Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1261

 

  Б.С-, О.Э- нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Батбаяр,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч С.Баттамир, С.Санжаажамц,

шүүгдэгч О.Э-ийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Л.Данзанноров,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч С.Баттамир нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.С-, О.Э- нарт холбогдох эрүүгийн 1802000760140 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б.С-, 1975 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч ажилтай байсан, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. О.Э-, 1987 оны 2 дугаар сарын 20-ны Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Нийтийн албан тушаалтан буюу Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.С- нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар О.Э-ийг ажилд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800.000 төгрөгийг,

            Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэгийн 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтанд хамрагдаагүй Э.Ирмүүн, Т.Дөлгөөн, Ж.Чандмань нарыг 2017 оны 8 дугаар сард цэцэрлэгт хамруулж, албан үүргээ хэрэгжүүлсний хариуд Э.Ирмүүний эх Г.Оюунсүрэнгээс 300.000 төгрөг, Т.Дөлгөөний эх Б.Энхчимэгээс 300.000 төгрөг, Ж.Чандманийн эх З.Чимэдлхамаас 200.000 төгрөгийг хандив нэрээр бэлнээр,

          Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэгийн 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн элсэлтэд Х.Ууганбаатар, Х.Ундрах нарыг хамруулж, албан үүргээ хэрэгжүүлсний хариуд тэдгээрийн эх Ц.Хишигсүрэнгээс 2016 оны 9, 10 дугаар саруудад нийт 800.000 төгрөгийг хандив нэрээр өөрийн дансаар шилжүүлэн хахууль авсан,

          О.Э- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэгт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар угаагчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгч Б.С-т 800.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Нийслэлийн прокурорын газраас: Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, О.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.С-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, О.Э-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.С-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас О.Э-ийг чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар Б.С-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.400.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож, Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б.С-ийн бага насны хүүхэд болох 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн С.Жамсранжав, 2003 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн С.Намуун нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, Б.С-, О.Э- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, О.Э- нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэг нь 2016 онд байгуулагдсан шинэ цэцэрлэг юм. Цэцэрлэгийн тохижилт үйлчилгээ бүрэн хангагдаагүй байсан учраас эцэг, эхчүүд өөрсдийн хүсэлтээр тохижилт үйлчилгээнд зориулж тодорхой хэмжээний мөнгөн хандив өгсөн. Хандивын мөнгийг цэцэрлэг хөгжүүлэх санд төвлөрүүлэн зарцуулаагүй, тооцоо тайланд тусгаагүй нь буруу. Үүнийгээ хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөн хандивыг цэцэрлэгийн засвар, үйлчилгээнд зарцуулсныг багш, туслах багш, ажилчид мэдэх ба өөрийн биеэр гардаж хийсэн зураг болон тооцоо зарлагын баримтууд байдаг. О.Э- нь миний дарамт, зүй бус харьцааг тэсвэрлэж чадаагүй тул өргөдөл өгсөн гэж байгаа боловч тухайн өргөдлийг Т.Отгонцэцэгийн ятгалгаар өгсөн. Манай цэцэрлэг 38 багш, ажилтантай байхад 4 хүний мэдүүлгээр гэрч нарын мэдүүлгийг хязгаарласан. Энэхүү зохион байгуулалттай, удаа дараагийн үйлдлээр хүний нэр хүндийг унагаах ажиллагаанд Т.Отгонцэцэг нь хэсэг хүмүүсийг турхирсан. Миний бие анх удаа ял шийтгүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлсэн. Би 2-16 насны хоёр хүүхэдтэй. Бага хүүхэд маань хөхнөөсөө гараагүй, том хүүхэд маань сургуулиа төгсөх эгзэгтэй цаг үе дээрээ явж байна. Хүүхдүүдийг маань харж хандах хүнгүй байгаа тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан надад оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч С.Баттамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа. Миний хувьд шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

1. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар О.Э-ийг ажилд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 800.000 төгрөг авсан гэх гэмт хэргийн тухайд;

Дээрх 800.000 төгрөгийг гэрч П.Билгүүнцэцэг нь өөрийнхөө Хаан банкны 5022734509 дугаартай дансаар авч өөрийнхөө аавдаа өгсөн талаар мэдүүлсэн. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон дансны хуулгаар гэрч П.Билгүүнцэцэгийн мэдүүлэг давхар нотлогддог. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт Б.С- нь О.Э-ийг ажилд оруулахдаа 800.000 төгрөг авсан гэх нотлох баримт байхгүй тогтоогдоогүй, нотлогдоогүй байна. О.Э-, П.Билгүүнцэцэг, Э.Алтайхүү нарын хоорондын ярьсан асуудал бөгөөд энэ хэрэгт Э.Алтайхүү, гэрч П.Билгүүнцэцэгийн хадам аав нарыг гэрчээр татан болсон үйл явдлыг тодруулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, шалгавал зохих асуудлыг бүрэн шалгаагүй байна.

2. 2017-2018 онуудад Г.Оюунсүрэнгээс 300.000 төгрөг, Б.Энхчимэгээс 300.000 төгрөг, З.Чимэдлхамаас 200.000 төгрөг, Ц.Хишигсүрэнгээс 800.000 төгрөгийг хандив нэрээр авч хахууль авах гэх гэмт хэргийн тухайд;

Б.С- нь хүүхдийн таатай орчинг бүрдүүлэхийн тулд тодорхой хүмүүсээс мөнгөн хандив авч цэцэрлэгийн тохижилтод зарцуулсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтууд, гэрчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, түүнд үндэслэн гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаартай тушаалын хавсралт Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм зэргээс үзэхэд цэцэрлэгийн захиргаа хандив авч болохоор байх ба ингэхдээ хандивын хөрөнгийг санхүүгийн тайлан тэнцэлд тусгахаар заасан. Б.С-ийн хувьд дээрх үлгэрчилсэн дүрэмд заасан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан”-г бий болгоогүй, хандивласан хөрөнгийг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаагүй зөрчил гаргасан байдаг. Гэвч Б.С- тухайн хандивын мөнгөөр цэцэрлэгийн тохижилтын ажлыг байгууллагынхаа хамт олонтой гар бие оролцон хийсэн талаар мэдүүлсээр байтал хандивын мөнгийг цэцэрлэгийн засвар үйлчилгээнд зарцуулсан уу, хувьдаа зарцуулсан уу аль нь болохыг шалгаагүй. Иймээс Б.С-т холбогдох хэргийг цагаатгах байр суурьнаас гомдлоо гаргасан.

Харин өнөөдөр миний бие гаргасан давж заалдах гомдлынхоо шаардлагыг өөрчилж, Б.С-ийн ар гэр, хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулж өгөхийг хүсч байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч С.Санжаажамц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Түүний гэм буруугийн асуудал дээр маргахгүй. Харин давж заалдах шатны шүүх дараах нотлох баримтуудыг дахин хянаж үзэхийг хүсэе. Үүнд: 2 дугаар хавтаст хэргийн 203-204 дүгээр талд шүүгдэгч Б.С-ийн 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн 2 настай хүү С.Жамсранжав, 2003 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 16 настай охин С.Намууны төрсний гэрчилгээний хуулбар, 205 дугаар талд шүүгдэгч Б.С-ийг өрх толгойлон амьдардаг болохыг тодорхойлсон оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт, 153-175 дугаар талд 2017 оны 7 дугаар сараас хойш 2.232.000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал худалдаж авсан гэх нотлох баримтын шаардлага хангасан зарлагын баримтууд, 176-180 дугаар талд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн багш ажилчдын хурлын тэмдэглэл зэрэг болно. Эдгээрээс үзэхэд, шүүгдэгч Б.С- тус цэцэрлэгийн хүүхдүүдийг тохилог, тав тухтай орчинд сурч хүмүүжихэд нь зориулж барилгын засвар үйлчилгээг хийхдээ эцэг, эхчүүдээс хандив туслалцаа авч, тухайн мөнгийг зарцуулж байсан нь нотлогдож байгаа. Гагцхүү уг мөнгийг “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сан”-д төвлөрүүлэлгүй авсан нь буруу болсон бөгөөд энэ үйлдлийг нь хуулиар зөвтгөх үндэслэл байдаггүй. Үүнийгээ Б.С- ойлгож, өөрийн гэм буруугаа хүлээж байгаа. Б.С-ийн удирдаж байсан *** дугаар цэцэрлэг нь гэр хороололд байрладаг боловч гадна, дотны тохижилт сайтай, тэргүүний цэцэрлэг байсан. Энэ нь түүний хүүхдийн төлөө их зүйл хийж бүтээсэн гэдгийг харуулж байгаа. Түүнчлэн шүүгдэгч Б.С- нь 2 настай хүүхдээ асран халамжилж, шилжилтийн насан дээрээ яваа 11 дүгээр ангийн охиноо сургуулиа амжилттай төгсөх боломж нөхцлөөр нь хангаж байсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан ялын хэмжээг бууруулж, 2 жил хорих ялыг торгох ялаар сольж, уг ялыг биелүүлэх боломжит хугацааг тогтоож өгнө үү. Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Б.С- нь 56 хоног цагдан хоригдсон байна. Анхан шатны шүүх түүний хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох асуудлыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасан хэдий ч энэ хугацаанд 16 настай охин С.Намуун нь хичээлдээ явж чадахгүй 2 настай дүүгээ хараад байж байгаа. Насанд хүрээгүй хүүхдийн хувьд тэрээр хүнд ачаа үүрч байгаа бөгөөд эхийгээ удахгүй суллагдана хэмээн хүсэн мөрөөдсөөр сууна. ...” гэв.

            Шүүгдэгч О.Э-ийн өмгөөлөгч Л.Данзанноров тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгчийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Иймээс шийтгэх тогтоолоос шүүгдэгч О.Э-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Э-ийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

            Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.С-ийн хахууль авсан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалын байдлаа хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас авсан урамшуулал. Өөрөөр хэлбэл хандив нэрээр бусдаас авсан мөнгөө цэцэрлэгийн үйл ажиллагаанд эсхүл хувьдаа зарцуулсан эсэх нь хэргийн зүйлчлэлд хамаарахгүй. Хахууль авснаар тухайн гэмт хэрэг төгсөнө. Шүүгдэгч Б.С- нь Боловсролын тухай хуулийн 40.7 дугаар зүйлд заасан “...сурагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд зориулж хандив авсан гэх үйлдэл нь Боловсролын тухай хуулиар хориотой. Мөн Нийтийн албан тушаалтан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдаас харамж, мөнгөн хандив авахыг хориглоно...” гэж заасан байдаг. Мөн үүнийг авсныхаа хариуд тухайн удирдах байгууллагад 2 жилийн хугацаанд хандивлагчтай холбоотой аливаа шийдвэр гаргахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

            Б.С- нь Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар О.Э-ийг тус цэцэрлэгт угаагчийн ажилд томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 800.000 төгрөгийг өөрийн нагац дүү П.Билгүүнцэцэгээр дамжуулан авсан,

            мөн 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн элсэлтэд хамрагдаж чадаагүй Э.Ирмүүн, Т.Дөлгөөн, Ж.Чандмань, Х.Ууганбаатар, Х.Ундрах нарыг тус цэцэрлэгт хамруулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд Э.Ирмүүний эх Г.Оюунсүрэнгээс 300.000 төгрөг, Т.Дөлгөөний эх Б.Энхчимэгээс 300.000 төгрөг, Ж.Чандманийн эх З.Чимэдлхамаас 200.000 төгрөгийг, Х.Ууганбаатар, Х.Ундрах нарын эх Ц.Хишигсүрэнгээс нийт 800.000 төгрөгийг “хандив” нэрийдлээр авсан,

             О.Э- нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/36 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт угаагчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан эрхлэгч Б.С-т 800.000 төгрөгийг түүний нагац дүү П.Билгүүнцэцэгээр дамжуулан өгсөн гэмт хэргийн үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.         

1. Шүүгдэгч О.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэгтээ “...манай найз Алтайхүү намайг “*** дугаар цэцэрлэгт угаагчаар ажилд орох уу” гэсэн санал тавьсан. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч “Ажилд орохын тулд 1.000.000 төгрөг өгч байж ордог шүү” гэж Алтайхүүгээр дамжуулж хэлүүлсэн байсан. Тэгээд би эцгийнхээ дүүгээс “Мөнгө зээлэх боломж байна уу” гэж асуусан. Би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус цэцэрлэгт угаагчаар ажилд орсон. Ингээд эгчдээ хэлж байгаад 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр эрхлэгчийн дүү Билгүүнцэцэгийн данс руу 800.000 төгрөг шилжүүлсэн. Ажилд орсны дараагаар эрхлэгч надад хууль бус үүрэг даалгавар өгч, тайван ажиллах нөхцөл бололцоогоор хангахгүй байнга уурлаж, загнаж, хүнд суртал гаргадаг байсан. Би түүний дарамт, зүй бус харьцааг тэсвэрлэж чадаагүй тул Авлигатай тэмцэх газарт хандаж өөрийнхөө болон түүний гэм буруутай үйлдлийг илчилсэн. ...” /2хх 9-10, 3хх 82/ гэж Б.С-т мөнгө өгөх болсон шалтгаан нөхцөл, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эх үүсвэр, болсон үйл явдлын талаар тодорхой, тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч А.Отгонбаярын “...2017 оны 12 дугаар сард Э- над руу залгаад “*** дугаар цэцэрлэгт угаагчаар ажилд орох гэсэн юм, эрхлэгч нь 1.000.000 төгрөг өгвөл оруулна гээд байна, мөнгө зээлэх боломж байна уу, эрхлэгчийн дүүгийн дансыг мессежээр явуулъя” гэхээр нь ямар учиртайг ойлгоод мөнгө зээлэхээр болсон. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан тул төрсөн эгч Цэрэнгийн том хүү Энхтүвшингээс мөнгө зээлэхээр болж, Билгүүнцэцэг гэх хүний Хаан банкны 5022734509 дугаартай данс руу 800.000 төгрөгийг “Э- ажилд оруусны төлбөр” гэсэн утгаар санаатай бичиж тэмдэглүүлээд шилжүүлсэн. ...” /1хх 41/,

            - гэрч П.Билгүүнцэцэгийн “...С- бол миний нагац эгч. Би Хаан банкны 5022734509 дугаартай данс эзэмшдэг. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хадам эцэг над руу залгаад “Зээлсэн мөнгөө шилжүүлээрэй” гэхээр нь би нөхрийнхөө эгч Алтайхүүгээс мөнгө асуухад “Би нэг хүний утасны дугаар өгье, тийшээ залгаад дансныхаа дугаарыг өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд дансны дугаараа явуулаад 800.000 төгрөг авсан. Э- нь “Ажилд оруулж өгсөнд баярлалаа, түүнийг шагнана” гэж Алтайхүү эгчид хэлж байсан. ...” /1хх 46/,

            - гэрч Э.Таванжил, Б.Болормаа, Я.Анхбаяр нарын “...Э- нь цэцэрлэгийн эрхлэгчтэй таарамжгүй харилцаатай, тайван ажиллаж хөдөлмөр эрхлэхэд маш хүнд, дарамт шахалт учруулдаг, анх ажилд орохдоо мөнгө өгч байж томилогдсон талаараа ярьдаг...” /1хх 27-28, 29-30, 31-32/ гэсэн мэдүүлгүүд,

- О.Э-ийг ажилд томилох тухай Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал /1хх 94/, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б.Энхтүвшингийн эзэмшлийн Хаан банк дахь 5058391568 дугаарын данснаас, П.Билгүүнцэцэгийн эзэмшлийн Хаан банк дахь 5022734509 дугаарын данс руу “Э- ажилд орсон төлбөр 800.000 төгрөг” гэсэн утгаар 800.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /1хх 52, 54-57, 2хх 37-39/ зэргээр давхар нотлогджээ.

2. Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэгийн 2017 оноос 2018 оны хичээлийн жилийн элсэлтэд хамрагдсан Э.Ирмүүн, Т.Дөлгөөн, Ж.Чандмань, Х.Ууганбаатар, Х.Ундрах нарын эцэг, эхчүүд болох гэрч Г.Оюунсүрэн /1хх 43-44/, Б.Энхчимэг /1хх 33-34/, Н.Амгалан /1хх 36/, Д.Жанлавцогзол /1хх 242-***/, З.Чимэдлхам /2хх 138/, Ц.Хишигсүрэн /1хх 246/ нар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “...хүүхдээ хэрхэн хамруулах талаар тус цэцэрлэгийн эрхлэгч С-ээс асуухад “...шинээр байгуулагдсан цэцэрлэг учраас анги тохижуулах ажилд хандив, туслалцаа үзүүлвэл болно...” гэхээр нь зөвшөөрч түүнд бэлнээр болон бэлэн бус хэлбэрээр мөнгө өгсөн...” гэж Б.С-т мөнгө өгөх болсон шалтгааныхаа талаар нэгэн адил мэдүүлж, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, эх үүсвэрийг тодорхой заасан байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

- гэрч С.Оюунчулууны “...Жанлавцогзолын Чандмань нэртэй 2 настай хүүхэд багын А бүлэгт бүртгүүлээгүй мөртлөө хамрагдсан. Тавинжил багш надад “Цэцэрлэгийн эрхлэгч С- хүүхдийн ар гэрээс 300.000 төгрөг нэхсээр байгаад авч оруулсан” гэж хэлж байсан. ...” /1хх 25-26/,

- гэрч Э.Тавинжилын “...Чандмань гэх хүүхдийн эцэг Жанлавцогзол нь цэцэрлэгт хүүхдээ хамруулах гэсэн боловч чадаагүй тул 300.000 төгрөг өгч хүүхдээ багын бүлэгт орууллаа гэж ярьсан байдаг. Энэ талаар эцгээс нь тодруулахад “Мөнгө өгч хүүхдээ хамруулсан нь үнэн, хэлдэг газар нь байвал хэлж ярьна” гэж надад хэлж байсан. ...” /1хх 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

- дээрх эцэг, эхчүүдээс хандивын мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Б.С-ийн мэдүүлгүүд /2хх 81-82, 3хх 81/, түүний эзэмшлийн Хаан банк дахь 5045593036 дугаартай дансны хуулга /1хх 58-61, 2хх 79-80/ зэргээр давхар нотлогджээ.

Хахууль авах, өгөх гэмт хэргүүд нь нэг талаас хахууль авагч нь албан тушаалаа ашиглан хялбар аргаар ашиг олох, нөгөө талаас хахууль өгөгч нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох үүднээс албан тушаалтны шунахайн зорилгыг гүйцэлдүүлэх зэргээр хоёр талын ашиг сонирхлын нэгдлийг агуулдаг.

Б.С- нь Хан-Уул дүүргийн *** дугаар цэцэрлэгийн эрхлэгч буюу төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болохын хувьд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасны дагуу багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх, хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй бөгөөд тэрээр энэхүү албаны чиг үүргээ хэрэгжүүлж О.Э-ийг тус цэцэрлэгт угаагчийн ажилд томилсныхоо хариуд түүнээс 800.000 төгрөгийг, мөн 2016 оноос 2018 оны хичээлийн жилийн элсэлтэд хамрагдаж чадаагүй нэр бүхий 5 хүүхдийг тус цэцэрлэгт элсүүлснийхээ хариуд тэдгээрийн эцэг, эхээс нийт 1.600.000 төгрөгийг “хандив” нэрийдлээр авсан, харин О.Э- нь тус цэцэрлэгт ажилд орох, эцэг, эхчүүдүүд хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх ашиг сонирхлын үүднээс түүний бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, мөнгөн хандив зэрэг өгсөн явдал нь тэдний хоорондын ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлжээ.   

Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд эцэг, эхчүүдээс цэцэрлэгийн тохижилт, үйл ажиллагаанд зориулан “хандив”, “буцалтгүй тусламж” авч болохыг хориглоогүй бөгөөд энэ хуулийн 14.2-т эцэг, эх, асран хамгаалагч нь “хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах, хүүхдийн эрүүл, аюулгүй сурч, хөгжих орчин, нөхцлийг бүрдүүлэх талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, цэцэрлэгийн эрхлэгчтэй гэрээ байгуулах” үүргийг хүлээсэн байна.

Энэхүү хуулийн үйлчлэл нь зөвхөн тухайн цэцэрлэгт хамрагдан суралцаж буй хүүхдийн тухайд л хамаарахаар байхад шүүгдэгч Б.С- нь тухайн хүүхдүүдийг элсүүлэхийн өмнө тэдгээрийн эцэг, эхчүүдээс урьдчилж “хандив” өгөхийг шаардсан, нөгөөтээгүүр хандивлагчийн хүсэл сонирхлыг үл харгалзан, өөрийн санаачилгаар, албадлагын шинжтэйгээр тухайн хөрөнгийг өөртөө татан төвлөрүүлж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 56/64 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Сургууль, цэцэрлэг хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрэм”-д заасан тухайн хөрөнгийг хүлээн авах, хадгалах, зарцуулах тухай зохицуулалтуудыг илтэд зөрчжээ. 

Хэдийгээр шүүгдэгч Б.С- нь дээрх хандивын хөрөнгийг цэцэрлэгийн тохижилт, засварын ажилд зарцуулсан хэмээн тайлбарлаж, холбогдох зарлагын баримтууд гэх эх сурвалж нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гаргаж өгсөн байх боловч энэ нь хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсаны гадна, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч нарын зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаагүйг дурдвал зохино.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Э-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс Б.С-ийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулан, уг хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон, О.Э-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрх бүхий байгууллагад сайн дураар хэргээ илчлэн ирсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Б.С-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал болон 02-16 насны хоёр хүүхдээ асран хамгаалж, өрх толгойлон амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Б.С-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 57 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /57х15.000=855.000/ эдлэх ялаас нь хасаж /6.000.000-855.000=5.145.000/, түүний эдлэх ялыг таван мянга нэг зуун дөчин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.145.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Б.С-т хорихоос өөр төрлийн ял оногдуулсантай холбогдуулан түүний хүү С.Жамсранжав, охин С.Намуун нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох асуудлыг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтыг хүчингүй болговол зохино.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч С.Баттамир нарын “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 4 дэх заалтын, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 57 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /57х15.000=855.000/ эдлэх ялаас нь хасаж /6.000.000-855.000=5.145.000/, түүний эдлэх ялыг таван мянга нэг зуун дөчин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.145.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.С-т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.С-ийг нэн даруй суллан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

                                       ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                       ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН