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч Б, М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч “х банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус банкны харилцааны менежер С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Б, хамтран зээлдэгч М нар нь х банкнаас 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 152000197741 тоот зээлийн гэрээний дагуу 3.552.875,10 төгрөгийг 20 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан. Үндсэн зээлдэгч Б нь зээлээ гэрээний дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлдэгч Б, хамтран зээлдэгч М нараас зээл, хүүний төлбөр болох 6.006.442,39 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 6.010.442,39 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.  

     Хариуцагч Б, М нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б, М бид х банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Одоо нэхэмжилж байгаа 6.010.442,39 /зургаан сая арван мянга дөрвөн зуун дөчин хоёр төгрөг, гучин есөн мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

       Хариуцагч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би х банкнаас нэхэмжилж байгаа 6.010.442,39 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Тухайн үед би ганцаараа зээл авсан. М Замын-Үүдэд байсан” гэжээ.

     Хариуцагч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2014 оны 6 дугаар сард Замын-Үүдэд байсан. Банкнаас зээл аваагүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “х банк” нь хариуцагч Б, М нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 6.010.442,39 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Хариуцагч М нь “Би 2014 оны 6 дугаар сард Замын-Үүдэд байсан. Банкнаас зээл аваагүй. Зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй” хэмээн маргаж байна.

     Зээлдэгч Б нь х банктай 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 162000197741 тоот зээлийн гэрээ байгуулан, өмнөх зээлийн үлдэгдэл 2.103.775,1 дээр нэмж 1.449.100 төгрөгийн зээл авч, зээлийн үлдэгдэл нийт 3.552.875 төгрөгийг 20 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй авчээ.

      Харин тэтгэврийн зээлийн өргөдөл, тэтгэврийн зээлийн гэрээнд хамтран хариуцагч М гэж бичигдсэн боловч, тэрээр гарын үсэг зураагүй байна. Мөн зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ гэрээ нь монгол хэл дээр 2 эх хувь үйлдэгдэж талуудын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд эх хувиуд нь нэгэн адил хүчинтэй” гэж заажээ. Иймээс х банк, хариуцагч М нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэжээ. Гэтэл хариуцагч М нь х банктай байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй байх тул энэхүү зээлийг хариуцах үндэслэлгүй байна. Иймд М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

      Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлээ төлөхгүй байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байх тул “х банк” ХХК нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.

     Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б-ээс 162000197741 тоот зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 6.010.442,39 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “х банк” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “х банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 111.117 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “х банк” ХХК-нд олгох нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б-ээс 162000197741 тоот зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд нийт 6.010.442,39 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “х банк” ХХК-д олгож, хариуцагч М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “х банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 111.117 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “х банк” ХХК-нд олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

           

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР