| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0793/З |
| Дугаар | 221/МА2025/0369 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0369
Тохилог-33 СӨХ-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: шүүгч А.Сарангэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Т******* СӨХ-ны гүйцэтгэх захирал С.О*******
Нэхэмжлэгч: Тохилог-33 СӨХ
Хариуцагч: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ
Хариуцагч: Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ
Гуравдагч этгээд: Р.М*******
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 32/2024 тоот техникийн тодруулга, Ус сувгийн удирдах газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр иргэн Р.М*******ад 33 дугаар байрны бохирын шугамд Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхарын бохирыг холбохыг зөвшөөрсөн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0134 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О*******
Хариуцагч Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.С*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/0793/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Тохилог-33 СӨХ-ноос Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 32/2024 тоот техникийн тодруулга, Ус сувгийн удирдах газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр иргэн Р.М*******ад 33 дугаар байрны бохирын шугамд Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхарын бохирыг холбохыг зөвшөөрсөн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0134 дүгээр шийдвэрээр:
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13, 19 дүгээр зүйлийн 19.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Тохилог-33 СӨХ-оос Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан гаргасан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 32/2024 тоот техникийн тодруулга болон Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр иргэн Р.М*******ад 33 дугаар байрны бохирын шугамд Улсын драмын эрдмийн театрын өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхарын бохирыг холбохыг зөвшөөрсөн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1....Тохилог-33 СӨХ-ны нэхэмжлэлтэй хэрэгт Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрыг хариуцагчаар татуулан захиргааны хэрэг үүсгүүлэн шалгуулж байх явцад шүүхийн журмаар Ус сувгийн удирдах газраас гаргуулсан нотлох баримтуудтай танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д зааснаар Ус сувгийн удирдах газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж бүрдүүлбэрээ ханган анхан шатны шүүхэд х*******ад шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/Ш32024/9922 дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг давж заалдах гомдол гаргаж хянуулсанаар 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 220/ШТ2024/0956 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгон өөрчилсөнөөр Ус сувгийн удирдах газрыг хариуцагчаар татан оролцуулж нэхэмжлэлийг хэлэлцсэн болно.
УДЭТ-ийн өргөтгөл орон сууцны 33 давхар барилга /Соёмбо тауэр/ ашиглалтанд ороод 2-3 жил болсны дараа 1 дүгээр давхарын авто зогсоолын зориулалттай талбайг иргэн Р.М******* гэгчид худалдсан байдаг. Иргэн Р.М******* нь 1 дүгээр давхарын зогсоолын зориулалттай талбайгаа үйлчилгээний /фитнесс/ зориулалттайгаар ашиглахын тулд бохирын хоолойгоо манай 33 дугаар байрны 48 жилийн насжилттай эрсдэл өндөртэй болсон бааран сетик бүхий бохирын цооногт холбохоор Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хүсэлт гаргасны дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 32/2024 дугаар бүхий Техникийн тодруулгыг гаргаж дарга Ч.Мэндбаяр нь зөвшөөрч баталсан байна. Энэхүү 32/2024 дугаар бүхий Техникийн тодруулгыг үндэслэн Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрээр УДЭТ-ийн өргөтгөлийн барилга болох Соёмбо тауэрийн 1 дүгээр давхарын бохирыг 33 дугаар байрны бохирт холбохоор зөвшөөрсөн Техникийн нөхцөлийн шийдвэр гаргасанаа иргэн Р.М*******ад 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/1946 дугаар албан бичгээр мэдэгдсэн байдаг.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын техникийн нөхцөлийн тодруулгаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа ХЭҮТ-8-ийн инженер Шижирбаатар, иргэн Р.М******* нар манай 33 дугаар байрны бохирын цооногт холболт хийхээр удаа дараа СӨХ-ны ашиглалтын газар руу дайран орохоор завдахад оршин суугчид болон СӨХ-оос эсэргүүцэн улмаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон Ус сувгийн удирдах газарт /2024.07.310/28,2024.08.28 тус бүрт нь/ удаа дараа оршин суугчдын эсэргүүцсэн гарын үсэгтэй гомдол гаргаж байсан бөгөөд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас СӨХ-д ирүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 08/1233 дугаар албан бичигтээ "...ажлын зургийн хяналтанд холбогдох байгууллагуудтай зөвшилцөж хийж гүйцэтгэх талаар дурдсан тул танай СӨХ-той зөвшилцсөн байх шаардлагатай. Иймд Р.М******* нь гадна талбайн тохижилтын ажилд Тохилог-33 СӨХ-той зөвшилцсөн тохиолдолд гадна ариутгах татуургын шугамын ажлыг хийх боломжтой гэсэн ганц хариуг өгсөнөөс өөр ямар ч хариу бичиг өгөөгүй болно.
Харин Ус сувгийн удирдах газраас шүүхэд ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/3210 дугаар албан бичигтээ ... УДЭТ-ийн өргөтгөлийн барилгын 1-р давхарын бохир усны шугамын холбох цэгийг өөрчлүүлэхийг хүссэн иргэн Р.М*******ын хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. ...бохир усны шугамын холболтыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 32/2024 тоот техникийн тодруулгыг үндэслэн орон сууцны 33-р байрны... худагт холбохыг зөвшөөрсөн бөгөөд гадна бохир усны шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийгдэж холбогдох байгууллагуудтай зөвшилцөх талаар албан бичгээр хариуг иргэн Р.М*******ад хүргүүлсэн.
Холбох цэгийг өөрчлөх шийдвэр гарсаны дараа шугам сүлжээний өөрчлөлтийн ажлын зураг хийгдэж холбогдох байгууллагуудтай зөвшилцөх ёстой бөгөөд ажлын зурагт бичигдсэний дагуу иргэн Р.М******* нь ажлаа эхлэхээс өмнө 33-р байрны оршин суугчид буюу СӨХ-нд мэдэгдэж, тухайн СӨХ зөвшөөрөөгүй тохиолдолд уг ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй юм. Энэ талаар Тохилог-33 СӨХ-оос ирүүлсэн гомдлыг 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцэж 2/2576 дугаар албан бичгээр хариуг хүргүүлж байсан болно" гэсэн боловч энэхүү албан бичиг гэгч нь өнөөдрийг хүртэл манай СӨХ-д хүргэгдэж ирээгүй, хүлээлгэн өгсөн баримт ч хавтаст хэрэгт байхгүй болно. Харин Ус сувгийн удирдах газраас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн материал дотор 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2/2576 дугаар бүхий "Тохилог-33" СӨХ-д Бохир усны шугам сүлжээний тухай гэсэн албан бичгийг нэхэмжлэгчийн зүгээс хэргийн материалтай танилцахдаа анх удаа олж үзсэн болно. Манай СӨХ-д хаягласан 2/2576 дугаар албан бичгийг СӨХ-д хүлээлгэн өгөөгүйгээс болж иргэн Р.М******* нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Техникийн нөхцөлийн тодруулга гарсан байхад бид холболтоо хийнэ гэж эксковатортай СӨХ-ны газар руу хамгаалалт авч дайрч орж ирэн дур мэдэн 33 дугаар байрны бохирын шугамд холболт хийсэн. Тухайн үед Ус сувгийн удирдах газраас манай СӨХ-д хүргүүлсэн гээд байгаа 2/2576 дугаар албан бичгээ СӨХ-д ирүүлсэн байсан бол оршин суугчид болон СӨХ-ны зүгээс бохирын шугамыг холбуулахгүй байх боломжоо алдахгүй байсан байна.
УДЭТ-ийн өргөтгөл орон сууцны 22 давхар барилгын зөвшөөрөлтэйгээр Ус сувгийн удирдах газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэн 50 тоот протоколыг үндэслэн Техникийн нөхцөл 50/10 гэгчийг олгосон байдаг. Гэтэл уг барилга 33 давхараар баригдан ашиглалтанд орсон байдаг бөгөөд 33 давхараар техникийн нөхцөл гараагүй 22 давхараар гаргасан техникийн нөхцөлөөрөө Ус сувгийн удирдах газрын комиссын зөвшөөрсөн шийдвэрийг иргэн Р.М*******ад олгосон байна.
Манай СӨХ-д ирүүлээгүй байгаа Ус сувгийн удирдах газрын 2/2576 болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 08/1418 дугаар бүхий бичгүүддээ "оршин суугчид, СӨХ-тэй зөвшилцөх шаардлагатай бөгөөд СӨХ зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй" гэж бичсэн атлаа оршин суугчид, СӨХ зөвшөөрөөгүй байхад 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр "албан шаардлага" гэх бичгийг иргэн Р.М*******ад хүлээлгэн өгсөн байдаг.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын усны инженер Б.Х******* нь өөрөө Ус сувгийн удирдах газрын техникийн комиссын 2024 оны 9 дүгээр сарын 05- ны өдрийн хуралд оролцож уг хурал дээр "манайд бас гомдол ирсэн байгаа" гэж хэлэхэд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар дахин шалгаж, тухайн СӨХ-д хариу өгөөрэй гэж даалгаж улмаар "орон сууцны 33-р байрны СӨХ зөвшөөрөөгүй тохиолдолд уг ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй тул албан бичгээр хариуг өгье. Ус сувгийн удирдах газрын ИБХ-ийн дарга Н.Одхүү "Холбуулах боломжгүй тухай албан бичгээр хариу өгье гэж хэлж хурлаас шийдвэрлэсэн байхад Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженер мэдсээр байж, СӨХ нь зөвшөөрөөгүй байхад 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр "албан шаардлага" гэх бичгийг иргэн Р.М*******ад хүлээлгэн өгсөн байдаг. Уг бичигт "Ус сувгийн удирдах газрын техникийн нөхцөл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын тодруулга, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэх" гэж иргэн Р.М*******ад өгсөний дагуу мэргэжлийн хүнгүйгээр СӨХ-ийн эзэмшлийн газар руу хамгаалалт гарган дураараа эксковатор оруулж газрыг ухаж мэргэжлийн хүн байхгүйгээр бохирын шугамд холболт хийсэн нь хууль бус үйлдэл болсон.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын зүгээс манай СӨХ-д өгсөн гээд байгаа 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08/1418 дугаар албан бичигтээ "Мөн дээрх гадна шугамын угсралтын ажлыг манай байгууллага хийж гүйцэтгээгүй болно" гэж бичсэн байгаагаас үзэхэд уг холболтыг мэргэжлийн хүний хяналтан дор хийгдээгүй болох нь давхар нотлогдож байгаа болно.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/65 дугаар тушаалаар баталсан Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох журмын 6-р зүйлийн 6.2-т ...холболт хийх ажлыг эхлүүлэхдээ тухайн салбар төвд бичгээр хүсэлт гаргана, 6.4-т ... Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар салбарын хяналтад хийж гүйцэтгэн ил далд ажлын актад гарын үсэг зуруулж баталгаажуулна гэсэн заалтуудыг зөрчиж Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын салбар болох хэрэглэгчдэд үйлчлэх төв 8-ийн инженер техникийн ажилтнуудын хяналтгүйгээр холболт хийгдсэн болно.
Хэрвээ Ус сувгийн удирдах газрын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн техникийн комиссын хурлын шийдвэрийнхээ дагуу манай СӨХ-д өгсөн гээд байгаа 2/2576 дугаар албан бичгээ ирүүлсэн байсан бол оршин суугчид болон СӨХ-ын зүгээс иргэн Р.М*******ын бохирын хоолойг холбуулахгүй байх боломж байсан. Бидний энэхүү боломжийг алдуулсан хариуцлагагүй төрийн албан хаагчдад гомдолтой байна.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/65 дугаар тушаалаар баталсан Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох журмын 2.2 дахь заалтын 5 дахь хэсэгт баригдсан барилгын хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхыг заасан байгаа атлаа тухайн үед Р.М******* нь худалдаж авсан гэх уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь байхгүй байхад 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 32/2024 Техникийн тодруулгыг гаргасан байдаг.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа "дээрх тушаалаар батлагдсан журмын дагуу 32/2024 дугаартай техникийн тодруулгыг олгосон" гэснээс үзэхэд журмын заалтаа зөрчиж техникийн тодруулгаа гаргажээ. /ҮХХ гэрчилгээ нь 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гарсан/
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын техникийн тодруулгыг үндэслэн Ус сувгийн удирдах газрын техникийн комисс хуралдаж зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т "захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно" гэж заасны дагуу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 32/2024 техникийн тодруулгын дагуу холболт хийхээр зөвшөөрсөн зөвшөөрөл нь захиргааны актын нэг хэлбэр гэж үзэж байна.
Ингээд Ус сувгийн удирдах газраас иргэн Р.М*******ад 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/1946 дугаар бүхий албан бичигт "...таны хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцлээ. Хурлаас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 32/2024 тоот техникийн тодруулгыг үндэслэн уг барилгын 1-р давхарын бохир усны шугамыг орон сууцны 33-р байрны... худагт холбохыг зөвшөөрсөн... гэж хариу өгсөнөөс үзэхэд техникийн нөхцөл олгох комисс хурлаараа хэлэлцэн захиргааны зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-д "Ус сувгийн удирдах газрын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр иргэн Р.М*******ад 33 дугаар байрны бохирын шугамд УДЭТ-ийн өргөтгөлийн барилгын 1 дүгээр давхарын бохирыг холбохыг зөвшөөрсөн зөвшөөрөл захиргааны актын шинжийг агуулсан захиргааны акт мөн болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 956 дугаар тогтоолоор дүгнэсэн. Иймд дээрх техникийн тодруулга болон зөвшөөрлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэн шийдвэрлэв гэсэн атлаа шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4.1-т "...Ус сувгийн удирдах газрын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2/2575 албан бичгээр "...иргэн Р.М******* нь ажлаа эхлэхээс өмнө танай байрны оршин суугчид буюу СӨХ-тэй зөвшилцөх шаардлагатай бөгөөд СӨХ зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болохыг мэдэгдье" гэх хариуг болон Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08/1418 дугаар албан бичгээр"...тус ажлын зурагт оршин суугч, СӨХ-той ногоон байгууламж, гадна тохижилтын ажилд зөвшилцөх талаар тусгагдсан. Мөн дээрх гадна шугамын угсралтын ажлыг манай байгууллага хийж гүйцэтгээгүй болно" гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн байна гэж СӨХ-д ирүүлээгүй, дараа нь шүүхэд нөхөж гаргаж өгсөн байж болзошгүй албан бичгүүдийг шүүхийн зүгээс өгсөн байна гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.
Иргэн Р.М******* 2024 оны 9 дүгээр сарын 26-ны буюу дайрч орж газар ухаж холболт хийсэн өдөр нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас манай СӨХ-д өгсөн гээд байгаа тухайн өдрөөр огноологдсон албан бичигтээ ...дээрх гадна шугамын угсралтын ажлыг манай байгууллага хийж гүйцэтгээгүй болно" гэж бичсэн нь бидний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбартаа бичиж уг албан бичгээ нөхөж гаргажээ гэх хардлага төрүүлж байна. Р.М******* нь холболт хийхдээ мэргэжлийн инженер техникийн хүнгүйгээр хийсэн гэж нэхэмжлэлдээ бичсэн байсан. Ус сувгийн удирдах газрын зүгээс 2/2575 албан бичгийг утсаар яриад ирж ав гэж хэлээд харуулдаа үлдээсэн гэж тайлбарлаж байгаа нь СӨХ-д хүлээлгэж өгөөгүйг давхар нотлож байна.
Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-д "...бохирын холболт хийснээр бохир усны нэвтрүүлэх чадвар хүрэлцээтэй болох нь 33-р байрны шугам сүлжээний хүчин чадлыг тодорхойлсон дүгнэлтээр тогтоогдож байна гэж, гэтэл энэ талаар мэргэжлийн байгууллагын ямар нэгэн дүгнэлт гараагүй.
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон Ус сувгийн удирдах газар нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.1-д заасан төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд 33 дугаар байрны оршин суугчид болон СӨХ-д мэдэгдэхгүйгээр бохирын шугамд холболт хийх Техникийн тодруулга гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийг 4.2.6-т бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах, мөн байрны бохир 1, 2 дугаар давхартаа буцаж оргиж гардаг, 3 дугаар давхартаа өмхий үнэртдэг болсон зэрэг бодит нөхцөл байдал, 33 дугаар байрны он удаан жил болсон вааран сеткений /бохирын цооног/ даац дийлэх эсэх зэргийг судлахгүйгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын техникийн тодруулга гаргаж холбохыг зөвшөөрсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 25.1.3 дахь заалт, 27.1-т захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2-т сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10-т СӨХ-д ашиглуулж байгаа орчны газарт хийх засвар үйлчилгээ нь газар ухах... зэргээр ажиллах бол мэргэжлийн байгууллага нь СӨХ-тэй урьдчилан тохиролцож, гэрээ байгуулна гэсэн заалтуудыг зөрчиж холбохыг зөвшөөрч техникийн тодруулга гаргаж улмаар түүнийг үндэслэн гаргасан Ус сувгийн удирдах газрын Техникийн комиссын хурлын холбохыг зөвшөөрсөн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т зааснаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж заасан заалтуудыг зөрчсөн байгааг шүүх анхаарч үзэхгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0134 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Гуравдагч этгээд Р.М*******ын зүгээс УДЭТ-ын өргөтгөл 33 давхар барилгын 1 давхрын авто зогсоолын зориулалттай талбайн хэсгээс худалдан авч үйлчилгээний зориулалтаар ашиглахын тулд бохирын хоолойг нэхэмжлэгч Тохилог СӨХ-ны 33 дугаар байрны гадна цооногт холбох зөвшөөрлийг хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 32/2024 тоот Техникийн тодруулга, мөн Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Техникийн нөхцөл олгох комиссын хурлаас тус тус олгосны дагуу 33 дугаар байрны гаргалгааны зурагт заасан 1289,14 өндөржилттэй худагт холбосноор нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эсэхийг шүүх мэргэжлийн инженерийн дүгнэлтэд үндэслэж шийдвэрлэснийг буруутгахгүй.
Учир нь ус хангамжийн инженер Б.Х*******ын 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн шугам сүлжээний тооцооны тайлбарт 33 дугаар байрны ус хангамж, ариутгах татуургын тооцоот нийт ачаалал нь 0.92 л/c, 3.31 м3/цаг буюу 79 м3/хоног бөгөөд бохир усны шугамын тооцоонд шугам дахь усны урсгалын хурд 0.03-0.29 м/с хооронд байгаа нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургыг зохицуулах хорооноос баталсан дүрмийн 3.6-д заасны дагуу 1.5 м/c байхад 100% дүүргэлттэй гэж үздэг тул тухайн шугам сүлжээний дүүргэлт 19.3%-тай байна. Мөн 33 дугаар байрны бохир усны шугам дахь усны төвшинг хөх өнгөөр тэмдэглэсэн нь дүүргэлт багатайг харуулж байна гэснээс үзэхэд шугам сүлжээний хүчин чадал болон ачааллыг тооцсоны дагуу холбогдох зөвшөөрлүүд олгогджээ.
Иймд 1289,14 өндөржилттэй худагт нэмэлт холболт хийгдсэнээр бохирын усны нэвтрүүлэх чадвар хүрэлцээтэй болохыг тодорхойлсон мэргэжлийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон, түүнчлэн бохирын холболт нэгэнт хийгдсэн, мөн уг холболтыг хийсэн бохир усны гадна шугам худаг нь хариуцагч Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын өмчлөлийнх буюу нэхэмжлэгч СӨХ-д хамааралгүй болохыг баримтаар тогтоосон энэ тохиолдолд давж заалдах гомдлын дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.Өөрөөр хэлбэл байрны бохир 1, 2 дугаар давхартаа буцаж оргиж гардаг, 3 дугаар давхартаа өмхий үнэртдэг болсон зэрэг нөхцөл байдал, 33 дугаар байрны он удаан жил болсон вааран сеткений /бохирын цооног/ даац дийлэх эсэх зэргийг судлахгүйгээр техникийн тодруулга гаргаж холбохыг зөвшөөрсөн гэх гомдол дээрх байдлаар үгүйсгэгдэх бөгөөд гомдлын шаардлага болон үндэслэлүүд хоорондоо уялдахгүй, тухайлбал шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгахыг хүссэн ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан чухам аль үндэслэл энэ тохиолдолд бүрдсэн талаар тусгаагүй байна.
Гэвч давж заалдах шатны шүүхээс уг хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд ч хэргийг дахин хэлэлцүүлэх хуульд заасан шаардлага тогтоогдсонгүй.
3.Хот, суурины ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт Хангагч хууль тогтоомж, гэрээнд заагаагүй нөхцөл, шаардлага тавьж хэрэглэгчийн эрхийг хязгаарлах, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан техникийн нөхцөл олгохоос үндэслэлгүйгээр татгалзахыг хориглоно, 14.4 дэх хэсэгт Хангагч нь шинээр барилга байгууламж холбох техникийн нөхцөлийг шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг үндэслэн олгоно, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг Зохицуулах зөвлөлийн 2016 оны 84 дүгээр тогтоолоор батлагдсан Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам-ын 3.4-т Хэрэглэгч техникийн нөхцөл авахаар хүсэлт гаргахдаа холбуулахаар санал болгож байгаа шугам сүлжээний өмчлөгчтэй зөвшилцсөн байх ба тодруулгыг өгөхдөө шугам сүлжээний ачаалал, хэвийн ажиллагааг хангах зарчмыг баримтлах бөгөөд техникийн тодруулгаас үүдэн гарсан хариуцлагыг техникийн нөхцөл олгосон болон техникийн тодруулга өгсөн байгууллага хүлээнэ гэж тус тус заасан тул гуравдагч этгээд Р.М*******ад түүний өмчлөлийн барилгын бохирын хоолойг орон сууцны 33 дугаар байрны гадна талын худагт холбох техникийн тодруулга, техникийн нөхцөл олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, цаашид ч зөрчигдөхөөргүй байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороо буюу Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13-т заасан техникийн нөхцөл олгох эрх бүхий байгууллагын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/574 дүгээр албан бичгээр Тохилог СӨХ-ны захирал С.О*******т өгсөн хариунд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ нь дээрх журмын дагуу өөрийн хариуцдаг 33 дугаар байрны бохир усны шугам сүлжээнд шинэ хэрэглэгч холбох техникийн тодруулга өгч, уг тодруулгын дагуу техникийн нөхцөл олгох комисс нь шийдвэрээ гаргаж, Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь комиссын шийдвэрийг иргэн Р.М*******ад өгснийг холбогдох хууль болон журам зөрчөөгүй гэж үзсэн байгааг ч энд тэмдэглэх нь зүйтэй.
Мөн шийдвэрийн үндэслэл хэсгийн 5-д тусгагдсан хариуцагч байгууллагуудын Сууц өмчлөгчдийн холбоотой зөвшилцөх шаардлагатай гэсэн хариу албан бичгүүдийг гомдолд дурдсанчилан тухайн үед нэхэмжлэгч хүлээн авсан эсэхээс үл хамаарч энэ нь олгогдсон техникийн тохируулга, зөвшөөрлийн талаар бус харин ажлын гүйцэтгэлтэй холбоотой буюу гадна ариутгах татуургын шугам сүлжээг зураг төслийг дагуу хийхэд гадна, тухайлбал газар ухах, булах үед уг шугамын трасст өртөгдөх тохижилтын хэвийн байдлыг алдагдуулахгүй байх талаар зөвшилцөхийг шаардсан агуулгатай, энэ талаар ч шийдвэрт зөв дүгнэсэн төдийгүй гуравдагч этгээд Р.М*******аас бохирын шугамыг зөвшөөрөгдсөн худаг руу холбоход зүлэг, модны нөхөн сэргээлт болон цаашид шугам хоолойд учрах гэмтлийг бүрэн хариуцах, гарсан эрсдэлийг засварлах талаар бичгээр баталгаа гаргасан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0134 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т******* СӨХ-ны гүйцэтгэх захирал С.О*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН