Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
Хэргийн индекс | 141/2019/00087/И |
Дугаар | 141/ШШ2019/00142 |
Огноо | 2019-06-06 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 141/ШШ2019/00142
2019 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 141/ШШ2019/00142 | Тосонцэнгэл сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Б.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч ... оршин суугч М овогт Ч.С нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... оршин суугч Б овогт В.Н холбогдох Гэм хорын хохирол 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг, Хуягтын тэхийн ам гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн Нын гэрийн гадаа миний эзэмшлийн БНСУ-д үйлдвэрлэсэн Маяти маркийн 21-79 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд нүүрний салхины шилийг надтай хамт явж байсан Дэлгэрбаттай маргалдсаны улмаас В.Н нь зангилаастай уяагаар ороолгон хагалсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаад Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох арга авч шийдвэрлэсэн. Зөрчил гаргагч В.Н нь миний машины шилний хохирлыг төлөлгүй өдий хүрсэн тул В.Наас машины шилний мөнгө болох 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ч.С нь Завхан аймгийн Их-Уул суманд амьдарч байгаад Улаанбаатар хот руу шилжсэн. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр түүний танил Дэлгэрбат машинаараа хуц ухна тараагаад өгөөч гэсэн гуйлтаар явж байх үедээ Хуягтын тэхийн ам гэх газар нутаглаж байсан В.Нын гэрийн гадаа очиход В.Н, Дэлгэрбат хоёр маргалдсаны улмаас В.Н зангилаастай уяагаар нэхэмжлэгч Ч.Сын машины салхины шилийг хагалсан. Салхины шил хагалчихлаа төлөөд өгчих гээд эвээр ярилцсан боловч хүлээн зөвшөөрөөгүй, зүй бусаар хэлсэн учир цагдаад мэдэгдэж мөрдөгч Мөнхбат гэх эрх бүхий албан тушаалтан 200,000 төгрөгөөр торгосон. Нэхэмжлэгч Ч.С нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хот руу шилжэн суурьшсан учир хариуцагчтай утсаар холбогдож машиныхаа шилийг төлөөд өгөөч ээ гэж гуйсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байсан тул 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос ирж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зах зээлийн ханшаар салхины шил нь 250,000-300,000 төгрөг, С хотоос ирсэн, явсан зардал болох 200,000 төгрөгийг нэмээд нийт 500,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.С нь хариуцагч В.Наас гэм хорын хохирол 500.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч В.Н нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад шүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байх ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.
Хариуцагч В.Над шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр буюу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг, Хуягтын тэхийн ам гэх газарт 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэн В.Н нь Дэлгэрбаттай маргалдсаны улмаас миний эзэмшлийн БНСУ-д үйлдвэрлэсэн Маяти маркийн 21-79 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд нүүрний салхины шилийг зангилаастай уяагаар ороолгон хагалсан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаад Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар В.Ныг 200,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн... гэсэн нэхэмжлэл, тайлбар болон хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны 0013028 дугаартай шийтгэлийн хуудас, шийтгэлийн хуудсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хариу мэдэгдэх хуудас зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн унаж явсан БНСУ-д үйлдвэрлэсэн Маяти маркийн 21-79 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд нүүрний салхины шилийг В.Н хагалсан болох нь тогтоогдож байх бөгөөд түүнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох шийтгэлийг оногдуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүх хуралдаанд хариуцагч В.Нын буруутай үйлдлийн улмаас Ч.Сын эд хөрөнгөнд учирсан хохирол БНСУ-д үйлдвэрлэсэн Маяти маркийн тээврийн хэрэгслийн урд нүүрний салхины шилний үнэ 300,000 төгрөг, бусад зардал буюу нэхэмжлэгч Ч.С нь зөрчил шалгах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирсэн, буцсан зардал 200,000 төгрөг нийт 500,000 төгрөгийг хариуцагч В.Наас гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь БНСУ-д үйлдвэрлэсэн Маяти маркийн тээврийн хэрэгслийн урд нүүрний салхины шил 300,000 төгрөгийн үнэтэй, мөн нэхэмжлэгч Ч.С нь зөрчил шалгах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирж, буцсан зардалд 200,000 төгрөг төлсөн гэх тайлбар үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүйн зэрэгцээ БНСУ-д үйлдвэрлэсэн Маяти маркийн тээврийн хэрэгслийн урд нүүрний салхины шил ямар үнэтэй, Улаанбаатар хотоос Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирж буцсан зардалд хэдэн төгрөг төлсөн болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага буюу гэм хорын хохирол 500,000 төгрөг гаргуулах үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хариуцагчаас гэм хорын хохиролд нийт 500,000 төгрөг гаргуулахаар ямар баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа болох нь тодорхойгүй буюу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч буюу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй болно.
Иймд нэхэмжлэгч Ч.Сын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 500,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагыг үнэнд тохирсон хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 15,650 төгрөг төлсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагчийг албадан ирүүлсэн зардал болох 60,450 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Саас гаргуулж Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 100090012001 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Сын хариуцагч В.Наас гэм хорын хохирол 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Саас шүүхийн зардал 60,450 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 100090012001 тоот дансанд төлүүлсүгэй.
4. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ
ШҮҮГЧИД Ж.ОТГОНХИШИГ
Б.УРТНАСАН