Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 118/ШШ2021/0034

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Д.*******ын нэхэмжлэлтэй  

Хариуцагч: ******* сумын Засаг даргад холбогдох 

******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/11, Б/12 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг дарга Ч.******* түүний өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* би Завхан аймгийн ******* сумын үндсэн иргэн бөгөөд Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэдийн нийтийн анхдугаар хуралдаанд багийн Засаг даргад өрсөлдөж хуралд оролцсон 512 иргэдийн 266-н буюу олонхийн саналыг авч ******* багийн Засаг даргаар сумын Засаг даргад уламжлуулах багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 01 сарын 19-ны өдрийн 03 тоот тогтоолоор уламжлуулсан. Улмаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэсэн заалтын дагуу Завхан аймгийн ******* сумын Засаг даргад хүргэгдсэн. Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2017 оны 01 сарын 19-ны Б/04 тоот захирамжаар ******* сумын ******* багийн Засаг даргаар томилогдсон. Гэтэл ******* сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 17-ны өдрийн Б/11 тоот Ажлаас чөлөөлөх тухай захирамж гарган үүрэгт ажлаас маань хууль бусаар чөлөөлж, мөн өдрийн Б/12 тоот захирамжаар ******* багийн Засаг даргын түр орлонгоор томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг зөрчиж багийн иргэдийн Нийтийн Хурал зарлагдаагүй, хуралдаан болоогүй, Засаг даргын сонгууль болоогүй, түүнд өрсөлдөөгүй, тогтоолоор уламжлагдаагүй байхад чөлөөлсөнд гомдолтой байна. Учир нь шинээр томилогдсон сумын Засаг дарга, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж томилж,чөлөөлдөг гэдгийг мэдсээр байж дэлхий нийтийн цар тахлын онцгой үед төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хадгалж, төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэж байгаа албан хаагчдаа тогтвортой ажиллуулахын оронд эсрэгээрээ түр томилох хууль зүйн нөхцөл байдал үүсээгүй байхад багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол шийдвэргүй чөлөөлж байгаа нь хууль бус юм. Ингэж хууль бус шийдвэрүүд гаргаж байгаа нь миний болон багийн нийт иргэдийн эрх, хууль ёсны сонирхлыг зөрчиж байна. Үүний хор уршиг нь энэ цаг үеийн онцгой нөхцөл байдлын үед иргэдээс сонгогддог төрийн чиг үүргийг түргэн шуурхай хүргэж, багийн иргэн бүртээ тулж ажилладаг нийтийн албан тушаалтныг нэг ч иргэнээс асуулгүй түр орлон гүйцэтгэгч-ээр тавьж байгаа нь багийн иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчиж, багийн иргэдийн өөрийн оршин суух багийн Засаг даргын сонгууль хийх, түүнд оролцох, сонгогдох, сонгох эрхэд халдаж байна. Миний бие багийн Засаг даргын үүрэгт ажил авахдаа хууль журмын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар сонгогдож, Засаг даргад уламжлуулж, улмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг үндэслэн гаргасан сумын Засаг даргын захирамжаар томилогдсон юм гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ******* сумын Засаг дарга Ч.******* миний бие ******* багийн иргэн Д.*******ын нэхэмжлэлтэй танилцлаа. ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар ******* багийн Засаг дарга Д.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/12 дугаартай захирамжаар Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Энэхүү захирамж нь доорх хууль зүйн үндэслэлтэй болно. Завхан аймгийн ******* сумын ******* багийн Засаг дарга Д.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай захирамжаар томилогдсон ба Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэж заасны дагуу 4 жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар ******* багийн Засаг дарга Д.*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/12 дугаартай захирамжаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах хүртэлх хугацаанд Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Монгол Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах боломжгүй байна. Д.*******ыг ******* багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсноор үүрэгт ажлаа хийж байгаа бөгөөд цалин мөнгөнд ямар нэг өөрчлөлт ороогүй, эдийн засгийн хувьд хохирол учраагүй. Короновируст /Ковид-19/ цар тахлын тархалтын нөхцөл байдал намжсан үед хууль журмын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах болно. Миний гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү. 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.*******ын хувьд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр томилогдоод, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр чөлөөлөгдөөд, тус өдрөө түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Нэхэмжлэгч тайлбартаа миний эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн зүйл байхгүй. Дээрх захирамжууд хууль зүйн үндэслэлтэй юу? гэдэг асуудлаар маргасан гэж байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэлийг тодорхой зааж өгсөн. Энэ нь хүн хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гаргаж байгаа өргөдлийг хэлнэ гэж байгаа. Үүнээс үзвэл 2 үндсэн шаардлага байна. Нэгдүгээрт, захиргааны байгууллага буюу албан тушаалтнаас гаргасан захиргааны акт буюу захиргааны үйл ажиллагааг хууль бус гэж үзсэн байх. Хоёрдугаарт, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгч тайлбарлахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж ярьж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн тухайд шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан байна. Мөн Монгол улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн 4 жилийн хугацаа дууссан байна. Цар тахлын улмаас багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдах боломжгүй байсан учраас Үндсэн хууль болон нэгжийн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчмуудад тулгуурлан чөлөөлсөн байна. Энэ нь хуулийг агуулгын хувьд зөрчсөн буюу бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад дууссан гэж чөлөөлсөн зүйл байхгүй. Харин ч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүйн тулд түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Энэ бол төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрхэд нь халдсан зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь ******* сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр ... Ажлаас чөлөөлөх тухай, Б/12 дугаар ... Түр томилон ажиллуулах тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь ******* сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар ******* багийн Засаг даргаар томилогдсон ба энэхүү хугацаанаас хойш тоолоход түүний бүрэн эрхийн хугацаа 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон байна.

Завхан аймгийн ******* сумын Засаг даргаас 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б/11 дүгээр захирамж гаргаж Д.*******ыг ******* багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж мөн өдрийн Б/12 дугаар захирамжаар ******* багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч ******* сумын Засаг дарга намайг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтыг зөрчиж багийн иргэдийн Нийтийн Хурал зарлагдаагүй, хуралдаан болоогүй, тогтоолоор уламжлагдаагүй байхад чөлөөлж, түр томилсон гэж, хариуцагч нь нэхэмжлэгч багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Багийн Засаг даргыг чөлөөлөх ... асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр багийн Засаг даргыг чөлөөлөхөд тухайн нэгжийн иргэдийн Нийтийн Хурлаас бүрэн эрхийн хугацаа дууссан үндэслэлээр чөлөөлөхөөр ирүүлсэн саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр байна.

Хариуцагч ******* сумын Засаг даргаас нэхэмжлэгчийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар чөлөөлж, Б/12 дугаар захирамжаар түр томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 26.3, 28.5-д заасан багийн Засаг даргыг томилж, чөлөөлөх журамд нийцээгүй ба дээрх хуулийн заалтад нийцүүлэн томилж, чөлөөлөх нь хуульд нийцэхийг дурдах нь зүйтээ байна.

Гэвч нэхэмжлэгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор Б/11 дүгээр захирамжаар түүнийг чөлөөлж, Б/12 дугаар захирамжаар багийн Засаг даргаар түр томилсноор түүний хөдөлмөрлөх, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл болохгүй байх ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд миний хөдөлмөрлөх, сонгогдох эрх зөрчигдөөгүй харин хариуцагчийн хууль бус үйлдэлд шүүхээс дүгнэлт хийлгүүлж, шийдвэр гаргуулах зорилготой гэж тайлбарласан ба энэхүү үндэслэлээр ******* сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/11, Б/12 дугаар захирамжуудыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны хэргийн шүүх нь захиргааны хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн иргэний эрхийг сэргээх ба захиргааны хууль бус шийдвэр болгоныг хянах, хүчингүй болгох үүрэг хүлээхгүй юм. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүх субьектив эрхийн хяналтыг хэрэгжүүлдэг ба захиргааны шийдвэр хууль бус хэдий ч нэхэмжлэгчийн субьектив /өөрт хамаарах/ эрхийг зөрчөөгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгох обьектив /ерөнхий/ эрхийн хяналтыг хэрэгжүүлэхгүй, харин тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага албан тушаалтан дотоод хяналтыг хэрэгжүүлдэг болохыг дурдах нь зүйтээ байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Засаг даргыг ажлаас чөлөөлөх .... тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэх заалтын дагуу Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.*******ыг ******* багийн Засаг даргын ажлаас чөлөөлөхдөө 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн[1] /санал солилцсон/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтээ байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ын ******* сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/11, Б/12 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд дээрх хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

 


[1] Монгол Улсын Дээд шүүхийн 1996 оны 6 сарын 28-ны өдрийн 216 дугаар тогтоолд заасны дагуу санал солилцох гэсэн утгаар ойлгож хэрэглэнэ.